| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/00321/И |
| Дугаар | 192/ШШ2025/05649 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/05649
| 2025 07 02 | 192/ШШ2025/05649 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ***** ХХК-ийн байранд байрлах, *****" ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, **** байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт ****/РД:****/-д холбогдох,
Хохиролд 51,908,007 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлдээ:
...Хариуцагч **** нь нэхэмжлэгч ***** ХХК-тай 2015 оны 9 сарын 14-ний өдөр 104/15 бүхий хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 9 сарын 21-ний өдөр 15/029 бүхий эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулан худалдааны төлөөлөгч гэх ажлын байранд ажиллаж байх хугацаандаа харилцагч байгууллагын барааны төлбөрийг өөрийн дансаараа хүлээн авч, мөн хуурамч харилцагч үүсгэж харилцагчийн нэр дээр зээлээр бараа гаргах зэрэг байдлаар байгууллагад нийт 72,883,624 төгрөгийн хохирол учруулсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлаа хүлээлцэлгүй хаяж БНСУ руу явсан. Солонгос улсад байхад нь түүнтэй цахимаар холбогдоход дээрх өр төлбөр гаргаснаа хүлээн зөвшөөрч 22,175,617 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 50,708,007 төгрөгийг төлбөрийг төлөхгүй байсан тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаад Прокурорын тогтоолоор хэргийг хаасан.
Талуудын байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 6.1-д Ажилтан ажил үүргээ зөрчсөнөөс компанид учирсан бодит хохирол, хохирлыг
илрүүлэхэд шаардагдсан зардлыг зохих ёсоор төлж барагдуулна гэж заасан боловч хариуцагч **** өнөөдрийг хүртэл хохирлыг бүрэн төлж барагдуулалгүй бидний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Түүний компанид учруулсан хохирлыг илрүүлэхээр Санхүүгийн хяналтын итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэж дүгнэлт гаргуулсан болно. Уг үйлчилгээний төлбөрт 1,200,000 төлсөн.
Хариуцагч ****эс албан үүрэгтээ хайнга хандаж хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байгууллагад учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр 50,708,007 төгрөг, учирсан хохирлыг илрүүлэхэд шаардагдсан үйлчилгээний төлбөрт 1,200,000 төгрөг, нийт 51,908,007 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:
Би тухайн компанид 2008 оноос хойш ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2019 онд ажлаас чөлөө авч ажлаа хүлээлгэж өгөх үед 12,000,000 төгрөгийн өр төлбөр гарсныг төлж барагдуулсан. 15,810,000 төгрөгийг компанид бэлнээр тушаасан. Надад холбогдуулан гаргасан 51,908,007 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Санхүүгийн үлдэгдлийн дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримт ойлгомжгүй, нэг бол хэрэгт хамаатай, нөгөө бол хамаагүй гэх аудитын дүгнэлтийн үнийн дүн зөрүүтэй, санхүүгийн анхан шатны баримт байхгүй, тооцоо үлдэгдлийн баталгаа гэх баримтууд шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 419,490 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, чатын гэрэл зургууд, ажлын байрны тодорхойлолт, тооцоо хаах тухай хүснэгт, тооцооны үлдэгдлийн баталгаанууд.
3.2. Хариуцагч талаас Итгэмжлэл, Хаан банкны дансаар болон бэлнээр төлсөн төлбөрийн жагсаалт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, ****д олгосон кассын цалингийн хүснэгт, цалингийн карт.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын албан тоот, ****д үүсгэсэн авлагын тооцооны тайлан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, тооцоогоо барагдуулсан харилцагчид жагсаалт, мөрдөгчийн санал, аудитын дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, талуудын хооронд харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ХХК-иас хариуцагч ****д холбогдуулан гаргасан хохиролд 51,908,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу 14,072,910 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 37,835,097 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь ...****тэй хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, ажлаа орхиж явсан тул ажлаас чөлөөлсөн, ажиллаж байх хугацаандаа байгууллагад хохирол учруулсан тул тухайн хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг ба хариуцагч тал ...Ажлаа орхиж яваагүй, чөлөө аваад явсан, учруулсан гэх хохирлыг төлсөн, сүүлд аудитаар тогтоогдсон хохирол гээд нэхдэг, уг баримтууд нь шаардлага хангахгүй баримтууд байдаг. Ажил олгогч ч мөн цаг тухай бүрд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй, холбогдох анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй гэсэн татгалзсан тайлбар гарган маргадаг.
2. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ***** ХХК, хариуцагч **** нарын хооронд хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 135 дугаар зүйлийн 135.3-т заасантай нийцэх бөгөөд ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол ажил олгогч тухайн хохирлыг шаардах эрхтэй.
3. Ажил олгогч буюу нэхэмжлэгч, ажилтан буюу хариуцагч нарын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын талаар:
3.1. 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 104/15 дугаартай хөдөлмөрийн гэрээнд ...нэг талаас ***** ХХК ажил олгогч, нөгөө талаас **** ажилтан, ажил албан тушаал худалдааны төлөөлөгч, гүйцэтгэх үүрэг, ажлын байрын тодорхойлолтоор, хөдөлмөрийн харилцаа хэвийн, эд хөрөнгийн хохирол учруулбал сахилгын, захиргааны, эрүүгийн шийтгэл оногдуулсан эсэхийг үл харгалзан эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэж,
Ажлын байрны тодорхойлолтод ...Худалдааны төлөөлөгч, харилцаг нэг бүрд бүтээгдэхүүн шууд нийлүүлж хүлээлгэн өгч төлбөр тооцоог хийх, зээлээр бүтээгдэхүүн олгох харилцагчийг тодорхойлж гэрээ хийснээр бүтээгдэхүүн олгох, зээлийн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх гэж,
2015 оны 9 сарын 21-ний өдрийн 15/029 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд ...гэрээний эд хөрөнгө, бүтээгдэхүүний нэр төрөл үнийг санхүүгийн баримтад тусгасан үнээр тодорхойлно, ажилтан бүтээгдэхүүний төлбөр тооцоог компанийн санхүүд тухай бүр тушаан баримт үйлдэж баталгаажуулна, тооллого, тооцоогоор зөрчил дутагдал гарч ажилтан буруутай болох нь тогтоогдвол тэрээр хохирлыг бүрэн барагдуулна, компани ажилтантай улиралд 1-ээс доошгүй удаа эд хөрөнгийн тооллого хийж акт үйлдэнэ, өр төлбөр дутагдал авлагын зөрүү гарсан тохиолдолд комисс томилон хохирлын хэмжээг тогтоож, дүгнэлт шийдвэр гаргана, ажилтан үүргээ зөрчсөнөөс компанид учирсан бодит хохирол, хохирлыг илрүүлэхэд шаардагдсан зардлыг ажилтан төлж барагдуулна гэж,
2019 оны 11 сарын 25-ны өдрийн 106-1/19 дугаартай захирлын тушаалд ...Худалдааны төлөөлөгч ажилтай **** нь ажлаа хаяж явсан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж тус тус заасан байна.
3.2. 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 2087 дугаартай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын тогтоолд ...хохирогч ****ын, гэрч ****, **** нарын мэдүүлэг, Ай Жэй Эй Эйч Аудит ХХК-ийн дүгнэлт гэх баримтуудаас дүгнэхэд **** нь 2019 онд худалдааны
төлөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 35,367,926 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт тогтоогдлоо. ...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон тул хэргийг хаасугай гэж заажээ.
3.3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь буюу хариуцагч **** буруутай үйл ажиллагаанаас байгууллагад 51,908,007 төгрөгийн хохирол учирсан нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, **** Хаан банкны дансны хуулга, гүйлгээний түүвэр, жагсаалт, тооцооны үлдэгдлийн баталгаа, тайлангууд, аудитын дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, ****тэй харилцсан чат мессеж гэх баримтуудаар тогтоогдоно гэдэг. Хариуцагч тал тухайн баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж татгалзсан.
Дээр дурдсан баримтуудаар ажилтан **** буруугаас ажил олгогч байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд ****эс тодорхой хэмжээний хохирлыг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдоно, энэ талаар маргадаггүй.
Харин хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэх, баримтаар тогтоогдож байгаа эсэх, ажилтан буруутай эсэх талаар харилцан мэтгэлцэж байгаа нь маргааны зүйл болно.
4. Хариуцагч талаас 2019 оны 1 сарын 01-ээс 12 сарын 31-ний өдрийг хүртэлх **** эзэмшлийн Хаан банкны дансны хуулгыг гаргаад харилцагчаас 42,699,660 төгрөгийн орлого орж ирсэн, 38,595,260 төгрөгийг компани руу шилжүүлсэн, бэлнээр 15,810,000 төгрөгийг шилжүүлсэн, төлбөрт гэж 12 сая гаран төгрөг төлсөн, суутгуулсан гэж тайлбарладаг хэдий ч бэлнээр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас худалдааны төлөөлөгч **** бараа бүтээгдэхүүний үнийг бэлнээр болон дансаар шилжүүлдэг байсан, дутуу өгсөн төлбөрийг түүнд авлага үүсгэсэн, төлснийг нь хасаж тооцсон, тооцооны үлдэгдлийн баталгаа, тайланг манай компанийн холбогдох албан тушаалтнууд тухайн харилцагч байгууллагуудын хүмүүстэй нэг бүрчлэн очиж тулгаж гаргасан, тэг төгрөгийн авлагатай, үлдэгдэл тооцоогүй гэдэг нь харилцагч нь худалдааны төлөөлөгчид бэлнээр болон дансаар төлбөрийг шилжүүлсэн гэх тайлбарыг санхүүгийн анхан шатны баримтуудад тулгуурлан үзэж харж тооцоо нийлсэн асуудал юм гэх агуулгаар хариуцагчийн тайлбарыг үгүйсгэдэг.
5. Нэхэмжлэгч болон хариуцагч талын хэрэгт авагдсан банкны дансны хуулга, тооцооны үлдэгдлийн баталгаа, тайлан зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагч буюу худалдааны төлөөлөгч **** нь
- Харилцагч *** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 219,020 төгрөг /хх141-143/,
- Харилцагч ***** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 138,130 төгрөг /тухайн үед шилжүүлээгүй бол бэлнээр өгч явуулдаг/ /хх139-140/,
- Харилцагч **** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 1,302,400 төгрөг /****д бэлэн өгсөн/, /хх135-138/
- Харилцагч ****дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 123,000 төгрөг /794,000 төгрөг төлөх өртэй, бусад нь ХТ-д бэлнээр өгсөн, зөрүүг ****д төлсөн/, /хх132-134/
- Харилцагч***тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 262,680 төгрөг /бэлнээр өгсөн/, /хх130-131/
- Харилцагч ***дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 209,400 төгрөг, /хх125-126/
- Харилцагч *** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 190,880 төгрөг /тухайн үед ХТ-д өгсөн/, /хх123-124/
- Харилцагч ****, ****дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 417,760 төгрөг /**** бэлнээр аваад явсан/, /хх120-121/
- Харилцагч ****й тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 170,080 төгрөг /ХТ ****д бэлнээр гарын үсэг зуруулж өгсөн/, /хх117-619/
- Харилцагч *** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 219,360 төгрөг /Бэлнээр өгсөн/, /хх114116/
- Харилцагч **** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 718,400 төгрөг, /хх111-113/
- Харилцагч ***дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 583,960 төгрөг, /хх108-109/
- Харилцагч ***** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 758,940 төгрөг, /хх105-107/
- Харилцагч **** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 117,100 төгрөг /Бүх тооцоог өдөрт бэлнээр болон шилжүүлгээр шилжүүлдэг, зөвшөөрөхгүй/, /хх102-103/
- Харилцагч ****дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 482,680 төгрөг, /хх99-101/
- Харилцагч ****дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 1,437,600 төгрөг, /хх97-98/
- Харилцагч ***дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 533,220 төгрөг, /хх95-96/
- Харилцагч **** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 536,200 төгрөг, /хх89-91/
- Харилцагч ***** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 358,200 төгрөг, /хх86-88/
- Харилцагч **** тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 419,300 төгрөг, /хх81-84/
- Харилцагч *** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 425,580 төгрөг /Бэлнээр бараа авлаг, хэзээ ч зээлээр авч байгаагүй/, /хх79-80/
- Харилцагч **** дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар зөрүү 1,362,000 төгрөг /**** дансаар шилжүүлсэн/, /хх77-78/
- Харилцагч ****дэлгүүртэй тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 1,479,420 төгрөг /Бүх тооцоог бэлэн төлсөн, үлдэгдэл тооцоо байхгүй/, /хх72-74/
- Харилцагч **** Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх актаар 1,519,600 төгрөг /ХТ бэлнээр төлдөг/-ийн төлбөртэй байх ба 24 харилцагчтай тооцоо нийлсэн актаар нийт 14,072,910 төгрөгийг төлбөртэй болох нь тогтоогдож байна. /хх75-76/
6. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ, 12.2.2-т Эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед, 12.2.3-т эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар
зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед, 13 дугаар зүйлийн 13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж тус тус заасны дагуу анхан шатны баримтад үндэслэн ***** ХХК болон харилцагч байгууллагуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт гэж үзнэ.
Дээрх тооцоо нийлсэн акт, тайлангуудыг нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. 2 тал харилцан тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтууд байх тул, хариуцагч тодорхой хэмжээний төлбөр тооцоотой болохыг хүлээн зөвшөөрсөн талаарх харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл, тооцоо нийлсэн дурдсан актын хүрээнд 14,072,910 төгрөгийн төлбөрийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн хариуцагч ****д хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин хэрэгт авагдсан харилцагч **** гэх дэлгүүр, хуулийн этгээдүүдтэй тооцоо нийлсэн актын бичилт тэмдэглэгээ нь гаргагдахгүй, харагдахгүйгээс шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй баримтууд гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй ба хариуцагчийн банкны дансны хуулгад дурдсан нэхэмжлэгч компанид шилжүүлсэн гэх 38,595,260 төгрөгийн үнийн дүн бүхий үйл баримтад 24-н харилцагч байгууллагын бэлнээр болон дансаар шилжүүлсэн төлбөр ороогүй болохыг тэмдэглэж байна.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас худалдааны төлөөлөгчийн ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа харилцагчаа төлсөн төлбөрийг хувьдаа ашигласан гэх үндэслэлээр нэхэмжилсэн 36,635,097 төгрөгийн шаардлагыг баримтаар нотлоогүй ба компанид учирсан хохирлыг илрүүлэхэд шаардагдсан Аудитын үйлчилгээний төлбөр 1,200,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч талаас гаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул энэ талаарх шаардлагаа нэхэмжлэгч тал мөн нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ****эс 14,072,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,835,097 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасны дагуу ****эс 14,072,910 төгрөгийг гаргуулан ***** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 37,835,097 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,490 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 228,315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ