| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0073/Э |
| Дугаар | 00077 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 00077
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Түвдэндоржид холбогдох эрүүгийн 1815001080072 дугаартай, 163/2018/0073/э индэкстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Б.Т
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төв хойд хороонд иргэн Б.М нуруу хэсэгт нь хоёр удаа өшиглөж нурууны сэртэн ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түвдэндоржийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
1815001080072 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.М өгсөн:…2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хөдөө гэрээсээ Хишиг-Өндөр сумын төвд аав, ээжийн хамт орж ирсэн. Сумын төвд явж байхад Айзамбаяр гэх найз маань залгасан тэгээд би сумын төвд байна гэж хэлсэн. Тэгээд би уулзах юм уу гэсэн чинь хүрээд ир гэсэн тэгээд хойд хорооны хойно очиж уулзасан. Тэгэхэд Айзамбаяр ганцаараа байсан би тэнд бууж үлдээд аав ээж 2 явсан. Тэгээд Айзанбаяр бид хоёр шил архи уугаад байж байтал Т бид 2 дээр ирсэн. Тэгээд би Айзамбаярын мотоцикль аваад айл руу очоод буцаад ирсэн чинь Айзамбаяр, Түвдэндорж, Батбилэг, Баяраа, Сүхбаатар нар байж байсан. Тэгээд Батбилэг, Айзамбаяр хоорондоо хэрүүл маргаан хийчихсэн байж байсан. Тэгээд би мотоцикльноос буусан газар сууж байсан чинь Т миний араас нуруу руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд би босож чадахгүй байж байсан чинь цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх 08-10 тал/,
Гэрч Э.Б өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хишиг-Өндөр сумын төвд Сүхбаатар Батбаяр бид 3 наадмын талбайн ойролцоо сууж байсан. Тэгтэл Айзанбаяр Т 2 мотоцикльтой ирсэн. Тэгээд бид нэг шил архи уусан Айзанбаяр бид 2 маргалдсан тэгээд байж байтал М ирсэн. Тэгээд М ыг газар сууж байхад нь Т ар нуруу нь бөөр хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирээд Т бид хоёрыг аваад явсан. Айзанбаяр бид 2-ийн дунд зодоон болоогүй гэх мэдүүлэг /хх-13-14 тал/
Гэрч Э.С өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хишиг-Өндөр сумын төвд Батбаяр, Батбилэг бид 3 наадмын талбай нь оройролцоо сууж байсан. Тэгтэл Айзанбаяр Т 2 мотоцикльтой ирсэн. Тэгээд бид нэг шил архи ууж байтал М бид хэд дээр ирсэн тэгээд байж байтал Айзанбаяр, Батбилэг 2 маргалдаж эхэлсэн бид боль гээд салгаад байж байтал Түвдэндорж, М 2 бас маргалдаад байсан тэгтэл Т босоод М ын ар нуруу нь бөөр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. М босч чадахгүй байна гээд газар хэвтээд байсан тэгээд цагдаа нар ирээд Түвдэндорж, Батбилэг 2-ыг аваад явсан гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 78 дугаартай
1. Б.М биед бүсэлхүйн Л2, Л3-р нугаламуудын баруун талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 21 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 3 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 30 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төв хойд хороонд иргэн Б.М нуруу хэсэгт нь хоёр удаа өшиглөж нурууны сэртэн ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.М , гэрч Э.Батбилэг, Э.Сүхбаатар, Х.Шинэтөр нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 78 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохиролд 670000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б.Т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ