Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00070

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б ид холбогдох эрүүгийн 1815000000037 дугаартай, 163/2018/0065/Э индэкстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Г.Б   

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 03 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Арцат могойн байр 1-р орц 1 тоот “гар утас засвар”-ын вакум цонхоор хууль бусаар нэвтэрч /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч/ 4 ширхэг Samsung S6 гар утас хулгайлж/ 280800*4 /1,123200/ төгрөгийн, мөн бэлэн 20000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.                                                                   

1815000000037 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ч.П ын өгсөн: Намайг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ ирэхэд манай гар утас засварын цонх онгорхой байсан ба би тухайн үед бодохдоо хулгай орчихсон юм байхдаа гэж бодоод тоогоогүй. Учир нь миний Улаанбаатар хотоос авчирсан лангуун доор байсан утаснуудаа харахад ууттайгаа байх шиг байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг 50 минутын орчим ажилдаа ирэхэд манай ажлын хаалганы хажуу талын цонх нь онгорхой байхаар нь гар хүрэлгүй шууд цагдаагийн газар луу ярьж дуудлага өгсөн. Цагдаа орж ирж үзлэг хийсний дараа би гар утаснуудаа бүртгэж үзэхэд лангууны доор ил байсан хар хөх өнгийн 2 ширхэг, алтан шаргал өнгийн 1 ширхэг, цагаан өнгийн 1 ширхэг нийтдээ 4 ширхэг Samsung S6 маркийн гар утас байхгүй болсон байсан бусад гар утаснуудаа бүртгэж үзэхэд бүрэн бүтэн байсан гэх мэдүүлэг /хх-20-21 тал/

Гэрч Э.С өгсөн: Өнөөдөр өглөө 10 цагийн үед миний утас руу манай нөхөр залгаад манай гар утас засварын газар хулгай орсон байна. Би цагдаад дуудлага өгчихлөө. Цагдаа намайг битгий юманд нь хүрээрэй гэсэн гэж хэлэхээр нь би ажлаасаа шууд нөхрийнхөө ажил руу очсон. Цагдаагийнхан үзлэг хийж дууссаны дараа би утаснуудаа бүртгэж үзэхэд миний өчигдөр оройны лангуун дээрээс хайрцаганд далд хийсэн гар утаснууд бүгд хайрцагандаа байсан. Харин лангууны тавцан дээр ил байан Samsung S6 маркийн гар утас 4 ширхэг байхгүй болсон байсан. Бас нөүт 5 маркийн гар утасны хар өнгийн гэр байхгүй байсан гэх мэдүүлэг /хх- 22-23 тал /

Гэрч Т.Б өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед би Пагмадуламын хамтаар Улаанбаатар Булганы хооронд явдаг автобуснаас юм тосож авсан түүнийг үзвэл хайрцаганд хийсэн утас, утасны дэлгэцнүүд байсан. Үзвэл 6 ширхэг Samsung S6, 3 ширхэг Samsung S5 маркийн утаснууд байсан. Мөн хэдэн ширхэг утасны дэлгэцнүүд байсан. Пагмадулам түүнийгээ зарна гэж хэлж байсан бид хоёр хотоос ирсэн хайрцагтай юмыг задлахдаа дэлгүүр дотор нь байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

 Гэрч Г.Б ийн өгсөн: Өчигдөр өглөөнөөс эхлээд би байгаа айлынхаа усыг зөөж, түлээг нь хагалж, хашааг нь цэвэрлэж байгаад шөнө 01 цаг 10 минутын орчим түр оршин сууж байгаа айл болох Энхбатынхаас гарсан. Энхбатынхаас гараад шууд л 01 цаг 25 минут орчим гар утас засварын газарт ирээд хаалганы хажуу талын цонхыг нь түлхэн орсон. Түлхэж ороод лангууных нь ард очоод ойр орчмын эд зүйлсийг нь хайж байгаад утасны батарей байдаг лангууны доор 4 ширхэг гар утас байсан. 33 30, Самсунг Галакси Гранд 2, 2 ширхэг S6 нэг дор байхаар нь 2 ширхэг s6-г нь аваад гарсан. Өөр гар утас аваагүй гэх мэдүүлэг /хх-26-27 тал/

Гэрч Б.Т өгсөн: Өнгөрдөг бямба гаригийн орой Samsung S6 утсыг Г.Б той  phome  5 маркийн гар утсан дээр 20000 төгрөг нэмж өгөөд сольж авсан. Тэр өдрийнхөө орой нь Г.Б  юнителийн сим уншихгүй байна гээд байхаар нь бид 2 наймаагаа буцаасан. Маргааш нь буюу бүтэн сайн өдөр 11 цагийн орчим Г.Б  бид хоёр хамт гараад Оол март худалдааны төв ороод мобикомын сим карт авах гэсэн чинь иргэний үнэмлэх байхгүй өгөхгүй гэхээр нь болиод дээшээ өгсөөд гэртээ хариад байж байсан чинь Г.Б  гэрт орж ирээд 2-уулаа Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрийн дотуур байр ороод I phome  5-ыг чинь S5-аар солье гэхээр нь  бид хоёр хамт хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн дотуур байранд амьдардаг Бүмба гэдэг бандийн S5-аар I phome –ийг сольж авсан   гэх мэдүүлэг /хх-28-29 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт: 1. хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр Папилон санд авагдсан гарын дардсуудтай тохирохгүй байна. /хх-37-38 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 4 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-09 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-13/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /14-15 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68-69 тал/, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн  15/56 дугаартай “Тольдох Оюуны өгөөж”  ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 03 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Арцат могойн байр 1-р орц 1 тоот “гар утас засвар”-ын вакум цонхоор хууль бусаар нэвтэрч /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч/ 4 ширхэг Samsung S6 гар утас хулгайлж/ 280800*4 /1,123200/ төгрөгийн, мөн бэлэн 20000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар... 2018 оны 03 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Арцат могойн байр 1-р орц 1 тоот “гар утас засвар”-ын вакум цонхоор орж  4 ширхэг Samsung S6 гар утас  бэлэн 20000 төгрөг хулгайлсан гэж мэдүүлсэн мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Г.Пагмадуламын мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Э.Сарантуяа, Т.Батжаргалын, Б.Тэмүүжинбаатар, Г.Б  нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-13/,   эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /14-15 тал/,  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68-69 тал/,  2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн  15/56 дугаартай “Тольдох Оюуны өгөөж”  ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.      

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Б  нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Г.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хохирол, хор уршиг арилгуулах, зан үйлээ засах дадал олгох сургалтанд хамруулах үүргийг тус тус хүлээлгэх нь  зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б  нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгүүлсэн ба уг ялаас  2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал 24 цаг эдлэсэн болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэл, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 7/02 шүүдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол зэргээр тогтоож байна.

Шүүгдэгч Г.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх 216 цагийн ялыг биелүүлээгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцоход 27 хоногийн хорих ял болгон солих ба эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.П д гар утасны 1123200 төгрөг, бэлэн 20000 төгрөг нийт 1143200 төгрөгийн хохирол учирсан байна.

 Шүүгдэгч Г.Б  нь 3 ширхэг Samsung S6 гар утасыг биет байдлаар хохирогчид буцаан төлсөн ба үлдэх хохирол 1 ширхэг Samsung S6 гар утасны үнэ 280800 төгрөг, бэлнээр авсан 20000 төгрөг нийт 300000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.П д олгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Г.Б ид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Шүүгдэгч Г.Б ийн цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Шовогт Г.Б ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Б ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдсэн /216 хоног/  буюу  27 хоногийн хорих  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 27 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Б ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 -т зааснаар  хохирол, хор уршиг арилгуулах, зан үйлээ засах дадал олгох сургалтанд хамруулах үүргийг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б ид оногдуулсан 2 жил 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Г.Б ийн цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд оруулсан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б оос 300000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.П д олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                     

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ