2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/05524

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 26

192/ШШ2025/05524

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн **** тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, **** /РД:****/-т холбогдох,

 

Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, түүний өмгөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...**** нь ****-т 2022 оноос нярав, байр ашиглалт хариуцсан техникчээр ажиллаж байгаад Төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас халсан тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасныг үндэслэн гаргасан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүй халдсан тул уг тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

 

- **** нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс тус байгууллагад Хөдөлмөрийн гэрээ байгуулан нярав, байр ашиглалт хариуцсан техникчээр ажиллаж эхэлсэн ба ажилд орсоноос хойш гэрээнд заасан үүрэгт ажлыг цаг тухайд нь биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчилгүй ажилласан ба cap бүр ажлаа дүгнүүлж, ур чадварын нэмэгдэл авдаг байсан. Өөрийн хариуцсан ажлын мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж, байгууллагын эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад байнгын хяналт тавьж ажиллан, ажилдаа хариуцлагатай хандаж

 

байсан. Ажиллах хугацаандаа байгууллага болон хамт олноос зохион байгуулсан ажилд тухай бүр идэвхи оролцоотой манлайлан ажиллаж ирсэн. Гэтэл Төвийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэн намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино; гэж заасан. Гэвч миний нярав, байр ашиглалт хариуцсан техникчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байранд тавигдах шаардлага нь намайг ажилд орох үед анхнаасаа байсан ба байгууллагын удирдлага нь нягтлан болох бүртгэлийн мэргэжилгүйг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан.

Тэрээр тус ажлын байранд тавигдах шаардлагыг хангахаар Няравын мэргэшил олгох сургалтад сурч амжилттай төгссөн, мөн Идэр их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 4-р түвшинд суралцаж, мэргэжил, мэргэшлийн түвшингээ үргэлж дээшлүүлэн ирсэн билээ. Гэтэл ажил олгогч нь миний дээрх хичээл зүтгэлийг мэдэж байсан атлаа 2025 оны 01 дүгээр сард мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй.

 

Мөн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа ба 2025 оны хаврын улиралд сургуулиа төгсөх байсан. Гэвч ажил олгогч нь үүнийг мэдсээр байж ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т ...Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино..." гэсэнтэй нийцэхгүй байх ба ажилтандаа боломжит хугацаа олгох талаар хууль тогтоогч хуульчилсан байна. Гэтэл 3-4 сарын дараа сургуулиа төгсөж, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмших байсан надад ямар ч боломж олголгүй ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна

 

- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан "Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын ангилал тодорхойлолт-08" (ҮАМАТ)-д Нярав болон цахилгааны инженерийн ажил мэргэжил нь тусдаа ангилалд хамаарах, өөр өөрийн шаардлага бүхий ажлын байрнууд ба Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлээр ч өөр ангилалд хамаарах албан тушаалууд юм. Иймээс миний албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага нь анхнаасаа хэм хэмжээний актыг зөрчсөн буюу Нярав болон цахилгааны инженерийн ажлыг нэг ажлын байр мэтээр тусгасан. Би тус ажилд орохоос өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 29-нд Мажик Чойс сургалтын төвд Няравын мэргэшил олгох сургалтад хамрагдаж, сертификат авсан ба няравын ажил үүргийг гүйцэтгэхэд миний мэргэшлийн түвшин, ур чадвар огт дутагдахгүй. Мөн ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй тул ажил олгогчоос ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж үнэлж ирсэн.

 

- Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.16 дахь хэсэгт "... ажил үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй нь хагас жилийн хугацаанд 3-аас дээш удаа давтагдвал түүнийг гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсонд тооцно. Энэ тохиолдолд албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажилд томилох бөгөөд зөвшөөрөөгүй тохиолдолд ажлаас чөлөөлнө", Хөдөлмөрийн гэрээний 7.2-т дээрх нөхцлийг талууд харилцан тохиролцсон. Гэтэл намайг ажил

 

үүргийн хувьд огт алдаа дутагдал гаргаж байгаагүй, албан тушаалд тэнцэхгүй талаар өмнө нь анхааруулга ирж байгаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийг гэрээний заалтыг болон хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд **** УТҮГ-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ****азрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч **** нь Нярав, байр ашиглалт хариуцсан техникчээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/039 тушаалаар орсон байдаг бөгөөд ажилд томилогдсон өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хийгдсэн ажил үүрэг хангалтгүй тавьсан шаардлага биелэгддэггүй ба тэрээр би энэ мэргэжлийн хүн биш тийм учраас мэдэхгүй байна, миний хийх ажил энэ биш гэх зэргээр удаа дараа тайлбар тавьдаг байсан.

Нэхэмжлэгч ****ийн ажил байдлын тодорхойлолт, боловсрол мэргэжлийн шаардлага үзүүлэлтийг хангаагүй, хангах талаар удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй ба бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй, Мажик чойс гэх сургалтын төвд 2022 оны 04 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дугаар сарын 29-ний хугацаанд Нярав, эд хариуцагчийн тайлан гаргах сургалт", Санхүүгийн тайлан гар аргаар гаргах сургалт, ААНОАТ, ХХОАТ, НДШ, НӨАТ-ын тайлан гар аргаар гаргах сургалт, Санхүү татварын тайланг MAGICFINANCE программаар гаргах сургалт зэргийг 25 хоногийн хугацаанд суралцаж сертификат авсан байдаг.

Энэ нь манай байгууллагад тавигдах шаардлага буюу Их дээд сургуульд суралцсан тухайн ажлын байрны мэргэжилд тохирох бакалавр болон түүнээс дээш түвшин байна гэсэн шаардлагад нийцэхгүй талаар удаа дараа шаардлага тавьсан, уг мэргэжлийн хүн биш учир ажлаа сайжруулах талаар тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Энэ талаар ажилтан ****т анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон болно.

Албан тушаалын тодорхойлолтын III бүлгийн Албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэх хэсэгт тухай ажлын байранд шаардагдах мэргэжлээр бакалаврын болон түүнээс дээш боловсрлын зэрэгтэй, Санхүү бүртгэл, нягтлан бодогч, цахилгааны инженерийн мэргэжилтэй байхыг заасан байна.

Нэхэмжлэгч ****ийн ажлын байранд тавигдах шаардлага нь мэргэжлийн диплом шаардах бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т ...энэхүү гэрээний 3 зүйлийн 3.1-т дурьдсан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. Ажлын байрны тодорхойлолт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заажээ.

Нэхэмжлэгч **** нь байгууллагад ажил мэргэжлийн түвшин, ур чадвараа сайжруулахаар бичиг баримтууд албан ёсны боловсролын байгууллагаас олгодог дээд боловсролын зэрэг биш бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий сургалтын төвийн сертификат юм. Төрийн өмчийн төсөвт байгууллагад нярав, санхүү, эд хөрөнгө хариуцсан техник ажилтан ажиллуулахад тавигдах боловсролын түвшин, мэргэжлийн шалгуурт нийцэхгүй, мөн ажлын гүйцэтгэл сайжруулах талаар арга хэмжээ авч ажлаагүй тул 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн.

Мөн нэхэмжлэгч нь одоо сургуульд суралцаж байгаа гэж нэхэмжлэлдээ дурьдсан боловч, байгууллагын удирдлагад тэр талаар мэдэгдэж байгаагүй, мөн одоо суралцаж байгаа нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй байхад үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч ****ийг ажлаа сайжруулах талаар тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, энэ талаар ажилтан ****т анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон боловч, энэ хугацаанд арга хэмжээ аваагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгг зааснаар Ажил олгогч нь ажилтныг тухайн ажлын байранд тавигдах боловсрол, мэргэжил, ажлын туршлагын шаардлага хангахгүй болсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. гэж заасны дагуу Хөдөлмөрийн харилцааг Ажил олгогчийн санаачилгаар цуцласан болно.

 

Мөн уг ажилтны ажил гүйцэтгэлийн явцад:

      Тухайн мэргэжлийн дагуу өгсөн үүрэгт Би энэ мэргэжлийн хүн биш, Энэ миний хийх ажил биш гэх тайлбар өгч, биелүүлээгүй;

      Ажил үүргийн гүйцэтгэл байнга дутмаг, ажлын байран дээр орхигдсон, хаягдсан асуудал их байсан;

      Ажил хүлээлцэх үед хүлээн авсан мэргэжилтэн ****иин илтгэх хуудас, зураг баримтаар баталгаажуулан авсан.

Ажилтан ажлын байранд шаардлага хангахгүй болсон гэж үзэн сонсох ажиллагааг хуульд заасан хугацаанд зохион байгуулж, мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн болно.

 

Иймд **** УТҮГ-ын захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б\06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхлэж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тохилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай ****ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас Итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, сонсох ажиллагааны мэдэгдэл, албан тушаалын тодорхойлолтын маягт, Идэр их сургуулийн тодорхойлолт, баклаврын диплом, албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал, гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, сонсох ажиллагааны мэдэгдлийн хариу, Мэжик чойс сургалтын төвийн сертификат, хавсралт.

 

3.2. Хариуцагч талаас Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт маягт, хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****ээс хариуцагч ****азарт холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч тал нь ...Тухайн ажлын байр нярав, байр ашиглалт хариуцсан техникчийн ажилд авсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, үүрэгт ажлаа цаг тухайд нь хийж байсан, ёс зүйн болох сахилгын зөрчил гаргаж байгаагүй байхад ажил үүрэгтэй тэнцэхгүй гэсэн шалтгаанаар баримтаар нотлогдоогүй байхад ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг ба хариуцагч тал ...Ажил үүрэг хангалтгүй, тавьсан шаардлага биелэгддэггүй байсан. Ажлын байранд тавигдах боловсрол, мэргэжлийн шаардлага хангаагүй буюу баклавр, түүнээс дээш боловсролтой байна гэсэн шаардлагад нийцээгүй тул сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн. Мэргэжил мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон боловч энэ хугацаанд арга хэмжээ аваагүй тул захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн татгалзсан тайлбар гарган маргадаг.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгох агуулга бүхий шаардлага гаргасан хэдий ч энэ нь шүүх хууль хэрэглэж шийдвэрлэвэл зохих нэхэмжлэлийн шаардлага бус харин ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.

 

4. Урьдчилан шийдвэрлэх журмын дагуу гомдол гаргагч Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан ч ...гомдол гаргагч, ажил олгогч талуудыг харилцан тохиролцуулч чадаагүй гэх 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 25/30 дугаартай тэмдэглэл гарсан байна. Улмаар нэхэмжлэгч **** уг шийдвэрийг эс зөвшөөрч 04 сарын 07-ны өдөр шүүхэд гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах, шүүх гомдлыг шууд хянан шийдвэрлэхээр заасантай нийцэж байна.

 

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд

5.1. Нэхэмжлэгч **** нь ****азарт 2022 оны 5 сарын 02-ны өдрөөс нярав, байр ашиглалт хариуцсан техникчээр ажилд орсон болох нь хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, 2022 оны 5 сараас 2025 оны 3 сар хүртэлх хугацаанд нийгмийн дааталын шимтгэл төлөгдөж байсан талаарх Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт зэргээр тогтоогдох бөгөөд энэ үйл баримтын талаар хариуцагч маргадаггүй.

 

5.2. Харин хариуцагч талаас мэргэжил мэргэшил ур чавдарын хувьд тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй, боломжит хугацаа олгосон байхад ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлийг, нэхэмжлэгч анхнаасаа энэ албан тушаалд тэнцэнэ гэж үзэн ажилд авсан, ажиллаж байх хугацаанд нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролыг эзэмшсэн, сургалтад хамрагдсан гэх үндэслэлийг тус тус дурдаж маргадаг.

 

6. Нэхэмжлэгч нь ****азарт нярав, байр ашиглалт хариуцсан техникчээр ажиллаж, ажил олгогчтой гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажиллаж байсан ба зохигчдын маргаж байгаа тайлбар, маргаагүй үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Тиймээс нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч үндэслэлгүйгээр дуусгавар болгосон нь өөрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзвэл тухайн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй.

 

6.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу хууль бусаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам, ***лсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2025 оны 02 сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, УТҮГазрын дүрмийн 6.7.8, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 16,17 дахь заалтыг үндэслэн нярав, байр ашиглалт хариуцсан техникч ****ийг ажил олгогчийн санаачилгаар мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзэн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж дурдсан байна.

 

6.2. Тухайн ажлаас чөлөөлөх тушаалд заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэх үндэслэлийг хариуцагч талаас ...бүрэн дунд боловсролын гэрчилгээ, 25 хоногийн сургалтад хамрагдсан сертификаттай бөгөөд тухайн ажлын байрны мэргэжилд тохирох баклавр, түүнээс дээш боловсролын түвшинтэй байх мэргэжлийн шалгуурт нийцэхгүй, ажил үүргээ хангалттай гүйцэтгэдэггүй тул тэнцэхгүй гэх агуулгаар тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас ...мэргэжлийн диплом бичиг баримтгүй байсныг мэдсэн атлаа ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажиллах хугацаандаа мэргэшлийн чиглэлээр сургуульд сурч баклаврын мэргэжлийн диплом авсан, хариуцагч тал ажилдаа хангалтгүй ажиллаж байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх тайлбарыг гаргадаг.

 

6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д ажилтан, ажил олгогчийн аль нэг санаачилга гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл болохыг тусгаж, мөн хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг зааж, аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон. Энэ хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогчоос байгуулсан хөдөлмөрийн гэрээ, баталсан байгууллагын дотоод журамд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нөхцлийг тодорхой зааж өгчээ.

 

6.4 Дээрх хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажил олгогч буюу хариуцагч ***лсын төсөвт үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч буюу ажилтан ****ийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч тухайн үндэслэл болон үйл явдлыг баримтаар нотолж чадаагүй ба энэ талаарх нэхэмжлэгч талын шаардлага буюу тайлбар үндэслэл бүхий байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан "ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон" гэх үг, өгүүлбэрийн утга,

агуулгыг Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаартай тогтоолд ...салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж, Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж тайлбарласан. Хэдийгээр хүчингүй болсон Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг тайлбарласан тогтоол ч Иргэний, Хөдөлмөрийн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудийн үзэл баримтлал, тухайн зүйл заалтын шууд утга санаа, хэргийн оролцогчийн эрх үүрэг, хариуцлага, шаардлага татгалзлаа баримтаар нотлох чиг үүргийн хүрээнд хариуцагч тал татгалзлаа буюу ****ийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэлээ нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Тодруулбал, ***лсын төсөвт үйлдвэрийн газраас мэргэжил, ур чадварын түвшинг тогтоосон албан ёсны дүгнэлт, шийдвэр гаргасан үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч татгалзлаа нотлох бичмэл баримтыг шүүхэд ирүүлээгүй. Ажлын байранд тавигдах шаардлагын хүрээнд дээд боловсролгүй гэж ажлаас чөлөөлж гэрээг дуусгавар болгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16, 17 дугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөг тодорхойлсон хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглосон зүйл хэсэгтэй нийцэхгүй болно.

 

7. Ийнхүү хариуцагч ***лсын төсөвт үйлдвэрийн газраас гаргасан нэхэмжлэгч ****ийг албан тушаалаас чөлөөлсөн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн Б/06 тоот захирлын тушаал нь хуулийн үндэслэлгүй, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хууль зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч ****ийг урьд эрхэлж байсан нярав, байр ашиглалт хариуцсан техникчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно: ... 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж тус тус заажээ.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 92

хоногийн цалин 11,856,500 /11 сар 2,291,356 төг, 12 сар 4,948,038 төг, 01 сар 1,073,080 төг, дундаж нь 2,770,824 төгрөг, сард ажиллах ажлын 21.5 хоног, нэг өдрийн цалин 128,875 төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

9. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****ийг ****азарт нярав, байр ашиглалт хариуцсан техникчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 11,856,500 төгрөгийг хариуцагч ****азараас гаргуулан нэхэмжлэгч ****т олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ****азараас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ