Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/27

 

 

 

 

 

 2024        05        15                                         2024/ДШМ/27

 

   З.М д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Г,

Нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн эсэргүүцлээр З.Мд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ....  овоо овгийн З...ийн М, ... оны .... дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, .... настай, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн А сумын ..... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................../.

З.Мөнхсайхан нь. ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Хөвсгөл аймгийн А сумын ... дүгээр багийн нутаг “..........” гэх газар зөвшөөрөлгүй цахилгаан хөрөө ашиглан 5,36 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолоор З.ийн М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М....ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М...нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 5,36 м3 хуурай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, их бие нь саарал өнгийн, хоёр тал болон дээд хэсэгтээ хөх өнгийн төмөр хамгаалалттай, хөрөөний ир хэсэг нь саарал өнгийн шугам төмөртэй, “Guang Mou Qiang”-7600 гэсэн бичигтэй дружба хөрөө 1 ширхгийг, 57 см урт саарал өнгийн төмөр иштэй, өндөр нь 15 см, өргөн нь 11 см хэмжээтэй төмөр сүх 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ч.Алтансүх эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д овогт З...ийн М....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсан гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” талаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгахаар заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Д овоо овгийн З.ийн М....ыг “Д овгийн З..ийн М.” гэж зөрүүтэй тусгасан байна.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар хэсэгт “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэж ойн санд 430,472 /дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн хохирол учруулсан” байхад “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэж ойн санд 430,472 /дөрвөн зуун гучин мянга далан хоёр/ төгрөгийн хохирол учруулсан” гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнг бичгээр тусгахдаа алдаатай тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй үзэв. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын УДИРТГАЛ хэсэгт: “Д овгийн З...ийн М” гэснийг, “Д овоо овгийн З-ийн М” гэж,

2. Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт: “...зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэж ойн санд 430,472 /дөрвөн зуун гучин мянга далан хоёр/ төгрөгийн хохирол учруулсан” гэснийг “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэж ойн санд 430,472 /дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн хохирол учруулсан” гэж,

3. Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад: “Шүүгдэгч Д овогт З-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсан гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Д овоо овогт З-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсан гэм буруутайд тооцсугай” гэж тус тус өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч З.М нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг У гэх газрын ойгоос цахилгаан хөрөө ашиглан 5.36м3 хуурай шинэс төрлийн мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 430,472 төгрөгийн хохирол учруулан зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, бусдад худалдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Э, гэрч Ч.Б, Б.Д, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924/9201 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч З.М-ы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн нотолсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд тодорхой тусгасан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгаагүй орхижээ.

Энэ нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй гэж үзэх  үндэслэл болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл”-ийг тусгахдаа шүүгдэгчийн ургийн овог “Д овоо” байхад “Д” гэж ургийн овгийг дутуу бичсэн. Энэ алдааг тогтоох хэсэгт дахин гаргасан байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ойн санд учруулсан хохирлын хэмжээ нь 430,472 /дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг байхад мөнгөн дүнг задалж бичихдээ /дөрвөн зуу/ төгрөгийг бичилгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргажээ.

Иймд дээрх алдааг зөвтгүүлэхээр гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын “Удиртгал” хэсгийн “Д” гэсний дараа “о” гэж,

б/ Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсгийн “дөрвөн зуун гучин мянга” гэсний дараа “дөрвөн зуун” гэж,

в/ Шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “1.Шүүгдэгч Д  ургийн овогт З...ийн М...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсан гэм буруутайд тооцсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                       Н.БАЯРХҮҮ