| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2021/02587/И |
| Дугаар | 210/МА2022/00197 |
| Огноо | 2022-01-31 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2022/00197
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/02322 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Бын хариуцагч МУХБ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 128,486,935 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 128,486,935 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгана.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Нэхэмжлэгч МУХБ ХХКДэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 тоот тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 181/ШШ2020/02173 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны 2095 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00686 тоот тогтоолоор урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 43,825,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогдсон гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлсийг нь тогтмол олгож байна. Энэ мараан нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан МУХБ ХХК-иас 128,486,935 төгрөг гаргуулан О.Бт олгож, уг үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг МУХБ ХХК-д даалгаж, нэхэмжлэгчээс төлсөн 800,385 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлого болгож, хариуцагчаас 800,385 төгрөг гаргуулан О.Бт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1 Уг маргааныг шүүхээс урьд өмнө анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэж байсан. Шүүхийн шийдвэр гарсан буюу дууссан хэргийг анхан шатны шүүхээс дахин авч хэлэлцсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчсөн. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхээс 43,825,000 төгрөгөөр тогтоосон. Хөгжлийн банкны зүгээс шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж О.Быг шүүхийн шийдвэрийн дагуу Эрсдэлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг бүрэн олгосон, одоогоор цалин хөлсийг тогтмол олгож байгаа. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан тайлбар татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн авсан өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлсөд 128,486,935 төгрөг нэхэмжилсэн тул үүнийг урьд шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, өөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарна. 43,825,000 төгрөг нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин юм. Нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх буюу ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн. О.Бт 43,825,000 төгрөгийг олгосон нь өмнөх шүүхийн шийдвэртэй холбоотой. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэв.
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.Бын хариуцагч МУХБ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 128,486,935 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ХГ/18/07 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан МУХБ ХХК-д Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаад Монгол улсын хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Тэрээр хариуцагчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02173 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2095 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00686 дугаар тогтоолоор хянан үзэж нэхэмжлэгчийг МУХБ ХХК-ийн Эрсдэлийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоон, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43,825,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ./хх.6-20/
Хариуцагч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд мөн өдрөөс эгүүлэн томилсон үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх.5/
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандсан байна. /хх.1-3/
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02173 дугаар шийдвэрт О.Бын 1 сарын дундаж цалин хөлсийг 10,707,244.66 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 498,011.37 төгрөгөөр тогтоосон байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор 128,486,935 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12 сарын цалин хөлстэй тэнцэх олговор 128,486,935 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байв.
3. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй. Учир нь өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн МУХБ ХХК-ийн Эрсдэлийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Харин энэхүү шүүхийн шийдвэрээр ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл биелүүлээгүйн улмаас ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох хүртэл түүний Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх зөрчигдсөн хугацааны цалин хөлстэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйн улмаас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажилд эгүүлэн тогтоох хүртэл нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан. Иймд хариуцагчийн “өмнө нь нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны олговроо нэгмөр шийдвэрлүүлэх боломжтой байсан” гэх гомдол үндэслэлгүй.
Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/02322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
А.МӨНХЗУЛ