Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00076

 

     Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000310060 дугаартай, 163/2018/0072/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б. М  

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Б.М  нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумаас 77-43 ХӨВ улсын дугаартай “Daihatsu hijet” маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтээр/.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би гал алдах гээд түлээний модгүй болчихоод таньдаг Чулуун ахыг гуйж газарчлуулж модонд явсан юм. Тэгээд Чулуун ах надтай хамт явсаар байгаад таньдаг Хуяг гэдэг ах дээр очиж тэр үед би Хуяг гэх ахтай танилцсан. Тэгээд би Хуяг гэх ахад “дүү нь гал алдаж модгүй болчихлоо” гэж учир байдлаа хэлэхэд намайг “гадаа байгаа модноос аваад яв” гэж хэлэхээр нь тэдний гэрийн гадаанаас хэдэн ширхэг мод тайрч авсан. Тухайн үед би хөрөөгүй байсан учраас Хуяг гэх ах надад өөрөө тайрч, ачуулж явуулж, би тэр модыг ачиж яваад Эрдэнэт хотын 3 замын постон дээр цагдаад баригдсан. Би “Daihatsu hijet” маркийн амжиргаа цагаан машинд 22 ширхэг 20, 30 метртэй янз янзын тайрсан хуурай мод ачиж явсан. Тэр үед цастай байсан ба би өөрөө газар мэдэхгүй, мод ачих үндэсгүй байсан болохоор Чулуун ах айлын гэрийн гаднаас надад мод авч өгөхөөр яриад өгье гээд Хуяг гэх хүнтэй ярьж надад мод авч өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

1815000310060 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Л.Сайнгэрэлийн өгсөн: “...Манай Хангал сумын нутгаас Т.Ганхуяг хууль бусаар мод бэлтгэсэн гэж би сүүлд мэдсэн. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

Гэрч Ж.Чулууны өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М ы хамт Булган аймгийн Хангал сумын Чулуут гэх газарт өвөлждөг Хуягаа гэж танилындаа М ы амжиргаа цагаан машинаар нь очсон. Тэднийхээс түлээний  модонд хэрэглэхээр 20 орчим ширхэг хуурай мод ачиж аваад Эрдэнэтийн 3-н замын пост руу орж байгаад цагдаад саатуулагдсан. Тухайн үед зохих зөвшөөрөл бичиг баримт байгаагүй. Хуягаагийн өвөл хэрэглэхээр татсан байсан модноос нь авсан юм. Би Хуягааг таньдаг болохоороо очиж авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Гэрч Ц.М өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1610 цагт 3-н замын хяналтын пост дээр шалгалт явуулж байхад Булган аймгийн Хангал сумын чиглэлийн замаар мод ачсан 74-43 ХӨВ улсын дугаартай бага оврын ачааны авто машин орж ирэхэд нь саатуулан шалгатал тээвэрлэж явсан мод нь ямар нэг эрхийн бичиггүй байсан тул Цагдаагийн газрын 102-т илтгэх хуудас бичиж хүлээлгэн өгсөн. Саатуулах үед жолооч нь Хангал сумын наана байх Чулуут гэх газарт байдаг айлаас авсан гэж байсан. Тээврийн  хэрэгслийн  болон  бусад  бичиг баримтуудад  ямар нэг зөрчил байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Гэрч П.Э өгсөн: “...Сувилалын манаач Т.Ганхуяг гэж хүн надаас ямар нэгэн гоожин, гарал үүслийн гэрчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Гэрч Т.Гн өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би цагийг нь сайн мэдэхгүй байна гэртээ байж байтал Богоо зуслангийн урд талын уулнаас мод бэлдэж бууж ирээд манай гэрт амарч байсан. Тэгээд манай гэрт М , Чулуун нар нь Орхон аймгаас 77-43 ХӨВ улсын дугаартай ачааны жижиг тээврийн хэрэгсэлтэй ирээд надаас түлээ байна уу гэж гуйсан. Тэгээд би Богоогийн хийж байсан модноос хэдэн ширхэг хуурай мод хөрөөдөж өгөөд явуулсан. Тухайн үед Богоо Хялгантад байдаг Баяраагийн модыг Зуслангийн урдаас хийгээд манай гэрийн гадаа цагаалаад Хангал сум руу зөөж өгч байсан. Богоо тэр цагаалж байсан модноосоо М , Чулуун нарт хэдэн ширхэг хуурай мод хөрөөдөн өгсөн яг хэдэн ширхэг мод байсаныг би сайн мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Гэрч Ш.Б өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хангал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 03-р шийдвэрээр өөрийн эзэмшлийн "Мөнхжин ой" ХХК-ий нэр дээр 100 метр куб түлшний мод бэлтгэх зөвшөөрлийг Хангал сумын Чулуут гэх газарт тусгаарлалт хийлгүүлэн 2017 оны 12-р сарын 05-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгээ авч зөвшөөрлийн дагуу Хангал сумын Чулуут гэх газраас түлшний модоо бэлтгэсэн. Тухай үед ажилчдаараа ууланд модоо бэлтгүүлэн Хангал сумын төв рүү татсан. Модыг тээвэрлэх явцад цас ихтэй байсан болохоор Хангал сумын Чулуутын саамны амралт гэх газрын сахиул Ганхуяг гэдэг хүнтэй танилцаад нэг машин модоо амралтын гадаа буулгаад Ганхуягийг ганц нэг мод хэрэглэж байгаарай гэж хэлээд орхисон одоо болтол тэр модоо аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн

Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтээр иргэн Б.М ы хууль бусаар бэлтгэн тээвэрлэсэн 16-32 см-ийн голчтой 22 ш хуурай шинэс модны нягт эзлэхүүнийг 1,003 мз-ээр тогтоож, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын "Ойн  экологийн  эдийн  засгийн үнэлгээ тогтоох тухай" 394 дүгээр тушаалаар батлагдсан аргачлал итгэлцүүрээр экологи эдийн засгийн үнэлгээг 96288 /ерэн зургаан мянга хоёр зуун наян найман мянган/ төгрөгөөр тогтоосон байна.

Ойн инженер О.Золжаргалын тогтоосон 96288 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг "Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар ойн санд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр өсгөн, энэ хуулийн 49.3-т зааснаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэсэн заалтыг тус тус үндэслэн 96288 төгрөгиин экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 288,864 төгрөгийн нөхөн төлбөрийг иргэн Б.М аас төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна гэх дүгнэлт /хх-43 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01 тал/, гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-18 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18/76  дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх-35-39 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №3 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээний акт /хх-47 тал/,  мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ /хх-67 тал/, тусгаарласан талбайн нөөц мөнгөн үнэлгээ /хх-68-69 тал/, №0083160 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-70 тал/  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 63 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-64 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохиролд 96288 төгрөгийг төлсөн баримт, бага насны хүүхдийн хамт ам бүл хоёул амьдардаг тухай Багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М  нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Хангал сумаас Орхон аймаг руу 77-43 ХӨВ улсын дугаартай “Daihatsu hijet” маркийн тээврийн хэрэгслээр 16-32 см-ийн голчтой 22 ш буюу 1.003 куб метр хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Л.Сайнгэрэл, гэрч Ж.Чулуун, Ц.Мөнх-Эрдэнэ, Т.Ганхуяг, П.Эрдэнэбат, Ш.Баяраа нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.  

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргажээ.

Шүүгдэгч Б.М ы дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль экологид бодитоор учирсан хохиролгүй байгаа, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

        Энэ хэрэгт шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/10 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 22 ширхэг буюу 1,003 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож шүүгдэгч Б.М аас албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, 77-43 ХӨВ улсын дугаартай ““Daihatsu hijet”” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож,  түүний өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М ы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид бодитой учирсан хохирол байхгүй байх тул түүний хохиролд төлсөн 96288 төгрөгийг торгуулийн ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б. М ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялаас түүний хохиролд төлсөн 96288 /ерэн зургаан мянга хоёр зуун наян найм/ төгрөгийг хасаж, үлдэх 353712 /гурван зуун тавин гурван мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг эхний сард 73712 /далан гурван мянга долоон зуун арван хоёр/ төгрөгөөр, сүүлийн дөрвөн сард  тус бүр  70000 /далан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг таван сарын хугацаагаар тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

       5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасныг баримтлан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/10 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 22 ширхэг буюу 1.003 м3 модыг шүүгдэгч Б.М аас албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, 77-43 ХӨВ улсын дугаартай ““Daihatsu hijet”” маркийн авто машины битүүмжлэлийг хүчингүй болгож,  түүний өмчлөгч эзэмшигчид нь буцаан олгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД