Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00067

 

     Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюумаа,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ө д холбогдох 163/2018/0064/Э индекстэй, эрүүгийн 1815000000059  дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт Хутаг-Өндөр сумын Тээл багийн Баруун Тэрэм гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х. овогт Ц. Ө   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4-р багийн нутагт өөрийн гэртээ хохирогч Б.Уугансайханы цээжин тус газарт хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

1815000000059 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Б.У өгсөн: “...нэг сэрсэн чинь Үзмээ эгч миний дэргэд хувцастайгаа хэвтэж байсан.Тэгээд Үзмээ эгчийг орноос буугаа ч  гэсэн чинь орноос Үзмээ эгч бууж байх шиг байсан. Би тэгээд эргээд унтсан, унтаж байтал баруун талын эгэмний хэсэгт юм хатгах шиг болохоор нь сэрээд хартал миний унтаж байсан орны урд талд Үзмээ эгч баруун гарандаа хүрэн өнгийн ясан иштэй, жижиг хутга бариад зогсож байсан. Тэгтэл цаанаас Отгоо “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлээд Үзмээ эгчийг пивор сандлаар цохиод Үзмээ эгчийг надаас холдуулж байх шиг  байсан. Тэгээд би баруун энгэрээ үзтэл цус гарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,

Гэрч Т.О өгсөн: “Би 2018 оны 04 дүгэр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд Уугансайхан, Намнансүрэн бид гурав архи уусан. Тэээд бид гурав сумын төвөөс хөдөө гарахдаа 0.5 летрийн Ерөөл архийг би авсан. Уугансайхан, Намнансүрэн хоёрыг хэдэн архи, пиво авсаныг бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд бид гурав Гансүх гэх айлд 18 цагийн орчимд очиход Гансүх нь эхнэр Ө гийн хамт гэртээ байсан. Өөр хүн гэрт нь байгаагүй. Тэгээд бид 5 нийлээд архиа ууж эхэлсэн. Би нэг мэдэхэд архиндаа согтоод тасарсан байсан ба Уугансайхан, Намнансүрэн хоёр явсан байсан. Удалгүй Уугансайхан ганцаараа ирсэн ба гэрлүүгээ явах замаа олсонгүй хоноод явахаас гэсээр ирсэн. Тэгээд Гансүх ах авдарнаасаа нэг шил 0.75 летрийн Ерөөл архи гаргаж ирсэнийг Уугансайхан, Гансүх ах бид гурав хувааж уусан. Тэгээд би буцаад тасараад унтаад өгсөн. Өглөө бие засах гээд боссон чинь Ө  Уугансайхан руу “чи хүн доромжилдог хэн бэ” гээд хашгичаад байснаа  гэнэт Ө  эгч хаанаас ч юм нэг хутга аваад орны өмнө хэвтэж байсан Уугансайханы баруун эгэм хавьцаа нь нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэндээсээ тэгээд Уугансайханыг эгч дээр нь авчирч өгөөд сумын эмнэлэгт хүргэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Гэрч Г.Гөгсөн: “...Отгоо ирээд манай эхнэрийг Ууганбаярыг хутгалсан байна гэж хэлээд авч явсан..." гэх мэдүүлэг /хх- 20-21 тал/,

Гэрч Б.Н өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд Отгонбаатар, Уугансайхан бид гурав пиво уучихаад сумын төвөөс авсан архиа Гансүх гэж айлд уухаар 17 цагийн орчимд очсон. Гансүх гэж айлд 2 шил архи уугаад Уугансайхан нь намайг гэрт маань 20 цаг өнгөрсөн байхад мотоциклтой хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ бууж үлдсэн, харин Уугансайхан гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Уугансайханыг хутгалсан хэрэг болох үед хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Энэ талаар Отгонбаатар, Гансүх, Ө  нар мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

Гэрч Б.Т өгсөн: “Намайг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байхад эмнэлгээс хүн үзүүлэх гээд ирлээ гээд дуудсан юм. Тэгтэл нэг эмэгтэй хүн үзүүлэхээр ирсэн ба надад тэр эмэгтэй хүн нь би үнэнээ тодруулж авмаар байна, намайг хүн хүчиндсэн юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би хэн гэдгийг нь тодруулж асуухад бүтэн нэрийг нь хэлж мэдэхгүй байсан. Бид дуудахдаа Адиг гэж дууддаг гэсэн. Тэгээд цааш нь лавшруулаад асуухад би хэдэн хүнтэй хамт архи уугаад согтоод нэг мэдэхэд би орон дээрээ унтаж байсан, харин нөхөр маань газраар унтаж байсан. Тэгээд хэсэг унтаж байгаад нэг сэрсэн чинь нэг эрэгтэй хүн миний өврөөс босоод явсан. Би нөхрөө юм байх гэж бодсон чинь биш байсан. Тэгээд босоод явахаар нь намайг хүчиндсэн гэж бодоод хутга аваад хутгалсан гэсэн. Ингэж ярихаар нь би таныг яг хүчиндсэн юм уу гэж асуухад мэдэхгүй байсан. ...Тухайн Ц.Ө гэх эмэгтэйг үзээд би тодорхойлолт бичиж өгсөн. Уг эмэгтэйн биед ямар нэгэн шарх шалбархай харагдаагүй, зүгээр байсан. Хүчиндсэн талаар ярьсан учраас эмэгтэйчүүдийн үзлэг хийж мазокын шинжилгээ авсан ба мазокын шинжилгээ хийх гээд толь тавих гэтэл толь орох боломжгүй, үтрээ нь давчуу болсон байсан. Тийм учраас савх мод ашиглаж мазокын шинжилгээ авсан ба мазокын шинжилгээ авахад эр бэлгийн эс илрээгүй, үзлэг хийх явцад бэлгийн харьцаанд орсон гэх ул мөр буюу хярзан, үтрээний хананд ямар нэг байдлаар өөрчлөлт байхгүй байсан”  гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Шүүгдэгч Ц.Ө гийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 07-ны орой 19 цаг өнгөрч байхад Б.Уугансайхан, Б.Намнансүрэн, Т.Отгонбаатар гурав мотоциклтой манайд ирсэн. Тухайн үед би гэртээ нөхөр Гансүхийн хамт байсан. Тэр гуравтай Ерөөл нэртэй 0.75 литрийн 2 шил архи, Ерөөл нэртэй 0.5 литрийн 1 шил архи нийт 3 шил архи хувааж уусан боловч би эхний 2 шил архинаас нь бага зэрэг уусан. Тэгээд оройны 21 цаг өнгөрч байхад архиа ууж дуусаад Б.Уугансайхан, Б.Намнансүрэн, Т.Отгонбаатар гурав мотоциклоо унаад манайхаас явсан. Удалгүй Б.Уугансайхан, Т.Отгонбаатар хоёр мотоциклийн гэрэл асахгүй байна гээд толгойдоо духны гэрэл зүүсэн байдалтай буцаад манайд ирсэн. Тэгэхээр нь би хоёулаа унтаг гэж бодоод гэрийн баруун талд орны урд өргөн гудас газар засаж өгөөд би гэрийн зүүн талын орон дээрээ унтаад өгсөн. Тэгтэл манай нөхөр Гансүх нь авдранд байсан Ерөөл нэртэй 0.75 литрийн архиа Б.Уугансайхан, Т.Отгонбаатар хоёрт гаргаж өгсөн ба би тэр архинаас уугаагүй унтсан. Тэгээд намайг унтаж байхад миний дээр нэг хүн гарч ирээд намайг дээрээс дархад нь би нөхрөө байна гэж бодоод нуруугаар нь тэмтэрч үзэхэд ширүүн подволк гарт мэдрэгдсэн юм. Тэгэхээр нь би сэрээд харахад гэр гэрэлтэй, миний орон дээр Б.Уугансайхан байж байсан. Тэгэхээр нь би хананд нуруугаараа тулж байгаад хөлөөрөө Б.Уугансайханыг түлхэж орноос унагаахад миний орны урд хэвтээд өгсөн юм. Би “чи намайг доромжиллоо, хүний нутагт яваа хөгшин хүнийг яаж байгаа юм бэ, би чиний эмээ шиг хүн шүү” гэж хэлээд тэр хүүхдэд гомдоод гэрийн зүүн урд хэсэгт байх хоолны шүүгээний урд шургуулага нь онгорхой байхаар нь тэр дотроос шаргал эрээн иштэй жижиг хутга аваад Б.Уугансайханы цээжний баруун дээд хэсэгт нь нэг удаа хатгасан. Тэр үед Т.Отгонбаатар босч ирээд "та хүн алчихлаа” гээд жижиг пявор сандлаар нэг удаа миний нурууруу цохьсон. Тэгээд Б.Уугансайханд өвчин намдаах эм нэг ширхэгийг өгөөд шархыг нь боох гэтэл Б.Уугансайхан шархаа боолгоогүй. Т.Отгонбаатар мотоциклоо унаад Б.Уугансайханыг сундлаад Бат-Эрдэнэ гэх айлд хүргэж өгчихөөд  буцаж ирээд намайг мотоциклоор аваад Бат-Эрдэнийнд очсон юм. Тэндээс эмнэлэг рүү дуудлага өгсөн ба Баруун тэрэмээс Ганбаярын машиныг гуйгаад Б.Уугансайныг аваад Т.Отгонбаатар бид нар Хутаг-Өндөр сумын төв рүү явсан ба замдаа сумын эмнэлгийн түргэний машинтай таараад сумын эмнэлэг рүү авч ирж эмнэлэгт хэвтүүлсэн юм. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-33-35 тал/,

       Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 75 тоот:

1. Б.Уугансайханы биед цээжний баруун дээд хэсэгт шарх цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 26 тал/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-3 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-36-39 тал/ болон хэргийн материал танилцуулсан баримт /хх-42 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4-р багийн нутагт өөрийн гэртээ хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан Б.Уугансайханыг “доромжилж хүчирхииллээ” гэх хийсвэр төсөөллийн улмаас түүний цээжин тус газарт хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Уугансайхан, гэрч Т.Отгонбаатар, Г.Гансүх, Б.Намнансүрэн, Б.Туяацэцэг нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 194 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Иймд шүүгдэгч Ц.Ө г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Ц.Ө гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уугансайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмчилгээ, оношлогоотой холбоотой 320420 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ирүүлсэн ба шүүгдэгч Ц.Ө нь уг төлбөрийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хохирлын хэмжээний талаар маргаагүй тул 320420 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уугансайханд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ө д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны  улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн нас, малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал цаг уурын онцлог болон хөрөнгө орлогын байдал зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

       Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан урт нь 8 см, ажлын хэсийн өргөн 1.5 см, бариулын хэсэг 8 см, шар өнгийн ясан бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

            ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Хатгин овогт Цэндийн Ө г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ө гийн  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг гурван сарын хугацаагаар тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Ө гээс 320420 /гурван зуун хорин мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уугансайханд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 8 см, ажлын хэсийн өргөн 1.5 см, бариулын хэсэг 8 см, шар өнгийн ясан бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ө д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД