Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2022/00004

 

 Г.*******гийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн

түүх угсаатны зүй байгалийн музейд холбогдох иргэний хэргийн тухай

 

 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2021/00598 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музейд холбогдох

Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музейд хадгалагдаж байгаа унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, , хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.*******, Д.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чингүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2010 оны 07 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музей нь унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамалд анхдагчаар огноотойгоор бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэн тэмдэг авч Оюуны өмчийн мэдээлэл сэтгүүлийн 2010 оны 12 дугаарт хэвлэгдэн гарсныг 2019 оны 11 сард мэдсэн. Дээрх унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамал нь Баянхонгор аймгийн Баянхонгор сум 4 дүгээр баг угалз 11 дүгээр гудамж 63 тоот хаягт оршин суух ******* овогтой *******д өв дамжин уламжлагдан ирсэн. *******гийн аав гийн ******* нь дээрх цутгамлыг өөрийн төрсөн хүү болох *******д үе дамжуулан шүтэж яваарай гэж захиж үлдээсэн байдаг. ******* өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн шүтээнээ хадгалж хамгаалж 20 жилийг өнгөрөөсөн. Дээрх цутгамал нь ******* болоод өвөг дээдсээс нь үлдээсэн түүхийн хосгүй үнэт бүтээл юм. Гэвч Г.*******гийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутуу байдлыг ашиглан Баянхонгор аймгийн Түүх угсаатны музей, тухайн үеийн музейн ажилтан гэх хүн удаа дараа ирж танайд энэ хос хүрэл морь байж болохгүй, таарахгүй, музейд байх ёстой гэж сүрдүүлж байгаад гэртээ байхгүй үед нь эхнэрээс нь аваад явсан байдаг. Тэр үеэс хойш миний өвөө шүтээн маань музейд хадгалагдаж байгаа миний өмч гэсэн ойлголттой байсан боловч Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүй, байгалийн музейн 2019 оны 10 сарын 23 ны өдрийн 133 дугаартай албан бичгэнд 1980 онд Г.******* нь музейд бэлэглэсэн нь үнэн болно гэсэн албан бичиг өгсөн бөгөөд манай өвөө ямар нэгэн байдлаар музейд өгсөн, бэлэглэсэн юм огт байхгүй бөгөөд эзгүй хойгуур нь аваад явсан гэдэг. Энэхүү үйлдлээс нь үзэхэд Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музей нь хууль бус аргаар унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлыг өмчлөлдөө авсан гэж үзэж байна. Миний өвөө энэ цутгамлыг үе дамжуулан хадгалж хамгаалж ирсэн бөгөөд зөвхөн өөрөө гэхэд л 20 жил эзэмшиж, хайрлаж хамгаалж ирсэн. Үүнээс үзэхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу энэхүү Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгч нь Г.******* гэж үзэх үндэслэлтэй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0409 дугаар бүхий шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Г.*******г Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний өвөө *******ын ******* нь гийн ******* гэх хүний хүү юм. нь нас барахдаа энэхүү Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлыг үе дамжуулж шүтэж яваарай хэмээн өөрийн хүү *******тоо өвлүүлсэн байдаг. Ингээд Г.*******д ирсэн бөгөөд 3 үе дамжин өвлүүлсэн үнэт зүйл байдаг. Гэтэл энэ үнэ цэнтэй зүйлийг нь Г.*******г гэртээ байхгүй, эзгүй хойгуур нь өөрөөс нь зөвшөөрөл авалгүй гэрээс нь Баянхонгор аймгийн Музейд ажилладаг гэх н. нь аваад явсан байдаг. Г.******* нь өөрөө тухайн цутгамал музейд хадгалагдаж байгаа гэсэн ойлголттой байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр музейд бэлэглэсэн гэсэн албан бичийг хүлээн авсан, бидний хувьд музейд бэлэглэсэн зүйл байхгүй бөгөөд энэ албан бичиг ирж бид энэхүү цутгамал нь Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейн өмч болсон гэдгийг мэдсэн тул шүүхэд маргаан үүсгээд явж байна. Миний өвөө Г.******* нь музейн зүгээс мөнгөн урамшуулал авч байгаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан материал дээрээс харахад мөнгөн урамшуулал олгосон гэх баримт дээр Б.******* гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр гийн ******* гэх хүн нь музейн зүгээс олгосон мөнгөн урамшууллыг авсан байж болзошгүй юм. Бичлэг хийсэн гэдгийг манай өвөө огт мэдэхгүй гэж тайлбарладаг учир хэрэв тийм бичлэг хийгдсэн бол энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Музейд хадгалагдаж байгаа Хос хүрэл адуу үзмэр нь тус музейн 1986 оны анхны тооллогын дансанд 1980 оны 01 сарын 01-ний өдөр музейд Г.******* бэлэглэсэн. Олдсон газар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Уул хайрхан хэмээн тэмдэглэсэн байна. Үүний дараа 1989, 1992, 1996, 2003, 2005, 2007, 2012 оны данснуудад мөн бүртгэгдсэн байдаг. Одоо баримталж байгаа 2019 оны улсын тооллогын Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн дэвтрийн 1678 дугаар дэсэд Хос хүрэл адуу нэртэй 80.1.3 хувийн дугаартай өндөр 8.5 см, урт 6 см, өргөн 3 см, жин 177 гр, холбогдох он цаг нь МЭӨ 4-3 дугаар зуун буюу хүрэл зэвсгийн үе, төрөл зүйл нь Археологийн олдвор гоёл чимэглэлийн эд зүйл хэмээн бүртгэгджээ. Археологийн олдвор нь Монгол улсын өмч, археологийн олдвор гэдэг нь газрын хөрсөнд олон зуун жил дарагдсан түүхийн гэрч болох эд өлгийн зүйлс юм. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30.1-д Түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн хэмээн заасан байдаг. Иймээс аливаа археологийн олдвор нь Монгол улсын өмч бөгөөд одоогийн хуулиар хувь хүний өмчлөлд байх боломжгүй юм. Түүнчлэн 1980 оны БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах тухай 1970 онд батлагдсан хуулийг мөрдөж байсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлд БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг улсын хамгаалалтад авна хэмээсэн заалт байсан болно. Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музейн сан хөмрөг дэх 80.1.3 хувийн дугаартай, хос хүрэл адуу үзмэр нь иргэн Г.******* болон түүний өвөг зохиож урлаагүй, мөн захиалж бүтээлгээгүй. Тухайн үедээ Бууцагаан сумын Уул хайрхан хэмээх газраас олоод музейд бэлэглэсэн тул музей үзмэрийн бүтээлдээ авч олон жил хадгалан хамгаалж ирсэн байна. Иймээс тус музей нь хос хүрэл адууны үзмэрээ лого буюу барааны тэмдэгт болгон ашиглахад холбогдох хуулиудын дагуу бүрэн эрхтэй хэмээн үзэж байна. Г.*******г 2017 оны 04 сард музейн захиргаанаас урамшуулж алдаршуулах зорилгоор аймгийн ИТХ-ын Соёрхол одон, мөнгөн урамшуулал гардуулах үеэр өөрийн өгсөн яриа тайлбарт хаанаас яаж олдсон, музейд өгсөн зэргийг видео бичлэгт хадгалагдан үлдсэн байдаг. 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 133 тоот албан бичиг нь өөрсдийн гаргасан хүсэлтийн дагуу албан тоот гаргаж өгсөн болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн *******ын *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь 2019 онд манай байгууллагад хүсэлт гаргасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 133 тоот албан бичгийг гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл дээрээ дурдсан Г.*******г гэртээ байхгүй эзэнгүй хойгуур нь эхнэрээс нь уг үзмэрийг аваад явсан гэх асуудал дээр тайлбар хийхэд манай байгууллагаас 2017 онд Г.*******г Баянхонгор аймгийн Хүндэт иргэнээр тодорхойлсон боловч шаардлага хангахгүй гэсэн тул Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал болох Соёрхол одонгоор түүнийг шагнаж байсан. Шагналыг гардуулж байх үеэр Г.******* нь энэхүү үзмэрийг хэрхэн яаж бэлэглэж байсан талаараа тодорхой ярьсан видео бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар Г.*******г эзэнгүй хойгуур нь хос морины цутгамлыг авсан гэдэг асуудалд тайлбар хэлэхэд *******ын ******* нь 2006 онд музейд өөрийн биеэр ирж дахин музейн зүгээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэх утга бүхий хүсэлтийг бичиж иргэний үнэмлэхээ хавсаргасан байдаг. Энэ баримтыг байгууллагын архиваас гаргуулж дардас даруулан хэргийн материалд хавсаргасан. Хуурамч материал бүрдүүлсэн зүйл байхгүй юм. Тухайн үзмэрийг музейд 1980 онд Г.*******гийн өгсөн 41 жилийн турш музейд сурталчлагдаж байгаа манай МЭӨ 3-4 дүгээр зууны үед бүтээгдсэн, хүрлийн үеийн томоохон олдвор байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Бүгд Найрамдах Монгол Ард улсын Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар газрын хэвлий, өнгөн хэсэгт байгаа археологийн олдворууд нь монгол улсын өмч юм гэж хуульчилсан байдаг. Мөн одоо мөрдөгдөж байгаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар Монгол улсын газар нутаг дээр байгаа газрын хэвлий болон газар дээр байгаа археологийн олдворууд нь монгол улсын өмч юм гэж хуульчилсан байдаг гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан уг унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Монгол улсын хэмжээнд музейд хадгалагдаж байгаа бүх үзмэрүүд нь монгол улсын өмч гэж хуулинд заасан байдаг тул уг үзмэрийн өмчлөгчөөр иргэн Г.*******г тогтоох боломжгүй юм. Музейн зүгээс иргэн Г.*******д мөнгөн урамшуулал олгож байсан талаар баримтуудыг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа түүхээс арай өөр түүхийг ярьж байгаа видео бичлэгийг үзүүлэх нь зүйтэй юм. Мөнгө олгосон 2006 оны баримтад Б.******* гэж санамсаргүй алдаа гаргасан байж магадгүй юм. Тухайн үед ажиллаж байсан н.Маахүү даргыг хэрэгт гэрчээр оролцуулж болно. Энэ үзмэрийг музейд өгчихөөд 20-иос 30 жилийн дараа үзмэрт зориулсан хөшөө дурсгал босож энэ үзмэрээр Баянхонгор аймгийн 9 алдартанд зориулсан шагнал бий болж үзмэрийн үнэ цэнэ өсөж, олон хүнд танигдан ирсэн энэ үед өмчлөл манайх байх ёстой гэсэн байдлаар хандаж байгаа нь байж боломгүй зүйл гэж хэлмээр байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн / Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музей/ музейд хадгалагдаж байгаа унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгч нь Г.******* мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейгээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас хэрэгт эд мөрийн баримтаар гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн Г.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй-байгалийн музейн захирал Р.******* миний бие Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2021/00598 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байгаа “Хос хүрэл адуу” үзмэр нь тус музейн 1986 оны анхны тооллогын дансанд “1980 оны 01 сарын 01 өдөр”, “музейд Г.******* бэлэглэсэн”, олдсон газар “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Уул хайрхан хэмээн тэмдэглэсэн байна. Үүний дараа 1989, 1992, 1996, 2003, 2005, 2007, 2012 оны данснуудад мөн бүртгэгдсэн байдаг. Одоо баримталж байгаа 2019 оны улсын тооллогын “Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн” -ийн дэвтрийн 1678-р дэсэд “Хос хүрэл адуу” нэртэй 80.1.3 хувийн дугаартай өндөр 8.5см, урт 6 см, өргөн З см, жин 177 гр, холбогдох он цаг нь МЭӨ 4-3-р зуун буюу хүрэл зэвсгийн үе төрөл зүйл нь “археологийн олдвор гоёл чимэглэлийн эд зүйл” хэмээн бүртгэжээ.

Археологийн олдвор нь гэдэг нь газрын хөрсөнд олон зуун жил дарагдсан түүхийн гэрч болох эд өлгийн зүйлс юм. Одоо мөрдөгдөж байгаа Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30.1-д “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. Иймээс аливаа археологийн олдвор нь “Монгол улсын өмч” бөгөөд одоогийн хуулиар хувь хүний өмчлөлд байх боломжгүй юм. Түүнчлэн 1970 онд батлагдсан “БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах” тухай хуулийн 6-р зүйлд “БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг улсын хамгаалалтад авна” гэж заасан.

Мөн Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей нь хууль ёсны эзэмшигч нь мөн бөгөөд музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага МNS 5634:2006 Монгол улсын стандартын 12.4.2-т заасны дагуу “Музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн үзмэр нь тухайн музей эзэмшигч болохыг баталгаажуулсан хууль эрх зүйн баримт бичиг мөн” хэмээн заасан байхад шүүх “...хариуцагч тал нэхэмжлэлийн зүйлийг 1980 онд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бол 40 жилийн хугацаанд цутгамлыг өмчлөгч болохоо улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж тогтоолгох бүрэн боломжтой байжээ” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” Гэж заасан нотлох баримт байсаар байтал үнэлээгүй.

Хэдийнээ эзэмшилдээ бүртгүүлсэн нь 1986 оны ерөнхий бүртгэлийн дэвтрийн 52 дугаар хуудасны 1736 дэсэд бүртгэлтэй “Хос хүрэл адуу” тус музейн 1986 оны анхны тооллогын дансанд “1980 оны 01 дүгээр сарын 01 өдөр” Музейд Г.******* бэлэглэсэн. Олдсон газар “Баянхонгор аймаг Бууцагаан сум Уул хайрхнаас олдсон байна. Үүний дараа 1989, 1992, 1996, 2003, 2005, 2007, 2012 оны данснуудад мөн бүртгэгдсэн байдаг. Одоо баримталж байгаа 2019 оны улсын тооллогын “музейн үзмэр, эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн дэвтрийн 1678 дэсэд Хос хүрэл адуу нэртэй 80.1.3 хувийн дугаартай өндөр 8.5см, өргөн З см, урт 6 см, жин 177 гр, холбогдох он цаг нь МЭӨ 4-3 зуун буюу хүрэл зэвсгийн үе, төрөл зүйл нь “Археологийн олдвор гоёл чимэглэлийн эд зүйл” гэж байгаагаар нотлогдож байгаа юм.

Мөн шүүх “Түүх, соёл шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл” мөн эсэхийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэрчилгээ авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй” гэсэн нь нотлох баримтыг үнэлээгүй. Учир нь Соёлын өвийн үндэсний төвөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 44 тоот албан бичгээр тус музейн “Хос хүрэл морины” тухай тодорхойлолт гаргаж өгсөн байдаг.

Дээрх нотлох баримт, үндэслэлүүдээр тус музейд бүртгэлтэй уг үзмэр нь тухайн үе болоод одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор Монгол улсын өмч гэж үзэж байгаа болно.

Тус музей нь 1949 онд байгуулагдсан бөгөөд 10000 гаруй үзмэртэй нийт үзмэрийн 80- 90% нь сайн санаат иргэдийн хандив бэлэглэлээр бүрдэж музейд өгсөн тухайн иргэдийн нэрээр сурталчлагдаж, иргэд олон түмнээ соён гэгээрүүлж байна.

Иргэн Г.*******гоос “Хос хүрэл адуу” үзмэрийг хууль бус аргаар авсан гэх нь үндэслэлгүй юм. Г.*******г 2017 оны 4-р сард музейн захиргаанаас урамшуулж алдаршуулах зорилгоор аймгийн ИТХ-ын дээд шагнал Соёрхол одон, мөнгөн урамшуулал гардуулах үеэр өөрийнх нь албан ёсны зөвшөөрлийн дагуу хийсэн видео бичлэгийн 5 минут 01 секунд дээр тухайн үеийн музейн тайлбарлагч байсан - д өөрийн хүсэлтээр өгсөн /бэлгэлсэн/ талаар ярьж байгаа нь видео бичлэгээр нотлогдож байгаа юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Г.******* нь 1980 онд Хос хүрэл морь үзмэрийг музейд бэлэглэсэн.... тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх боловч ....хэлцэл хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй” гэж дурдсаныг зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх нотлох баримтыг үнэлээгүй буюу дээр дурдсан видеог үзээгүй, оролцогчдод үзэх боломжоор хангаагүй /notebook, суурийн компьютер нь гацаад ажиллаагүй/ нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд иргэн Г.******* нь тус археологийн олдворыг музейд хадгалуулаагүй, эзэмшүүлээгүй бэлэглэсэн болох нь нотлогдож байгаа учраас 1970 онд батлагдсан “БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах" тухай хуулийн 6-р зүйлд “БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг улсын хамгаалалтад авна” гэж заасанчлан төрийн өмч мөн тул үзмэрийг Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй-байгалийн музей нь эзэмшилдээ хууль ёсны дагуу шилжүүлсэн байдаг.

“Г.*******гоос уг хүрэл морийг тухайн үеийн тайлбарлагч авахдаа энэ эд зүйл айлд огт байж болохгүй музейд байвал зүйд нийцэх талаар ухуулан сэнхрүүлж гэх үйлдэл нь зохигчдын нэхэмжлэл, тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.” гэж шүүх дүгнэжээ.

Энэ нь нотлогдох ямар ч боломжгүй бөгөөд шүүх дүгнэлт гаргах боломжгүй байхад буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.Тэсэн заалтыг илт зөрчиж нэхэмжлэгчийн талд давуу байдал үүсгэж байна гэж үзэж байна. Учир нь тухайн үед ажиллаж байсан гэх тайлбарлагч нь одоо амьд сэрүүн байхгүй, 2017 онд Г.******* шагнал гардаж авах үеэр нь хийгдсэн видео бичлэгт д өөрөө өгсөн гэх ярианаас харж болох юм.

Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музей нь хууль ёсны эзэмшигч болохынхоо хувьд Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага МNS 5634:2006 Монгол улсын стандартын 12.4.2-т заасны дагуу “Музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн үзмэр нь тухайн музей эзэмшигч болохыг баталгаажуулсан хууль эрх зүйн баримт бичиг мөн хэмээн заасан байдаг тийм ч учраас тус музейд бүртгэлтэй уг үзмэр нь тухайн үе болоод одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор Монгол улсын өмч гэж үзэж байгаа болно.

Г.*******гоос Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын 2010 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 8471 дугаартай унагаа дээрээ зогсоосон хос морины дүрслэл бүхий барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон.

Иймд нотлох баримтыг шүүх дутуу үнэлж, бүрдүүлсэн, бодит нөхцөл байдалд тулгуурлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны 131/ШШ2021/00598 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.*******гийн давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейд холбогдуулан өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн “ Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрстэй цутгамал”-ын өмчлөгч нь Г.******* мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* “...3 үе дамжин өвлүүлсэн үнэ цэнтэй зүйлийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр музейд бэлэглэсэн гэсэн албан бичийг хүлээн авсан, бидний хувьд музейд бэлэглэсэн зүйл байхгүй, энэхүү цутгамал нь Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейн өмч болсон гэдгийг мэдсэн. Мөнгөн урамшуулал олгосон гэх баримт дээр Б.******* гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр гийн ******* гэх хүн нь музейн зүгээс олгосон мөнгөн урамшууллыг авсан байж болзошгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Г.*******г Унагаа дээрээ зогсоосон хос морины дүрс бүхий цутгамлын өмчлөгчөөр тогтоолгоно...” гэж,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар “...Баянхонгор аймгийн Музейд хадгалагдаж байгаа Хос хүрэл адуу үзмэр нь Археологийн олдвор гоёл чимэглэлийн эд зүйл хэмээн бүртгэгдсэн, Монгол улсын өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэжээ.

Маргааны зүйл болох, одоо Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд байгаа “нэг нь нэгнийхээ дээр зогссон хүрэл адууны цутгамал буюу” Хос хүрэл адуу” өндөр 8.5 см, урт 6 см, өргөн З см, жин 177 гр археологийн олдвор гоёл чимэглэлийн эд зүйлийг нэхэмжлэгч Г.******* нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр аймгийн музейд бэлэглэсэн болох ...“индекс 80-I-3, нэг нь нэгнийхээ дээр зогссон хүрэл адууны цутгамал, Бууцагаан сумын 4 дүгээр бригад Уул хайрхнаас олдсон, 1980 оны 1.1-нд Г.******* бэлэглэсэн” гэх музейн 1986 оны тооллогын бүртгэл, тус музейн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133 тоот албан бичиг зэргээр тогтоогдсон байна./ хавтаст хэргийн 48, 63/

Мөн түүнчлэн дээрх “нэг нь нэгнийхээ дээр зогссон хүрэл адууны цутгамал буюу “Хос хүрэл адуу” нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.6-д тус тус зааснаар соёлын биет өв, архелогийн олдвор болохынхоо хувьд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл ажээ.

Маргааны зүйл болох нэг нь нэгнийхээ дээр зогссон хүрэл адууны цутгамал” буюу “Хос хүрэл адуу” цутгамлыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Уул хайрхан” гэх газраас олж байсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд археологийн олдвор, эд өлгийн зүйлс болохынхоо хувьд Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу үзэхэд аливаа олдвор нь төрийн өмч мөн гэж хуульчилжээ.

 Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах” тухай хуулийн 6-р зүйлд “БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг улсын хамгаалалтад авна” гэж тус тус заасны дагуу Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд авсан 1976 нэр төрлийн олдворуудын нэг нь дээрх олдвор гэж үзнэ. /Хэргийн 46-49 дүгээр тал/

Нөгөө талаар Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музей нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Музейн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4 -т тус тус зааснаар тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, соёл, эрдэм шинжилгээний байгууллага болохынхоо хувьд дээрх соёлын биет өвийг 1980 онд ерөнхий бүртгэлдээ бүртгэж, одоог хүртэл музейн өмчийн соёлын үнэт зүйл болох үзмэр болгож 40 жил болсныг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч “... Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музей нь дээрх олдворын хууль ёсны эзэмшигч болох нь музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага МNS 5634:2006 Монгол улсын стандартын 12.4.2-т заасны дагуу “Музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн үзмэр нь тухайн музей эзэмшигч болохыг баталгаажуулсан хууль эрх зүйн баримт бичиг мөн” гэж зааж баталгаажуулсан байхад анхан шатны шүүх “ ..хариуцагч ... 1980 онд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан бол 40 жилийн хугацаанд цутгамлын өмчлөгч болохоо улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж тогтоолгох бүрэн боломжтой байжээ” гэж дүгнэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, бодит нөхцөл байдалд тулгуурлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдол хуулийн үндэслэлтэй байна.

Иймд нэг нь нэгнийхээ дээр зогссон хүрэл адууны цутгамал” буюу “Хос хүрэл адуу” цутгамал буюу соёлын биет өв, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн өмчлөгч нь нэхэмжлэгч Г.******* болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2021/00598 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2021/00598 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгон, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

                        Л.НЯМДОРЖ