Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

 

 

 

 

  2024        03        27                                         2024/ДШМ/18

 

   Д.От холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Н.Т,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч: Ц.Б,

Нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/81 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Б-ын гаргасан эсэргүүцлээр Д.От холбогдох 00 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Иовогт Дын О, 1966 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт Хөвсгөл аймгийн М сумын 000баг ...-р байр …. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Д.О нь Эрчим хүчний тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 5.7.18 агаарын шугамд үзлэг хийх, урьдчилан сэргийлэх шалгалт, хэмжилт хийхэд илэрсэн дутагдлуудыг ашиглалтын баримт материалд тэмдэглэж тэдгээрийн үзүүлэх нөлөөллийг харгалзан ноцтойг яаралтай арилгах, бусдыг нь техникийн үйлчилгээ буюу их засвар хийх үед устгах хэрэгтэй гэсэн заалт, болон ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд хийгдэх ажлууд хэсгийн ХАБЭА-н дүрмийг хэрэгжүүлэх, чандлан сахих, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хөвсгөл аймгийн М сумын 000баг 000тоотод иргэн Ч.Бийн хашааны дээгүүр хөндлөн татсан хэрэглээний 04 кв-ийн цахилгааны шонгоос бэхэлж орхисон цахилгааны утаснаас 000 оны …. дугаар сарын ….-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.А нь барьж нөлөөллийн хүчдэлд цохиулж, түлэгдэн биед хоёр хөлийн шилбэ, тавхай, хуруу, хоёр гарын сарвуу, хурууг хамарсан биеийн 20-25 хувийн, 3-4 дүгээр зэргийн түлэгдэл бүхий хүнд гэмтэл учруулан эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/81 дүгээр захирамжаар яллагдагч Д.От холбогдох эрүүгийн 00 дугаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 72 метр урттай 4 багц нийт 288 метр хөнгөн цагаан цахилгааны утсыг хэргийн хамт Хөвсгөл аймгийн Прокурорын газарт хүргүүлж, эрүүгийн 00 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.О эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.“2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Г.Г, М.Э нар нь ямар тусгай мэдлэг эзэмшсэн, энэ төрлийн шинжилгээний дүгнэлт гаргах эрхтэй эсэх талаар тодруулах шаардлагатай. Учир нь шинжээч М.Э болон Г.Г нарын дипломын хуулбарууд нь гадаад хэл дээр бичвэртэй, орчуулга байхгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Мөн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл нь эх хувиараа биш, хуулбар үнэн дардастай байх боловч хаанаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй, мөрдөгч тэмдэглэл үйлдээгүй хуулбар хувийг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг мөрдөгч зөрчсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх шаардлагатай” гэжээ.

Мөрдөх байгууллагаас Эрчим хүчний яамны салбарын хяналтын газрын дарга П.Бд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 48/3-1201 дугаартай албан бичгээр шинжилгээ хийлгэх тухай хүсэлт тавьсан. Үүний дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 14- ний өдөр “Шинжээч томилох тухай” тушаал гаргаж, нэр бүхий 3 мэргэжилтэнг томилсон. Дахин шинжилгээг хийсэн мэргэжилтнүүд нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3-т заасан төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүнд хамаарна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий шинжээч нарын дипломын хуулбарыг хэрэгт хавсаргасан бөгөөд Г.Г, М.Э нар нь дүгнэлтдээ шинжилгээ хийх болсон үндэслэл, өөрсдийн боловсрол мэргэжил, ажилласан жилийг тодорхой дурдсан бөгөөд гадаадад боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд тул гадаад хэл дээрх дипломын хуулбар хэрэгт авагдсан. Прокуророос нэр бүхий 2 мэргэжилтний дипломыг баталгаат орчуулгын газраар орчуулж, шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарахгүй.

Мөн дахин дүгнэлт гаргасан шинжээч нь Улаанбаатар хотод оршин суудаг тул мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.14-т заасан эрхийн хүрээнд өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах даалгавар бичиж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хгээр шинжээч М.Эаас мэдүүлэг авахуулсан. Мэдүүлэг авах ажиллагаа нь мөрдөгчийн прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулах мөрдөн шалгах ажиллагааны төрөлд хамаарах бөгөөд уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар тэмдэглэлээр бэхжүүлнэ. Энэ мэдүүлгийн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичигт хамаарахгүй, хуулийн этгээд, албан тушаалтан иргэнээс гаргаж өгсөн нотлох баримтад хамаарахгүй. Иймд уг мэдүүлгийг мөрдөгч нь тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах үндэслэлгүй.

2.“Гуравдугаар хавтаст хэргийн 220-222 дугаар талд авагдсан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/1 дугаартай шинжээчийн дүгнэлт нь шинжээч юуг үндэслэж, ямар дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй байна. Тухайлбал, ямар, ямар ажилтан, албан тушаалтан, ямар дүрмийн аль заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй байна. “Х” ХХК, “Н” ХХК нь дүрмүүдийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх боловч дүрмийн аль заалтыг ямар компани нь зөрчсөн нь тодорхойгүй, шинжээч Д.А нь дүрмийн ямар заалтуудыг нарийвчлан баримтлаагүй нь тодорхойгүй, асуултад ямар хариулт өгсөн байсан нь ойлгомжгүй байгаа нь шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүй, тодорхой бус, бүрэн бус хийгдсэн эргэлзээтэй байна... Иймд нэмэлт эсхүл дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэж дурджээ.

Дахин дүгнэлт гаргасан нэр бүхий шинжээч нар нь дүгнэлтдээ шинжээч томилсон тогтоолд тусгасан асуултын хүрээнд хариултыг өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гаргасан. Мөн шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулж мэдүүлэг авсан бөгөөд мөрдөгч, прокурор нь шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус, эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үнэлээгүй учир шүүхэд шилжүүлсэн.

Шинжээчийн дүгнэлтээс зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзвэл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар шүүх дахин шинжилгээ хийлгэх боломжтой.

3.“Дөрөвдүгээр хавтаст хэргийн 88, 93 дугаар талд авагдсан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Г.Д, Э.Өнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал гаргаж ирүүлснийг прокурор 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7, 8 дугаартай тогтоолуудаар Г.Д, Э.Өнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Гэвч уг гэмт хэрэг нь 000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдэн гарсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...иргэний хариуцагч Г.Д, Э.Өнарыг гэм буруугийн талаар маргаантай байхад эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзжээ. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №08 дугаартай прокурорын тогтоолд “..Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гарган ирүүлжээ гэсэн мөртлөө Эрдэнэбилэгийн Өнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэсэн атлаа тогтоох хэсэгт ...Цогтууд овогтой Гүрсэдийн Дийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсугай гэсэн нь хуулийн шаардлагыг хангахгүй байна” гэжээ.

Прокурор нь Прокурорын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад мөрдөгчөөс гаргасан саналыг шийдвэрлэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах бүрэн эрхтэй. Мөн шүүхийн баримталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар бүлэг нь хэрэг бүртгэлтийн явцад хэрэглэх нийтлэг журам юм. Гэтэл мөрдөгч мөрдөн байцаалтын хэрэгт Г.Д, Э.Өнарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гарган ирүүлсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйл нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа хэрэглэх зохицуулалт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд яллагдагчаар татаж болохгүй хугацааг маш тодорхой хуульчилж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлийг тодорхойлж, оролцогчийн эрхийг хамгаалсан.

Шүүхийн баримталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь яллагдагч, шүүгдэгчид хамааралтай заалт бөгөөд Г.Д, Э.Өнар нь эрүүгийн 00 дугаартай хэргийн хувьд иргэний хариуцагчаар оролцож байгаа. Нэгэнт хуулийн заалт туйлын тодорхой байхад хүний эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан Хүний халдашгүй байх эрхийг хангах суурь зарчмыг зөрчсөн хууль бус үйлдэл болно. Прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай тогтоолын олсон нь хэсэгт нэр зөрүүтэй бичсэн нь прокурорын алдаа байна.

Гэвч тогтоолын тогтоох хэсэг зөв бичсэн байна. Энэ нь хэргийн зүйлчлэл, үйл баримт, ял шийтгэлд нөлөөлөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих зөрчилд хамаарахгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Т нар прокурорын эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: Яллагдагч Д.От холбогдох эрүүгийн хэргийн хохирогчийн өмгөөлөгч Н.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б бид Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/Ш3/81 дүгээр захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна.

Энэ хэргийн талаар гарсан шинжээчийн дүгнэлтээр яллагдагчийн буруутай ажиллагаанаас болж бага насны хүүхдийн насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг удаа дараа тогтоосон бөгөөд 2023 оны 2023/01 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

...Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/81 дүгээр захирамжийг  хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү .” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 81 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Д.Оыг Эрчим хүчний тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 5.7.18 агаарын шугамд үзлэг хийх, урьдчилан сэргийлэх шалгалт, хэмжилт хийхэд илэрсэн дутагдлуудыг ашиглалтын баримт материалд тэмдэглэж тэдгээрийн үзүүлэх нөлөөллийг харгалзан ноцтойг яаралтай арилгах, бусдыг нь техникийн үйлчилгээ буюу их засвар хийх үед устгах хэрэгтэй гэсэн заалт, болон ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд хийгдэх ажлууд хэсгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг хэрэгжүүлэх, чандлан сахих, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хөвсгөл аймгийн М сумын 000баг 000тоотод иргэн Ч.Бийн хашааны дээгүүр хөндлөн татсан хэрэглээний 04кв-ийн цахилгааны шонгоос бэхэлж орхисон цахилгааны утаснаас 000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.А нь барьж нөлөөллийн хүчдэлд цохиулж, түлэгдэн биед хоёр хөлийн шилбэ, тавхай, хуруу, хоёр гарын сарвуу, хурууг хамарсан биеийн 20-25  хувийн, 3-4 дүгээр зэргийн түлэгдэл бүхий хүнд гэмтэл учруулан эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, Д.От холбогдох хэргийг “...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2023/01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Г.Г, М.Э нар нь ямар тусгай мэдлэг эзэмшсэн, энэ төрлийн шинжилгээний дүгнэлт гаргах эрхтэй эсэх талаар тодруулаагүй, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл нь эх хувиараа биш хуулбар үнэн дардастай байх боловч хаанаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй, мөрдөгч тэмдэглэл үйлдээгүй хуулбар хувийг авсан. ...шинжээч юуг үндэслэж, ямар дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй. Тухайлбал ямар албан тушаалтан ямар дүрмийн аль заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй, ...Хөвсгөл Эрчим хүч ХХК, Н ХХК нь дүрмийн аль заалтыг ямар компани нь зөрчсөн нь тодорхойгүй, шинжээч А дүрмийн заалтуудыг нарийвчлан баримтлаагүй, асуултад ямар хариулт өгөх нь ойлгомжгүй байгаа нь шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, тодорхой бус, бүрэн бус хийгдсэн эргэлзээтэй. ...Г.Д, Э.Өнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хариуцагч Г.Д, Э.Өнарыг гэм буруугийн талаар маргаантай байхад эрх зүйн байдлыг дордуулж байна. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаартай прокурорын тогтоолын олсон нь, тогтоох хэсэгт Г.Д, Э.Өнарын нэрийг хольж бичсэн нь хуулийн шаардлага хангахгүй байна...” гэж тус тус үзэн прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн яллагдагч Д.От холбогдох хэргийг хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хэргийг ямар албан тушаалтан үйлдсэнийг тогтоох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтоох байдал бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлт гаргах асуудал биш юм.

Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлд дурдагдсан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн талаарх асуудлыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байжээ.

Мөн Г.Д, Э.Өнарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах эсэх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1000зүйлд зааснаар прокурорын эрх хэмжээний асуудал бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул Г.Д, Э.Өнарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж шүүх үзэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчилсан тул Г.Д, Э.Өнарыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах боломжгүй болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.

Харин Г.Дид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай тогтоолд “...Эрдэнэбилэгийн Өнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь техникийн шинжтэй алдаа байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх процесс ажиллагааны зөрчлийг арилгах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг

Иймд прокурор Б.Б бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26ы өдрийн 2024/ШЗ/81 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Яллагдагч Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                     Н.БАЯРХҮҮ