Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

 

 

 

 

 2024        05        15                                         2024/ДШМ/28

 

   Д.Бт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.У,

Нарийн бичгийн дарга: Б.Б нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Ч.Аийн гаргасан эсэргүүцлээр   Д.Бт холбогдох 2438000880123 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Дийн Б, ....оны …. дугаар сарын ….-ны өдөр төрсөн, . настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Мөрөн сумын …. дүгээр баг …...... тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд Сум дундын …. дугаар шүүхийн ….. оны …. дугаар сарын ….-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1-д зааснаар хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн …. оны …. дугаар сарын ….-ны өдрийн …. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар ............./.

            Д.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын … дүгээр баг …...... тоотод ….. оны …. дугаар сарын ….-ний өдрөөс ….-ний шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эцэг болох П.Дийг үл ялих зүйлээр шалтаглан зодож тархи доргилт, таславчийн мурийлт, дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, хоёр хацар, баруун чихний дэлбэн, дагз, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б ургийн овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ч.А эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...талаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгахаар хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн прокурорын газраас Д.Бт холбогдох 2438000880123 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба дээрх шүүхийн шийдвэрт: “холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон...” гэжээ.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч П.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан...” гэж шүүгдэгч Д.Бийн нэрийг П.Д гэж хохирогчийн нэрийг бичсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй байна.

1. Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт: “Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон” гэснийг, “Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон” гэж,  

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч П.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан... гэснийг “шүүгдэгч Д.Б” гэж,

3. Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Б ургийн овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм бүруутайд тооцож” гэснийг “Шүүгдэгч Б ургийн овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож” гэж тус тус өөрчлөлт оруулахаар ...эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр баг .....  тоотод 2024 оны .... дугаар сарын. ....-ний өдрөөс ....-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эцэг болох П.Дийг үл ялих зүйлээр шалтаглан зодож тархи доргилт, таславчийн мурийлт, дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, хоёр хацар, баруун чихний дэлбэн, дагз, зүүн гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хохирогч П.Д, гэрч Д.Бг, Г.Б, Л.Б нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн нотолсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд тодорхой тусгасан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгаагүй орхижээ.

Энэ нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй гэж үзэх  үндэслэл болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах” талаар тусгахаар хуульчилжээ.

Гэтэл шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэж хуулийн зүйл заалтыг буруу бичсэн, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн нэрийг шүүгдэгч П.Д гэж зөрүүтэй бичсэн зэрэг алдаа гаргасан байна.

Иймд дээрх алдааг зөвтгүүлэхээр гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн “24.6 дугаар зүйлийн 1 дэх” гэснийг “11.6 дугаар зүйлийн 2 дахь” гэж,

б/ Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь:” хэсгийн “П.Д” гэснийг “Д.Б” гэж,

в/ Шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг  “1. Шүүгдэгч Б ургийн овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                       Н.БАЯРХҮҮ