Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0285

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаарh221/МА2017/0285 

Улаанбаатар хот

 Д.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Хонинхүү, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Н.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1027 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Т-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1027 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т-ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т-ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Т давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Т миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1027 дугаар шийдвэрийг эсэргүүцэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах хурлын товын талаар утсаар хэлэхдээ зөвхөн өдрийг хэлсэн бөгөөд хуралдааны цагийг тодорхой хэлээгүй. Залгасан дугаар руу нь хуралдааны цагийг тодруулах гэтэл утсаа аваагүй. Нэхэмжлэгч миний бие хөдөө орон нутагт амьдардаг тул утасны сүлжээ унаад шуугиад байсан учраас сайн сонсоогүй. Шүүх хурал 12 дугаар сарын 12-ны өдөр эсвэл 15-ны өдөр болох юм байна гэж ойлгосон тул 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны товлосон өдөр болон цагийг лавлаж тодруулахаар захиргааны хэргийн шүүхийн байранд ирсэн. Гэтэл шүүх хуралдаан эхэлсэн байсан. Шүүгчийн туслахыг жижүүрээр дуудуулан уулзахад “Шүүх хурал эхлээд 7 минут болж байна, шүүгч нь хуралдаан эхэлсэн тул оруулах боломжгүй, утсаар асуулаа” гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч надад шүүх хуралд оролцох боломж олгоогүйд гомдолтой байна.

Тус хуралдаанд хариуцагч тал болох Ашигт малтмалын газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж оролцоогүй. Үүнийг хариуцагч талд хурлын товыг тодорхой мэдэгдээгүй болов уу гэж таамаглаж байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч талуудыг оролцуулалгүй зөвхөн гуравдагч этгээдийг байлцуулан хурал хийсэн явдал нь хэт нэг талыг барьсан, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч миний бие  аймгийн  сумын болон багийн малчдын бэлчээрийн талбайд, голын сав газрын бүсэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгчийн хэргээ буруу ойлгосон, алдаатай бичсэн үйлдлээс шалтгаалж миний хүсэлт хангагдаагүй.

Тэрээр “ аймгийн, аймгийн сумын багийн хоорондын хэдэн километрийг тогтоох” гэж буруу бичсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “А Д М” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Гэтэл шүүгчийн мэргэжлийн яам, агентлагуудад захирамжийг албан тоотоор хүргүүлээгүй буруутай, хариуцлагагүй байдлаас болж эдгээр тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэсэгчлэн шилжүүлсэн, худалдсан, уул уурхайн олборлолт явуулсан ноцтой зөрчлүүд үйлдэгдсэн.

Шүүгч шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэж байна. Тухайлбал 2012 оны байдлаар тухайн үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан хуулийг ноцтойгоор зөрчсөн. АМГ-ын Кадастрын хэлтсийн шийдвэрийг 2014 онд шинэчлэгдсэн, шинэ хуулийн “дахин 3 удаа сунгуулах” гэснийг үндэслэн хэргийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн 2007 оны хүчингүй болсон Ерөнхий үнэлгээний материалыг ашиглан, хууль зөрчин олгосон АМГ-ын А тусгай зөвшөөрлийг нотлох баримт БОНХАЖ-ын яамаас албан тоотоор авсан атлаа шүүгч санаатайгаар хэргийг хэрэгсэхгүй болгох, татгалзах шийдвэр гаргасныг эсэргүүцэж, нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1027 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхтэй холбоотой нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдуулж холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Т-гаас нэхэмжлэлийн үндэслэлдээ “... тусгай зөвшөөрөл авах болзлыг хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээр нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг шаардсан байхад нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. ... тус компанийн эдгээр хууль зөрчсөн үйл ажилллагааны уршгаар орон нутгийн иргэд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө шууд хэлбэрээр хүрч байна. Миний Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх зөрчигдөж байна. Туул голын ус бохирдсноос үүдэн ундны усны асуудал тулгарч байна. Уул уурхайн хууль бус үйл ажиллагааны улмаас их хэмжээний тоос шороо босч малчин бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.” гэж маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэхдээ “...  хэмээх газраас  багийн төв хүртэл 53.2 км,  хүртэл 49.9 км зайд оршдог” гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “нэхэмжлэгчийн амьдарч байгаа Лах багт маргаан бүхий ашиглалтын шороон орд байдаггүй, хоорондоо 49.9-53.2 км зайтай оршиж байх тул  Лах багийн нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж буруу дүгнэлт хийжээ.

Учир нь хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын 2015 оны 6/3128 дугаар албан бичиг, уул уурхайн кадастрын зураг зэрэг баримтаас үзвэл гуравдагч этгээдийн анх эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн 7203.33 га талбай нь  аймгийн  сум,  аймгийн  сумын нутгийг дамнан оршдог байсан бөгөөд 473.61 га- талбайд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үлдсэн 5166.6 га болон 1563.12 га талбайг тусад нь шинэчлэн бүртгүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл авсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл уг тусгай зөвшөөрлүүдийн талбайн хил хязгаар нь хаагуур болох, нэхэмжлэгч нь төвийн хаана нь нутагладаг талаар тодруулалгүй зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд бичсэн газар усны нэр буюу “Д сумын  ” гэх нэр, багийн төв гэх газруудаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон нэхэмжлэгчийн нутагладаг газрын хамаарлыг тодорхойлох боломжгүй юм.

Энэ талаар давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0700 дугаар тогтоолоор “... нэхэмжлэгчийн зөрчигдөж байгаа гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу түүний  нутагладаг газар нь гуравдагч этгээдийн ашигт малтмалын талбайтай давхцалтай эсэх, эсхүл тухайн талбайгаас хамааралтай зайд оршдог эсэхийг тодруулах нь ач холбогдолтой байж болох ...” талаар дурдсан байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн “... малчдын бэлчээрийн талбай, голын сав газрын бүсэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан байхад .... сум, багийн хооронд хэдэн километрийг тогтоолгохоор шинжээч томилсон нь буруу” гэх гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Т-ын “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 809 дүгээр шийдвэрт нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй талаар дүгнэсэн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 809 дүгээр шийдвэрээр иргэн Т.Э-с Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ““А Д М” ХХК-д  аймгийн  сумын нутаг дахь нэртэй газарт 473.61 гектар талбай бүхий тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тухайн нэхэмжлэлд заасан үндэслэлээр “нэхэмжлэгч Т.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин Д.Т-ын нэхэмжлэлд дурдсан үйл баримт, нэхэмжлэгч Д.Т-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзэхээргүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ