Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/26

 

 

 

 

 

 2024         04        25                                         2024/ДШМ/26

 

   Д.М, Э.Ж нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Г,

Шүүгдэгч: Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Д.Урангоо нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Ггийн эсэргүүцлээр Д.М, Э.Ж нарт холбогдох .......................... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 000т Дийн М, 000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн О сумын 1 дүгээр баг, Оын ..... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн .... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн ..... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар бүгд 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны .... дугаар сарын ....-ны өдрийн 2019/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн 2019/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн /регистрийн дугаар ................/.

 Монгол Улсын иргэн, Ар тогоруутан овогт Эгийн Ж, 000 оны .... дугаар сарын .....-ний өдөр Хөвсгөл аймгийн О суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн О сумын 1 дүгээр баг, Оын .....тоотод оршин суух бүртгэлтэй , ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

 Д.М, Э.Ж нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг “Л” гэх газарт хураасан байсан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны 1 дүгээр сарын 15-аас 16-ны шилжих шөнө машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5,656,500 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Эн Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Дийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Хотгойд овогт Дийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Дийн Мийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 1 ( нэг ) жил, 6 ( зургаа ) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “bongo 3” загварын ...... ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.Дгийн эзэмшил өмчлөлд үлдээж, шүүгдэгч Д.Мээс тээврийн хэрэгслийн үнэ 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийн цагдан хоригдсон 96 (ерэн зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь хохирогч Р.Лид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Г эсэргүүцэлдээ: ...Дээрх шийтгэх тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч Э.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь хавтаст хэргийн 82-84 дүгээр талд гэрч Н.Ггийн “...2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Д.М, Э.Ж нар өвс ачих гэж манай гэрт ирээгүй. Д.М манайд ирдэггүй. Би ч Мтэй уулздаггүй юм. Манай “А” 2 дугаар багийн нутагт манай ойролцоо айлуудад өөр Г гэдэг нэртэй хүн байхгүй. Намайг л нутгийн хүмүүс Г гэж дууддаг юм. ...2022 оны намар Р.Л О сумын Ар тархи 2 дугаар багийн нутаг Ланд өвс хадаж пресс хийж хурааж орхисон байсан. ...Д.М өвс ачих гэж О сумын А 2 дугаар багийн нутаг руу явахдаа манай гэрт ирээгүй, надтай ерөөсөө уулзаагүй. Би Д.Мт Ланд-хураасан пресс өвсийг зааж өгөөгүй, би тухайн хураалгаастай пресс өвснөөс ачаад ав гэж хэлсэн удаа ч байхгүй. ...Д.Мт О сумын Ар тархи 2 дугаар багийн нутгийн хүмүүс пресс өвс өгөх өглөгтэй, Д.М пресс өвс худалдаж авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг авагдсан байхад

Шүүгдэгч Э.Жы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хөвсгөл аймгийн О сумын Мандал багт байх Д.Мийн гэрт түүнтэй хамт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байж байтал 18 цагийн үед Д.М надад хандаж “Ар тархиас моринд өвс ачаад ирье, хамт явъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрч, бид хоёр н.Л ахын Бонго-3 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй 19 цагийн үед сумын төвөөс хөдлөөд өвс байх газарт очихоосоо өмнө нь замаараа Ганаа гэх айлаар орсон. Ороход Ганаа гэх хүн ганцаараа байсан. Д.М, Г хоёр өвсний талаар юм ярьж байх шиг байсан, би ч сайн анхаарч сонсолгүйгээр гадаа гараад тамхи татаж байгаад буцаад гэрт нь ортол Д.М “хоёулаа явъя” гээд бид хоёр Г-гийн гэрээс урд зүгт 2 километрийн зайд байх өвс байгаа газарт нь тэр шөнө 23 цагийн үед очсон. ...Тэндээс Д.М бид хоёр тоололгүйгээр Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн тэвш нь дээр тухайн шөнөдөө дүүртэл 2 удаа ачиж сумын төвд байх Д.Мийн амбаарт тээвэрлэж авч ирээд буулгасан. Д.М бид хоёр ачсан өвсөө тоолоогүй. Би бол Д.Мтэй тэндээс өвс 2 удаа ачихад л хамт явсан..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Бас би 120 ширхэг боодол өвсийг ачихдаа Бонго-3 маркийн .... ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслээр яваагүй юм. Ачихдаа Свиди Кантер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслээр Э.Жы хамт ачсан юм. ...Тухайн үед бид хоёр өвс ачихынхаа өмнө Ганаа гэх айлаар орж би Ганаагаас өөрийнхөө 150 бухал өвсийг асуухад мэдэхгүй гэсэн зүйлийг ярихаар нь би Ганаагийн гэрээс урд талд байх О сумын Ар тархи 2 дугаар баг Л гэх газарт байсан нуруулдсан өвснөөс 2 удаагийн ачилтаар 120 ширхэг боодол өвс л авсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, “шүүгдэгч Э.Ж нь Хөвсгөл аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг “Л” гэх газарт хураасан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны 01 дүгээр сарын 15-аас 16-ны шилжих шөнө Д.Мтэй хамт ачсан нь тогтоогдсон хэдий ч бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Мөн яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлгийг батлах баримт хэрэгт тусгагдаагүй.

Яллах дүгнэлтэд дурдсан хавтаст хэргийн 82-84 дүгээр талд авагдсан хуульд заасан эрх, үүрэг сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн гэрч                   Н.Г-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй талаараа шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн” бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр заасан.

Шүүгдэгч Э.Жыг анхан шатны шүүхээс өөрийн үйлдлээ бусдаас нууж, өөрийн үйлдлийг үгүйсгэх, эсхүл уг 419 ширхэг боодолтой өвсийг борлуулж ашиг олох гэсэн үйлдэл хийгээгүй, Д.Мийн гуйлтын дагуу түүнтэй хамт явж өвс ачсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн субьектив талын шинжийг бүрэн агуулаагүй гэж дүгнэсэн байх боловч шүүгдэгч Э.Ж, Д.М нарын шийтгэх тогтоолд бичигдсэн биеийн байцаалт, Хөвсгөл аймгийн О сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 51-52 дугаар талд гэрч Ж.М-ын “...Д.М, Э.Ж нар хоорондоо төрөл садан болохоор ээж болох Н.Д дүү нарынхаа хамт О сумын Мандал багийн Оын 4-3 тоотод оршин суудаг...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 55- 56 дугаар талд гэрч Н.Даваасүрэнгийн “...Харин Э.Ж өчигдөр гэртээ ирж хоносон юм...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар Хөвсгөл аймгийн О сумын 1 дүгээр баг Оын 3-4 тоотод хамт оршин суудаг буюу нэг хаягт амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Э.Ж нь шүүгдэгч Д.Мийг бусдаас авах өвсгүй, өөрийн бэлтгэсэн малд өгөх өвс байхгүй гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой тул шүүгдэгч Э.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Үүнээс гадна Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Мийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон зүйлчлэлийг өөрчилж” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь яллах дүгнэлтэд журамласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн үндэслэлд хамаарахгүй юм. “Зүйлчлэл” гэж яллагдагч, шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, заалтад нийцэж байгаа талаарх ойлголт бөгөөд дээрх тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- т заасан “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашигласан үйлдэлд нь шүүгдэгч Д.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байх тул шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь: хэсгийн 2 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзнэ.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч Д.М, Э.Ж нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Э.Жы үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 419 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.М, Э.Ж нарыг Хөвсгөл аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг Л гэх газарт хураасан байсан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг 2023 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,656,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Жыг Хөвсгөл аймгийн О сумын 2 дугаар багийн нутаг Л гэх газарт хураасан байсан Р.Лийн 419 ширхэг боодолтой өвсийг ....оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна. ...Э.Ж нь дээрх үйлдлээ бусдаас нууж өөрийн үйлдлийг үгүйсгэх, эсхүл уг 419 ширхэг боодолтой өвсийг борлуулж ашиг олох гэсэн үйлдэл хийгээгүй, өөрөөр хэлбэл Д.Мийн гуйлтын дагуу түүнтэй хамт явж өвс ачсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн эзэмшилд бүрмөсөн шилжүүлэн авч, захиран зарцуулж ашиг олох гэсэн хулгайлах гэмт хэргийн субьектив талын шинжийг бүрэн агуулаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь шүүгдэгч нар нь нэг хаягт оршин суудаг, Д.М малдаа өгөх өвсгүй гэдгийг мэдэх боломжтой байсан бөгөөд түүнтэй шөнийн цагаар 2 удаагийн үйлдлээр хариуцсан эзэнгүй хураалттай өвсийг машин механизм ашиглан авсан үйлдлийг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно“ гэж заасан ба Э.Жы үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Энэ талаар гаргасан  прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2338001140473 дугаартай прокурорын тогтоолд “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гарган ирүүлсний дагуу мөн өдөр хянаад...”-д Э.Жд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Гэтэл хавтаст хэрэгт Э.Жд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал авагдаагүй байна.

Мөн хавтаст хэрэгт сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн  мөрдөгчийн тогтоолоор сэжигтэн Д.Мийг баривчилж, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор 1 жил 1 хоногийн дараа сулласан мэт техникийн шинжтэй алдаа гаргажээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Мийн 96 хоног цагдан хоригдсон хоногийг дурдаж шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсэгт цагдан хоригдсон 96 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь тогтоолд заасан дүгнэлт нь “Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга  хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон” тухай тусгана гэснийг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох юм.

Дээрх үндэслэл, нөхцөл байдлууд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.”, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх”, зэрэг үндэслэл, журамд нийцээгүй болохыг илэрхийлж байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/53  дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                       Н.БАЯРХҮҮ