Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

И.Янжинсүрэнд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Д.Гансүх, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                               Г.Энхмаа

Нарийн бичгийн дарга       Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 125 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр И.Янжинсүрэнд холбогдох эрүүгийн 2016 1900 0162 дугаартай 1 хавтас 97 хуудас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1962 оны 5 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, яс үндэс халх, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Алтанбулаг сумын боловсрол хариуцсан нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Өлийн 2-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бор овогт Идэрийн Янжинсүрэн, /РД:НА62052665/.

 

Шүүгдэгч И.Янжинсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 5-ны орой 16 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн Өлийн 2 дугаар гудамжинд 15 настай эрэгтэй Б.Далантай нь морь унаж явахад И.Янжинсүрэнгийн тэжээвэр нохой дайрч улмаар түүний унаж явсан морь үргэн айлын төмөр хашаа мөргөж баруун хөлнийхөө дөрвөн хурууг тайруулсан. И.Янжинсүрэн нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Б.Далантайн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны 125 дугаар цагаатгах тогтоолоор: 

Төв аймгийн Прокурорын газраас Идэрийн Янжинсүрэнд холбогдуулж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах  түүнд урьд авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, И.Янжинсүрэн  цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор шийдвэрлүүлэх иргэний нэхэмжлэлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх И.Янжинсүрэнгийн эс үйлдэхүйн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлалгүйгээр, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч И.Янжинсүрэн нь орчиндоо аюул учруулж болох амьтан буюу тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан тодруулбал шаардлага хангахуйц байр, хашаа, тор, уяа зэрэг хамгаалалтын зүйлийг хэрэглээгүй, хяналтаасаа гаргаснаас хашааны гадаа явж байгаа Б.Далантайн унаж явсан морь руу дайрсан болох нь нотлогддог. Далантайн унаж явсан морь нь И.Янжинсүрэнгийн уяагүй, гадуур гудамжинд хамгаалалтгүй орхисон нохой дайрснаас үргэсэн, үргэж давхихдаа урд айлынх нь төмөр хашааг нидэрч Б.Далантайн хөл нь гэмтэж Б.Далантайд шууд хор уршиг учирсан гэж үзэж байна. Хэрэв нохой хашаандаа уяатай байсан бол морь үргэхгүй, морь үргээгүй бол төмөр хашааг хөлөөрөө нидрэхгүй байсан. Б.Далантайн эрүүл мэндэд учирсан хор уршиг нь шүүгдэгч И.Янжинсүрэнгийн зохих хамгаалалтгүй, нохойгоо гадаа сул орхисон нөхцөл байдлаас /эс үйлдэл/ үүдсэн шууд шалтгаант холбоотой болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Далантайн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. И.Янжинсүрэнд хор уршиг учруулах оюун санааны болоод хүсэл зоригийн шинж байхгүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр шүүгдэгч И.Янжинсүрэн нь Б.Далантайн бие махбодид хор уршиг учруулъя гэсэн хүсэл зоригийн шинж буюу гэм буруугийн шууд болон шууд бус санаатай гэм буруугийн байдал тогтоогдоггүй ч, оюун санааны шинж болох хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дэлгэрмаа, шүүгдэгч И.Янжинсүрэн нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч И.Янжинсүрэн оюун санааны хувьд аливаа гэрийн тэжээвэр нохой /хашаа хороогоо хамгаалах зориулалтаар тэжээж ашигладаг/ орчин тойрондоо аюултай гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр зохих хамгаалалтгүй орхиж хайхрамж болгоомжгүй хандсан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илэрдэг бөгөөд хэрэв тухайн амьтныг санаатайгаар бусдын эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор ашигласны улмаас хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулсан бол энэ хэргээр бус тохирох зүйл хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч И.Янжинсүрэнд холбогдох эрүүгийн 2016 1900 0162 дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан, уг гэмт хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шүүгдэгч И.Янжинсүрэнгийн гэм буруу, түүнд оногдуулах ял шийтгэл, Б.Далантайн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,6,9 дүгээр зүйлд заасан зарчмууд бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэж, хохирогчийн эрхийг сэргээх үндэслэл болно. Мөн шүүхээс цагаатгах тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн нэг үйлдэл нь уг тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон зүйл хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн аль тохирох хэсгийг баримтлалгүйгээр И.Янжинсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурьдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 316 дугаар зүйл, 317 дугаар зүйлийн 317.1.3, 317.1.4 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 125 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-д зааснаар улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Төв аймгийн Прокурорын газраас Идэрийн Янжинсүрэнд холбогдуулж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хуулийн үндэслэлтэй байна.

 

2016 оны 3 дугаар сарын 5-ны орой 16 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын төвд насанд хүрээгүй 15 настай Б.Далантайг морьтой явахад нь иргэн И.Янжинсүрэнгийн тэжээвэр нохой дайрч, түүний унаж явсан морь үргэн айлын төмөр хашаа мөргөснөөс хохирогчийн баруун хөл төмөр хашаанд хүчтэй нидрэгдсэнээс түүний биед баруун тавхайн 2-4-р хурууны гэмтлийг мэс заслийн аргаар тайрч биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгч И.Янжинсүрэн нь орчиндоо аюул учруулж болох амьтныг /тэжээвэр нохой/ зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Б.Далантайн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь үндэслэлгүй, түүний эс үйлдэхүйд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Тухайлбал, шүүгдэгч И.Янжинсүрэн нь дээрх гэмт хэргийн субъект мөн эсэх эргэлзээтэй, ам бүл дөрвүүл нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг байхад яагаад зөвхөн түүнийг энэ гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаж, тухайн хэргийн субъект гэж үзсэн нь ойлгомжгүй, тэдний тэжээвэр нохой нь хүн, мал амьтныг дайрдаг, зуудаг зэргээр орчиндоо аюул учруулж болох амьтан гэдгийг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогдоогүй, нохойг хамгаалалтгүй байлгасан гэх түүний эс үйлдэхүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлд заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн субъектив талын шинж нь орчиндоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй байлгасны хувьд санаатай, хүний эрүүл мэндэд хохирол учруулсны хувьд болгоомжгүй гэсэн гэм буруугийн давхар хэлбэртэй байдаг онцлогтой. Хэргийн үйл баримтаас дүгнэлт хийхэд И.Янжинсүрэнгийн тэжээвэр нохой нь хүн, мал, амьтныг дайрах, зуух ааш авиртай нь тогтоогдоогүй, түүнийг орчиндоо аюул учруулахаас хамгаалах үүрэг эзэн этгээдэд нь үүсээгүй байх тул орчиндоо аюул учруулж болох нохойг санаатайгаар хамгаалалтгүй байлгасан гэж эзнийг нь буруутгах үндэслэлгүй байна. Харин Прокурорын эсэргүүцлээс: “…Цагаатгах тогтоолыг …уг тогтоолын удирдлага болгосон зүйл хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн аль тохирох хэсгийг баримтлалгүйгээр И.Янжинсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурьдах нь зүйтэй...” гэсэн хэсгийг шүүх хүлээн авч цаашид дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд дээрх үндэслэлээр улсын яллагчийн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэг, 325 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 125 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Т.ЭНХМАА

            ШҮҮГЧИД                                  Д.ГАНСҮХ

                 Г.БОЛОРМАА