Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2026/0040

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч И.Энх-Отгон

Маргааны төрөл: Гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж, барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэр, тус шийдвэрийг хянасан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А*******, хариуцагч гаалийн улсын байцаагч И.Энх-Отгон, хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Анх нэхэмжлэгчийн гаргасан 1. С******* ХХК-ийн Америкийн нэгдсэн улсын INFAB LLC үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20204/381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргад, 2. С******* ХХК-ийн Америкийн нэгдсэн улсын INFAB LLC үйлдвэрлэгчээс импортолсон барааны 1, 2, 3-д заасан барааны БТКУС код 6307.00.00 кодод, 4-т заасан барааны БТКУС код 6506.99.00 кодод, 5-д заасан барааны БТКУС код 9004.90.00 кодод, 6-д заасан барааны БТКУС-ийн зүйл 90.22-д дээрх бараанууд хамаарахгүй шийдвэрийг хэвээр үлдээж байна гэсэн Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-2.1/3083 шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргад, 3. Дээрх шийдвэрүүдийг хэвээр үлдээж байна гэсэн Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01-2.1/3083 шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагад Гаалийн ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШЗ2025/0351 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн С******* ХХК-ийн Америкийн нэгдсэн улсын INFAB LLC үйлдвэрлэгчээс импортолсон барааны 1, 2, 3-д заасан барааны БТКУС код 6307.00.00 кодод, 4-т заасан барааны БТКУС код 6506.99.00 кодод, 5-д заасан барааны БТКУС код 9004.90.00 кодод, 6-д заасан барааны БТКУС-ийн зүйл 90.22-д дээрх бараанууд хамаарахгүй шийдвэрийг хэвээр үлдээж байна гэсэн Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-2.1/3083 шийдвэрийг хүчингүй болгуулах, дээрх шийдвэрүүдийг хэвээр үлдээж байна гэсэн Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01-2.1/3083 шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

1.3. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн №587 дугаартай гаалийн улсын байцаагч И.Энх-Отгоны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн С******* ХХК-ийн 05-2231003-24-I30813 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.4. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1. С******* ХХК-ийн Америкийн Нэгдсэн Улсын INFAB компанийн үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20204/381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн №587 дугаартай гаалийн улсын байцаагч И.Энх-Отгоны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн С******* ХХК-ийн 05-2231003-24-I30813 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэрийг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон тул тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч С******* ХХК нь АНУ-ын Infab LLC үйлдвэрлэгчээс рентген цацрагаас хамгаалах нүүрний хаалт, нүдний шил, бамбайн хамгаалалт, цээж, эх бие хамгаалалт зэрэг хамгаалах хэрэгслийг импортлон оруулж ирэхээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 05-2231003-24-I30813 дугаартай гаалийн мэдүүлгээр барааны бүрдүүлэлтийг хийжээ.

2.2. Тухайн 6 нэр төрлийн барааг мэдүүлэхдээ экспортлогч буюу үйлдвэрлэгч АНУ-ын Infab LLC-ээс ачааг дагалдуулсан нэхэмжлэх (Proforma Invoice 6169958 Commerial Invoice 392610, Parking List 392610) зэрэг бичиг баримтад дурдсаны дагуу БТКУС-ийн 90.22 (HS 9022.90.6000) кодоор гаальд мэдүүлжээ.

2.3. Уг мэдүүлгийн хянасан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч И.Энх-Отгон барааны ангиллын код буруу гэж үзэж, мэдүүлэгт өөрчлөлт оруулж засвар хийх төлөвт буцаасан цахим шийдвэрийг гаргажээ.

2.4. Улмаар нэхэмжлэгч С******* ХХК нь дээрх гаалийн улсын байцаагчийн цахим шийдвэрийг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төв, Гаалийн ерөнхий газарт тус тус гомдол гаргасан байх бөгөөд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргаас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/381 дүгээр шийдвэрээр ...Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 90.22 дугаар зүйлд үл хамаарч, тус тусын зүйлд хамаарахыг тодорхойлов... гэж, Гаалийн ерөнхий газраас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-2.1/3083 дугаар албан бичгээр ...Бүрдүүлэлтийн цахим төвийн гаргасан БТКУС-ийн Зүйл 90.22-т дээрх бараанууд хамаарахгүй шийдвэрийг хэвээр үлдээж байна... гэж тус тус хариу өгсөн байна.

2.5. Нэхэмжлэгчээс дээрх хариу эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...С******* ХХК нь АНУ-ын Infab, LLC үйлдвэрлэгчээс орчин үеийн дэвшилтэд рентген цацрагаас хамгаалах нүүрний хаалт, нүдний шил, бамбайн хамгаалалт, цээж, эх бие хамгаалалт зэрэг барааг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр импортлоод Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газрын 587 дугаартай гаалийн улсын байцаагч үнэлэхээс татгалзсан ба гаалийн мэдүүлгийг өөрчлүүлэх шаардлага тавин, ачааг саатуулсан. Импортлогчоос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/274 дугаартай гомдлыг үйлдвэрлэгчийн танилцуулга, эх биеийн хамгаалалтын хэрэгсэл, нүүрний болон нүдний хамгаалалтын хэрэгсэл тус бүр дээр тайлбар, зураг зэрэг нэмэлт материалтай хамт өгсний дараа Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Л******* 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №2024/381 дугаартай шийдвэрийг бидэнд цахимаар ирүүлсэн ба уг шийдвэртээ рентген туяанаас хамгаалах хувцас, хэрэгсэл нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, С******* ХХК нь импортолсон барааны БТКУС-ийн кодыг 90.22 гэж мэдүүлсэн байтал Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын шийдвэр үүнийг буруу гэсэн нь Санчир Ундрах ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Учир нь импортлогч С******* ХХК нь экспортлогч, үйлдвэрлэгч АНУ-ын Infab LLC-ээс ачааг дагалдуулж явуулсан бичиг баримтын дагуу гаалийн хуульд зааснаар гаалийн мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ачааг дагалдуулсан нэхэмжлэх (Proforma Invoice 616995, Commercial Invoice 392610, Packing List 392610) зэрэг бичиг баримтад уг барааны БТКУС-ийн кодыг 90.22 (HS 9022.90.6000) гэсэн байна. Улмаар АНУ-ын Калифорни муж дахь Олон Улсын итгэмжлэгдсэн Гардена Уалли Аж Үйлдвэрийн Танхимын баталгаажуулсан Гарал үүслийн Гэрчилгээг ирүүлсэн байна.

Хуульд зааснаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.О*******д гомдол гаргасан. Түүний өмнөөс түүнийг төлөөлөн Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимгэрэлээс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн № 02-2.1/3083 дугаартай шийдвэр ирүүлсэн. Уг шийдвэрээр Бүрдүүлэлтийн цахим төвөөс гаргасан БТКУС-ийн код 90.22-д хамаарахгүй гэсэн шийдвэрийг хэвээр үлдээгээд АНУ-ын Infab үйлдвэрлэгчийн 1, 2, 3-д заасан барааны БТКУС-ийн кодыг 6307.00.00 кодод, 4-т заасан барааны БТКУС-ийн кодыг 6506.99.00 кодод, 5-д заасан барааны кодыг 9004.90.00 кодод, 6-д заасан барааны кодыг 3926.90.00 кодод хамаарна гэсэн.

Энэ нь С******* ХХК-ийн импортолсон барааны БТКУС-ийн кодыг 90.22 гэж мэдүүлснээс өөр буюу С******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Учир нь барааны дагалдах бичиг баримтыг мэдүүлэгч өөрөө өөрчлөх, эсхүл бичиг баримтаас зөрүүлэн мэдүүлэх эрх байхгүй. Хэрэв тэгвэл Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д заасныг зөрчинө. Өөрөөр хэлбэл, мэдүүлэгч компани экспортлогчийн бичиг баримтаас өөрөөр барааны БТКУС кодыг гаальд мэдүүлбэл дээрх хуульд зааснаар нэг буруутна, эсрэгээр экспортлогчийн бичиг баримтын дагуу БТКУС кодыг гаальд мэдүүлсэн ч адилхан буруутан болдог цаг үе ирсэн байна.

Мөн Гаалийн ерөнхий газрын даргад гаргасан гомдлын хариуг хэлтсийн дарга өгсөн учраас түүний хариуг бас Гаалийн ерөнхий газрын даргын гаргасан шийдвэр гэж ойлгож Гаалийн ерөнхий газрын даргыг хариуцагчаар тодорхойлж, түүний шийдвэрийг эс зөвшөөрсөн болно. Экспортлогч улс болон импортлогч улсын хоорондох барааны БТКУС-ийн маргааныг Монгол улсын нэгдэн орсон БТКУС-ийн тухай олон улсын конвенцын дагуу шийдвэрлэдэг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болно.

Ийнхүү хэрэв гаалийн байгууллагын шийдвэрийг С******* ХХК биелүүлбэл, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Монгол улсын гаалийн тухай хуулийг зөрчихөөс гадна үндэслэлгүйгээр гаалийн 5%-ийн татварыг төлөх юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар үүрэг болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг шүүх хүчингүй болгосноор С******* ХХК-ийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.

Бидний хувьд Бүрдүүлэлтийн цахим төвд гаргасан гомдолдоо Мэдүүлэг хүлээж авахгүй тохиолдолд татгалзсан шийдвэрээ хуулийн үндэслэл, тайлбартайгаар бичгээр ирүүлэх шаардлага тавьсны дагуу Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/381 дугаартай шийдвэр гаргаж бидэнд цахимаар ирүүлсэн нь гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг албажуулсан, тухайн байгууллагын албан ёсны шийдвэр байсан гэж ойлгож байсан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад тухайн гаалийн улсын байцаагч нь бие даасан шийдвэрийг цахим хэлбэрээр гаргасан, гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод энэхүү бие даасан цахим шийдвэрийг гаргах эрхтэй байдаг тухай мэдээллийг гаалийн байгууллагаас авсны үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.

Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төв нь 2024 онд шинээр байгуулагдсан нэгж бөгөөд энэхүү байгууллагын Гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт болон бүрдүүлэлтийг хянан шийдвэрлэсэн цахим нотлох баримтууд хэрэгт авагдсан тохиолдолд энэхүү нөхцөл байдал илүү тодорхой болох боломжтой.

 

3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус маргааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй, 2 жил болж байна. Энэхүү асуудлаар манай талаас Гаалийн ерөнхий газрын удирдлагуудтай 2 удаа уулзалт хийсэн. Гэтэл бидэнд хариуцагч Америкийн нэгдсэн улсын гаалийн байгууллагатай харьцахгүй, дэлхийн байгууллагад энэ асуудлыг тавих боломжгүй буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэдэг тайлбар өгсөн. Үүнийгээ Бүгд Найрамдах Хятад улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Америкийн нэгдсэн улсад экспортод гаргахдаа бараа бүтээгдэхүүнээ шалгаж, нягтлахгүй гэж тайлбарласан. Монгол Улс бараа, материалыг түүхий эд хэлбэрээр экспортлохдоо мөрдөх тусгайлсан хууль зүйн зохицуулалттай. Үүний хүрээнд барааны кодын уялдуулсан систем, ангилал, гарал үүслийн бичиг баримт зэрэг шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд тухайн улсад хариуцагчийн тайлбарлаж байгаачлан хууль, дүрэм, журам байхгүй гэдэгт итгэхгүй байна. Үүнээс үүдэн тухайн маргааны хувьд 5 хувийн татварын асуудал үүсэж байгаа бөгөөд манай талаас 5 хувийн татварыг огт төлөхгүй гэсэн агуулга биш. Бидний зүгээс хэрэв хуульд зааснаар 5 хувийн татвар ногдуулах бол шударгаар төлөх, харин хуульд нийцээгүй бол төлөхгүй гэж тайлбарлаж байгаа. Одоо шүүхээр хэлэлцэгдэж буй асуудал нь зөвхөн И.Энх-Отгон улсын байцаагчтай хамааралтай зүйл биш. Үүний цаана Ч.Чимгэрэл гэх этгээдийн гаргасан шийдвэр байгаа бөгөөд хариуцагч улсын байцаагчаас Ч.Ч******* гаргасан шийдвэрийг дагасан гэж тайлбарлаж байна. Ч.Ч******* гаргасан шийдвэрт нь холбогдуулан хариуцагчаар татах ёстой байсан боловч урьдчилсан шийдвэр гаргасан гэх үндэслэлээр И.Энх-Отгоныг хариуцагчаар татсан. Гэтэл эцсийн шийдвэрийг гаргаж байгаа этгээдүүд нь Ч.Чимгэрэл болон барааны код, уялдуулсан систем, барааны ангилал, үнэлгээний хэлтэс юм. Уг хэлтсийн зүгээс тухайн конвенцод Монгол Улс нэгдэн орсноор нэг саналын эрхтэй, албан ёсны гишүүн болсон. Тус конвенцын хүрээнд жил бүр хуралдаан зохион байгуулагддаг бөгөөд хариуцагч байгууллагаас тус хуралдаанд холбогдох хүмүүс оролцдог боловч дээрх асуудлыг хөнддөггүй. Бидний зүгээс шаардлага тавьсны үр дүнд Солонгосын гаалийн байгууллагатай нэг төрлийн бараа бүтээгдэхүүний хэлэлцээр хийсэн. Гэвч үүнд маш их цаг зарцуулж байгаа бөгөөд тус асуудал шийдвэрлэгдээгүйгээс үүдэн улсын эмнэлгүүд эмч, техникч, сувилагч нарт шаардлагатай хамгаалах хэрэгсэлгүй болсон. Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг уг бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн боловч гаалийн 5 хувийн татвар, төсөв бүрдүүлэлтийн улмаас барааны үнэ батлагдсан төсвөөс хэтэрч, худалдан авах боломжгүй болсон. Үүний улмаас бүтэн нэг жилийн хугацаанд хүлээж байна. Манай байгууллага буяны байгууллага биш тул асуудлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллагууд өөрсдөө оролцох, шаардлагатай. Гаалийн байгууллагаас мэдээлэл авах нь зүйтэй байна. Иймд шүүхээс холбогдох хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж байна... гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс нэгдүгээрт, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргад холбогдуулан С******* ХХК-ийн Америкийн нэгдсэн улсын INFAB LLC үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэнгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №2024/381 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, хоёрдугаарт, Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн №587 дугаартай гаалийн улсын байцаагч И.Энх-Отгоны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Санчир Ундрах ХХК-ийн 05-2231003-24-I30813 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагуудыг гаргасан. Нэхэмжлэгчээс Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төв, түүний гаалийн улсын байцаагч хууль, журмаар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, холбогдох хууль журмыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Гаалийн байгууллага нь нийтийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, захирамжилсан шинжтэй шийдвэр гаргадаг байгууллагын хувьд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр, үйл ажиллагаа явагдах ёстой. Өөрөөр хэлбэл зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн зарчим үйлчилнэ. Хуульд заасан үндэслэл, журам үүссэн тохиолдолд зөвхөн тухайн шийдвэр үйл ажиллагааг явуулах ёстой. Гэтэл гаалийн улсын байцаагч энэхүү эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Гаалийн тухай хуульд барааны ангиллын кодтой холбоотой ерөнхий эрх хэмжээг Гаалийн ерөнхий газар Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэдэг эрх, үүрэг олгогдсон. Гэхдээ барааг тодорхойлох, кодлохтой холбоотой шийдвэр, үйл ажиллагаа хуулийн тодорхой үндэслэл, журмын дагуу явагдах ёстой байсан. Гэтэл гаалийн улсын байцаагч хууль болон холбогдох журмыг зөрчиж дээрх цахим шийдвэрийг гаргасан байна. Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлд гаалийн мэдүүлгийг шалгах талаар зохицуулсан. Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг дараах байдлаар шалгана. Нэгдүгээрт, бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт бүрэн, хүчин төгөлдөр эсэхийг шалгана. Маргааны хувьд дагалдах бичигт заасан бичиг баримт хуурамч, буруу, хүчин төгөлдөр байдалтай огт маргаагүй. Тэгэхээр хүчин төгөлдөр байна гэж үзсэн. Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгана гэж заасан. Гаалийн улсын байцаагчаас тухайн шатанд гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг 2 хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгах ёстой. Өөрөөр хэлбэл, гаалийн дагалдах бичигт байгаа барааны ангиллын код, мэдүүлж байгаа кодтой тохирч байгаа эсэхийг шалгах ёстой болохоос үйлдвэрлэгчээс ирүүлсэн барааны ангиллын кодыг үнэн зөв эсэхийг тодорхойлох эрх хэмжээ Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчид олгогдоогүй. Энэ нь хууль болон хариуцагч гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтоор барааны ангиллын кодыг тодорхойлох эрх хэмжээ олгоогүй. Тус 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан тушаалын тодорхойлолтыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж хавтаст хэрэгт гаргаж өгсөн байна. Гэтэл тухайн салбар нэгж болон тухайн гаалийн улсын байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлэн, мэдүүлэгчийн мэдүүлсэн барааны кодыг зөв эсэхийг дүгнэж, шийдвэр гаргах, барааны ангиллын кодыг тодорхойлсон. Үүнийг эрх хэмжээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Хэрвээ барааны ангиллын кодтой холбоотой шалгах шаардлагатай зүйл гарсан тохиолдолд Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлд заасан магадлан шинжилгээ талаар зохицуулсан. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ гэж заасан буюу шинжээч томилохоор байна. Уг заалттай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/315 дугаар тушаалын хавсралтаар баталсан Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам байна. Манай талаас мэдүүлгээ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан. Тус журам 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрчлөгдсөн. Тэгэхээр 2023 оны журам мөрдөгдөхөөр байна. Энэхүү журмын 1.2-т гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт хийх явцад амьтны гоц халдварт өвчин болон ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал гаалийн хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хүнс, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ, 2 дугаар зүйлд магадлан шинжилгээ хийх шийдвэр гаргах гээд, 2.1-д хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналтад зайлшгүй хамрагдах бараанаас ангиллын код болон хорио цээр, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох зорилгоор хорио цээр хариуцсан гаалийн улсын байцаагч дээж авч, Магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана, 2.2-т бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад Магадлан шинжилгээ хийлгэх шийдвэрийг гаалийн хяналт шалгалт болон хорио цээр хариуцсан гаалийн улсын байцаагч дараах тохиолдолд гаргана, 2.2.2-т барааны ангиллын код дагалдах бичиг баримтын мэдээллээс зөрсөн гэж тус тус заасан. Дээрхээс үзэхэд мэдүүлэг болон барааны ангиллын код 2 зөрсөн үү гэвэл бодит байдалд зөрөөгүй. Гаалийн улсын байцаагчийн тайлбарлаж байгаагаар ийм байх ёстой байсан гэдэг хийсвэр үндэслэлээр зөрсөн гэж тайлбарлаж байгаа. Хэрвээ тухайн код зөрсөн буюу тухайн код буруу байна гэж гаалийн улсын байцаагч үзвэл журамд заасны дагуу магадлан шинжилгээ хийх шийдвэр гаргана. Мөн журамд гаалийн улсын байцаагч магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан талаар мэдүүлэгчид танилцуулна гэж заасан. Энэ журмын дагуу магадлан шинжилгээ хийж дүгнэлт гарахаар нь мэдүүлэгчид танилцуулах ёстой. Тус журмын 6.6-д заасны дагуу мэдүүлэгч тус дүгнэлттэй танилцаад гомдол гаргах эрхтэй. Гэтэл гаалийн улсын байцаагчаас магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаагүй, гарсан дүгнэлтээ танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг нь хангаагүй гэх мэтчилэн журмыг баримтлаагүй, эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргасан. Гаалийн барааны ангилал үнэлгээний хэлтэс барааны ангиллын кодыг тодорхойлох эрхтэй цор ганц субъект гэж хариуцагчаас тайлбарлаж байна. Гэтэл дээрхээс үзэхэд Бүрдүүлэлтийн цахим төв, түүний гаалийн улсын байцаагч хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, Гаалийн тухай хууль, холбогдох Гаалийн ерөнхий газрын даргын баталсан дагаж мөрдөх ёстой журмаа зөрчиж шийдвэр гаргасан байна. Монгол Улсын хууль, журмын хувьд дээрх зохицуулалт үйлчилж байна. Нөгөөтээгүүр, манай улс Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцод 1991 онд нэгдэн орж, 1993 оноос дагаж мөрдөж эхэлсэн олон улсын эрх зүйн хэм хэмжээ байна. Монгол Улс тус конвенцод нэгдэн орсон даруйдаа дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Тус конвенцын удиртгал хэсэгт конвенцын зорилгыг олон улсын худалдааг хөнгөвчлөх, олон улсын худалдаанд барааны ангиллын нэг системээс нөгөөд шилжих явцад түүнийг дахин тодорхойлох, ангилах, кодлохтой холбогдон гарч байгаа зардлыг багасгах гэж тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, Америкийн нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэгч нь барааны ангиллын кодоо тухайн улсын худалдаа аж үйлдвэрийн танхим, гаалийн байгууллагатай тохирч кодоо тодорхойлон батлаад тухайн улсаасаа экспортлохдоо тухайн кодоороо экспортын мэдүүлгээ хөтөлж байгаа. Тухайн кодтой дагалдах бичиг баримтаа бараатайгаа хамт өгөөд, импортлогч улсад ирэхэд тухайн импортолж байгаа улс дээрх конвенцод нэгдэн орсон бусад улсуудын кодыг шууд дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Америкийн нэгдсэн улсын тухайлсан кодтой бараа бусад улс руу ямар хэмжээ, үнээр, хэзээ гарч байгаа талаарх статистик нь дээрх кодоор гарна. Гэтэл хариуцагчаас тус конвенцын зорилго, мөн чанарыг ойлгохгүйгээр дур мэдэн, Америкийн нэгдсэн улсын барааны кодыг буруу гэдэг шийдвэр гаргасан. Тус конвенцын дагуу хэлэлцэн тохирогч улсууд кодтой холбоотой маргаан, үл ойлголцол гарсан тохиолдолд конвенцын 10 дугаар зүйлд маргааныг болж өгвөл хоорондоо хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ, шийдвэрлэгдээгүй маргааныг уг маргаанд оролцогч талууд Уялдуулсан системийн хороонд шилжүүлнэ гэж зохицуулсан. Тус Уялдуулсан системийн хороо нь Дэлхийн гаалийн байгууллагын дэргэдэх нэгж юм. Энэ тохиолдолд экспортлогч Америкийн нэгдсэн улсын гаалийн байгууллагатай манай гаалийн байгууллага нэг конвенцод нэгдэн орчихсон 2 улс байна. Хэрэв барааны кодын тухайд маргаантай тохиолдолд Америкийн нэгдсэн улсын гаалийн байгууллагатай харилцан, зөвшилцөж, зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Дэлхийн гаалийн байгууллагад хандан нэгдсэн байдлаар барааны кодыг тодорхойлуулан, шийдвэр гаргуулах ёстой. Гэтэл хариуцагч гаалийн байгууллага Гаалийн ерөнхий газарт ч хандахгүйгээр, №587 дугаартай гаалийн улсын байцаагч дур мэдэн шийдвэр гаргасан. Энэ маргаан нь гаалийн байгууллага С******* ХХК-ийн хоорондын маргаан биш. Харин Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцод нэгдэн орсон 2 улсын хоорондын барааны кодтой холбоотой асуудал юм. С******* ХХК нь хэлэлцэн тохиролцсон 2 улсын хооронд бараа тээвэрлэж, худалдан авалтаар зуучилж байгаа байгууллага. Гаалийн тухай хуулийн 57, 63 дугаар зүйлд мэдүүлэгч байгууллага нь гаалийн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Хэрвээ дагалдах бичгээс зөрсөн, үнэн зөв мэдүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн арга хэмжээ авна. С******* ХХК-ийн хувьд тухайн барааг худалдан авсан улсынхаа буюу тухайн компанийнхаа гаргаж өгсөн дагалдах бичигт байгаа барааны ангиллын кодыг мэдүүлж, манай гаалийн байгууллага тухайн дагалдаж байгаа баримт бичиг үнэн зөв, хүчин төгөлдөр байдалд эргэлзэхгүй байгаа тохиолдолд конвенцын дагуу нэг мөр хэрэглээд явах ёстой. Гэтэл дээрх байдлаар төрийн байгууллага эрх мэдлээ хэтрүүлж, хувийн байгууллагыг дээрэлхэж байна. Тухайн шийдвэр гаргаж байгаа зорилго нь 5 хувийн татварын асуудал яригдаж байгаа. Манай компанийн мэдүүлж байгаа код нь татвараас чөлөөлөгддөг код тул гаалийн байгууллага татвараас чөлөөлөхгүй, татвар ногдуулах зорилготойгоор хууль, журам, конвенцоо зөрчиж, хүчээр татварыг гаргуулж байгаа процесс юм. Тэгэхээр энэ нь иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж байна. Дээрх байдлаар хууль зүйн үндэслэл, журмыг баримтлахгүйгээр нэхэмжлэгчийн эрхэд халдсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус тул үүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган оролцож байна гэв.

 

3.4. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг Гаалийн удирдах төв байгууллагын дарга батална, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22 2-д Гаалийн байгууллага мэдүүлсэн барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Мөн Гаалийн тухай хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1.3-д Гаалийн байцаагч нь гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татвар хураамжийг ногдуулах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, 269.1.8-д заасан гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн татвар хураамжийг зөв ногдуулахын тулд барааны кодыг өөрчилсөн.

Монгол Улс нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем/-ийн тухай Олон улсын конвенцод 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэгдэн орж, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 90.22 зүйлд хамаарах бараа нь Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай эсвэл зориулалтгүй, рентген туяаны эсвэл альфа, бета, гамма эсвэл ионжуулагч бусад цацрагийн аппарат (рентген зураг авах, цацраг эмчилгээний аппарат орно), рентген хоолой, рентген туяаны бусад үүсгүүр, хянах самбар эсвэл ширээ, дэлгэц, үзлэг эмчилгээний ширээ, сандал болон эдгээртэй төстэй зүйлс хамрагдана хэмээн заасан байдаг.

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн Тайлбар бичиг боть-5. 269 дүгээр хуудасны 9022.90 Эд анги болон тоног хэрэгсэл-ийн нэмэлт тайлбарын дагуу Операторын өмсөх ажлын хувцас, халад, эсвэл хар тугалган дүүргэгчтэй хаймар резинээр хийсэн бээлий, нүдний хамгаалалтын хар тугалган шил энэ зүйлд хамаарахгүй гэж заасан байдаг.

Иймд рентген туяанаас хамгаалах хувцас, хэрэгсэл нь уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм 1, болон тайлбар бичгийн 39, 26 дугаар зүйлийн заалт, 40.15 дугаар зүйлийн заалт, 62.10 дугаар зүйлийн заалтыг үндэслэн Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 90.22 дугаар зүйлд үл хамаарч, тус тусын зүйлд хамаарахыг тодорхойлсон гэжээ.

 

3.5. Хариуцагч Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим гаалийн улсын байцаагч И.Энх-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төв нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Монгол улсын Сангийн сайдын 06 тоот тушаалаар батлагдсан. Тус тушаалын 3.4.9-д зааснаар Бүрдүүлэлтийн цахим төвийн үндсэн үүргийг тодорхойлж зааж өгсөн. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтад заагдсан Хяналт бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтыг, мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны албан тушаалын тодорхойлолтыг төслийг хавсаргасан. Цахимаар хянаж шийдвэр гаргахдаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т БТКУС-д үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг Гаалийн удирдах төв байгууллагын дарга батална, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Гаалийн байгууллага мэдүүлсэн барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу мөн Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.3-д Гаалийн байцаагч нь гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татвар хураамжийг ногдуулах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, 2691.1.8-д заасан гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн татвар хураамжийг зөв ногдуулахын тулд барааны кодыг өөрчилсөн. Хэрхэн зөвтгөн үнэлсэн талаар байгууллагын маргаан шийдвэрлэх явцын дагуу 2 шийдвэр гарсан бөгөөд яагаад тухайн барааны код өөрчлөгдсөнийг тухайн шийдвэрүүдэд дэлгэрэнгүй тайлбарласан.

Аж ахуй нэгжийн мэдүүлсэн барааны нэр, зориулалт

1-р барааны нэр: Рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй эх биеийн хамгаалалтын хэрэгсэл

Зориулалт, хэмжээ: L, өнгө: хар, иж бүрдэлдээ: хормогч болон хантаазны хамт. рентген туяаны хамгаалалттай, хүн эмнэлгийн

Мэдүүлсэн БТКУС код: 9022.99.00

Зөв болгон ангилсан БТКУС код: 6307.90.00

2-р барааны нэр: Рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй бамбайн хамгаалалтын хэрэгсэл

Зориулалт, өнгө: хар, хэмжээ: F, рентген туяаны хамгаалалттай, хүн эмнэлгийн

Мэдүүлсэн БТКУС код: 9022.99.00

Зөв болгон ангилсан БТКУС код: 6307.90.00

4-р барааны нэр: Рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй мөчдийн хамгаалалтын хэрэгсэл

Зориулалт, өнгө: хар, рентген туяаны хамгаалалттай, хүн эмнэлгийн.

Мэдүүлсэн БТКУС код: 9022.99.00

Зөв болгон ангилсан БТКУС код: 6307.90.00

Эдгээр 3 барааг 90 дүгээр бүлгийн Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай эсвэл зориулалтгүй, рентген туяаны эсвэл альфа, бета, гамма эсвэл ионжуулагч бусад цацрагийн аппарат (рентген зураг авах, цацраг эмчилгээний аппарат орно), рентген хоолой, рентген туяаны бусад үүсгүүр, хянах самбар эсвэл ширээ, дэлгэц. үзлэг эмчилгээний ширээ, сандал болон эдгээртэй төстэй зүйлсийн эд анги, тоног хэрэгсэл-д хамааруулан мэдүүлсэн боловч БТКУС-ийн нэгдүгээр дүрэм ёсоор эдгээр нь зөвхөн анхан шатны баримжаа юм.

Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдох бөгөөд 90 дүгээр бүлгийн тайлбарт Рентген тоног төхөөрөмжтэй ажилладаг операторчийн ажлын хувцас, халаад эсвэл хар тугалган дүүргэгчтэй хаймар резинээр хийсэн бээлий (4015), нүдний хамгаалалтын хар тугалган шил (9004)-д тухайн барааг илүү нарийн тодорхойлон заасан бүлэгт ангилагдана гэж заасныг баримтлан Хамгаалалтын хантааз, бүслүүр гэж 6307.20.00-кодод хамааруулан ангилсан.

Мөн хантааз, халааднаас бусад бамбайн хамгаалалтын хэрэгсэл болон гарын үений хамгаалалтын ханцуйвч нь хамгаалалтын зориулалтай эдлэл хэрэгсэл тул энэ зүйлд хамаарахаар байна.

3-р барааны нэр: Рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй толгойн хамгаалалтын хэрэгсэл өнгө:

Зориулалт: хар, хэмжээ: F, рентген туяаны хамгаалалттай, хүн эмнэлгийн.

Мэдүүлсэн БТКУС код: 9022.99.00

Зөв болгон ангилсан БТКУС код: 6506.99.90-Доторлосон эсвэл доторлоогүй, чимэглэсэн буюу чимэглээгүй бусад материалаар хийсэн малгай

Дээр дурдсанчлан уг барааг илүү нарийн тодорхойлсон Малгай гэсэн зүйл ангид хамааруулан ангилсан

5-р барааны нэр: Рентген цацрагийн эсрэг нүдний хамгаалалтын хэрэгсэл

Зориулалт: хуванцар хүрээтэй, өнгө: хар хөх, рентген туяаны хамгаалалттай, хүн эмнэлгийн.

Мэдүүлсэн БТКУС код: 9022.99.00

Зөв болгон ангилсан БТКУС код: 9004.90.00-нүдний хамгаалалтын шил

90-р бүлгийн тайлбарт зааснаар Операторчийн хамгаалалтын нүдний шилийг 90.04-д ангилна.

6-р барааны нэр: Рентген цацрагийн эсрэг нүүрний хамгаалалтын хэрэгсэл

Зориулалт: хуванцар, рентген туяаны хамгаалалттай, хүн эмнэлгийн

Мэдүүлсэн БТКУС код: 9022.99.00

Зөв болгон ангилсан БТКУС код: 3926.90.00-Хуванцраар хийсэн бусад эдлэл болон Зүйл 39.01-39.14-д заасан бусад материалаар хийсэн эдлэл.

90-р бүлгийн тайлбарын (1)-д зааснаар 15-р хэсгийн 2-р тайлбарт тодорхойлсон үндсэн металлаар хийсэн эсвэл хуванцраар хийсэн ерөнхий зориулалтын эд анги энэ бүлэгт хамаарахгүй гэж заасан.

Нэмэлт тайлбар: нэхэмжлэгч С******* ХХК-ийн дурдсан үйлдвэрлэгчийн илгээсэн дагалдах баримт бичиг /proforma invoice 616995/ дэх үйлдвэрлэгчийн үндэслэн илгээсэн гэх барааны код 9022.90.60 гэсэн код нь бараа болгонд хамааруулан илгээгүйгээс гадна аль барааг хамааруулж байгаа нь тодорхой бус бичиг баримтын хамгийн доод талд дурдаад өнгөрсөн нь БТКУС-ийн нэгдүгээр дүрэм ёсоор эдгээр нь зөвхөн анхан шатны баримжаа юм.

БТКУС-ийн тайлбар дүрмийн дагуу Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдох бөгөөд тухайн мэдүүлсэн барааны код болох 9022 нь гаалийн тарифын 5 хувь тэглэсэн код байдаг тул гаалийн байгууллагын хяналтын хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн татвар хураамжийг зөв ногдуулахын тулд барааны кодыг өөрчилсөн... гэжээ.

 

3.6. Хариуцагч Гаалийн Ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим гаалийн улсын байцаагч И.Энх-Отгон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Миний бие тухайн маргаан бүхий бүрдүүлэлтийг цахимаар хуваарилагдсаны дагуу хариуцаж хянаж шалгасан. Цахимаар хянаж шийдвэр гаргахдаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т БТКУС-д үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг Гаалийн удирдах төв байгууллагын дарга батална, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Гаалийн байгууллага мэдүүлсэн барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу мөн Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.3-т Гаалийн байцаагч нь гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татвар хураамжийг ногдуулах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, 2691.1.8-д заасан гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн татвар хураамжийг зөв ногдуулахын тулд барааны кодыг өөрчилсөн. С******* ХХК-ийн дурдсан үйлдвэрлэгчийн илгээсэн дагалдах баримт бичигт үйлдвэрлэгчийн үндэслэн илгээсэн гэх 9022.90.60 гэсэн барааны код нь бараа болгонд хамааруулан илгээгүйгээс гадна аль барааг хамааруулж байгаа нь тодорхой бус, бичиг баримтын хамгийн доод талд дурдсан БТКУС-ийн нэгдүгээр дүрэм ёсоор зөвхөн анхан шатны баримжаа юм. БТКУС-ийн тайлбар дүрмийн дагуу Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдох бөгөөд тухайн мэдүүлсэн барааны код болох 9022 нь гаалийн тарифын 5 хувь тэглэсэн код байдаг тул гаалийн байгууллагаас нарийвчлан хянан шалгахад, тухайн мэдүүлсэн 6 нэр төрлийн бараа, оноосон нэр болон үйлдвэрлэсэн материалаараа тус тусдаа ангилагдах нь БТКУС-ийн тайлбар дүрэм болон тухайн барааны кодын тайлбар дүрмээс тодорхой харагдаж байсан. Нэхэмжлэгчийн дурдсан барааны лабораторид хандаж БТКУС-ийн кодыг өөрчлөх ёстой барааны кодчилсон жагсаалт байдаг. Тухайн нэхэмжлэгчийн бараа нь уг кодолсон жагсаалтад хамаарахгүй. Иймд миний бие өөрт олгогдсон эрх, үүргийнхээ хэмжээнд тухайн барааг хянаж үзээд, өөрийн зүйлийн гарцын дагуу, үйлдвэрлэсэн материалынхаа дагуу тусдаа тусдаа ангилагдах бараа байна гэж үзэж, барааны кодыг өөрчлөх шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчээс тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, БТКУС-ийн албанд анхан шатны гомдол гаргасан. Тус албанаас гомдлыг шалгаад улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс тус гомдлыг шалгасан шийдвэр болон миний шийдвэрийг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газрын барааны ангиллын үнэлгээний хэлтэст гомдол гаргасан. Тухайн барааны ангиллын үнэлгээний хэлтэс өмнөх шийдвэрийг баталсан бөгөөд 1, 2 барааны кодын нэршлийг олон улсын нэршлээр өөрчилж шийдвэрлэсэн. Бид өнөөдрийг хүртэл тангараг өргөн ажиллахдаа Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, татварын тухай хууль, холбогдох дүрэм, журмыг мөрдөж, тариф зөв ногдуулж, тухайн үүргээ биелүүлж ажилласан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, тогтоогдсон үйл баримтыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч С******* ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга, гаалийн улсын байцаагч М.Энх-Отгон нарт холбогдуулан 1. С******* ХХК-ийн Америкийн Нэгдсэн Улсын INFAB компанийн үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20204/381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн №587 дугаартай гаалийн улсын байцаагч И.Энх-Отгоны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн С******* ХХК-ийн 05-2231003-24-I30813 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С******* ХХК-ийн импортоор оруулж ирж буй барааны үйлдвэрлэгчийн ачааг дагалдуулсан нэхэмжлэхэд уг барааны БТКУС-ийн кодыг 90.22 (HS 9022.90.6000) гэсэн, мөн гарал үүслийн гэрчилгээг хавсаргасан байхад барааны кодыг буруу гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, улс хоорондын барааны БТКУС-ийн маргааныг Монгол Улсын нэгдсэн орсон Олон Улсын конвенцийн дагуу шийдвэрлэнэ, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга болон гаалийн улсын байцаагчид гаалийн дагалдах бичигт байгаа барааны ангиллын код, мэдүүлж байгаа кодтой тохирч байгаа эсэхийг шалгах ёстой болохоос үйлдвэрлэгчээс ирүүлсэн барааны ангиллын кодыг үнэн зөв эсэхийг тодорхойлох эрх хэмжээ байхгүй гэж, харин хариуцагч нараас ...Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн байгууллага мэдүүлсэн барааны ангиллын кодыг хянаж, шийдвэрлэх эрхтэй, нэхэмжлэгчийн мэдүүлсэн бараа нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тайлбар толь бичигт зааснаар 90.22 кодод хамаарахгүй байсан тул уг тайлбар дүрэм болон тайлбар бичгийн зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбарыг үндэслэн хамаарах ангиллаар кодлосон гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч С******* ХХК нь Америкийн Нэгдсэн Улсын INFAB компанийн үйлдвэрлэсэн рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй эх биеийн хамгаалалтын хэрэгсэл хормогч хантааз, болон бамбайн, толгой, мөчдийн, нүдний, нүүрний хамгаалалтын хэрэгслийг гаалийн хилээр барааны ангиллын 90.22 кодоор нэвтрүүлэхээр 05-2231003-24-I30813 дугаартай мэдүүлгээр гаальд мэдүүлсэн байх ба тус цахим мэдүүлгийг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч И.Энх-Отгон хүлээн авч, барааны ангиллын код буруу гэсэн үндэслэлээр ангиллыг өөрчлөх шийдвэрийг гаргаж цахимаар буцаажээ.

 

4. Нэхэмжлэгчээс дээрх цахим шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолд Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай №2024/381 дугаар шийдвэрээр ...рентген туяанаас хамгаалах хувцас, хэрэгсэл нь уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм 1 болон тайлбар бичгийн 39.26 дугаар зүйлийн заалт, 40.15 дугаар зүйлийн заалт, 62.10 дугаар зүйлийн заалтыг үндэслэн Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 90.22 дугаар зүйлд үл хамаарч, тус тусын зүйлд хамаарахыг тодорхойлов гэж шийдвэрлэжээ.

 

5. Үүний дараа Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимгэрэлээс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02-2.1/3083 дугаар албан бичгээр ...АНУ-аас импортлосон, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаалийн байгууллагад мэдүүлсэн рентген туяанаас хамгаалах зориулалтын хувцас, энгэрэвч, малгай, ханцуйвч, нүдний шил, нүүрний хамгаалалт зэрэг бараа нь БТКУС-ийн Тайлбар толь 5, зүйл 90.22-н тайлбарт хамаарахгүй хэрэгсэл болохыг заасан байна, ...дурдсан барааны материал, хийц, онцлог шинж, зориулалтыг харгалзан БТКУС-ын ерөнхий тайлбар дүрэм 1 ба 6-ийн дагуу ангиллын кодыг тодорхойлон хүргүүлж байна, ...Бүрдүүлэлтийн цахим төвийн гаргасан БТКУС-ын зүйл 90.22-т дээрх бараанууд хамаарахгүй шийдвэрийг хэвээр үлдээж байна гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

 

6. Хэрэгт авагдсан Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай тушаалаар Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтын 3.4.9-д Бүрдүүлэлтийн цахим төвийн асуудал хариуцсан дэргэдэх байгууллагын үндсэн үүрэг, чиг үүргийг Энэ нэгж нь ... гаалийн бүрдүүлэлтийн үйл явцад импорт, экспортын барааны... гарал үүслийг нарийвчлан тогтоох, барааны ангилал, үнэ, үнэлгээтэй холбоотой гомдол, маргааныг хүлээн авах шийдвэрлэх, санал боловсруулан холбогдох газарт хүргүүлэн, шийдвэрлүүлж, хэрэгжүүлэн ажиллах үндсэн үүрэг хүлээнэ, ...Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн явцад барааны ангилал, үнэ, үнэлгээтэй холбоотой асуудлаар мэдүүлэгч нараас гаргасан маргаан, гомдлыг шийдвэрлэх, гаалийн бүрдүүлэлтэд дүн шинжилгээ хийж, удирдлага болон холбогдох нэгжийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолын 51 дүгээр хавсралтаар батлагдсан Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч-ийн албан тушаалын тодорхойлолтод Албан тушаалын зорилт: 1. Эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, 1 дүгээр зорилтын хүрээнд ...6. Гаалийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн горим, барааны ангилал, гарал үүсэл, гаалийн үнэ, үнэлгээний хяналтыг хэрэгжүүлэх... чиг үүргийг гүйцэтгэнэ гэж тус тус тодорхойлжээ.

 

7. Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ, 265 дугаар зүйлийн 265.1-д Гаалийн байгууллага нь Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн гэж, 2691 дүгээр зүйлийн 2691.1-д Гаалийн байгууллага дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ гээд 2691.1.3-д гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, 2691.1.8-д гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх, 273 дугаар зүйлийн 273.1-д Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээх гаалийн албан тушаалтныг гаалийн улсын байцаагч гэнэ, 274 дүгээр зүйлийн 274.1-д Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ гээд 274.1.1-д энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлгийг хүлээн авсан даруйд дараахь байдлаар шалгана, 63.1.1-д гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт нь бүрэн, хүчин төгөлдөр эсэх, 63.1.2-т гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх, 63.1.3-д гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх, мөн хууолийн 17 дугаар зүйлийн 17.1-д Мэдүүлэгч гомдлоо дараахь журмаар гаргана, 17.1.1-д гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид гэж тус тус заажээ.

 

8. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Гаалийн байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд байх бөгөөд энэхүү тусгай чиг үүргийнхээ хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэдэг, харин гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх, хяналт тавих бүрэн эрхийг гаалийн улсын байцаагч хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

 

9. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Барааг гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээг эрхлэн гаргах зорилгоор Уялдуулсан системийг хэрэглэнэ, 21.2-т Барааг тодорхойлох, кодлох Уялдуулсан системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж мэдүүлнэ, 22.2-т Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

10. Тухайн тохиолдолд, гаалийн улсын байцаагчаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд бүрдүүлэлт хийх, хяналт тавих хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн 05-2231003-24-I30813 дугаартай гаалийн мэдүүлэгт тодорхойлсон барааны ангиллын код нь Барааг тодорхойлох, кодлох Уялдуулсан системийн зүйл заалтаараа тухайн кодод хамаарахгүй үндэслэлээр мэдүүлэгт өөрчлөлт оруулж, барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан хариуцагчийн цахим шийдвэр, тухайн шийдвэрийг хянаад нэхэмжлэгч С******* ХХК-ийн Америкийн Нэгдсэн Улсын INFAB компанийн үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна хэмээн шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20204/381 дүгээр шийдвэрүүд нь дээрх хуулиудын холбогдох заалтуудаар олгогдсон бүрэн эрх, хариуцагч байгууллагын үндсэн чиг үүрэг, мөн хариуцагч улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд тус тус хамаарч байх тул нэхэмжлэгчийн мэдүүлгийг шалгаж, шаардлагад нийцүүлэх шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 

11. Учир нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Олон улсын конвенц нь 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон ба Монгол Улс Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Олон улсын конвенцид 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэгдэн орж, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна.

 

12. Тус конвенцийн 1 дүгээр зүйлийн /а/-д Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /цаашид Уялдуулсан систем гэх/ гэж энэхүү конвенцид хавсаргасан, зүйл болон мөр, мөн тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий жагсаалт болон уялдуулсан системийн тайлбар дүрмийг хэлнэ гэж, 2 дугаар зүйлд Энэхүү Конвенцийн хавсралт түүний салшгүй хэсэг бөгөөд уг конвенцээс хийсэн иш үндэслэл нь түүний хавсралтад нэг адил хамаарна гэж,

Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэмд Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем-ийн жагсаалтын дагуу барааг ангилахад дараах зарчмыг баримтлана гээд 1 дэх хэсэгт Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдах дүрмийн заалтыг баримтлана гэж, уг тайлбар дүрмийн XVIII хэсэг буюу Оптик, гэрэл зураг, кино зураг, хэмжүүр, хяналт, нарийвчлал, эмнэлэг эсвэл мэс заслын багаж болон аппарат, тэдгээрийн эд анги болон тоног хэрэгсэл гэсэн 90-р бүлгийн 90.22 ангилалд Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай эсвэл зориулалтгүй, рентген туяаны эсвэл альфа, бета, гамма эсвэл ионжуулагч бусад цацрагийн аппарат (рентген зураг авах, цацраг эмчилгээний аппарат орно), рентген хоолой, рентген туяаны бусад үүсгүүр, хянах самбар эсвэл ширээ, дэлгэц, үзлэг эмчилгээний ширээ, сандал болон эдгээртэй төстэй зүйлс, 9022.90.00 ангилалд Бусад (эд анги болон тоног хэрэгсэл орно) хамаарахаар,

Харин уялдуулсан системийн тайлбар бичигт 9022.90.00 Бусад (эд анги болон тоног хэрэгсэл орно)-ийн нэмэлт тайлбарт Операторчийн өмсөх ажлын хувцас, халаад эсвэл хар тугалган дүүргэгчтэй хаймар резинээр хийсэн бээлий (Зүйл 40.15), нүдний хамгаалалтын хар тугалган шил (Зүйл 90.04) энэ зүйлд хамаарахгүй гэж тус тус заасан бөгөөд тус конвенцийг үндэслэн Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн барааны ангиллыг БТКУС-ийн ерөнхий тайлбар дүрэм, зүйл 9022.90.00 Бусад (эд анги болон тоног хэрэгсэл орно)-ийн нэмэлт тайлбарт зааснаар тус зүйлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэнийг хариуцагч гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн даргыг эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

 

13. Өөрөөр хэлбэл, нэгэнт БТКУС-ийн ерөнхий тайлбар дүрэм, зүйлийн нэмэлт тайлбарт операторчийн өмсөх ажлын хувцас, халаад эсвэл хар тугалган дүүргэгчтэй хаймар резинээр хийсэн бээлий, нүдний хамгаалалтын хар тугалган шил зэргийг БТКУС-ийн 9022.90.00 кодод хамаарахгүй гэж зааснаас гадна уг нэмэлт тайлбарт эд анги болон тоног хэрэгсэлд хамаарах зүйлсийг хэрэглэгдэх шинжүүдээр нь нарийвчлан тодорхойлсон, мөн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтээр ...Ионжуулагч цацрагийн төрөл, идэвх, хүчин чадлаас хамааран хамгаалах хэрэгсэлийг хэрэглэх арга, үйлдвэрлэх материал нь өөр өөр байж болох ч эцсийн зорилго нь цацрагтай ажиллагчид, өвчтөн, асран хамгаалагч, хүн амыг ионжуулагч цацраг /рентген цацраг, гамма, альфа, бета нейтрон/-ийн шарлагад өртөхөөс хамгаалах юм, ...ионжуулагч цацрагаас хамгаалах хамгаалалтын хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигласан материалын төрлөөс нь хамааруулж БТКУС-ын ангилалд хамааруулах нь зүйтэй, харин тухайн улсын БТКУС-ийн кодоор бүртгэж оруулах эсэх нь Гаалийн ерөнхий газрын чиг үүрэг хамаарах асуудал байна гэж дүгнэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн мэдүүлсэн 6 нэр төрлийн барааг уг тайлбар дүрэм, тухайн барааны кодын тайлбарын дагуу оноосон нэр, үйлдвэрлэсэн материалаар тус бүрээр хамаарах ангилалд оруулахаар барааны кодыг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

14. Хэдийгээр нэхэмжлэгчийн гаалийн мэдүүлэгт хавсаргасан үйлдвэрлэгч Америкийн Нэгдсэн Улсын INFAB компаниас ирүүлсэн барааны дагалдах бичиг баримт, АНУ-ын ABBA trans компаниас тухайн улсын экспортын гаалийн бүрдүүлэлтээр мэдүүлсэн цахим мэдүүлэгт барааны ангиллын кодыг 9022.90.6000 гэж тус тус тодорхойлсон байх боловч дээр дурдсанчлан тухайн барааны ангилал нь БТКУС-ийн 9022.90.00 ангилалд хамаарахгүй талаар уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэмд тодорхой заасан байгаа энэ тохиолдолд хэлэлцэн тохиролцогч талуудын буюу улс хоорондын барааны ангилалтай холбогдох маргаан гэж үзэхгүй.

 

15. Мөн тухайн үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны А/315 дугаар тушаалын хавсралтаар баталсан Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журамд зааснаар Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт хийх явцад амьтны гоц халдварт өвчин болон ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал гаалийн хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хүнс, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох болон Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах зорилгоор болон хорио цээрийн хяналтад хамрагдах барааг импортлох, экспортлохоос өмнө иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн албан хүсэлтийн дагуу дээж, сорьц, загварт магадлан шинжилгээ хийж болохоор зохицуулсан байх төдийгүй тус журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалтад нэхэмжлэгчийн гаалиар мэдүүлсэн рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй эх биеийн хамгаалалтын хэрэгсэл хормогч хантааз, бамбайн, толгой, мөчдийн, нүдний, нүүрний хамгаалалтын хэрэгсэлүүд нь тусгагдаагүй байх тул тухайн барааны ангиллын кодыг тодорхойлох магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үндэслэлгүй байна.

16. Товчхондоо Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай Олон улсын конвенцийн 3 дугаар зүйлд хэлэлцэн тохиролцогч улсуудын үүргийг зааж өгсөн бөгөөд ингэхдээ уялдуулсан системийн бүх зүйл, тэдгээрийн тоон кодын хамт ямар нэг нэмэлт буюу шинэчлэлтгүйгээр ашиглахаар зааснаар дэлхийн улс орнуудын хувьд тухайн уялдуулсан системийн кодчилолыг нэгдсэн байдлаар зөрүүгүй ойлгох үндэслэл нь болж байхаар зохицуулснаас гадна барааны кодыг аливаа улс орнууд дураараа өөрчлөх, өөрт ашигтай байдлаар тайлбарлах боломжийг үгүйсгэсэн нь энэхүү уялдуулсан системийн кодыг манай улсын хувьд олон улсын жишиг ойлголтын дагуу нэг мөр ойлгон хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч И.Энх-Отгон нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 265 дугаар зүйлийн 265.1, 2691 дүгээр зүйлийн 2691.1.3, 2691.1.8, 274 дүгээр зүйлийн 274.1.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С******* ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга, гаалийн улсын байцаагч М.Энх-Отгон нарт холбогдуулан гаргасан 1. С******* ХХК-ийн Америкийн Нэгдсэн Улсын INFAB компанийн үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20204/381 дүгээр шийдвэр, 2. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн №587 дугаартай гаалийн улсын байцаагч И.Энх-Отгоны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн С******* ХХК-ийн 05-2231003-24-I30813 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА