| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01507/И |
| Дугаар | 192/ШШ2025/05502 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/05502
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *** байр, *** тоот хаягт оршин суух, **** овогт ***** /РД:****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил 17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, *** тоот байрлах ****ХХК /РД:****/-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
...Миний бие 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ****ХХК-тай 0007/2024 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулж Хан-Уул дүүрэг, 15-р хороонд байрлах Акояа резиденс хотхоны 13 давхарт А-4 загварын **** тоот, С айл орон сууцыг 675,120,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байдаг. Миний бие нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ **** ХХК-д бүрэн гүйцэтгэж дууссан болно.
Гэтэл өнөөдрийг хүртэл ****ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа юм. Иймд Хан-Уул дүүрэг, 15-р хороонд байрлах Акояа резиденс хотхоны 13 давхрын А-4 загварын **** тоот С айл орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан
...****ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний бие өнөөдрөөс эхлэн орон сууцанд амьдран суух 2026 оны 6 дугаар сард багтаан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахаар хариуцагч компанитай харилцан тохиролцсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авах талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн хүсэлтдээ ...орон сууцандаа өнөөдрөөс амьдран суухаар болсон, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахаар хариуцагч компанитай харилцан тохиролцсон гэж дурдсанаас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээр амласан нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл болсон гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд ****ын нэхэмжлэлтэй, ****ХХК-д холбогдох Хан-Уул дүүрэг, 15-р хороонд байрлах Акояа резиденс хотхоны 13 давхрын А-4 загварын **** тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ****ын нэхэмжлэлтэй ****ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,533,550 төгрөгөөс хариуцагч ****ХХК-иас 1,766,775 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 1,766,775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ