Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

 

 

 

 

  2024       04         10                                        2024/ДШМ/23

 

   Г.Дд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Тогтох,

Шүүгдэгч: Г.Д,

Нарийн бичгийн дарга: Д.Урангоо нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Дын давж заалдах гомдлоор Г.Дд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “О” овогт Ггийн Д, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Хөвсгөл аймгийн Усуманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Усумын 2 дугаар багт оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн .... оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн .... дэх хэсэгт зааснаар хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /Регистрийн дугаар ................./.

Г.Д нь Хөвсгөл аймгийн Усумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 000 оны 7 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн Хөвсгөл аймгийн Усумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2024ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч “О” овогт Ггийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ггийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Дын нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дэх зааснаар шүүгдэгч Г.Дын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Усумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Дыг Хөвсгөл аймгийн Усумаас гадагш зорчих эрхийг 7 /долоо/ сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Дд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдсэн хэмт хэргийн хор уршиг, үйлдэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа миний төлбөрийн чадвартай эсэх, хувийн байдлыг бүрэн, дүүрэн тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:

1.Миний бие Хөвсгөл аймгийн У сумандаа малын түүхийн эд бүтээгдэхүүн, өвс тэжээл, сүү цагаан идээ зэргийг иргэдээс авч борлуулж олсон мөнгөө бусдад тодорхой хугацаанд зохих хүүтэй зээлдүүлж орлого олдог. Торгох ялын торгуулийг тодорхой хугацааны дотор төлөх боломжтой, чадвартай.

2.Би 000 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нарийн шулуун гэдэсний өвчний улмаас мэс засалд орсон. Гэвч миний биеийн эдгэрэлт удаан, дархлаа болон бусад шалтгааны улмаас дахин дахин сэдэрснээс эмчилгээ хийлгэх шаардлага байнга гарах болсон. Мөн би улаан хоолойн шархтай гэж оношлогдсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд Усумын эмнэлэг хүн хүч, техник тоног төхөөрөмж тааруу байдаг. Үүнээс шалтгаалж Усумын нутаг дэвсгэрээс гарч эмчилгээ, оношилгоо хийлгэх шаардлага байнга үүсэж байгаа.

3.Миний бие гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас эхнэр бид хоёрын хооронд цаашид хамт амьдрах асуудал байхгүй болсон. Эхнэр Ц.Ц нь гэрлэлтээ цуцлуулъя цаашид хамт амьдарч чадахгүй гэж хэлээд энэ асуудлаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл өгч байгаа гэж хэлсэн. Хэрэв тус шүүхэд нэхэмжлэл гаргавал би аймгийн төв рүү явах шаардлага мөн л үүсэхээр байна.

 4.Манайх 000 оны малын А дансаар 22 тооны адуу тоологдсон. Уг адуу нь Хөвсгөл аймгийн Усумын Харын үзүүр, Бага сараалж гэх газарт бэлчээрлэдэг. Уг газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сум, Усумуудын зааг дээр байдаг. Үүнээс шалтгаалан Тариалан сум руу адуундаа явах шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

Иймд миний эрүүл мэндийн байдал болон дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувийн байдлыг харгалзан үзэлгүй надад зорчих эрхийг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Шүүгдэгч Г.Д нь Хөвсгөл аймгийн Усумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 000 оны 7 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Хөвсгөл аймгийн Усумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

2.Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд  Г.Дыг Хөвсгөл аймгийн Усумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 000 оны 7 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний биед баруун гуя руу зодож сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар, мөн Хөвсгөл аймгийн Усумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Ц.Цтай үл ялих зүйлээр маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь баруун, зүүн хацар, зүүн дээд зовхи, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, цээж, баруун хөх, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт, дагз, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн сарвууны ядам хуруу, баруун 11-р хавирганд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна /хх-н 1-2 тал/.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд дурдсан  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т...” гэх хуулийн зүйл, хэсэг, заалт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д байхгүй байхад прокурор уг алдааг залруулахгүйгээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 32.9 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

2.Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгах учиртай.

3.Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд нийцүүлж яллах дүгнэлт үйлдээгүй байна.

Тодруулбал: Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн... цаг хугацаа...” зэргийг тусгахаар мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т хуульчлан тодорхойлсон байхад прокурор яллах дүгнэлтийн “Хууль зүйн дүгнэлт” гэх хэсэгт өөр, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийг нэг цаг хугацаанд буюу 000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн мэтээр тэмдэглэсэн нь ойлгомжгүйн дээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т” гэж хуульд байхгүй заалтыг мөн адил дурдсан байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулжээ.

4.Анхан шатны шүүх дээр дурдсан алдааг зөвтгөхгүйгээр Г.Дд холбогдох хэргийг хэлэлцээд “...шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна...” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэх тул шийтгэл тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан “...миний эрүүл мэндийн байдал болон бусад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                                   Л.ЭРДЭНЭБАТ