| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0034/Э |
| Дугаар | 00073 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 00073
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Н.Ц , Г.С
насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч С.Батмөнх
улсын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бямбажавд холбогдох эрүүгийн 1715002040005 дугаартай 163/2018/0034/Э индекстэй эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Булган аймгийн Бугат сумын, 2 дугаар багт оршин суух, Ц овогт Д. Б
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам ээж Н.Ц ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн харилцаатай өөрийн эхнэр С.Оюунтунгалаг, хүүхэд Б.Ударибилгүний, Б.Моломжамц, хадам аав Г.С , хадам ээж Н.Ц нарыг байнга зодсон, харгис хэрцгийн харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би хонь хариулж явж ирээд орой 6 цагийн орчим аавындаа очсон. Аавынд очиход Тэгшжаргал гэх хүн байж байсан ба аавындаа хоол унд идээд байж байхад Баатараа, Чимгээ 2 ирж аавынхаа бичиг баримтыг таксинд орхичихсон Булган оръё гэж хэлж би Булган аймаг руу явахаар болсон. Тэгээд аав ээж хоёртоо би Булган аймаг руу Батаа, Чимгээ хоёртой хамт явж бензин авч ирье гэж хэлээд явсан Тулгаагийннд очиж хүлээж байя гээд Тулгаагийнд очтол Тулгаа, Жак 2 мод хураагаад байж байхаар нь модноос нь хураалцаж дуусаж Тэгшжаргалын авсан пивог задалж уугаад байж байх үед Баатар, Чимгээ 2 ирж нэг пиво, Тулгаа нэг пиво авч өгч нийтдээ 4 пиво уусны дараа бид нар манай хадам аавынд очиж манай ээж Чимгээ, Баатараа хоёрт пиво захиж 2 пиво авчирсаныг гэрт оруулж тавьж байсан. Аавын гэрт бид 2 пиво уусан тухайн үед аав архи уугаагүй ганц эрүүл хүн нь байсан. Бид хэд пивоо ууж дуусгаад Баатараа, Чимгээ 2 гэр рүүгээ харьж, Тэгшээ бид 2 гэр рүү орсон. Тэгээд гэр рүүгээ ороод гал түлээд байж байтал Тэгшээ надад “Бямбаа ахаа одоо ганц архи уучихаад унтвал гоё байна” гэхээр нь би манай гэрт архи байхгүй гэхэд Тэгшээ эмээд архи байгаа, би танай эхнэрт 30,000 төгрөгний өртэй, мөн эмээд өртэй болохоор надад эмээгээс архи гуйх нүүр байхгүй гэж хэлэхээр нь би аавынд архи байгаа харагдаж байсан байх, ээжээс ганц архи авч ууя, чи ээжид мөнгийг нь өгчих гэж хэлэхэд Тэгшээ за тэгье гээд гэрээсээ гарч аавын үүдэн дээр ирээд ээж намайг яах гэж байгаа юм гэхэд шил архи өгчих гэхэд архи байхгүй цаашаа явж унтацгаа, шил архиар яах гэж байгаа юм гэхээр нь Тэгшээ бид 2 хувааж уугаад унтах гэсэн юм аа та эсхүл литр монгол архи өгчих гэж хэлэхэд ээж намайг архиар яадаг юм зайл, дуугаа зайл гэж хэлэхээр нь би намайг зайл гэж байгаа юм уу? гэж хэлж хаалганаас нь татаж орж, та нар хүнд юм өгч сураач гуйлгачингуудаа гэж ээжид хэлэхэд ээж миний урдаас чи ер нь яах гэж байгаа хүүхэд вэ гэж хэлж босож ирснээ миний нүүр рүү самардаж, толгойтой үснээс барьж татаад байхаар нь та миний үсийг тавь гэж хэлэхэд яасанч яадаг юм гэж хэлж ээж толгойг минь савчуулаад татаж байсан. Тэгэхээр нь миний тэвчээр алдаж босож ирж ээжийгээ цохиход амь авраарай гэж орилоод аав босож ирж миний толгой руу цохиж орны урдуур доор би суухад аав толгой дээрээс цохисны дараа Тэгшээ орж ирж намайг салгаж, аав намайг Тэгшээд манай хөгшинийг цохисон, цагдаад өг гээд утасдах гэж өлгүүр дээр байсан утас руу явахад ааваа цагдаа руу ярьж хэрэггүй гэхэд аав чи яахаараа дандаа ингэж биднийг дээрэлхдэг юм гээд цагдаа руу ярьсан. Дараа нь Тэгшээ намайг хамт гаръя гэж хэлээд бөгснөөс татаад би өлгүүрийн хөлнөөс бариад зогсож байсан болохоор Тэгшээг татахад өлгүүр дээр байсан сүү, утас, халуун савыг бүгдийг нь өвдгөөрөө татаж унагааж Тэгшээ бид 2 гарч явсан. Дараа нь гадаа гараад муухай юм болчихлоо гээд уучлалт гуйх гэж ирж аавтай эвлэрээгүй байж байтал 2 цагдаа ирж намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Цагдаагийн нэг эмэгтэй эмч нь эрүүлжүүлэхийн цагдаагаас намайг яагаад эрүүлжүүлэхэд орж ирсэн талаар асууж би хадам аав ээжтэйгээ муудсан гэж хэлээд надаас чиний нүүр яасан юм хүнд цохиулсан юм уу? гэж асуухад би ээж самардсан гэхэд самардаагүй, хүнд цохиулсан нүд чинь улаан болсон байна гэж хэлж намайг цус нөжөө арилгахгүй яасан гэж хэлж би нүүрээ угаасны дараа Итгэлбаяр байцаагч дээр намайг оруулж ирж, байцаагч намайг чи яагаад настай хүн цохидог юм гэж намайг 2 удаа цохиж, миний зургийг урдаас хажуу талаараа зогсож байхад утсаараа авсан. Дараа нь намайг өрөөнд нь зогсож байхад ээж аав чинь ирэх юм уу? чи маргааш ирээрэй одоо яв гэж хэлж намайг явуулж би гэртээ очиж унтчихаад өглөө нь мотоцикилтой ээж рүү орж уучлалт гуйя гэж байтал ээж манай үхрийн зэл рүү явж байсан замд аав тааралдаж миний хүү болохоо байсан байна шүү ээжийнхээ нүүрийг харсан уу? гэж асуухад би намайг уучлаарай гэж хэлэхэд чамайг цагдаад өргөдөл гаргаж, арга хэмжээ авхуулна гэсэн. Дараа нь би эхнэр хүүхэддээ очиж үнэн учираа хэлье гэж бодоод Эрдэнэт хот руу очиж эхнэр хүүхэддээ хэлсэн. Манай эхнэр чамд би энэ намаржин чамаас аав ээж хоёроос хол бай гэж гуйсан хохино гэж хэлж намайг загнасан. Ээж аав хоёрыгоо зодсон нь миний буруу тэднийхээ царайг харахын арга алга байна. Мэдүүлгүүдэд зөрүүтэй зүйл байна. Тухайлбал хадам аавыг огт цохиогүй, Сайхансамбуу гэх хүүхэд Бямбаа ахыг өвөө дарсан байсан гэж ярьсан байсан нь үнэн, Азжаргал гэх хүүхэд эмээг Бямбаа ах нүүр рүү нь цохисон гэх мэдүүлэг нь үнэн. Аав, ээж 2-ын мэдүүлэг намайг 2,2 удаа цохисон гэж мэдүүлсэн байсан нь худлаа ба би ганц удаа цохисон. Манай гэр бүлийн асуудлыг тайлбарлахдаа аав ээж 2 намайг гэртээ гэр бүлийн дарамт учруулсан гэж хэлсэн байсан. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр буюу цагаан сарын дараах үйлдлийн хувьд манайх 2 мөнгөн аягатай ба алга болчихоор нь эхнэрээсээ асуухад аавынд байгаа гэхээр нь аавынд яахаараа байдаг юм чи алга болчихоод битгийг худлаа яриад бай гэхэд эхнэр маань хадам ах Ганхүүгийнд аваачсан гэж худлаа яриад байхаар чи алга болгосон гэж хэлэхэд юм хэлэхгүй байснаас болж хэрүүл маргаан болж миний хүүхэд Билгүүн ааваа тайвшралдаа гэхээр би чи хойшоо байж бай гэж түлхэж унагахад өвдөг нь хөхөрсөн байсан. Тэгээд манай эхнэр хадам ах Гантулга руу ярьж намайг агсам согтуу тавиад байна гэж хэлээд манай эхнэр хүүхдүүдийг авч явсан. Дараа нь 3 дугаар сарын 8-ний өдөр уучлалт гуйх гээд очиход аавынхаа гэрт хүүхдүүдийг авч явна гэхээр нь би за гэж хэлж гэртээ явж очсон би тэр үед засварын ажил хийдэг байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 3 сарын 10-ны өдөр над руу утасдаж та гэр бүлдээ агсам согтуу тавьсан байна өргөдөлтэйгөө ирж танилц гэж намайг дуудаж хорооллын эцсийн цагдаа дээр очсон. Тухайн өргөдөлд Моломжамцын акурк түүлгэсэн тухай байсан. Миний хувьд гэр бүлийнхээ хүмүүсийг гэр бүлийн хүчирхийллийн төвд очсоныг мэдээгүй, хөдөө байгаа гэж бодож байсан. Дараа нь эхнэр хүүхдээ гэртээ байгаа юм болгосон чинь өөр газар байсан ба намайг 14 хоног баривчилсан. 2017 онд Билгүүнээг зодсон талаар ярьсан. Эхнэртэйгээ гэр бүл болсноос хойш хүүгээ хонь хариулж ир гэж явуулж байгаагүй харин ганц удаа хонь хариулж ирүүлэхээр явуулж гол руу хонь оруулж болохгүй шүү гэж хэлж явуултал хойд талын айлын хүүхэд танай хонь өөр хоньтой нийлээд 2,3 хонь нийлсэн гэхээр нь салгах гэж бөөн ажил болсон байна гэж бодоод байж байтал манай хүүхэд хонио туугаад ирж байхаар нь би гэрийн гадаа мод хагалаад сууж байсан ба тэр үед Билгүүнээг яагаад өөр айлын хоньтой нийлүүлчихдэг юм гэхэд ном уншиж сууж байгаад гэхээр нь хэлж хэлж явуулж байхад гээд барьж байсан мөчрөөрөө нуруу дунд нь хальт цохисон зүйл болсон ба энэ явдлыг бичсэн байсан. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр агсам тавьсан талаар ярьсан. Тэр өглөө Мөнхөө ахад ганц шил архи, 2000 нэгж аваачиж өгчихөөд тэр айлд 30 минут болж гарч ирж байтал ээжийн дүү таарч намайг ахдаа ганц 33 шилтэй архи авч өгчих гэхээр нь ганц 2 пиво авах мөнгө байна гэхэд пиво хэрэгүй гэхээр нь та тэгвэл архи уух гэж байгаа юм бол манайд монгол архи байгаа гээд манайд очиж хоол унд хийж өгөөд 2 литр гарам монгол архи уусан манай эхнэр намайг дахиж битгий архи уугаараа гээд 1,5 литр гарамтай архи өгсөн. Ер нь би архи уухаараа тавтир муутай тэгээд 2 хүүхэддээ та 2 ном, компьютероос салдаггүй, хүний үгэнд ордоггүй гэж загнахад манай эхнэр хүүхдүүдийг загнаж яах гэж байгаа юм гэж эхнэр хүүхэдтэйгээ маргаан болж намайг баривчилгаанд өгнө гэж хэлэхэд нь би чаддаг юм бол баривчилгаанд өг гэж хэлээд нэг мэдэхэд цагдаа нар ирж намайг эрүүлжүүлэхэд аваачсан. Эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь хэсгийн цагдаа дээр ирэхэд цагдаа танай эхнэр хүүхэд ирсэн чи гэртээ агсам тавьдаг юм байна чамайг цаг орой болсон байна хагас бүтэн сайн өнжөөд, 1 дэх өдөр ирээрэй аятайхан байгаарай гэж хэлж явуулж би гэртээ 6 цаг 30 минутанд очиход 2 хүүхэд үүд онгойлгохгүй байсан ба манай гэрийн үүдэн цагдаагийн машин ирсний дараа би машин руугаа орж сууж байтал нөгөө 2 цагдаа жоохон байж байгаад манай гэрээс гарч яваад манай 2 хүүхэд үүдээ онгойлгож өгөхгүй байхаар нь гэрийн хойд талын цонхыг онгойлгочихоод хүүхдүүдээ яагаад хаалгаа онгойлгохгүй байгаа талаар асуухад таныг согтуу ирсэн гэж айгаад түгжсэн гэсэн. Дараа нь би хүүхдүүдээсээ цагдаа дуудаад байгаа утсаа өг гэж хэлээд утсын унтраалгаж тавьсан ба Билгүүнээ утсаа харин өгөөгүй. Тэгээд хүүхдүүдээ хоол хийгээд өг гээд будаатай хоол жоохон байгаа бэлэн бууз жигнэж идээд унтаад байж байтал үүд хаалга цохисон 2 цагдаа орж ирээд намайг яагаад гэртээ агсам согтуу тавьсан гэж хэлж, надаар үлээлгэж надаас архи гараагүй, согтуу биш байна гээд орхиж явсан. 11 дүгээр сарын 05-ны өдөр би хүүхдээ зодоогүй, зүгээр надаас айсан байсан. Манай 2 хүүхэд намайг ухаараасай гэж ингэж бичсэн байх гэж бодож байгаа 2 хүүхэддээ гомдох зүйл алга Миний хувьд хатуу ширүүн яхир зантай байдаг гэж хэлсэнийг гайхаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ц өгсөн: Тэр орой манайд энэ хэд шуугиж ганц 2,3 пиво уусан. Бямбажав надад литр пивоны мөнгө өг гэж хэлэхээр нь эргэж эрт унтаараай гэж хэлээд пивоны мөнгө өгсөн. Дараа нь архи нэхэхээр нь бид хөгшин хүмүүс унтмаар байна унт гэж хэлтэл манай гэрийн үүдний түгжээг татаж орж ирж суух гэснээ халуун сав шидэхэд манай өвгөний тохой цохигдсон ба намайг ирж цохисон. Тухайн үед их согтуу байсан ба миний хамарнаас цус гарч байсан. Тухайн үед хүргэндээ дүргүй хүрч хуулийн байгууллагад хандсан. Манай хүргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх үедээ ч гэсэн хэл амаар доромжилдог байсан. Харин тухайн өдөр яасан юм байгаан юм авч шидэж байсан. Бямбажавд гомдсон, гомдоогүй адил гэж бодож байгаа. Бямбажавын эхнэр манай охин намайг битгий гомдлоо татаж аваарай гэж байсан. Миний хувьд Бямбажавыг сургаж авна гэж бодож цагдаагийн байгууллагад өгсөн ба гомдлоо татаж авах санаа бодол байна. Бямбажавыг хөгшин бид хоёрыг хэл амаар доромжилж байсан болохоор архи дарс уухгүй, эхнэр хүүхдээ дарамтлахгүй төлөвшиж сургах санаатай цагдаад мэдэгдсэн. Бямбажавыг эхнэр хүүхдээ дарамталдаг учраас хуулийн дагуу манай охин болон Бямбажавын гэрлэлтийг цуцлаж өгөх хэрэгтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С ийн өгсөн: Манайд ирсэн хүмүүс Булган аймгийн төв орж бензин авчихаад ирсэн. Тухайн үед би хэвтээд орноосоо босоогүй. Манайд байсан хүмүүс пивоо ууцгаагаад гэр рүүгээ явцгаасан. Харин гарч унтах болоход Бямбажав, Тэгшээтэй хамт унтахаар гэр рүүгээ явцгаасан. Удалгүй манай гэрийн хаалгыг нүдэж манай хөгшин унтацгаа, хөгшин хүмүүс унтуулахгүй гэж хэлэхэд хаалга татаж орж ирээд архи нэхэж халуун сав шидэж, би босоод өмдөө өмсөх гэж байтал хэдий завандаа манай хөгшнийг цохисон юм байгаан манай хөгшиний хамраас нь цус садраж нүдийг нь тагласан хамраас нь цус гарсан харахын эцэсгүй байсан. Тэгээд би Бямбажавтай барьцалдаж авч намайг хальт цохисон. Үснээс нь татсан гэж байна тэрийг бол би хараагүй, намайг тонгойж байгаад тэгсэн юм уу? дээрээс дарж авч тэгснийг мэдэхүй байна. Манай гэрт байсан 2 жоохон хүүхэд Тэгшээг дуудаж ирээд Бямбажавыг салгаж авсан. Тухайн хэрэг явдал болж өнгөрсөн. Манай хүргэн Бямбажав нь тавитар муутай олон жилийн ярих зүйл болох гэр бүлийн асуудал байгаа учраас хуулийн байгууллагаар үүнийг шидэх хэрэгтэй гэж үзэж байна. Дахиад хэрүүл яриа үүсвэл миний нэг удаагийн хохирсон нь хамаагүй гомдлоо татаж авна гэвэл авна авахгүй гэвэл авах эсэх нь тодорхойгүй байгаа. Өөрий нь зан байдлыг нь харгалзана. Бямбажав өөрийн дутагдлаа сая хэллээ. Өмнө нь Бямбажав засрана гэж ойлголоо гэж ярьсан боловч энэ нь төдийлөн хэрэгжээгүй. Өөр ярих зүйлгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч С.Батмөнх: Эдгээр хүүхдүүдэд нь намайг хууль ёсны төлөөлөгчөөр сонгосон. Энэ 2 хүүхэд маань нилээн удаа хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл дунд байснаа хэлээгүй. Манай тусламжийн утас 2016 оноос хойш бүх сүлжээ рүү үнэ төлбөргүй холбогддог. Тухайн хэрэг явдал их удаснаас гадна хүүхдүүд их айдастай, дарамтанд ордог нь харагдаж байсан. Тухайн утас нь гэр бүлийн хүчирхийлэл мэдээлэх, зөвөлгөө өгөх, авах утас юм. Өөрөөр хэлбэл 2 хүүхэд нилээн дарамт, хяналтанд байж харагддаг өөр зүйл байхгүй гэжээ.
1715002040005 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Н.Ц өгсөн: ...надаас архи нэхэхээр нь байхгүй гээд өгөөгүй. Тэгтэл манай өвгөн рүү халуун сав шидээд та нар хүнд юм өгч сур гуйлгачингууд минь гэж хэлээд миний нүүрэн тус газар 2,3 удаа цохиод миний хамраас цус гоожуулсан....маш олон удаа ийм үйлдэл гаргаж байсан. Засрах болов уу гээд өдий олон жил харж явлаа. Тэгтэл засарч байгаа зүйл байхгүй байна. Эхнэр хүүхдээ байнага зодож дарамталдаг. Эрүүл ч байсан согтуу ч байсан ийм харгис үйлдэл байнга гаргаж байдаг. Юм л болвол юм хум авч шидээд дарамттай байдаг...урьд нь бид хоёрыг элдвээр хэлж хэл амаар доромжилж байсан хэдий ч зодож байгаагүй. Харин эхнэр Оюунтунгалаг буюу манай охиныг бол ер нь байнга зодож дарамталж, сэтгэл санааны дарамт учруулдаг гэх мэдүүлэг /хх-12-13, 15-16 тал/,
Хохирогч Г.С ын өгсөн:....хаалганы цоож эвдээд орж ирээд халуун сав над руу авч шидээд би гараараа хааж нүүрээ хамгаалаад хувцасаа өмсөх гэж байтал манай хөгшин Цэгмидийг нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиод авахаар нь би барьцалдаж аваад дараад автал би ч арай дийлэхгүй шинжтэй байхаар нь ач болох Сайхансамбуу, Азжаргал нарыг Тэгшээг дуудаад ир гэж хэлтэл дуудаж ирээд Тэгшээ орж ирээд салгасан. Урьд нь эрүүл ч байсан согтуу ч байсан бид хоёрыг элдвээр хэлж доромжилж эхнэр болох Оюунтунгалагийг эрүүл ч, согтуу ч зодож цохидог...энэ төрлийн хэрүүл маргаан, эхнэр хүүхдээ зодож нүдэх асуудал 20-оод жил үргэлжилж байна. Анх айл болсон цагаасаа хойш л ийм байдалтай байсан. Хүн харахад гэмгүй царайтай ч гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байдаг гэх мэдүүлэг /хх-20-23-р тал/
Хохирогч С.О өгсөн:....манай нөхөр маань намайг уурлаж бухимдсандаа болоод цохиж зодож гар хүрдэг. Ер нь бол манай нөхөр бид хоёр хоорондоо гэр бүл болоод 20 жил болж байгаа бөгөөд энэ цаг үеэс эхлэн байнгын гар хүрч цохиж зоддог байсан. Энэ болгонд нь би цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй. Тэгээд гэр бүлийн дундаа нуугаад хэн нэгэн хүнд хэлэлгүй дуугүй өнгөрдөг байсан....нөхөр минь ер нь бол эрүүл согтуу гэлтгүй уурлаж бухимдан надад гар хүрч цохиж зоддог...нөхрийн маань хувьд ар гэртээ байнгын түгшүүр үүсгэж, хэрүүл маргаан хийгээд байдаг хүн байгаа юм. Зөвхөн хөл, гар хөхрөх зэрэг түр зуурын биед гэмтэл учруулдаг...2018 оны 01 дүгээр сард бас агсам тавьж бид 4-г зодохоор нь цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн. 2017 оны хавар 3 сард Орхон аймагт Гантулга гэж ахын гадаа байсан ба манай нөхөр хөдөө гэрээсээ ирэхдээ архи ууж согтуу ирээд шөнөжин агсам тавиад шөнөжин доромжилж хоносон...би 2016 оны 8 сарын 16, 2016 оны 03 дугаар сарын 06, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд манай нөхөр согтуу агсам тавьж байгаа байдлыг гар утсан дээрээ бичлэг хийж хураасан бичлэг нь байна гэх мэдүүлэг /хх-25-26 тал/
Насанд хүрээгүй гэрч Б.М өгсөн: ...Архи уусан үедээ байнга агсан тавиад гэр бүлдээ айдас төрүүлээд байдаг. Би төрсөн эцэгтэйгээ хамт байхад байнга түгшүүртэй, дарамттай байгаад байдаг. Хэзээ уурлаж бухимдаад ээжийг цохиж агсан тавих бол гэдэг асуудал нь үнэхээр хэцүү байдаг. Би аавдаа ер нь гомдож явдаг. Яагаад гэхээр ар гэртээ байнга түгшүүртэй байлгаж ээжийг цохиж зодоод дарамталдагт гомддог....2015 оны өвөл 11 сарын үед байх Орхон аймагт байх гэртээ согтуу ирээд тэгээд шөнө 40 орчим минут намайг ганцааранг маань гэрээс гаргаж хашаан дотор тамхины акуркыг түүлгэж байсан.... 2018 оны 01 дүгээр сард бас агсам тавиад ээжийг өшиглөөд, асаагуур авч шидээд хэл амаар доромжлоод зодох гээд байхаар нь ээж эгч бид гурав аавыг ноцолдож байгаад дарж аваад тэгээд Орхон аймгийн цагдаад дуудлага өгч эрүүлжүүлж байсан....тэгээд маргааш нь ээж ажилтай үед эгч дүү бид 3-г гэртээ байсан чинь шөнө ирээд аав байшингийн арын цонхоор орж ирээд эгчийн ар нурууруу чи намайг цагдаад барьж өглөө яасан их барьж өгдөг юм гэж хэлж өшиглөсөн....тэгээд ямар ч гарч гүйх утсаар ярих боломжгүй олгоогүй...2016 оны 02 дугаар сарын29-ний өдөр цагаан сарын шинийн 2-нд аав согтуу агсам тавиад ээж дүү бид дөрөв 2 хоног С.Гантулга ахынд хонож байсан. Дараахан нь бас агсам агсам тавиад байсан учраас С.Гантулга ахын гэрт ээж эгч дүүгийн хамт 14 хонож байсан. Мөн үүний дараахан Орхон аймгийн гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байранд ээж дүү бид дөрөв 14 хоносон. 2016 оны 03 дугаар сард манай аав Орхон аймгийн Цагдаад баривчлагдаад 14 хоног баривчлагдаад гарч ирсэн. Баривчилгаанд оронгуут нь гэртээ харьж байсан...тэгсэн 2016 оны зун 7 сард Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант гэх газарт зусаж байгаад аав эгчийг хонь хариулаарай гэхэд эгч ном уншиж байгаад хонио хараагүй, тэгээд айлын хоньтой нийлсэн. Тэгсэн чинь эгчийг хар модны гишүүгээр ар нурууруу цохиод ар нурууруу мөн өшиглөж байсан гэх мэдүүлэг /хх 28-29, 150-151 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.У өгсөн: манай аав, манай ээж болон дүү Моломжамц бид гурвыг зодож цохиж байнгын хүчирхийлэлд байлгадаг. Ээжийг маань бол намайг ухаан орсон цагаас хойш зодож, цохидог болсон. Аав маань ээжийг бол хардаж болон бусад асуудлаас болж зодож, цохидог. Дүү Моломжамц бид хоёрыг бол үл ялиг зүйлээр шалтгаалж зоддог. Манай аав бол ээжийг байнга сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн хараат байдалдаа байлгадаг. Аав маань ээж дүү бид гурвыг зодож биед маань хөхрөлт, няцралт, хавдсан гэмтэл учруулж байсан...2018 оны 01 дүгээр сард агсам тавиад жжжийг өшиглөөд, асаагуур авч шидээд байхаар нь ноцолдож дарж аваад Орхон аймгийн цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн. Тэгээд маргааш нь гарч ирээд шөнө нь 2 дүүгийн хамт байхад аав эрүүл орж ирээд намайг ар нурууруу чи намайг цагдаад барьж өглөө, яасан их барьж өгдөг юм гэж хэлж л намайг өшиглөсөн. Эрүүлжүүлэгдсэн өдөр нь би цагдаад мэдүүлэг өгөөд тэрийг нь аав уншсан юм шиг байсан. Тэгээд л орой нь намайг ирж тэгж зодсон.... 2016 оны 03 дугаар сард манай аав Орхон аймгийн цагдаад баривчлагаанд 14 хоног баривчлагдаад гарч ирсэн. Тэгсэн 2017 оны 7 дугаар сард намайг хар модны гишүүгээр ар нурууруу цохиод ар нурууруу мөн өшиглөж зодож байсан...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цагаан сарын шинийн 2-нд агсам тавж ээж дүү бид дөрөв 2 хоног С.Гантулга ахынд 2 хоносон...Мөн үүний дараахан Орхон аймгийн гэр бүлийн хүчирхийллээс хамгаалан байранд ээж дүү бид дөрөв 14 хоносон гэх мэдүүлэг /хх-31-33, 147-148 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 339 дугаартай
1. Н.Ц биед хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун зовхи, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд эмчилгээ эдгэрлээс хамаарна гэх дүгнэлт /хх 69 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 340 дугаартай
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 03-05 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 07 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 85 тал/,аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-91-95/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай шийтгэвэр /хх-173 тал/, 0015180 дугаартай шийтгэл оногдуулах тухай /хх-174/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам ээж Н.Ц ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, 2015 оны 11 дүгээр сард гэртээ өөрийн охин насанд хүрээгүй Б.М шөнө 40 минут орчим гадаа тамхины акурк түүлгэж харгис хэрцгий харьцсан, 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдөр эхнэр С.О, өөрийн охид болох насанд хүрээгүй Б. У ,Б.М нарт агсан согтуу тавьж, догшин авирласан, 2016 оны 7 дугаар сард Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант гэх газарт өөрийн охин Б.У зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хадам ээж Ц, С нарыг зодсон, 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ өдөр эхнэр С.О, өөрийн охид болох насанд хүрээгүй Б.У, Б.М нарт агсан согтуу тавьж, догшин авирласан, 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ өөрийн охид болох насанд хүрээгүй Б.У зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.О, өөрийн охид болох насанд хүрээгүй Б.У, Б.М, хадам аав Г.С , хадам ээж Н.Ц нарыг байнга зодсон, харгис хэрцгийн харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Ц , Г.С , С.О, насанд хүрээгүй гэрч Б.М, Б.У, Г.А, Ц.С, гэрч Э.Т, С.Г, Б.У, Х.Э нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 339, 340 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, аюулын зэргийн үнэлгээний маягт, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүнд бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхэд, эмэгтэй, ахмад настай хүний эсрэг үйлдсэн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхэд, эмэгтэй, ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн бүрэлдхүүний бүхий л шинжийг хангасан байх төдийгүй энэ гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх бүрэлдхүүнийг агуулж байна
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхэд, эмэгтэй, ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Д. Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхэд, эмэгтэй, ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б эдлэх 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б цагдан хоригдсан 101 хоногийг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.Б хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.О, Г.С , Н.Ц нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ