| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0025/Э |
| Дугаар | 00068 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 00068
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Э.Оюумаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Т.Батсүх,
иргэний нэхэмжлэгч П.Чимгээ, П.Энхбаяр,
хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Даваахүү,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Намчингийн Батбаатарт холбогдох 163/2018/0025/Э индекстэй, эрүүгийн 1715002170091 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 41 настай, эрэгтэй, бурэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Н. Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирлыг бүрэн хариуцаж төлнө гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчН.Б н өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр авто осолд орж биедээ хүндэвтэр гэмтэл авсан. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Оточ манал” эмнэлэгт хадам ээж, эхнэр, бид гурав 10 хоног хэвтэн эмчлүүлж 1560000 төгрөгийн зардал гарсан ба 3 хүний эмчилгээний зардлыг Б төлсөн. Үүнд эхнэр, ээж хоёрын зураг авахуулсан 380000 төгрөг, “Мөнгөнгүүр” эмнэлэгт 12 сард хэвтсэн эхнэр бид хоёрын зардалд эхэлж 500000 төгрөг, дараа нь 300000 төгрөг, мөн 400000 төгрөгийг манай гэр бүлийн хүний дансаар шилжүүлсэн. Эдгээр төлбөрүүд “Мөнгөн гүүр” эмнэлгийн төлбөрт төлөгдсөн. Б дараа нь ээж болон найзтайгаа манай гэрт ирж бэлнээр 700000 төгрөг өгсөн. Анхны шүүх хурлаас хойш их хугацаа өнгөрч Батбаатарыг их харсан ба түүний сэтгэл дутаж байна гэж үзэж байна. Адилхан эр хүн учраас ял оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нийтдээ 11348000 төгрөгийн хохирол гарсан ба үүнд сүүлд гарсан зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирлыг оруулаагүй. Миний хувьд 50%-ын хөдөлмөрийн чадвар алдалтаар 6 сарын хугацаагаар группт орсон юм. Одоо нэхэмжилж байгаа 7500000 төгрөг дээр эвлэрч, 7000000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч П.Энхбаярын өгсөн: Н.Б 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш эмчилгээний зардлыг авсан ба “Оточ манал” эмнэлгийн зардлыг Б биечлэн очиж төлсөн. Батбаатарын бэлнээр өгсөн гэж ярьж байгаа мөнгө нь миний данс руу орсон ба тус мөнгөөр би гэр бүлийнхээ хүнтэй хамт “Мөнгөнгүүр” эмнэлэгт эмчлүүлж байсан зардлыг төлсөн. Б үүнийг ойлгохдоо нөхөр бид хоёрт бэлнээр өгсөн мэтээр ярьж байна. Харин 700000 төгрөгийг бэлнээр авчирж өгсөн нь үнэн. Тэрээр эмчилгээний зардалд нийт 2560000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болон бэлэн өгсөн мөнгө нь орсон. Батбаатарын ярьж байгаа мөнгөн дүн нь зөрж байгаа. Миний хувьд өөрийн гарын үсэгтэй “Мөнгөнгүүр” эмнэлэгт хэвтсэн баримт байгаа юм. Батбаатарын бэлэн өгсөн гэж байгаа мөнгө нь зөвхөн эмчилгээнд зориулагдсан мөнгө учраас Б үүнийг ялгаж хэлж чадахгүй байгаа юм гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч П.Чимгээгийн өгсөн: Батбаатараас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш гарсан эмчилгээний зардал 1500000 төгрөгийг нэхэмжилсэн, шүүх хуралдаан дээр төлнө гэж гэрээ байгуулсан учир санал, гомдол байхгүй гэх мэдүүлэг,
1715002170091 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
ХохирогчН.Б н өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумаас Улаанбаатар хот орохоор 26-95 УБЭ улсын дугаартай Микро автобус жолоодоод эхнэр Энхбаяр, хүү Бат-Ирээдүй, хадам ээж Чимгээ нарын хамт Булган аймгийн Гурванбулаг сумын харалдаа засмал замаар явж байтал урдаас гэрлээ шилжүүлэхгүй жижиг тэрэг гараад ирсэн, улмаар нөгөө машин чинь зам хэрээд ороод ирэхээр нь энэ нэг биш хэрэг болох нь гэж бодоод баруун гар тийш замаа чөлөөлөөд зогссон. Машинаас бууж амжаагүй байтал өөдөөс ирж явсан машин бид нарын унаж явсан машиныг зөв талын урд талаас ирж мөргөсөн. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй, нэг сэрэхэд намайг хүмүүс машинаас гаргаж байсан. Тэгээд түргэн ирж эмчилгээ хийсэн. Эхнэр, хүүхэд маань хөнгөн зэргийн гэмтэлтэй байгаа ч гэсэн эмчилгээтэй холбоотой зардал гарсан. Миний хувьд хүндэвтэр гэмтэл учирч эмнэлэгт хоёр удаа хэвтэж эмчлүүлсэн. Уг хугацаанд ажилгүй байсан бөгөөд авч байсан цалин хөлсөө нэхэмжилнэ. Би сард 1350000 төгрөг, эхнэр 1000000-1500000 төгрөгийн тогтмол цалин авч байсан. ...Б эхнэр Энхбаяр, хадам ээж Чимгээ бид гурвын хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 2560000 төгрөг, ...миний унаж явсан машины үнэлгээгээр гарсан 3800000 төгрөгийг төлсөн байгаа ...эмчилгээний зардал 4000000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэжээ /хх-27 тал/,
Хохирогч А.Цогбадрахын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хотод ирээд машин худалдаж аваад буцах гэхэд манай нутгийн дүү Б миний машиныг бариад хамт явахаар болсон. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө бид хоёр хамт хоноод маргааш нь 16 цагийн үед хотоос гарсан. Тэгэхэд Төв аймгийн Лүн сум хүртэл Мөөжиг гэдэг хүнээр машиныг бариулж, цааш Б жолоодож явсан. Замдаа “Номын булаг” гэх газарт зогсож 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад цааш хөдөлсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна, нэг сэрэхэд Гурванбулаг сумын эмнэлэгт байсан. Тэр шөнөдөө гэмтлийн эмнэлэгт ирж хэвтэн хэд хэдэн удаа хагалгаанд орсон гэх мэдүүлэг /хх-31-33 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Отгонтөгсийн өгсөн: 2017 оны 05 сард Мөнгөн гэдэг хүнээс 26-95 УБЭ улсын дугаартай микробус автомашин 4 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2017 оны 11 сарын эхээр яг хэдэн гэдгийг нь санахгүй байна баз хүргэн Батсүх ирээд Архангай аймгийн Хайрхан сум ороод идшээ аваад ирье гэхээр нь өгөөд явуулсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Гурванбулаг суманд осолд орсон гэхээр нь яваад очтол машин ашиглах боломжгүй эвдэрсэн байсан. Осол гаргасан Б гэх залуу надтай хэд хэдэн удаа уулзсан бөгөөд 4 сая төгрөг өгье, эсхүл машинаа сонгоод ав гэж байсан. Хэрвээ хохиролгүй болгочихвол гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,
Иргэний нэхэмжлэгч П.Энхбаярын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр Батсүх, ээж Чимгээ нарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сум руу явж идшээ бэлдчихээд буцаад Гурванбулаг сумын нутагт явж байтал өөдөөс нэг машин зам голлож орж ирээд манай машиныг мөргөчихсөн. Би тухайн үед урд суудал дээр, ээж хүүгийн хамт хойно суугаад явж байсан бөгөөд маш хүчтэй мөргөсөн. Ослын дараахан би хэсэг ухаан балартаад хүүхэд уйлахаар нь сэргээд хартал манай нөхөр рүлэндээ хавчуулагдсан байдалтай, манай ээжийн хараа муу болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байсан, манай хүү ээжийн өвөр дээр уйлаад сууж байсан, хүүгийн зулай хэсэг нь жоохон хавдсан байсан. Ослын улмаас миний толгойн баруун дээд дух хэсэгт цус хуралт, 10-р хавирга хугарч, уушги бяцарсан гэмтэл үүссэн. Би дээрхи гэмтлүүдийг “Манал Оточ” нэртэй эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Ослын дараа миний биеийн байдал тааруухан байсан бөгөөд эмчилгээний дараа гайгүй болсон. Тэгээд 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 7 хоног “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн одоо арай гайгүй болсон. Манай нөхөр Батсүхийн биеийн байдал гэвэл зүүн хөл нь гэмтэлтэй таяг тулж явж байгаа. Мөн манай ээж Чимгээ хамт явсан бөгөөд ослоос болоод толгойдоо зөөлөн эдийн гэмтэл, ар нуруу хэсгээрээ зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож бас “Оточ” манал эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Бид нарын эмчилгээний зардалд 3800000 гаран төгрөг гарсан. Б бид нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 2560000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо миний биеийн байдал толгой өвдөөд байгаа. Цаашид эмчилгээ хийлгэж уушгиа эмчлүүлмээр байна. Би “Тэнүүн дэлгэр” ХХК-д автобусны жолооч ажилтай бөгөөд 11 сараас хойш ажилдаа яваагүй. Сард 1 саяаас 1.3 сая төгрөгийн цалин авдаг ба аваараас болоод ажилдаа явахгүй байгаа. Иймд ажил хийгээгүй хугацааны цалингаа авмаар байна. Манай ээж ирж мэдүүлэг өгөх боломжгүй хараа муутай настай хүн байдаг. Ээжийн биеийн байдал гайгүй сайн байгаа манай ээж гомдол саналтай эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-39 тал/,
Иргэний нэхэмжлэгч П.Чимгээгийн өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүргэн хүү Батсүхийн хамт хөдөө явж байгаад зам тээврийн осолд орсон. Ослын улмаас миний биед гэмтэл учирч 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Бид нарын эмчилгээний зардлыг осол гаргасан жопооч төлсөн гэж байсан. Би одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал сайн биш даралт ихсэж, нуруу хөшиж өвдөөд хэцүү байна. Дахин эмчилгээ хийлгэмээр байна. Б гэдэг залуу санаа тавьж биеийн байдлыг асуугаагүйд гомдолтой байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Зүгээр хардаг байсан нүд маань ослоос болоод муудаад байгаа гэх мэдүүлэг /хх-41 тал/,
Шүүгдэгч Н.Б яллагдагчаар өгсөн: Манайх Архангай аймгийн Өлзийт сумын ямаат багт нутагладаг бөгөөд би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Манайх 1300 орчим малтай. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мал зарах гэж Улаанбаатар хот руу өөрийнхөө машинаар мал ачаад оруулж зарчихаад өөрийнхөө пронтер маркийн тээврийн хэрэгслийг хотод үлдээсэн. Тэгээд ээжийн хамаатны залуу болох Цогбадрах гэдэг залуу машин худалдаж аваад буцаж байна гэхээр нь Цогбадрахтай хамт өглөөний 07 цагийн үед 10-42 УБЛ улсын дугаартай “Санни” маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тус машиныг зарсан залуу Цогбадрах бид хоёрыг Төв аймгийн Лүн сум хүртэл хүргэж өгчихөөд буцаад явсан. Би машиныг жолоодоод Архангай аймаг руу явсан. Замдаа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Номын булаг” гэдэг газар Цогбадрах ахын таньдаг Лхагвасүрэн гэдэг айлд очиж нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг гурвуулаа хувааж уугаад цааш хөдөлсөн. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан байх нэлээн харанхуй болсон байсан. Тухайн айлаас хөдлөөд 30 гаран км орчим явж байгаад Гурванбулаг сумын нутагт засмал замаар явж байгаад өөдөөс ирж байсан машиныг мөргөсөн. Тухайн үед нэлээн согтсон байсан бөгөөд анх удаа буруу рүлтэй машин жолоодож байсан болохоор баримжаа алдаад өөдөөс гэрэл гялбаад тэгээд тэр машиныг мөргөсөн. Би 50-60 км цагийн хурдтай явсан байх ямар нэг тоормозлох үйлдэл хийгээгүй тооромзон дээр гишгэх гэж байгаад андуураад хаазан дээрээ гишгэсэн санагдаад байгаа юм. Цогбадрах ах машин сайн барьж чаддаггүй болохоор би өөрөө бариад хүргээд өгье гэж бодоод машиныг нь жолоодсон юм. Аваар гарахад ямар нэг гадны хүчин зүйл нөлөөлөөгүй, би өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж аваар гаргасан. Машинд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, зүгээр явж байсан. Би замын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Батсүх гэдэг хүний жолоодож явсан микро автобусны хохиролд 3300000 төгрөг, Батсүх, түүний ээж, эхнэр, хүү нарын эмчилгээний зардалд 4 сая гаран төгрөг өгсөн. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулах болно. Цогбадрах ахын бие гайгүй болсон бөгөөд түүний хохирлыг мөн барагдуулах болно гэх мэдүүлэг /хх-111 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14105 тоот:
1.Н.Б н биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, хүзүү, зүүн шуу, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 51 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14108 тоот:
1. Э.Бат-Ирээдүйн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 54 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14109 тоот:
1. П.Энхбаярын биед зүүн 10-р хавирга ясны зөрүү багатай хугарал, зүүн уушигны няцрал, тархи доргилт, духанд цус хуралт, зулгаралт, 2 нүдний дээд доод зовхи, хэвлийн урд ханын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 57 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14110 тоот:
1. П.Чимгээгийн биед бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 61 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14116 тоот:
1. А.Цогбадрахын биед зүүн дунд чөмөг сүүжний тогооны хугарал, мултрал /төвийн хугарал/, баруун 3,4,5, зүүн 3-р хавирганы хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зулайн урд хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 64 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №303 тоот:
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №288 тоот:
Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №54 тоот:
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 287 тоот:
Н.Б цусанд этилийн спирт 5.8 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэг хамаарна гэх дүгнэлт /хх-101 тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 288 тоот:
Н.Б н цусанд этилийн спирт 0 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын = зэрэг хамаарна гэх дүгнэлт /хх-105 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-4 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-5 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-13-14 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-18 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-113-120 тал/, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирлын баримтууд /хх-121-146 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-147-150 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлын дүн дээр эвлэрэн хэлэлцэж хохирол төлөх тухай хугацаатай байгуулсан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Н.Б нь “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А, 8.2 заалтыг тус тус зөрчин 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар “Ниссан Санни” маркийн 10-42 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Оросын хонхор” гэх газарт эсрэг урсгал сөрж өөдөөс нь явж байгаад зам чөлөөлөн зогссон “Hyudai Grace” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Цогбадрахын эрүүл мэндэд хүнд хохирол, “Hyudai Grace” маркийн тээврийн хэрэгслийн жолоочН.Б н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүнд зорчин явсан П.Энхбаяр, П.Чимгээ, Э.Бат-Ирээдүй нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирч, 10-42 УБЛ улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгсэлд 2800000 төгрөгийн, 26-95 УБЭ улсын дугаартай “Хюндай гресс” маркийн тээврийн хэрэгсэлд 3800000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-18тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өөрт учирсан хохирол, гэм хорын талаар өгсөн мэдүүлгүүд /хх-21-42 тал/, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар Т.Батсүх, П.Энхбаяр, П.Чимгээ болон шүүгдэгч Н.Б нарын гэрчээр өгсөн /хх-42-50 тал/ мэдүүлгүүд, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч Н.Б буруутай үйлдлээс болж зам тээврийн осол, хэрэг гарсан байна” гэх зам тээврийн хэрэг гарах шалтгааныг тогтоосон дүгнэлт /хх-95 тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Н.Б цусанд этилийн спирт 5.8 промил процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-101 тал/, 10-42 УБЛ улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгсэлд 2800000 төгрөгийн, 26-95 УБЭ улсын дугаартай “Хюндай гресс” маркийн тээврийн хэрэгсэлд 3800000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-67-83 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, хохирлын үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Тухайн осол, хэрэг гарсан шалтгааныг тогтоосон замын цагдаагийн шинжээчдийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна, шүүгдэгч Н.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Батбаатарыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж ирсэн байна, өөрөөр хэлбэл хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Батсүх, П.Энхбаяр, П.Чимгээ нарын эмчилгээний зардалд нийт 2560000 төгрөгийг, хохирогч А.Цогбадрахын 10-42 УБЛ улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 2800000 төгрөгийг, эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Отгонтөгсийн “Хюндай гресс” маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 3800000 төгрөгийг тус тус төлсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Батсүх, иргэний нэхэмжлэгч П.Энхбаяр, П.Чимгээ нар нь шүүгдэгч Н.Батбаатартай эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээнд шүүгдэгч Н.Б нь 7000000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсоноор санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ тус тус илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг тодорхой хэмжээгээр төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Батбаатарт холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Н.Б хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.3, 7.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Б гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Н.Батбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Б 7000000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б, иргэний нэхэмжлэгч П.Энхбаяр, П.Чимгээ нарт тус тус олгож, хохирогч А.Ц, Т.Б, иргэний нэхэмжлэгч П.Энхбаяр, П.Чимгээ, Б.Отгонтөгс нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД