| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/1058/З |
| Дугаар | 128/ШШ2026/0076 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2026/0076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Эм ХХК /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш. нарын хоорондын эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухайн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.гийн оногдуулсан 2025 оны сарын 07-ны өдрийн дүгээр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:
2.1.Гомдол гаргагч Эм ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/460 дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******нд байрлах нэгж талбарын дугаар бүхий 289199 м.кв талбай бүхий газрыг худалдаа нийтийн үйлчилгээний зориулалтаар олгож, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаар бүхий гэрээг[1] байгуулсан.
2.2.Дээрх газар эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж, иргэн,, уулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн дугаар бүхий гэрчилгээг[2] олгожээ.
2.3.Улмаар гомдол гаргагчийн зүгээс, өөрийн эзэмшлийн захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******нд байрлах нэгж талбарын дугаар бүхий 289199 м.кв талбай бүхий газарт байгаа барилгынх ог, ахуйн хог хаягдлыг зайлуулах, булах, ухагдсан байгаа нүр, газрын хэвлий, далий хэсгийг шороогоор дүүргэх, газрын овгор хэсгийг буулгаж, ухсан нүх рүү дүүргэх ажлыг гүйцэтгүүлэх 25/03 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ[3]-г 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Богд ХХК-тай байгуулсан байна.
2.4.Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Байгаль хамгаалагч Ц.аас ...Эм ХХК нь өөрийн эзэмшил талбай дээр хог цэвэрлэх нэрийдлээр хайрга, дайрга удаа дараа олборлох зөрчил гаргасныг Экологийн цагдаа, Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст удаа дараа мэдэгдсэн... тус зөрчлийг хянаж уулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... гэх илтгэх хуудсыг[4] гаргасан.
2.5.Дээрх илтгэх хуудасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.аас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг[5] үйлдэж, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн газрын даргаас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 13/46 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж[6]ийг баталж, тус удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжид Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон тэдгээрт холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчилд арга хэмжээ авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг тус газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.ад даалгажээ.
2.6.Дээрх хяналт шалгалтын удирдамжийн дагуу гомдол гаргагчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн *******нд байрлах газарт үзлэг хийж[7], мөн өдрийн Тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн үйл ажиллагааг зогсоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор гомдол гаргагчийн зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй үйл ажиллагааг зогсоохыг даалгасан[8] байна.
2.7.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу улсын байцаагч Д.аас 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол[9]-оор зөрчлийн 6 дугаар хэргийг нээсэн.
2.8.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын улсын байцаагч Д.аас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Эко ХХК-ийн шинжээч Н.г шинжээчээр томилж[10], шинжээчээс Эм ХХК нь хууль бусаар олборлосон талбай нь ийн хэмжилтээр нийт 18.0 м3 эзлэхүүн бүхий ухаш үүсгэсэн... 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ[11]-г үйлдсэн байна.
2.9.Эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчилд холбогдогчийн төлөөлөгч Б.наас мэдүүлэг авахаар 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 6 дугаар сарын 20-ны өдөр, 7 дугаар сарын 07-ны өдөр тус тус дуудах хуудас хүргүүлсэн[12] боловч ирээгүй, Улсын бүртгэлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн ,,од 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийхэд тухайн хаягт А. гэх хүн оршин суудаг талаар тэмдэглэлийг тус тус үйлджээ.
2.10.Улмаар 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн НБОГ-Хариуцагч-07 дугаартай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор ...түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон боловч Эм ХХК-ийн хаяг байршил тодорхойгүй, аж ахуйн нэгжийн гэрчилгээнд байгаа хаягт байдаггүй...гүйцэтгэх захирал Б.н нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй хаягт байдаггүй... холбогдогчоос мэдүүлэг авах боломжгүй... зөрчлийн шинжгүй... гэх үндэслэлээр 6 дугаар бүхий зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ[13].
2.11.Гэтэл Баянзүрх дүүргийн *******ны Засаг даргаас 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 172 тоот албан бичгээр[14] Нийслэлийн Байгаль орчны газарт нэгж талбарын ******* дугаар бүхий газар эзэмшигч Эм ХХК нь эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, харга чулуу олборлохоос гадна суваг, шуудуу татсанаас тухайн хэсэгт амьдардаг иргэд үерт автан эд хөрөнгөөрөө хохирсон хуулийн дагуу яаралтай арга хэмжээ авч өгнө үү гэх мэдээллийг хүргүүлжээ.
2.12.Дээрх мэдээллийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш. хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Эм ХХК-д холбогдуулан зөрчлийн 01 дугаар бүхий хэргийг нээжээ[15].
2.13.Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэнтэй холбоотойгоор 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргагчийн Баянзүрх дүүргийн *******нд байрлах газарт үзлэг хийж[16], 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрч Ц.аас гэрчийн мэдүүлэг[17], 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн С.оос гэрчийн мэдүүлэг[18], 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн *******ны Засаг дарга Ж.*******ээс гэрчийн мэдүүлэг[19], 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн *******ны 5-р хэсгийн ахлагч С., идэвхтэн байгаль хамгаалагч Г., Баянзүрх дүүргийн *******ны оршин суугч Д.н нараас гэрчийн мэдүүлгүүдийг[20] тус тус авчээ.
2.14.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч улсын ахлах байцаагчийн зүгээс 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Ланд ХХК-ийг шинжээчээр томилж, [21]шинжээчийн дүгнэлтээр газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээг 20,275,000 төгрөг байх талаар дүгнэлтийг гаргасан байна.
2.15.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/2470 тоот албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт ...Эм ХХК нь газрын хэвлийг ашиглах зөвшөөрөл аваагүй... гэх албан бичгийг[22] хүргүүлсэн байдаг.
2.15.Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байгаа тул хариуцагчийн зүгээс Нийслэлийн Байгаль орчны газрын 2025 оны сарын 05-ны өдрийн 08/2780 тоот Дуудан ирүүлэх тухай албан бичгийг 2025 оны сарын 06-ны өдөр Эм ХХК-д шуудангаар хүргүүлж[23], дуудах хуудасны дагуу ирээгүй тул 2025 оны сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Эм ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан зохих зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үндэслэлээр 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл, 20,275,000 төгрөгийг хохирлыг оногдуулжээ.
2.16.Гомдол гаргагчийн зүгээс дээрх эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны сарын 24-ний өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.гийн оногдуулсан 2025 оны сарын 07-ны өдрийн дүгээр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2025/8181 дугаар захирамжаар[24] захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар:
3.1.Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/460 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 289199 м.кв газрыг "Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор"-ын зориулалтаар эзэмшиж байна. Бид энэхүү газрыг хүлээн авч ашиглах гэсэн боловч бидний зэргэлдээ орших газарт үйл ажиллагаа явуулж буй компани хууль бусаар хайрга олборлож, түүгээр ч зогсохгүй манай компанийн эзэмшил бүхий газар руу орж хууль бус үйл ажиллагаа явуулж байсан. Тус компани зөвшөөрөлгүйгээр манай компанийн эзэмшиж буй газраар хайрга олборлосон машинуудыг зорчуулж байсан.
Мөн манай компанийн дээрх эзэмшил бүхий газарт олон жил барилгын хог хаягдал хаяж, бид үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байсан. Тиймээс бид эхний ээлжид зөвшөөрөлгүй нэвтэрч буй компанийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор талбайг хамгаалах, мөн их хэмжээний барилгын хог хаягдлыг зайлуулах, ухаж сэндийчсэн хэсгийг тэгшлэх ажлыг зохион байгуулсан. Бидний зүгээс газраа хамгаалж, зөвшөөрөлгүйгээр том оврын тээврийн хэрэгслийг дураараа зорчуулж буй үйл ажиллагааг таслан зогсоомогц тухайн байгууллагуудын зүгээс Нийслэлийн байгаль орчны газарт манай компанийг хууль бус үйл ажиллагаа явуулж хайрга олборлож буй мэтээр худал гомдол гаргаж эхэлсэн.
Эхний удаад бид Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.ын үүсгэсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Уг ажиллагаанд бид тус газрыг эзэмших болсон, ашиглах гэхээр хог хаягдал болон хөршүүдийн хууль бус үйл ажиллагаа саад учруулж буй тул тэдгээрийг таслан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж буй талаараа тайлбарлан мэдүүлэг өгсөн. Үүний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. 2
Гэвч дахиад яг өмнө шалгасан асуудлаараа Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш. дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-1.2 дахь хэсэгт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан" гэж заасан зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж шийтгэлийн хуудас оногдуулсан байна. Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.гийн энэхүү 2025 оны сарын 07-ны өдрийн № дүгээр "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг бидний зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Бид эзэмшиж буй газраа газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилгоор тэгшлэх, хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүнийг өмнө шалгасан байцаагч тогтоон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн шинжгүй хэмээн үзэн хааж шийдвэрлэсэн. Гэтэл яг ижилхэн гомдолд Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш. зөрчил хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууны хуримтлалыг" хэлнэ гэж заасан. Манай компанийн зүгээс хуулийн дээрх нэр томьёонд заасан зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууны хуримтлал бүхий байгалийн нөөцийг олборлосон, улмаар түүнийг борлуулсан үйл ажиллагаа явуулаагүй.
Өмнө жилүүдэд тухайн Баянзүрх дүүргийн хорооны засаг даргын зүгээс тус газар хууль бусаар барилгын хог хаягдал хаяулсны улмаас үүссэн хог хаягдлыг зайлуулах, газрыг тэгшлэх зорилгоор үйл ажиллагаа явуулсан. Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-1.2 дахь хэсэгт заасан зөрчлийн объект нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасан ашигт малтмал байх бөгөөд түүнийг олборлосон, борлуулсан идэвхтэй үйлдлээр тус зөрчлийг үйлдсэнд тооцох ёстой. Гэтэл огт ийм үйл ажиллагаа явуулаагүй манай компанийг зөрчил үйлдсэн мэтээр дүгнэж 2,000,000 төгрөгөөр торгох, 20,275,000 төгрөгийн хохирол төлүүлэх, 2,530,000 төгрөгийн шинжээчийн зардал төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Харин манай эзэмшил бүхий газрын хөрш компани нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг зөрчиж бага хэмжээний газартаа хууль бусаар хайрга дайрга олборлож байхад зөрчил гаргасан этгээдийг шалгахгүй, харин ч тэдгээрийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэж буй манай компанид шийтгэл оногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх, 4.2.5 дахь хэсэгт заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчсөн байна. Иймээс Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.гийн оногдуулсан 2025 оны сарын 07-ны өдрийн № дүгээр "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.гийн оногдуулсан 2025 оны сарын 07-ны өдрийн дугаартай зөрчил, шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эм ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 460 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 289,199 метр квадраттай талбайтай гарзыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшиж байна. Бид энэхүү газрыг хүлээн авч ашиглах гэсэн боловч бидний зэргэлдэн орших газарт үйл ажиллагаа явуулж байгаа компани хууль бусаар хайрга олборлож, компанийн эзэмшил бүхий газар руу хууль бусаар нэвтэрч хог хаягдал хаяж бидний үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байсан. Тухайн газрыг 2014 оноос хойш Эм ХХК түүний хувьцаа эзэмшигч болох Бүгд найрамдах Солонгос улсын компани газрын төлбөрөө төлөөд эзэмшиж, ашиглаад явж байсан үйл баримт байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Х******* ХХК нь Эм ХХК-ийн толгой компани болох компанийг 4 тэрбум 780 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн газрыг худалдаж авахдаа том хэмжээний төсөл хэрэгжүүлж нийтийн худалдааны төв барих зорилготой авсан. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс Эм ХХК-ийн эцсийн өмчлөгч нар нь Б.*******, н.О гэх 2 хүн байгаа. Гүйцэтгэх захирал нь Б.*******. Энэхүү мэдээлэл нь https://opendata.burtgel.gov.mn/ цахим сайтад байгаа.
Манайх Богд ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн газарт 10 хэдэн жил барилгын хог хаягдал хаясан байсан. Мөн олон жилийн үерийн улмаас үүсэн ухагдсан хэсгүүд болон далангууд байсан. Эдгээр асуудлаас болж үүссэн газрыг Богд ХХК-иар тэгшлүүлж, хог хаягдлуудыг цэвэрлүүлэх зорилготой гэрээ байгуулсан. Богд ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б******* гэдэг хүн гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Богд ХХК ажлаа хийж гүйцэтгэж эхэлснээс хойш бетон зуурмагийн үйлдвэртэй айлын бетон зуурмагийн машинуудыг нэвтрүүлэхийг хориглож, тухайн газрын хогыг цэвэрлэж, газрыг тэгшлэх үйл ажиллагааг явуулсан. Мөн манай компанийн эзэмшил газарт хууль бусаар нэвтрэн орсон иргэдтэй шүүхийн маргаантай байсан бөгөөд 2025 онд тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд хөрш зэргэлдээ газруудын иргэд болон хорооны Байгаль орчны газрын байцаагч нараас манай компанитай холбоотой гомдлыг Нийслэлийн Байгаль орчны газарт удаа дараа гаргасан.
Анх 2025 оны 05 дугаар сард Нийслэлийн Байгаль орчны газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д. тухайн газарт үзлэг хийхдээ нөхцөл байдлуудыг ойлгож шийдвэр гаргасан. Үзлэгийн тэмдэглэлд 1-т манай компанийг тухайн газрыг шилжүүлэн авсан тухай, 2-т манай компанийн тухайн газрын хог хаягдлыг булах, цэвэрлэх, нөхөн сэргээлт хийх ажиллагаа явуулж байгаа тухай тэмдэглэлдээ тодорхой тусгаж зөрчил илрээгүй талаар бичгээр хариу өгөөд 05 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай холбогдоод зөрчлийн хэргийг хаалаа гэсэн. Гэтэл 05 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн хэрэг нээчихсэн байсан. Үүнийг манайх ойлгоогүй. Ингээд зөрчлийн хэрэг нээсний дараа 07 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6. зүйлийн 1.1-д заасныг баримтлан зөрчлийн шинжгүй гэж үзэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг гаргасан. Үүний дараа хариуцагч Ш. байцаагч гомдлын дагуу 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Эм ХХК тухайн газарт хайрга чулуу олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Мөн шуудуу татсанаас болж иргэд үерт автсан гээд байгаа нь үндэслэлгүй. Иргэд үерт автах хэмжээний их шуудуу манай компани татаагүй.
Манайхтай зэрэгцээ үйл ажиллагаа явуулж байгаа нь ганцхан бетон зуурмагийн үйлдвэр байгаа. Иймд иргэдийн үндэслэлгүй гомдлыг хүлээж аваад хяналт шалгалтын ажил хийж зөрчлийн хэрэг нээж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийг зөрчил гаргасан гэж үзэн 20 гаруй сая төгрөгийн хохирол төлөх шийтгэлийн хуудас оногдуулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн аль хэсэгт заасан ашигт малтмалыг олборлосон нь тодорхойгүй.
Мөн зөрчил үйлдсэн субъект нь тодорхой байх ёстой. Манай компани зөрчил үйлдээд байгаа юм уу? Богд ХХК гэрээний дагуу ажиллаж байхдаа зөрчил үйлдсэн юм уу үүнийг тодруулах шаардлагатай. Ямар техник хэрэгслээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөөж байгаа гэх мэтчилэн тодорхойгүй зүйл их байна. Мөн зөрчлийн материалаас харахад Ц. гэх байцаагч манай компанийг олборлосон ашигт малтмалуудаа Богд хан уулын хүрхрээний аманд барилгын суурь бөглөсөн, Богд хан уулын залаатын аманд барилгын хог бөглөсөн гэх мэтчилэн бичсэн байна. Үүнийг яаж тогтоосон нь тодорхойгүй. Манайх хүрхрээний аман дахь суурийг бөглөх гээд өөрийнхөө газраас олборлоод зөөж асгаад байна гэж байхгүй. Үйл баримтыг тодорхой тогтоогоогүй байж шийтгэлийн хуудас ноогдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад холбогдогчоор хэнийг татаж байгаа нь ойлгомжгүй. Г.Б*******ыг facebook группд боржин чулуу их хэмжээгээр зарна гэж зар тавьсны дагуу манай компанийг олборлож зарсан нь нотлогдож байна гэж үзэж болохгүй. Г.Б******* гэдэг хүн манай компанийн ажилтан биш. Эм ХХК-ийн дансанд үзлэг хийгээгүй. Олборлож борлуулсан нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй. Олон жил тухайн газарт иргэд хог хаяж байхад хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч нар тоогоогүй. Хажуу талын айлууд манай компанийн газар луу зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч байгааг тоогоогүй. Манайх тухайн газраа цэвэрлээд, тэгшлэх үйл ажиллагаа явуулаад ашиглалтад оруулахад асуудлууд сөхөгдөөд гараад ирсэн. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.3.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: Нийслэлийн Баянзүрх дүүргийн хорооны Засаг дарга Ж.*******ээс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүл тус дүүргийн Эмийн ургамал хэсэгт Эм ХХК нь зохих зөвшөөрөлгүй хайрга, чулуу олборлоод байна гэх гомдол мэдээллийг геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш. би хүлээн авч зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон байж болзошгүй үндэслэлээр Нийслэлийн Прокурорын хяналтад 01 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. " Эм ХХК нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайргыг олборлож түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, зөрчил гарсан талбай дээр эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл, гомдол мэдээлэл гаргагчаас ирүүлсэн гэрэл зураг, сансрын зураг, хохирол тогтоосон баримт болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож 2025 оны сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар 2000 нэгжийн торгууль, 20,275,000 / хорин сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийн шийтгэл оногдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1. зүйлийн 5 дах /Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг тогтоовол түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна/ хэсэгт зааснаар шинжээчийн зардал болох 2.530.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, бүх ард түмний хөрөнгө бөгөөд газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгоно. Газрын хэвлийг төр өмчлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна, 2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, зөвшөөрлийн дагуу ашиглаж болно" гэж тус тус заасан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууны хуримтлалыг" хэлнэ. Мөн хуулийн зүйлийн 11.2.5 дах /Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох/ зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг аймаг, нийслэлийн засаг дарга олгохоор хуульчилсан.
Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар "Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно" гэж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дах (Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно) хэсгийн 8.29, 8.30-д түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх болон ашиглах тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, Нийслэлийн Засаг дарга олгоно гэж зааснаас үзвэл ямар ч тохиолдолд байгалийн нөөц баялгийг төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ашиглах юм.
Тус аж ахуйн нэгжид газрыг зөвхөн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байхад газрын хэвлийг дур мэдэн хөндөж, түүний баялгийг зохих зөвшөөрөлгүй олборлон, ашигласан зөрчил үйлдсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Мөн тус аж ахуйн нэгжийн зэргэлдээ орших "Э******* ХХК нь Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт "бетон зуурмаг, бетон хийц эдлэлийн үйлдвэр"-ийн төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журам"-ын 3 дахь хэсэгт зааснаар 2022 оны сарын 28-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг Нийслэлийн Байгаль орчны газраар батлуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар өөрийн эзэмшил бүхий газрыг тэгшлэх зөвшөөрөл авсан байна.
2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус аж ахуйн нэгжийн талбай хэтрүүлж газар тэгшилсэн зөрчилд Нийслэлийн Байгаль орчны газраас Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээ авсан байна. 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль хамгаалагч Ц.аас "Баянзүрх дүүргийн хороо Сүүл давааны бэлд Эм ХХК нь хог цэвэрлэх нэрийдлээр хайрга, дайрга удаа дараа олборлож байна, экологийн цагдаа, дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсэн байгаа улсын байцаагч томилж шалгаж өгнө үү гэх гомдол мэдээллийг гаргаж геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д. Нийслэлийн Прокурорын газрын хяналтад 6 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгасан. Тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан холбогдогч байгууллага болох Эм ХХК-ийг удаа дараа дуудсан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж өөрийн үүргийг биелүүлээгүй, улмаар шинжээч томилон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг тооцож зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон болох нь тогтоогдож шинжээчийн дүгнэлт хэргийн материалтай танилцах талаар удаа дараа дуудахад ирээгүй, холбогдогчийн хаяг байршил тодорхойгүй, компанийн эрх бүхий албан тушаалтны хаяг мэдээлэл мөн тогтоогдоогүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
2025 оны 08 дугаар сар болон 09 дүгээр саруудад тус аж ахуйн нэгж дахин зөрчил гаргаж зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон нь 01 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Зөрчлийн 01 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад тухайн компанийг удаа дараа дуудсан боловч ирээгүй, зөрчил үйлдэгдэж байсан газар дээр үйл ажиллагаа явуулж байсан туслан гүйцэтгэгч гэх "Богд " ХХК-ийн захирал н.Б*******тай холбогдож мэдүүлэг тайлбар авахаар дуудахад эрх бүхий албан тушаалтныг удаа дараа хэл амаар доромжилж тавьсан шаардлага биелүүлээгүй, талбай дээр ажиллахаар очсон шинжээчийг ажиллуулахгүй хөөж хэл амаар доромжилсон зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулсан байдаг.
Баянзүрх дүүргийн газрын алба болон Эм ХХК-ийн хооронд байгуулсан 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №******* дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд талуудын эрх үүргийг зохицуулсан байх ба гэрээний 4 дэх хэсгийн 4.2-т газар эзэмшигч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж заасан байхад гэрээний үүргээ биелүүлээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байна гэжээ.
3.4.Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн гомдол нь Ц. байгаль хамгаалагчаас ирээгүй. Баянзүрх дүүргийн 11хорооны Засаг даргаас ирүүлсэн. Би Ц.аас гэрчийн мэдүүлэг л авсан. Тухайн газарт хяналт, шалгалт хийгээд очиход Г.Б******* гэх хүн байсан. Г.Б******* гэдэг хүн өөрийгөө Эм ХХК-ийн гүйцэтгэгч гэж хэлсэн. Мөн боржин чулуу зарна гэж facebook цахим хуудсан дээр зар тавьсан болохоор зарсан нь нотлогдож байна гэж 1 ч удаа хэлээгүй. Үзлэгийн дэвтэр дээрээ л бичсэн байгаа. Хавтаст хэргийн 15 дахь талд тухайн газрыг ухсан байгаа зураг нь байгаа. Нүдээр харахад ухсан байхад тэгшилсэн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлосон гэж үзэж шийтгэлийн хуудас ноогдуулсан. Би геологич мэргэжилтэй уул уурхайн инженер хүн. Тухайн газрыг хараад мэднэ. Олборлолт явуулсан байгаа нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас ирүүлсэн гомдол дээрх зургуудаар нотлогдож байгаа. Мөн маш олон гэрчүүдийн мэдүүлэг байна. Байгаль хамгаалагч нар шаардлага тавихаар машин тэргээ хаяад зугтаагаад явчихдаг. 58 хоногийн хугацаанд гомдлын дагуу хяналт, шалгалт хийгээд нэхэмжлэгчийг тайлбар, мэдүүлгээ өгөөрэй гэхэд 1 ч удаа ирж уулзаагүй. 58 хоногийн хугацаа өгч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангалттай хангасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараа 58 хоногийн хугацаа өгөхөд яагаад ирээд хэлээгүйг ойлгохгүй байна. Тухайн газрын хойд талын бетон зуурмагийн үйлдвэртэй айл, Д. байцаагчийн хяналт, шалгалтууд миний хяналт, шалгалт хийж байгаа асуудалд хамааралгүй. Д. байцаагч хэрхэн хяналт, шалгалт хийж дүгнэсэн нь тэр хүний эрхийн асуудал. Д. байцаагч зөрчилгүй байна гэж үзсэн нь миний дүгнэлттэй ямар ч хамааралгүй. Улаанбаатар хотын хувьд уулархаг газруудаар өнгөн хөрс байдаг. Өнгөн хөрсний доод хэсгээр ашигт малтмал гарч ирдэг. Хайрга, дайрга олборлосон гэж үзэж байгаа. Би очиж үзлэг хийгээд харахад хайрга, дайрга олборлосон нөхцөл байдал тогтоогдсон.
Эм ХХК-ийн газар дээр түгээмэл тархацтай ашигт малтмал байгаа. Тэгэхээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон хэрэг дээр Эм ХХК-ийг л олборлосон гэж үзнэ. Г.Б*******тай гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас Эм ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллагаа гэж үзнэ...
Хог хаягдлыг цэвэрлэж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Хог цэвэрлээгүй дээрээс нь барилгын хог асгаж байсан нөхцөл байдалтай байсан. Г.Б******* руу утсаар яриад ямар үйл ажиллагаа явуулж байгаа, хаанаас ярьж байгаа талаар хэлэхэд бид нар өөрсдийн газартаа ямар үйл ажиллагаа явуулах нь та нарт ямар хамаатай вэ гээд уурлаад байсан. Газар дээрх үзлэг хийх гээд очиход хайрга, дайрга ухсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн барилгын хог авчирч асгаж байгаагаа газраа тэгшилж байна гэж тайлбарласан. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон нөхцөл байдал тогтоогдсон учир зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг нээгээд Нийслэлийн Прокурорт хянуулахад зөрчлийн хэрэг нээсэн нь зүйтэй гэж үзээд дугаар олгосон. Зөрчлийн хэрэг нээснийг мэдэгдэх гэсэн боловч зөвхөн Г.Б*******ын дугаар байсан. Удаа дараа Г.Б******* руу залгасан. Албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч тал мэдэгдээгүй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлоогүй байсан бол тухайн газар эрүүл хэвээрээ л байх байсан. Олборлосон учир хохирол үүссэн. Улсын байцаагч тухайн хохиролд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хяналт, шалгалт хийх үүрэгтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг гэж томьёолон тодорхойлсон бол 26 дугаар зүйлийн 26.2-т Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн хорооны Засаг дарга Ж.*******ээс ирүүлсэн[25] Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр Эмийн ургамал хэсэгт зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал болох уулын дайрга олборлох үйл ажиллагаа явуулж байна гэх бүртгэлийн НБОГ-248 дугаартай мэдээллийг шалгаад хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.гийн зүгээс 2025 оны сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих гээд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан; тохиолдолд нөхөн төлбөрийг гаргуулж..., хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... заасныг баримтлан холбогдогч Эм ХХК зохих зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үндэслэлээр 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл, 20,275,000 төгрөгийг хохирлыг гаргуулах шийтгэл оногдуулжээ.
4.3.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...2014 оноос хойш Эм ХХК-ийг Бүгд найрамдах Солонгос улсын компани хувьцааг эзэмшиж байгаад 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс Эм ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Б.*******, н.О гэх 2 хүн болж, гүйцэтгэх захирлаар Б.******* ажиллах болсон, ...тухайн газарт 10 хэдэн жил барилгын хог хаягдал хаясан, олон жилийн үерийн улмаас үүсэн ухагдсан хэсгүүд болон далангууд байсан. Эдгээр асуудлаас болж үүссэн газрыг Богд ХХК-иар тэгшлүүлж, хог хаягдлуудыг цэвэрлүүлэх зорилготой гэрээ байгуулсан. Богд ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б******* гэдэг хүн гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Манайх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлоогүй, олборлон гэдэг нь доошоо ухаж гаргаж ирээд гаргаж ирсэн хайрга, дайрга чулуугаа ашиглахыг хэлнэ. Хөрш зэргэлдээ байгаа айлууд үндэслэлгүй худал мэдээлэл өгөөд байгаа..., 2025 оны 05 дугаар сард Нийслэлийн Байгаль орчны газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д. тухайн газарт үзлэг хийхдээ нөхцөл байдлуудыг ойлгож Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан... гэх үндэслэлээр маргаан бүхий актыг эс зөвшөөрч тайлбар өгсөн.
4.4.Харин хариуцагчаас ...Хог хаягдлыг цэвэрлэж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Хог цэвэрлээгүй дээрээс нь барилгын хог асгаж байсан нөхцөл байдалтай байсан. Г.Б******* руу утсаар яриад ямар үйл ажиллагаа явуулж байгаа, хаанаас ярьж байгаа талаар хэлэхэд бид нар өөрсдийн газартаа ямар үйл ажиллагаа явуулах нь та нарт ямар хамаатай вэ гээд уурлаад байсан. Газар дээрх үзлэг хийх гээд очиход хайрга, дайрга ухсан нөхцөл байдал тогтоогдсон..., : Би Д. байцаагчтай 07 дугаар сарын 24-ны өдөр уулзахад ... Б.******* надаа олдохгүй байсан. Эм ХХК-ийг Богд ХХК төлөөлж мэдүүлэг өгсөн тул зарж борлуулсан зүйл байхгүй гэж үзээд зөрчлийн хэргийг хаалаа гэж хэлсэн... гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлд няцаалт өгсөн.
4.5.Дээрх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд нягтлан шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон.
Тодруулбал, хавтас хэрэгт авагдсан 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн НБОГ-Х-07 дугаар Эрх бүхий албан тушаалтан Д.ын Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ...Баянзүрх дүүргийн хороо, Сүүл давааны бэлд Эм ******* ХХК /РД:/ нь өөрийн эзэмшлийн талбай дээр хог цэвэрлэх нэрийдлээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг зохих тусгай зөвшөөрөлгүй олборлолт хийсэн гэх зөрчлийг шалгахад, хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, үзлэг шалгалт хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон нь тогтоогдож байгаа боловч холбогдох болох Эм ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ны оршин суугаа хаягийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан боловч, тухайн хаягаар дуудан ирүүлэх хуудас өгөхөөр очиход хаягт нь тийм хүн оршин суудаггүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс Эм ******* ХХК хаяг байршил нь тодорхой бус, Эм ******* ХХК гүйцэтгэх захирал Б.н нь оршин суугаа хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон ба холбогдогчоос тайлбар мэдүүлэг авах боломжгүй тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтын дагуу зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай...[26] гэж байгаагаас үзвэл эрх бүхий албан тушаалтны хувьд энэхүү асуудалд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж шалгаж, гарсан зөрчлийг тогтоосон боловч холбогдогч этгээдийг тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулж чадаагүй улмаас 6 дугаартай зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна.
4.6.Харин эрх бүхий албан тушаалтан Ч.гийн зүгээс энэ удаа хэлэлцэн шийдвэрлэсэн 01 дугаартай зөрчлийн хэргийг нээж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар холбогдогчийг тогтоох, 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хуулийн этгээд түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан зөрчлийн холбогдогчийг шуудан харилцаа, холбооны хэрэгсэл ашиглахаас гадна албан бичгээр удаа дараа дуудахад үг хэлээр доромжлох, зүй бусаар харьцах, хариу өгөхгүй байх тохиолдол гаргаж байсан болохыг тэмдэглэсэн тэмдэглэл зэргээр холбогдогчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 ... эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх; 3.2... эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх; 3.3.зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх; үүргээ биелүүлээгүй атлаа хариуцагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж зөрчил үйлдсэн болохыг тогтоогоогүй гэж буруутгасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.
4.7.Учир нь хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-1.7-д заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан оролцогчийг сонсох үйл ажиллагааг хийх ажиллагаа хийж хэрэгжүүлсэн боловч Эм ХХК хувьд энэ үйл баримттай холбоотой мэдүүлэг, тайлбар, холбогдох нотлох баримтуудыг 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 4 сарын хугацаанд хариуцагчид гаргаж өгөх хангалттай хугацаа байсан боловч гаргаж өгөөгүй.
4.8.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөөр огноологдсон[27] 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх тухай ажил гүйцэтгэх гэрээг Богд ХХК-тай байгуулсан байх боловч хариуцагчийн[28] болон шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл[29], шүүх хуралдаанд шинжлэн судалсан цахим баримтаар бодит байдалд маргаан бүхий газрыг тэгшилсэн болон гэрээнд заасан ...талбай дотор байгаа барилгын хаягдал хог, ахуйн хог хаягдлыг зайлуулах, булах ухагдсан байгаа нүх газрыг хэвгий, далий хэсгийг шороогоор дүүргэх газрын овон товон хэсгийг буулгаж, ухсан нүх руу дүүргэх... ажиллагаа хийгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
4.9.Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын өмчлөгч төрөөс энэ хуульд нөхцөл, шаардлага, журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх бүхий зөвшөөрлийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас гомдол гаргагч Эм ХХК-д олгоогүй байхад тус компани дур мэдэн өөрийн эзэмшлийн газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь зөрчлийн хэрэгт хариуцагчийн бүрдүүлсэн ач холбогдол бүхий л нотлох баримтаар тогтоогдож байна.
4.10.Иймээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны акт гаргах урьдчилсан нөхцөл буюу хэргийн нөхцөл байдлыг буюу гомдол гаргагч Эм ХХК-ийг 2025 оны сарын 07-ны өдрийн дүгээр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст бичигдсэн зөрчлийг үйлдсэн болохыг зөв тогтоосон байх тул шүүхээс зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсныг үндэслэлтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 26 дугаар зүйлийн 26.2, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч Эм ХХК-иас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.д холбогдуулан гаргасан 2025 оны сарын 07-ны өдрийн дүгээр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР