2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/05678

 

 

 

 

 

 

 

 

2025 07 04

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/05678

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Дөргөн сум, 4 дүгээр баг, **** байрлах, **** ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны зам, тээвэрчдийн гудамж, *****, 2 давхарт байрлах, **** ХХК /РД:*****/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 224,387,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Манай "****" ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10 дугаартай хамтран ажиллах гэрээг хариуцагч "****" ХХК-тай байгуулж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд "****" ХХК нь манай компаниас тухай бүр дизель түлш нийлүүлж, түүний төлбөрийг хүлээн авч байхаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу манай компани нь хариуцагч "****" ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсанаа хойш 2024 оны 11 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд АИ-92 шатахуун 6,155.64 литр, дизель түлш 96,636.95 литр, бусад шатахуун 35 литрийг нийлүүлсэн бөгөөд нийт 357,448,212 төгрөгийн үнэ бүхий шатахуун нийлүүлжээ. Тус нэр бүхий шатахуун түлшнүүдийг хариуцагч "****" ХХК-д тус бүр нийлүүлэх үеийн зах зээлийн ханшаар төлбөрийг тооцож нийлүүлдэг байсан бөгөөд "****" ХХК-д нийлүүлсэн шатахууны ерөнхий жагсаалт гэх баримтаар шатахуун тус бүрийн үнийн дүнг тодорхой зааж өгсөн байгаа болно.

Ийнхүү "****" ХХК нь манай компаниас авсан дээрх шатахуунуудын төлбөр гэж 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 59,493,226 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, нийт 189,493,226 төгрөгийг манай компанид төлсөн болно. Одоо шатахууны үлдэгдэл төлбөр 167,954,986 төгрөг байгаа билээ. Бидний байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн хэмжээгээр хоног тутам тооцохоор заасан. Манай компанийн нийлүүлсэн шатахууны төлбөрийн үлдэгдэл 167,954,986 төгрөгийн 0,3 хувь болох 503,865 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 112 хоногт тооцоход 56,432,880 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.

Иймд шатахууны төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 167,954,986 төгрөг, алданги 56,432,880 төгрөг, нийт 224,387,866 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үлдэгдэл төлбөр 167,954,986 төгрөг, алданги 56,432,880 төгрөг, нийт 224,387,866 төгрөгөөс, алданги 24,387,866 төгрөгт холбогдох хэсгээс татгалзав. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх ба дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгана. Гэрээ хүчин төгөлдөр болсноор энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрөв. Зохигчдын хэн аль нь энэхүү гэрээний дагуу хүлээх аливаа эрх, үүргийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй. Зохигчид дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХХК-иас хариуцагч **** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 224,387,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 224,387,866 төгрөгөөс 24,387,866 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 200,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөг, 8 дугаар сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд **** ХХК-ийн нэхэмжлэлтэй **** ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 224,387,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар **** ХХК-ийн нэхэмжлэлтэй **** ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 224,387,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 224,387,866 төгрөгөөс 24,387,866 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 200,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,279,890 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **** ХХК-аас 639,945 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 639,945 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ