Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 605

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8  жилийн хугацаатай хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ц.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л-т 4,176,000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид нэхэмжлэх зүйлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы цагдан хоригдсон нийт 187 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Батсайханд холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 1. Хэрэг гарах үед Ц.Б-ы сэтгэл зүйн байдлыг таамаглах байдлаар тайлбарлаж шийдвэрлэснээс болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйл биш 10.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн. 2. Ялтан нь гэм буруугаа хүлээж хохирлыг барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлсэн зэрэг харгалзан үзэх нөхцөл байдлууд байхад хэргийн зүйлчлэл дээр маргаантай байсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хэрэг шийдэгдэхэд шүүгч А.Дауренбек шүүгч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 60 дугаар захирамжаар шүүхийн хэлэлцүүлэг хийлгүй цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж Улсын дээд шүүхэд өмгөөлөгч гомдол гаргасан нь нөлөөлсөн. А.Дауренбек шүүгч анхан шатны шүүх хуралдааныг даргалагчаар оролцсон нь хууль бус шүүх бүрэлдэхүүнтэй болсон гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ц.Б- хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүх хуульд заасан хэмжээнд нь шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Гомдол үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн ....тоотод байрлах иргэн Н.Ц-ы гэрт хохирогч Б.С-н биеийн толгойн тус газарт гараараа цохиж алсан нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргаагүй бөгөөд уг үйл баримтыг няцаах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Хоёр шатны шүүх Ц.Б-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний ялаас хамгийн доод ялыг сонгон оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Ц.Б-ы гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.

Хэргийн тогтоогдсон үйл баримт болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, Ц.Б-, Б.С нар хамт архи уусан, Б.С нь Ц.Б-ыг хэл амаар доромжилсны улмаас тэд харилцан бие биенээ цохиж эрх чөлөөнд халдах явцад Ц.Б- нь Б.С-н толгой руу цохьсон цохилтын улмаас Б.С гавал тархиндаа титэм заадаснаас суман заадасны дагуу үргэлжилсэн 10 см орчим хугарал, суман заадсаар салсан гэмтэл, хатуу хальсны доорх цусан хураа бүхий гэмтэл авч, уг гэмтлийнхээ улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдсон, энэхүү нөхцөл байдал нь амь хохирогчийн үхэл Ц.Б-ы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл болжээ.

Мөн Ц.Б- нь хохирогчтой харилцан ноцолдож, зодолдох явцад түүний дээр гарч толгойн тус газарт нь цохиж, үхлийн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийнхээ улмаас үүсэх үр дагаварыг хүссэн, үр дагаварт зориуд хүргэсэн шинжийг илрэхийлж байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “...Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх учиртай, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирлыг төлж, цаашид нэхэмжлэх хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн байхад зүйлчлэлд маргасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглээгүй” гэж маргажээ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан, энэ үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсч үйлдсэн байдгаараа ялгагддаг.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл буюу хэл амаар доромжилсон нь нөлөөлсөн хэдий ч уг үг, хэллэг нь хохирогчийг өөрийг нь алах шууд шалтгаан болно гэж, эсхүл шүүгдэгчийг сэтгэл зүйн гүн цочролд оруулах шууд шалтгаан болно гэж тус тус үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл маргалдах, муудалцах шалтгаан хохирогчийн талаас гарсан бөгөөд үүний улмаас харилцан зодолдох явцад Ц.Б- нь Б.С-г алсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж ял оногдуулах тухай зохицуулалтыг шүүх заавал хэрэглэх үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохируулан хэрэглэх шүүхийн эрх хэмжээнд  хамаарах хуулийн зохицуулалт юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН