Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00196

 

 

 

 

 

 

П.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02624 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Б хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 26,391,268.32 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 26,391,268.32 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгүүлэхийг хариуцагчид даалгана.

            1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

            Нэхэмжлэгч тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн даргаар ажиллаж байгаад, газрын даргын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 964 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1108 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 8478 дугаар тогтоолоор ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч байгууллага 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр зөвхөн 3,230,181 төгрөгийг олгож, тухайн хугацааны шимтгэлийг нөхөн төлөх тушаал гаргасан тухай мэдэгдсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын даргын тушаал гарч ажлаа хийж байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэг сарын дундаж цалингийн хэмжээг 68,727.26 төгрөг гэж тогтоосон тул ажилгүй байсан хугацаан цалин 26,391,268.32 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

            2. Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

            Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр П.Бгийн нэг сарын дундаж цалинг 1,080,000 төгрөгөөр, 1 өдрийн цалинг 49,090 төгрөгөөр тогтоосон бөгөөд үүнийг ажилгүй байсан 355 хоногт тооцоход 17,426,000 төгрөг болно. Иймд уг үнийн дүнгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОСНААУГОрон нутгийн өмчит ААТҮГ-аас 24,466,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэлээс 1,924,364 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дэх хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу нэхэмжлэгч П.Бгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШЗ2021/08478 дугаартай захирамжаар нэхэмжлэгч П.Бг улсын тэмдэгтийн хураамжид 281,659 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 239,934 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан, 41,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгож шийдвэрлэжээ.

            4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж заасан. Иймд 40 хүртэл хувийн нэмэгдэл хөлс нь дундаж цалин хөлсний бүрдэлд орсон байхад дахин нэмэгдэл хөлсийг 40 хувиар тооцож 6,990,544 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

            5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэг сарын дундаж цалин хөлсийг тогтоосон. ОСНААУГОНӨААТҮГ-аас ажилчиддаа 40 хувийн нэмэгдлийг одоог хүртэл олгож байгаа ба миний бие үндэслэлгүйгээр ажлаас халагдаагүй бол нэмэгдэл хөлсийг авах байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэв.

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 26,391,268.32 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс ОСНААУГОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн даргаар ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/237 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

            Тэрээр хариуцагчийн дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 964 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1108 дугаартай магадлал, Улсын Дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 8478 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,230,181 төгрөг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж дэвтэр бичилт хийхийг ажил олгогч байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /хх.6-12/

            Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/1167 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ОСНААУГОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн даргын ажилд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс томилсон үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх.30/

            Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд хандсан байна. /хх.1-2/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

            2. Нэхэмжлэгч П.Бгийн 1 сарын дундаж цалин хөлсийг 1,080,000 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 49,090.90 төгрөг, нэмэгдэл хөлсийг өдрийн 19,636.36 төгрөг гэж тус тус тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 964 дугаар хүчин төгөлдөр шийдвэр байх ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 356 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 24,466,904 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,924,364 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь зөв.

3. Нэмэгдэл хөлсний талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ ... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үндсэн цалин, нэмэгдэл хөлсөөр тооцоолон гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь цаг хугацааны хувьд өөр байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 964 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах маргааныг шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцоолсон байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

          ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР

                                                            А.МӨНХЗУЛ