| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0062/Э |
| Дугаар | 00064 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 00064
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шинжээч Б.Жавхлан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Отгон-Очирт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000250033 дугаартай, 163/2018/0062/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Д овогт Н.О
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.О нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цармын эх” гэх нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 7303680 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мод бэлтгэх болсон шалтгааны хувьд хадам аав маань нас барсан хүүгийнхээ эхнэрийг нь орох оронтой болгох гэж надаар мод бэлтгүүлсэн юм. Тухайн үед би мод бэлтгэх газраа мэдэхгүй байж байтал хэдхэн хоногийн өмнө манай ой хамгаалагч миний мод бэлтгэсэн газраас мод бэлтгэн авсан. Тэгээд би ой хамгаалагчийнхаа мод бэлтгэсэн газраас мод бэлтгэж авсан. Тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэж авсан нь миний буруу байсан. Тухайн үед модыг ачаад явж байхад манай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа 2 саатуулж зогсоогоод байцаагч нь гарал үүслийг хянахаар бичиг баримт авч хянаад ямар ч зөрчилгүй байна гэж намайг явуулсан. Тэгээд Орхон аймаг руу модоо ачиж модоо буулгах газраа буулгасан. Дараа нь тусгаарлалт хийгдээгүй, очиж болохгүй газраас мод бэлтгэж авсан байна гэж шалгаж шүүхэд шилжүүлсэн, хохирол төлбөрийг төлөхөөр Бугат сумын Засаг даргын тамгын газартай тохиролцож, таван ханатай иж бүрэн 2 гэр өгөхөөр болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шинжээч Жавхлангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 02/104 албан тоотын 1815000250033 дугаартай эрүүгийн хэрэгт Бугат сумын 3 багийн “Цармын эх” гэх газарт бэлтгэгдсэн модны хожууланд үзлэг хийж шинжээчийн дүгнэлт гаргаж шинжээчид тавигдсан асуултын дагуу хариулсан. Уг асуултанд ямар төрлийн мод болохыг асуусан уг мод нь 17 ширхэг шинэс төрлийн нойтон мод бөгөөд уг мод нь болц гүйцсэн модны 7 ангилалд багтсан босоо, нойтон моднууд байсан ба хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргахын тулд огтолсон мод нь байхгүй байсан учраас хожуулан дээр нь хэмжилт хийж Монгол орны хангайн бүсийн шинэсэн ойд хэмжигддэг Сортментийн хэмжээний аргаар үнэлгээг нь гаргасан ба Монгол оронд хэмжигддэг сортментийн сортын дагуу бүх нийт эзэлхүүнээ хэрэглээ, түлээ, хаягдал гэж ангилж уг дүгнэлтийг гаргасан ба хэрэглээний нойтон мод нь Байгаль орчны сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын дагуу 1,8 метр куб, түлээний нойтон мод 1,4 –ээр итгэлцүүр нь бодогдож, 1 метр куб мод 96,000 төгрөгөөр үнэлэгдэж хэрэглээний нойтон мод 1,883,520 төгрөг, түлээний нойтон мод 551,040 төгрөг нийтдээ 2,434,560 төгрөг болж үнэлэгдсэн. Тухайн мод бэлтгэсэн газарт хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн мод тусгаарлалт хийгдээгүй, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн олгосон БУА 0165203 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон БУА-0165203, 008030 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг нь Бугат сумын 3 баг “Цармын эх” гэх газраас хэрэглээний мод бэлтгэж болохгүй мөн хугацаа хэтэрсэн, газар өөрчилсөн, мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй, мод бэлтгэх арга технологи зөрчиж хууль бусаар мод бэлтгэсэн зэрэг эрхийн бичгүүдэд эдгээр зөрчлүүд харагдаж байсан. Мод бэлтгэхдээ ашигласан дээрх эрхийн бичгүүд нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр БУА-1649244 дугаартай мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ 12 метр кубээр Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр нь бичиж олгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэнэ байгаа. Учир нь гэрээ хийгээгүй учир үндэслэлгүй хууль бус мод, модон материал дээр гарал үүслийн гэрчилгээ олгосон гэж үзэж байна гэх мэдүүлэг,
1815000250033 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Э.Пүрэвсүрэнгийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 12-ны үед Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Цармын эх” гэх газраас Начин овогт О нь хууль бусаар хэрэглээний мод бэлтгэж тээвэрлэж яваад манай цагдаагийнханд саатуулагдсан байсан гэх мэдүүлэг /хх-22-23 тал/
Гэрч Д.Б өгсөн: Би 2017 оны 10 дугаар сард Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаярт өргөдөл гарган шовгорын модны эрхийн бичиг байгаль хамгаалагч Ч.Булган-Эрдэнээр бичүүлж аваад хүргэн Н.Отгон-Очироор бэлдүүлэх гэж өгөөд бэлдүүлсэн. Манай хүргэн Н.О Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Цармын эх” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны үед модоо бэлтгэсэн байх гэх мэдүүлэг /хх-33 тал/
Гэрч Л.Ж өгсөн: Манай хүргэн Н.О Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Цармын эх” гэх газраас байшингийн зориулалтаар 30-н ширхэг мод бэлтгэж Орхон аймагт оруулсан гэх мэдүүлэг /хх-26-27 тал/
Гэрч Б.Ц өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 17 цагийн үед цагаан саарал өнгөтэй том ачааны Хово гэдэг машин өгсөөд явсан. Удалгүй модон дотор хөрөө дуугараад байсан. Хэзээ буцсаныг бол мэдэхгүй. Би хэн гэдгийг нь мэдээгүй...Том машин явахаас өмнө 13 цагийн үед цагаан шар өнгийн толгойтой улаан трактор өгсөөд 16 цагийн үед буцаад явсан гэх мэдүүлэг /хх-28-29 тал/
Гэрч Ш.Э өгсөн:Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Цармын эх” гэх газарт хэрэглээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт огт хийгдээгүй газар байгаа юм....Жижиг хэрэглээний эрхийн бичгээр ямар ч тохиолдолд мод унагаж болохгүй. Ойг цэвэрлэх журмаар үндсээрээ булгарч унасан унанги модноос бэлтгэх эрхийн бичиг байгаа юм гэх мэдүүлэг /хх-30 тал/
Гэрч Ч.Б өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын эхэн үеэр манай тракторыг гуйгаад аваад явсан байсан Бугатын “Цармын эх” гэх газарт очих гээд явсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-31 тал/
Гэрч Ч.Г өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын эхэн үеэр намайг хотод байхад надруу залгаад “Ахдаа трактороо өгөөч” гэхээр нь тэг тэг хашаанд байгаа очоод ав гэж хэлсэн. Надад хэлэхдээ Бугатын эх “Цармын эх” гэх газарт очиж чиргүүл авчирна гээд явсан гэх мэдүүлэг /хх-32 тал/
2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №03 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээний акт /хх-36 тал/, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний акт /хх-40 тал/, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18/83 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-42-45 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-14 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15-16 тал/, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл /хх-18-19 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цармын эх” гэх нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 7303680 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч Э.Пүрэвсүрэн, гэрч Д.Б, Л.Ж, Б.Ц, Ш.Э, Ч.Б, Ч.Г нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №03 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээний акт, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний акт, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18/83 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч тусгаарлалт хийгдээгүй, уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.О дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 2434560 төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 7303680 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эклоги эдийн засгийн үнэлгээр тогтоогдсон хохирол 7303680 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, Булган аймгийн Бугат сумын Тамгын газартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2018 оны 04 дүгээр сарын 03-ны 5/09 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.О зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн 30 ширхэг модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.О иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Н. О зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.О 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.О 450000 төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.О эвлэрлийн гэрээгээр тохиролцсон 7184680 төгрөг /монгол хийцийн 5 ханатай иж бүрэн гэр 2 ширхэг/-ийг гаргуулж хохирогч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 04 дүгээр сарын 03-ны 5/09 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.О зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн 30 ширхэг модыг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хүрэн өнгийн цахилгаан хөрөөг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ