| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2021/01558/И |
| Дугаар | 210/МА2022/00068 |
| Огноо | 2022-01-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2022/00068
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02652 дугаар шийдвэртэй,
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ма” ХХК-д холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Балжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 560 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлыг манай компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ ажлыг хийж гүйцэтгэхээр “Ма” ХХК-тай 600,000,000 төгрөг авахаар тохиролцож гэрээ хийсэн. Уг ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 600,000,000 төгрөг олгох ба үүнд БСШУС-ын яамнаас суутган авах гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааны дүн багтсан болно гэсэн заалтын дагуу “Ма” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэсэн ажлын хөлсөө авахаар тооцоо хийсэн юм. Уг тооцоололд “Ма” ХХК-аас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 135,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 106,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөг манай компанид бэлнээр олгосон байсан.
Халаалт 5,000,000 төгрөг, техник хяналт 13,466,610 төгрөг, нормчлолын сан 1,598,000 төгрөг, насос 8,000,000 төгрөг, трансформатор 7,250,000 төгрөг, барьцаа 30,000,000 төгрөг суутгана гэж тохиролцсон. 275,685,390 төгрөгийг “Ма” ХХК-аас авахаар тооцоо нийлсэн. Энэ мөнгөнөөс “Ма” ХХК-аас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөг олгосныг хасвал 125,685,390 төгрөг үлдсэн. Энэ үед БСШУС-ын яамнаас санхүүжилт чанарын баталгааны мөнгөнөөс бусад санхүүжилт бүрэн орсон байсан.
Гэтэл “Ма” ХХК 125,685,390 төгрөгөө 2017 оны 05 сар хүртэл нэхэхэд өгөхгүй байсан учраас 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 02350 дугаартай зохигч талуудын эвлэрлийг баталсан захирамж гаргасан. Дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлд барьцааны 30,000,000 төгрөг нь тооцооны үлдэгдлийн баталгаа ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан огноогоор ороогүй. Энэ барьцааны мөнгө нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БСШУС-ын яамны Төрийн сангаас чөлөөлөгдөн “Ма” ХХК-ийн данс руу шилжин орсон болохыг манай компани ажлаа гүйцэтгэсэн учир мэдээлэл авсан. Энэ хугацаанаас хойш “Ма” ХХК-ийн чанарын баталгааны 30,000,000 төгрөгөө нэхэмжлэхээр өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Тиймээс манай компанийн хийсэн ажлын чанарын баталгааны мөнгө 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм авагдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг дурдаагүй байсан, компанийн дүрэм дээр Б.Мөнхсайханыг хувьцаа эзэмшигч гэж тодорхойлсон байсан ба гүйцэтгэх захирал гэж тодорхойлоогүй байсан. Иймд төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажлын хөлс нь 600,000,000 төгрөг байсан. “Ма” ХХК нь 259,000,000 төгрөгийг “М” ХХК-д өгснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна.
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ма” ХХК нь “М” ХХК-д 5,000,000 төгрөгийг өгсөн тул 120,000,000 гаруй төгрөг дээр шүүхийн шийдвэр гарсан. 2021 оны 04 дүгээр сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дууссаны дараа нэхэмжлэгч тал дахин маргаан үүсгэж 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өмнө нь тооцоо нийлсэн акт дээрээ хүлээн зөвшөөрөөд барьцааны мөнгийг хасаж 125,000,000 гаран төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч 2017 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэргээ шийдвэрлүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гэрээ 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан, барилгыг улсын комисст 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэж өгсөн гэжээ. Улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 30,000,000 төгрөгийг нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч тал авлага үүссэн нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр БСШУС-ын яамнаас “Ма” ХХК-д 95,000,000 төгрөгийн санхүүжилт орж ирснийг мэдсэн гэх тайлбарыг өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч тал мэдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш тоологдсон бол 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна. Улсын комисс хүлээж авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.
“Ма” ХХК нь бодитоор “М” ХХК-д өгсөн мөнгө нь тооцоо нийлсэн актаас өмнө 259,000,000 төгрөг, тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 150,000,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд 5,000,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 120,685,390 төгрөгийг төлж нийт 534,685,390 төгрөг болж байгаа бөгөөд зөрүү нь суутгалын 65,314,610 төгрөг юм. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Ма” ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулж хариуцагч “М” ХХК-нд олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ма” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгад: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд анх 2016 оны 06 дугаар сарын 17-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний 3.2 дахь хэсэгт “... ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 600,000,000 төгрөг олгох бөгөөд үүнд БСШУС-ын яамнаас суутган авах гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааны дүн багтсан болно” гэж гэрээний үнийг тодорхойлсон юм.
Уг гэрээний дүнгээс 2016 онд нийт 259,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлж, үлдэгдэл 341,000,000 төгрөгөөс халаалт 5,000,000 төгрөг, техник хяналт 13,466,610 төгрөг, нормчлолын сан 1,598,000 төгрөг, насос 8,000,000 төгрөг, трансформаторын тал үнэ 7,250,000 төгрөг, барьцаа 30,000,000 төгрөгийг тус тус дээрх гэрээний ажлын хөлснөөс хасч тооцон, талууд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 275,685,390 төгрөг дээр эцсийн байдлаар тооцоо нийлсэн.
Тооцоо нийлснээс хойш 150,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 125,685,390 төгрөг байсныг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02350 тоот “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, уг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 125,685,390 төгрөг нэхэмжилснээс 5,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзаж, 120,685,390 төгрөг болгосныг хариуцагч төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, 2021 оны 04 дүгээр сард өр төлбөр бүрэн хаагдаж, ажиллагаа дуусгавар болсон.
Гэтэл нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусмагц, дахин тус гэрээний дагуу шийдвэрлэгдсэн асуудлаар маргаан үүсгэж, 30,000,000 гаргуулахаар нэхэмжлэл гарсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02652 тоот шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1, 3.2-т зааснаар “М” ХХК нь барьцаа мөнгө болох 30,000,000 төгрөгийг авахгүйгээр хэргийг эвлэрч шийдвэрлүүлсэн. 30,000,000 төгрөгт эвлэрсэн шүүгчийн захирамж гарснаас хойш буюу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч компани нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас авсан баримтыг эвлэрлийн гэрээ байгуулагдсанаас хойш мэдсэн учраас 30,000,000 төгрөгийг манай компани авах ёстой гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолыг хангах үндэслэлгүй байх боловч анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэгчийг хариуцагч гэж алдаатай тодорхойлж техникийн алдаа гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан залруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ма” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
“М” ХХК болон “Ма” ХХК 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох “М” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар багт 560 хүүхдийн сургуулийн дутуу гүйцэтгэсэн барилгын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал болох “Ма” ХХК нь ажлын хөлс 600,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж зөв дүгнэжээ.
“М” ХХК нь “Ма” ХХК болон БСШУС-ын яамны хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгч болсон, “Монголдайван” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барилга байгууламж ашиглалтад орсон, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Маргааны зүйл нь барьцаа 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй эсэх болжээ.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т “Захиалагч нь гүйцэтгэгчид энэ гэрээний 1-р зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 600,000,000 төгрөг /зургаан зуун сая төгрөг/ олгох бөгөөд үүнд БСШУ-ны яамнаас суутган авах гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааны дүн багтсан болно” гэж тохиролцжээ.
Гэрээгээр тохиролцсон хөлс 600,000,000 төгрөгөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд бэлнээр 259,000,000 /10,000,000+135,000,000+106,000,000+8,000,000/ төгрөг төлөгдсөн, талууд харилцан тооцоо нийлэхэд 275,685,390 төгрөгийг захиалагч өгөх өртэй гарснаас 2017 оны 01 дүгээр сарын 03, 26-ны өдөр нийт 150,000,000 төгрөг төлөгдснийг хасч тооцвол 125,686,390 төгрөгийн хөлс төлөгдөөгүй байсан, уг үнийн дүнгээр ажил гүйцэтгэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх талуудын эвлэрлийг баталж, захиалагчийн төлөх хөлсийг 125,685,390 төгрөгөөр тодорхойлогдсныг шүүх зөв тогтоосон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлаж хариуцагчаас 30,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Учир нь талууд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд тооцоо нийлэхэд 600,000,000 төгрөгөөс төлсөн төлбөр, халаалт, техникийн хяналт, нормчлол сан, насос, трансформатор, барьцаа гэж нэрлэж тооцсон үнийн дүнг хасч үлдэгдлийг 275,685,390 төгрөг гэж тохиролцохдоо барьцаа гэж тодорхойлсон 30,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч тал захиалагч талаас шаардахгүй гэж тохиролцоогүй. Ажлын нийт хөлс 600,000,000 төгрөг байх бөгөөд үүнд БСШУ-ны яамнаас суутгасан ажлын чанарын баталгааны дүн орсон гэж зааснаас үзвэл уг чанарын баталгаа гэж тохиролцсон мөнгөн хөрөнгийг захиалагчаас ажил гүйцэтгэгчид төлөх ёстой байна. Энэ ажлын чанарын баталгааны дүн гэж тодорхойлсон мөнгөн хөрөнгө нь талуудын тооцоо нийлэхэд тодорхойлсон барьцаа болох 30,000,000 төгрөг юм. БСШУС-ын яамнаас ажлын чанарын баталгааны мөнгөн хөрөнгийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 560 суудалтай сургуулийн барилга барьцаа, техник хяналт” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн тул хариуцагч “Монголдайван” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК нь уг 30,000,000 төгрөгийг ажлын хөлс гэж төлөх үүрэгтэй байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02350 тоот захирамжаар шийдвэрлэсэн 125,685,390 төгрөгийн маргаантай иргэний хэрэгт нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасан БСШУС-ын яамнаас суутгагдсан ажлын чанарын баталгааны төлбөрийг шаардаагүй байна. Иймд уг захирамжаар маргааныг шийдвэрлэсэн байхад дахин гэрээний асуудлыг шийдвэрлэсэн нь буруу гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
Анхан шатны шүүх гэрээний үүрэг шаардах хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийг хариуцагч гэж алдаатай тодорхойлсныг засч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч “М” ХХК...” гэснийг “...нэхэмжлэгч “М” ХХК...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА