2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/05782

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 08

192/ШШ2025/05782

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ****тоот хаягт байрлах, ****" ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо,**** байр, **** тоот хаягт байрлах, **** ХХК /РД:****/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөг, хохирол 36,300,000 төгрөг гаргуулах тухай хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч "****" ХХК нь хариуцагч "****" ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр "****" ХХК нь "****" ХХК-аас зөөврийн ЭХО аппарат /МХ7 GI-2p/ 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Талуудын байгуулсан гэрээний 3.2.1-д зааснаар манай компани аппаратны үнэ 80,000,000 төгрөгийг "****" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал ****овогтой ****гийн Хаан банк дахь **** тоот дансанд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 40,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

Гэрээний 2.1-т зааснаар хариуцагч нь уг аппаратыг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон боловч хугацаандаа аппаратаа нийлүүлээгүй бөгөөд гэрээний дагуу аппарат нийлүүлэхийг шаардаж viber чатаар болон утсаар үйл ажиллагаа хариуцсан захирал гэх К.****д удаа дараа мэдэгдэж хугацаа тогтоосон боловч аппарат тээвэрлэгдэн ирж байгаа удахгүй нийлүүлнэ гэж хэлж хүлээлгэж байсан. Сүүлдээ аппарат нийлүүлэхгүй, танай мөнгийг буцааж өгнө гэж мэдэгдэн мөнгө буцаан шилжүүллээ гэж худал хэлж, хаан банкны мөнгө шилжүүлсэн гэх хуурамч зураг хүртэл явуулж, янз бүрийн шалтгаан хэлж биднийг хохироож байна.

 

Бидний шилжүүлсэн 80,000,000 төгрөгнөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 65,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг одоо хүртэл шилжүүлээгүй байна. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын бодлого нь нийт иргэдийн эрүүл мэндийг эрт үеийн илрүүлэгээр илрүүлж эмчлэх, урьдчилан сэргийлэх, эмнэлэгт гарах өртөг зардлыг бууруулах зэрэг үр дүнтэй аргыг хэрэгжүүлж байгаатай уялдан бид энэ бодлогыг дэмжин зөөврийн эхо аппарат аван хөдөө орон нутаг, алслагдмал аймаг сумд очиж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, мөн Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалд хүрч эрүүл мэндийн байгууллагад өгөх гүйцэтгэлийн санхүүжилтийг бууруулж байгаа бодлогын хүрээнд эмнэлгээ эдийн засгийн хүнд байдалд орохоос урьдчилан сэргийлэн үзлэг оношлогоогоо нэмэгдүүлж эмч ажилчдаа цалин нэмэгдлийг цаг хугацаанд нь олгох зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэхүү аппаратыг авч нэмэлт орлого олох зорилготой байсан.

Гэвч аппаратаа хүлээж аваагүйгээс олох ёстой орлогоор алдагдал хүлээснээр барахгүй тухайн байгууллагад цаг хугацаанд нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө авч чадаагүй учир өнөөдрийг хүртэл эхо аппарат худалдан авч чадаагүй хохирсон билээ. Бид уг аппаратыг 2024 оны 6 дугаар сараас 2025 оны 4 дүгээр сарыг дуустал 11 сарын хугацаанд ажиллуулж нэмэлт орлого олох боломжоо алдсан бөгөөд уг олох ёстой байсан орлого нь гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа болно.

Эхо аппаратаар нэг хүн үзэхэд 30,000 төгрөгийн төлбөр авдаг бөгөөд өдөрт дунджаар 5 хүн үздэг учир нэг өдөрт 150,000 төгрөг, сарын ажлын 22 хоногт 3,300,000 төгрөг, 11 сарын хугацаанд 36,300,000 төгрөгийн нэмэлт орлого олох боломжоо алдаж хохирсон учир хариуцагчаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулна.

Иймд Эмнэлэгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 36,300,000 төгрөг, нийт 51,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

**** ХХК эхоны аппарат 2014 оны 3 дугаар сард захиалсан. Эхоны аппарат нь цаанаасаа ирэх гэж тээвэрлэлт болон цаг хугацааны хувьд хоцорсон. Үүнийг бол **** ХХК зөвшөөрөхгүй мөнгө авъя гэсэн. Гэрээнээс татгалзсан тохиолдолд эхоны аппаратыг зараад мөнгийг нь эргүүлж өгнө гэж байсан боловч одоо болтол эхоны аппарат зарагдаагүй байгаа.

Уг компанид 65,000,000 төгрөгийг нь төлчихсөн. Одоо үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. 36,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас - Улсын тэмдэгтийн хураамж 414,450 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулгууд, Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, харилцсан чат, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн

 

албан бичиг, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ.

 

3.2. Хариуцагч талаас-Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, итгэмжлэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****" ХХК-иас хариуцагч **** ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг, учруулсан хохиролд 36,300,000 төгрөгийг, нийт 51,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу 15,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 36,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч тал нь ... 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр "****" ХХК нь "****" ХХК-аас "Зөөврийн ЭХО аппарат /МХ7 GI-2p/ 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсонБидний шилжүүлсэн 80,000,000 төгрөгнөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 65,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг одоо хүртэл шилжүүлээгүй байнаЭхо аппаратаар нэг хүн үзэхэд 30,000 төгрөгийн төлбөр авдаг бөгөөд өдөрт дунджаар 5 хүн үздэг учир нэг өдөрт 150,000 төгрөг, сарын ажлын 22 хоногт 3,300,000 төгрөг, 11 сарын хугацаанд 36,300,000 төгрөгийн нэмэлт орлого олох боломжоо алдаж хохирсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг ба хариуцагч талаас ...Уг компанид 65,000,000 төгрөгийг нь төлчихсөн. Одоо үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. 36,000,000 төгрөг бол гэрээнээс татгалзсан, төлөх үндэслэлгүй гэж татгалзсан тайлбар гарган маргадаг.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

2.1. Шүүх хариуцагч **** ХХК холбогдуулан гаргасан ****" ХХК ийн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шаардлага, татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах талуудын эрхийг хязгаарлаагүй болно.

 

2.2. Нэхэмжлэгч ****" ХХК, хариуцагч **** ХХК нар нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэг талаас зөөврийн ЭХО аппарат нийлүүлэх, нөгөө талаас эд хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний төлбөрт 80,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн хэдий ч хариуцагч тал гэрээний зүйл болох ЭХО аппаратыг нийлүүлээгүй байна.

 

2.3. Улмаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаар хариуцагч тал төлсөн

 

төлбөрөөс 65,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй үйл баримт нотлогддог ба талууд энэ талаар маргадаггүй.

 

2.4. Харин гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгч талд учирсан хохирол 36,300,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж хариуцагч маргадаг.

 

3. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:

3.1. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байсан бөгөөд тухайн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж гэрээний зүйлийн төлбөр 80,000,000 төгрөгийг буцаан шаардсан. Хариуцагч тал 65,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг.

 

Гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар талууд маргаагүй тул хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүрэг болох ЭХО аппаратыг нийлүүлээгүй нь гэрээнээс татгалзах буюу цуцлах үндэслэл болсон гэж үзэв. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцэх бөгөөд нэхэмжлэгч тал мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 05 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-д Нийлүүлэгч нь ...барааг 2024 оны 05 сарын 25-ны дотор захиалагчид нийлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч тал худалдан авагчийн өмчлөлд ЭХО аппаратыг шилжүүлээгүй, гэрээний хугацаа хэтэрсэн үйл баримт тогтоогдоно.

 

3.3. Дээрх үндэслэлээр хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй хэдий ч нэхэмжлэгч тал өөрт учирсан гэх 36,300,000 төгрөгийн хохирлын асуудлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлагаа нотлох, холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болно.

 

3.4. Тодруулбал нэхэмжлэгч нь Эхо аппаратаар нэг хүн үзэхэд 30,000 төгрөгийн төлбөр авдаг бөгөөд өдөрт дунджаар 5 хүн үздэг, нэг өдөрт 150,000 төгрөг, сарын ажлын 22 хоногт 3,300,000 төгрөг, 11 сарын хугацаанд 36,300,000 төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой байсан гэх тайлбараа холбогдох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хохирол гэх 36,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай

 

нэмэлт гэрээ, эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ гэх хавсралтаар 36,300,000 төгрөгийн орлого олох байсан, нэг хүн үзэхэд 30,000 төгрөгийн төлбөр авдаг бөгөөд өдөрт дунджаар 5 хүн үздэг гэх тайлбар болон үйл баримт нотлогдохгүй.

 

4. Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч **** ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу **** ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 414,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ