Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00198

 

 

 

 

 

                                      Д.Шгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/03054 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Шгийн хариуцагч Б.Шд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 63,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 57,600,000 төгрөг, 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 3,180,000 төгрөг, нийт 60,780,000 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.Ш 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Шд 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 30,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 6,000,000 төгрөг тус тус зээлдүүлсэн.  Хариуцагч 30,000,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацааг 8 сараар сунгасан. Уг гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусахад 14 сарын хүү 12,600,000 төгрөг болсон. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс алданги тооцоход 15,000,000 төгрөг, нийт 57,600,000 төгрөгийн үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6,000,000 төгрөгийн зээлийн хувьд 3 сарын хүү 1,080,000 төгрөг, үлдэх 4,920,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг нь хугацаа хэтэрсэн 100 хоногийн алданги, 1,920,000 төгрөг нь үндсэн зээл байна. Гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгч 2020 оны 07 сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш алданги хоногийн 0,5 буюу өдрийн 30,000 төгрөг болно. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 50 хувь нь 3,000,000 төгрөг болно. 6,000,000 төгрөгөөс 3 сарын хүү 1,080,000 төгрөгийг хасч, үлдэх 4,920,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг алдангид тооцож, үлдэх 1,920,000 төгрөгийг 6,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт тооцоход уг гэрээний үүрэг 4,080,000 төгрөг болох ба үүнээс 900,000 төгрөгийг хасахад 3,180,000 төгрөгийг үүрэгтэй байна. 60,780,000 төгрөгийн 780,000 төгрөгөөс татгалзаж 60,000,000 төгрөгт эвлэрч болно гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Д.Шгаас 30,000,000 төгрөг зээлдэж авсан. 35,000,000 төгрөг болгож төлөхөөр 2021 оны 07 дугаар сард харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5062046753 тоот дансыг хаалгаж, улмаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хоёр үл хөдлөх эд хөрөнгөнд хориг тавиулсан. Үүнээс болж зээл авах боломжгүй болсон. Хэрэв нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн хоригийг авч, дансыг нээлгэж өгвөл хөрөнгөө барьцаанд тавьж 30,000,000 төгрөгийг 35,000,000 төгрөг болгож өгөх байсан. Гэтэл сүүлийн 2 жил орчим ковид цар тахлын улмаас эмийн сангийн үйл ажиллагаа зогссон. 6,000,000 төгрөгийн зээл авсан боловч 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг буцааж өгсөн. Эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй, 60 000 000 төгрөг төлөх боломжгүй гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Шээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33 180 000 төгрөг, хүү 12 600 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 60 780 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Шд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 60 780 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 461 850 төгрөгийг хариуцагч Б.Шээс гаргуулан нэхэмжлэгч Д.Шд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Шийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг зээлдэн авсан нь үнэн. Сүүлийн 2 жил цар тахлын улмаас хийж байсан үйл ажиллагаа алдагдаж хэвийн биш болсон. 2021 оны 07 дугаар сард энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд 2021 оны наадмаас өмнө миний мөнгийг өгвөл болно гэж хэлсэн. Ингээд 30,000,000 төгрөгийг 35,000,000 төгрөг болгож өгье гэхэд зөвшөөрсөн. Банкнаас зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй. Учир нь нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл миний Хаан банкны дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хаалгасан. Мөн үл хөдлөх хөрөнгөд хориг тавиулсан нь зээлийг төлөх боломжийг удаашруулсан. Хариуцагчаас шалтгаалахгүй цар тахлаас болж сайн ажиллаж чадаагүй. Шүүхийн шийдвэрээр нийт 60,780,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг төлөх боломжгүй. Банк бус санхүүгийн байгууллагуудаас цар тахлын үед иргэдэд боломжийн хэмжээгээр хүү тооцохгүй хөнгөлөлт үзүүлж байсан. 30,000,000 төгрөгийг төлнө, харин илүү хүү, алданги төлөхгүй. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.Ш 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 60,780,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Б.Ш 35,000,000 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.Ш 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр .... газар, мөн хаягт байрлах хувийн сууцыг барьцаалан нэхэмжлэгч Д.Шгаас 30,000,000 төгрөг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэн авсан байх ба 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай сунгасан байна. Мөн хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлэн авчээ. Зээлдэгч нь дээрх гэрээнүүдээр олгосон зээлийг хүүгийн хамт тогтоосон хугацаанд буцаан өгөх, энэ хугацааг хэтрүүлсэн нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн байна. /хх4, 6-8/

Талууд гэрээний зүйлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй, харин гүйцэтгэх үүргийн хэмжээний талаар маргасан байна.

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг талуудын тохиролцоо болон хуульд заасан үндэслэлээр тооцоолон үзэх нь зүйтэй.

1. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай сунгасан. Гэрээний нийт хугацаа 14 сар байх ба энэхүү гэрээгээр хариуцагч нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 12,600,000 төгрөг /900,000*14 сар/, нийт 42,600,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

Хариуцагч нь уг гэрээний үүргийг биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас зээлд 30,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

2. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000*6%*3сар=1,080,000 төгрөг, нийт 7,080,000 төгрөгийн үүрэгтэй байсан. Үүнээс хариуцагчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 900,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 6,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу хасч тооцоход 7,080,000-6,900,000=180,000 төгрөг төлөхөөр байна.

Анхан шатны шүүх зээлийн хүүгийн талаар зөв дүгнэсэн. Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлийн хүүг багасгах талаар хүсэлт гаргаагүй тул хүүгийн хэмжээг талуудын тохиролцоог үндэслэж тогтоосныг буруутгах үндэслэлгүй.  

3. Алданги шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Хариуцагч алдангийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “ковид цар тахлын улмаас орлого буурсан, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөнд хориг тавиулж, данс битүүмжлүүлснээс зээл төлөх боломжийг удаашруулсан” гэж тайлбарласан.

Хариуцагч нь 30,000,000 төгрөгийн зээлийн хүүд 12,600,000 төгрөг, 6,000,000 төгрөгийн зээлийн хүүд 1,080,000 төгрөг, дээрх 2 гэрээний дагуу нийт 36,000,000 төгрөгийн зээлийн хүүд 13,680,000 төгрөг төлөхөөр байгаа болон ковид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийг үндэслэн алдангийн хэмжээг багасгах боломжтой.

Иймд алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, 30,000,000 төгрөгийн зээлийн алдангид 15,000,000*50%=7,500,000 төгрөг, 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 180,000 төгрөгт төлвөл зохих 90,000 төгрөгийн алдангид 45,000 төгрөг тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрхийг нэгтэн дүгнэхэд эхний зээлийн гэрээгээр үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 12,600,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 50,100,000 төгрөг, хоёрдах зээлийн гэрээний үлдэгдэл 180,000 төгрөг, алданги 45,000 төгрөг, нийт 225,000 төгрөг төлөхөөр байх ба бүгд 50,325,000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/03054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Шээс 50,325,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,455,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтын “... 461 850 ...” гэснийг “ ... 409,575 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

                                                    А.МӨНХЗУЛ