Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 798

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Ц.О*******, Н.Х******* нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/549 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн аваад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О*******, Н.Х******* нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч бид хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.О*******той маргаан бүхий газрын асуудлаа шийдвэрлэж, “Эвлэрлийн гэрээ” байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.О*******, Н.Х******* нартай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан тул “Эвлэрлийн гэрээ”-г баталгаажуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О*******, Н.Х******* болон хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд “...1. Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.О*******, Н.Х******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/95 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Х*******гийн эзэмшиж байсан 1000 м.кв, Ц.О*******ийн эзэмшиж байсан 1000 м.кв газрыг тухайн байршилд буцаан эзэмшүүлэх боломжгүй тул байршлыг өөрчлөн гэрээний 2.1.2, 2.1.3-д заасан хэмжээ, байршил бүхий нийт 2000 м.кв газрын нэхэмжлэгч нарт эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгон, газрын кадастрын мэдээллийн санд шинээр бүртгэн оруулахыг талууд харилцан зөвшөөрч байна” гэжээ. 

Дээрх “Эвлэрлийн гэрээ” болон хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/2053 дугаар албан бичиг, нэхэмжлэгч нарын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт зэргийг хүлээн авч хянаад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийж, ... эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Ц.О*******, Н.Х******* болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар болон хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нар эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.О*******, Н.Х******* нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Ц.О*******, Н.Х******* болон хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.О******* харилцан тохиролцож, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг 2611184132 тоот данснаас гаргаж, нэхэмжлэгч Ц.О*******, Н.Х******* нарт олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН