2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04500

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19

191/ШШ2025/04500

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: С тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч нь манай ******* ББСБ ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 1,999,900 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11237 тоот захирамжаар уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* /РД: *******/-ыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/87 дугаар гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11237 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1. ******* ББСБ ХХК нь О.*******той 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг байгуулж, 1,999,900 төгрөгийн зээл олгосон.

2.2. Зээлдэгч О.*******оос зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11237 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар О.******* нь Б тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. О.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байна гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11237 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, бусад баримтуудаар тогтоогдож байх тул ******* ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. 

 

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч ******* /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА