| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0066/Э |
| Дугаар | 00069 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 00069
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000370058 дугаартай, 163/2018/0066/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж овогт Ц. Т
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.Т нь Зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
1815000370058 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Л.Дүүрэнжаргалын өгсөн: “...Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс Ц.Т нь хууль бусаар мод бэлтгэсэн. Модны экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан мөнгийг орон нутгийн орлогод оруулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Цэнд-Аюушийн хамт Даваат багийн нутаг дэвсгэрт цагийн хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн чиглэлд ирж явсан 32-28 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг зогсоон шалгахад жолооч Ц.Т нь мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй машин мод тээвэрлэн явсныг Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Жолооч Т аас гарал үүслийн гэрчилгээ асуухад байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Шүүгдэгч Ц.Т ын яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ байж байгаад өглөө 08 цагийн үед Бугат сумын 1-р багийн нутаг “Гүен” гэх газар руу ганцаараа өөрийн эзэмшлийн 32-28 ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мод бэлтгэхээр явсан. Тэгээд ууланд очоод 2-3 ширхэг босоо мод унагааж, унасан байсан унианга моднуудыг тайраад нийтдээ 59 ширхэг мод болгоод машин дээрээ ачаад замаараа гэрээрээ дайраад бэлтгэсэн моднуудаа зарахаар Орхон аймаг руу явсан. Тэгээд 12 цагийн үед Орхон аймаг руу ороод өөрийн холын хамаатан болох Нацагаа гэх айлын хашаанд ачиж явсан 59 ширхэг модоо буулгаад буцаад гэрлүүгээ явсан. Тухайн үед намайг мод буулгахад Нацагаа гэртээ байсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээсээ Орхон аймагт өөрийнхөө машинтай орж ирээд Нацагаа гэх айлын хашаанаас нөгөө моднуудаа ачиж аваад модны зах руу явж байгаад цагдаад баригдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 тал/,
2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн:
дүгнэлт,
Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн: хятад хөрөө нь 119000 төгрөгийн, 32-28 ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь 5000000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15/57, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15/58 дугаартай дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 2-3 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-22 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 61-67 тал/, хохиролд 436563 төгрөг төлсөн баримт /хх-73 тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Гүен” гэх газраас газраас 59 ширхэг буюу 5.106 м3 модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 32-28 ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт тээвэрлэсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Л.Дүүрэнжаргал, гэрч Б.Эрдэнэбат нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ц.Т ын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 145521 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн шинжлэгдэж байгаа мод шинэс төрлийн хуурай, түлээний мод байна. Уг мод 1.5метртэй 59 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 145521 төгрөг болно гэх №05 тоот дүгнэлт, нөхөн төлбөр нь 436563 төгрөг болохыг тогтоосон Мэргэжлийн Хяналтын Газрын 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Т ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 145521 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 436563 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн баримтаа ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал, цаг агаарын байдал болон шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Т ын ойд хууль бусаар бэлтгэж 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5/07 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 59 ширхэг буюу 5,103 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн моторт цахилгаан хөрөөний хамт албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, 32-28 ОРО улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүний өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ц. Т ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Т ын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасныг баримтлан 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 5/07 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 59 ширхэг буюу 5,103 м3 модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн моторт цахилгаан хөрөө нэг ширхэгийг шүүгдэгч Ц.Т аас тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, 32-28 ОРО улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүний өмчлөгч эзэмшигчид нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД