Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

 

 

 

 

   2024       03        27                                         2024/ДШМ/19

 

 Д.Бд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Нарийн бичгийн дарга: Б.Бнарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ховогт Дын Б, 000 оны … дугаар сарын ….-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Э сумын 4 дүгээр баг оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 000/.

Д.Б нь 000 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас малын хашаа барих зорилгоор зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 6,177 метр куб шинэс төрлийн нойтон мод бэлтгэж экологи-эдийн засагт 6,340,003 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ховогт Дын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Дын Бг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Бгаас 19,020,009 (арван есөн сая хорин мянга есөн төгрөг)-ийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 6,177 метр куб нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж үүнийг дараах байдлаар тайлбарлая.

000 оны Байгапь орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар 2023 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэдийн хүсэлтийг үндэслэн малын хашаа хороог засч сэлбэх, орон сууцны ахуйг дээшлүүлэх зорилгоор сууцаа засаж тохижуулахад нь зориулж хэрэглээний мод авахыг зөвшөөрсөн бөгөөд тэдгээр хүмүүсийн нэр, тоонд Бгийн нэр орсон юм. Эдгээр модыг огтолж авах талбай тусгаарлах нөхөн сэргээлт хийх гоожингийн үнэ болон огтлох модыг тэмдэглэх зэрэг төлбөрийг Бгаас хураан авсан бөгөөд нэгэнт уг ажлыг зохих зөвшөөрөл бүхий ойн мэргэжлийн байгууллага хийгээгүй бөгөөд 2023 онд хийх ёстой ажлыг онд нь багтаагаагүй тул уул иргэдийг өөрсдөө авах зөвшөөрөл өгсөн юм.

Хэргийн бодит байдал ийм байхад шүүх өөр байдлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.Б нь 000 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас малын хашаа барих зорилгоор зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 6,177 метр куб шинэс төрлийн нойтон мод бэлтгэж экологи-эдийн засагт 6,340,003 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 33.1-д заасны дагуу мод бэлтгэх гэрээ байгуулсан, эсхүл 34.1-д заасан эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүсдэг.

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас арчилгааны огтлолт хийх, мод бэлтгэх, эрхийн бичгийг “Э уул” ойн мэргэжлийн байгууллагад олгосон байх ба уг байгууллага талбай тусгаарлуулж, мод тэмдэглэж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Гэтэл шүүгдэгч Д.Б нь “Э уул” ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрх олгосон газраас тэмдэглэгдээгүй модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Учир нь Ойн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр зохицуулсан бөгөөд шүүгдэгчид мод бэлтгэх эрх олгогдоогүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг  зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан  нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б “...өөрсдөө модоо бэлтгэж ав гэсэн учир мод бэлтгэсэн” гэж мэдүүлсэн байх боловч энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогдоогүйн дээр уг мэдүүлэг нь гэрч Н.Бямбахишигийн “...мод тэмдэглэж дууссаны дараа нутгийн иргэд ...Б  ...нар нь дур мэдэн мод унгагаасан асуудал гарсан байсан.” гэх, гэрч Х.Мөнх-Эрдэнийн “...Б нар зөвшөөрөлгүй, мэргэжлийн хөрөөчид мэдэгдэлгүй унагасан асуудал гарсан байсан.” гэх, гэрч М.Баясгалангийн “...Уг тусгаарлуулж авсан талбайд нь нутгийн иргэд хууль бусаар мод бэлтгэсэн байсан.” гэх, гэрч Д.Отгонбаярын “... тусгаарлуулж авсан талбайгаас Э Уул ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэлт хийж эхлээгүй байхад нутгийн иргэд дур мэдэж хууль бусаар мод унагаасан асуудал гарсан гэж мэдээлэл авсан.” гэх, гэрч Д.Бямбацогтын “...Тухайн газар хууль бусаар мод бэлтгэсэн гэх иргэд манай Э Уул, сумын ЗДТГ, багийн Засаг дарга аль алинд нь мэдэгдээгүй мод огтлолт явуулсан байсан.” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

                                        ШҮҮГЧИД                              Л.ЭРДЭНЭБАТ

                                                                            Б.СОСОРБАРАМ