Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0962

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, шүүгч А.Ганзориг, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ТӨҮГ /РД:/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын газрын улсын ахлах байцаагч С.Т, татварын байцаагч Ц.О, М.А, Б.М нарт холбогдох Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА- тоот Нөхөн ногдуулалтын акт-аар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг Э ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Ж.О, С., М.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т*******, хариуцагч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, иргэдийн төлөөлөгч Б.Б*******, гэрч С.Ба******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ...Татварын ерөнхий газрын татварын газрын улсын ахлах байцаагч С.Т, татварын байцаагч Ц.О, М.А, Б.М нарт холбогдох Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА- тоот Нөхөн ногдуулалтын акт-аар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг Э ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах, Татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА- тоот Нөхөн ногдуулалтын акт-аар Б******* аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрт байрлах О******* аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг Э ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах... гэжээ.

1.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчлөн ... Э ТӨҮГ нь Нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн 2019 оны татвар, торгууль, алданги нийт 331,957,533.37 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн тул нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагаасаа татгалзаж байна. Татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА- тоот Нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ Э ТӨҮГ-ын 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах дагалдах элемент болох, төмөрт ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2,739,125,112.14 төгрөгийн тооцооллыг хийхдээ 1,523,596,867.54 төгрөгөөр үндэслэлгүй илүү тооцоолж алдаа гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж өөрчилж байна... гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 тоот нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчээр 2,195,922,183.99 төгрөгийн нөхөн татвар, 658,776,655.02 төгрөгийн торгууль, 439,184,436.68 төгрөгийн алданги, нийт 3,293,883,275.09 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

2.2. Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж тогтоожээ.

2.3. Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

2.5. Нэхэмжлэгчээс Б******* аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрт байрлах О******* аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 оны татвар, торгууль, алданги нийт 331,957,533.37 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлж, баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...3эс, молибдений баяжмалын дагалдах металлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйл, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тогтоол, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 488-р тогтоол бусад хууль тогтоомжийг хэрэглэсэн. Засгийн Газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тогтоолоор баглагдсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.3-т Ашигт малтмалын баяжмал гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ гэж заасан. 2.4-т Төмрийн баяжмал нь газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон химийн аргаар боловсруулсан 57 хувиас дээш агуулгатай төмрийн хүдрийг хэлнэ, 2.5-д Ашигт малтмалын эсийн бүтээгдэхүүн гэж баяжмалыг боловсруулж цэвэршүүлсэн металлыг хэлнэ, 2.6.5-д Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 488-р тогтоолоор өөрчлөлт орж төмөр гэдэг нь хүдрийн баяжмалаас гаргаж авсан бүтээгдэхүйн /аргалж, хорголж, шууд ангижруулсан төмөр, брикет, ширэм, ган/-ий агуулга нь 80 хувиас дээш байна гэж заасан байна.

"Э " ТӨҮГ-ын лэн гаргаж байгаа зэсийн баяжмалд агуулагдаж байгаа дагалдах элемент болох төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яамнаас зарласан Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд гаргасан 60 хувийн агуулгатай төмрийн баяжмалын үнээр тооцож байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. "Э " ТӨҮГ нь байгуулагдсан цагаасаа хойш зэс, молибдений баяжмал лэн, экспортод гаргасаар ирсэн. Шүүхээс зэсийн баяжмал дотор агуулагдаж буй дагалдах бүтээгдэхүүн болох төмөр нь төмрийн баяжмал эсхүл зэсийн баяжмал дотор агуулагдаж буй дагалдах элемент эсэхийг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтэд ... зэсийн баяжмал доторх зэсийн эрдсийн талст тор дотор төмрийн элемент агуулагдаж байгаа болохоос баяжмал дотор баяжмал агуулагдах боломжгүй, зэсийн баяжмалд агуулагдаж буй төмөр нь төмрийн баяжмал биш юм, зэсийн баяжмалд агуулагдаж буй дагалдах элемент болохыг тодорхойлсон байдаг.

Хариуцагч болон гомдол гаргагч талууд зэсийн баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах тооцооллын асуудалд маргаж байгаа. Зэсийн баяжмалд дагалдах элемент төмрийн агуулагдаж байгаа хэмжээнд тохирсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 тоот Засгийн Газрын тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах журмын 2.2-т "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн Газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно" гэж заасны дагуу зэсийн баяжмал дахь дагалдах элемент төмрийн хувийн жингээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцсон. Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчид зэсийн баяжмалын цэвэр жингээс тооцож байгааг зөвшөөрөхгүй...Гаалийн төв лабораторийн дүгнэлт хугацаандаа гардаггүй 1-2 сарын хоцрогдолтой гардаг. Лабораторийн дүгнэлтэд зэсийн баяжмал дахь дагалдах элемент төмөр нь 25-30%-ийг эзэлдэг бөгөөд Татварын ерөнхий газар болон, "Э " ТӨҮГ нь энэ 27,5 хувийг харилцан хоёр талаасаа тохиролцсон болно...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.12-т заасныг үндэслэн Засгийн Газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай тогтоолын 1,2-р хавсралтаар баталсан Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн жагсаалт, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн жагсаалт, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн жагсаалт ашигладаг. Сар бүр Сангийн яамнаас mof.gov.mn цахим хуудаст мэдээлэгддэг экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлдэг...Талууд борлуулалтын 36,521,668,74 дүнтэй маргаагүй. Борлуулалтын 36,521,668,74 (2,365,475,232,620.68-2,328,953,564,458.94-36,521,668.74) төгрөг нь Э ТӨҮГ-ын тайлагнасан ашигт малтмалын нийт үнэлгээ нь дагалдах элемент болох төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй дүн 2,328,953,564,458.94 төгрөг болон Татварын ерөнхий газрын байцаагчдын шалгалтаар зэс, молибден, дагалдах элемент төмөрт ашигт малтмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан дүн 2,365,475,232,620.68 төгрөгийн хоорондын зөрүү дүн байна. Борлуулалтын 36,521,668.74 төгрөгөөс ашигт малтмалын төлбөр 5 хувиар тооцож 1,826,083,408.09 төгрөг, торгууль, 547,825,022.43 төгрөг, алданги 365,216,681.62 төгрөгөөр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийт дүн 2,739,125,12.14 төгрөг нь талуудын маргаан үүссэн тооцоолол байна... гэжээ.

3.2. Хариуцагч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ашигт малтмалын тухай хууль /2019 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-т Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.2-т Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно, 47.2.1-т экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална, 47.3-т Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3-т энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь, 47.10-т Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүр төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө гэж зааснаар төлбөр ногдуулсан.

Энэхүү тооцооллыг хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.6, 47.12-т заасныг үндэслэн гаргасан Засгийн Газрын 2011 оны 193 дугаар тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2019 оны 342 дугаар тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцсон.

Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар баталсан Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал-ын 2.7-д Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, үнэт металл, бусад эрдэс бүтээгдэхүүний хувьд аргачлалын 2.5-д заасны дагуу тогтоосон дагалдах бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно буюу Ашигт малтмалын бүтээгдэхүүнд агуулагдаж буй цэвэр металлын хэмжээг тухайн бүтээгдэхүүний хуурай жингээр, олон улсын зах зээл дээр нийтлэг хэрэглэгддэг аргачлалаар тодорхойлно.

Цэвэр металлын агуулгыг агуулгын хэмжээ, бүтээгдэхүүний төрөл, зах зээлийн үнийн ангиллаас хамааруулан тооцно.

Татвар төлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Э ТӨҮГ, О******* аймгийн Гаалийн газартай 2019 онд ачигдсан зэс, молибдений баяжмалын жин, тоо хэмжээ нийлсэн акт-ын татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сан дахь гаалийн мэдээтэй тулгалт хийхэд тоо, хэмжээ таарсан боловч шинжилгээний үр дүн, агуулга зөрүүтэй байсан тул Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораториос тодруулга авхуулсны хариуд 2019 оны 05-12 дугаар саруудад нийт 17 удаагийн шинжилгээний үр дүн ирүүлсэн. Ирүүлсэн 17 дүгнэлтээс 5 дүгнэлт нь 1 өдөр гарсан боловч шинжилгээний үр дүнгээр чийглэгийн хэмжээг бууруулсан байсныг орхиж, 5 ширхэг зэсийн баяжмалын, 7 ширхэг молибдений баяжмалын дүгнэлтийг ашиглан тооцоолол хийснээ татвар төлөгчтэй т******* баталгаажуулалт хийсэн болно. Татвар төлөгч 2019 оны 05-12 дугаар саруудад нийт 400,054.93 тонн зэс, молибдений баяжмал экспортолсон бөгөөд төмрийн агуулга дунджаар 24.19 хувь буюу 96,768.26 тонн цэвэр төмөр байсан...Төмрийн зах зээлийн үнийн мэдээллийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Засгийн Газрын 2013 оны 131 дугаар тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81 дугаар тогтоолын дагуу Сангийн яамны цахим хуудсаар зарласан 2019 оны 05-12 дугаар сарын Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл дэх үнийг ашигласан. Уг мэдээлэл www.umetal.com гэх эх сурвалжийг заасан бөгөөд олон улсын зах зээлийн үнэ дараах байдалтай байсан. Үүнд 2019 оны 05 дугаар сард /Fe 60%/ 88.85 ам.доллар/тонн, 2019 оны 06 дугаар сард /Fe 60%/ 97.10 ам.доллар/тонн, 2019 оны 07 дугаар сард /Fe 60%/ 107.02 ам.доллар/тонн, 2019 оны 08 дугаар сард /Fe 60%/ 80.03 ам.доллар/тонн, 2019 оны 09 дүгээр сард /Fe 60%/ 78.79 ам.доллар/тонн, 2019 оны 10 дугаар сард /Fe 60%/ 76.85 ам.доллар/тонн, 2019 оны 11 дүгээр сард /Fe 60%/ 72.78 ам.доллар/тонн, 2019 оны 12 дугаар сард /Fe 60%/ 78.98 ам.доллар/тонн тус тус байсан.

Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын 2.3-т хүдэр болон баяжмалын агуулгын хувь нь цахим хуудаст тавигдсан тухайн бүтээгдэхүүний агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудаст тавигдсан агуулга болон үнийн мэдээллээс агуулгын нэгж, хувьд ногдох үнийг гаргаж борлуулалтын үнэлгээг дараах томьёогоор тооцно. Үүнд: Цахим хуудасны үнийн мэдээллээс нэгж агуулгын хувийг тооцно. Агуулгын нэгж хувьд ногдох үнэлгээ /ан/=мэдээлэгдсэн үнэ:мэдээлэгдсэн агуулгын хувь гэж зохицуулагдсан.

Аргачлалын дагуу 2019 оны 05 дугаар сарын зарласан 60 хувийн агуулгатай төмрийн баяжмал 88.85 ам.доллар/тонн үнэлгээнээс цэвэр төмрийн үнэлгээг гаргахад 148.08 ам.доллар гарч байна.

Нэгж цэвэр төмрийн үнэ /Fe 100%/=88.85 / 60 хувь =148.08 ам.доллар тонн.

Иймд цэвэр төмрийн хэмжээнд үндэслэн борлуулалтын үнэлгээг гаргаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Татварын ерөнхий газрын даргын 322 дугаар тушаалын 2.1, 2.2, 2.3, 2.7, 3 дахь хэсэг, Засгийн Газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2.2, 2.6, 3 дахь хэсэг, 2019 оны 465 дугаар тогтоолын 2.2, 2.8, 3 дахь хэсгүүдийн дагуу хийсэн. Зэс, молибдений баяжмалд агуулагдах төсөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д татварын тайланд тусгах, бүртгэх, төлбөр тооцоо гадаад валютаар хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээг хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх гэж хуульчилснаар авч хэрэглэсэн...татвар төлөгч нь зөвхөн цэвэр төмрийг 60 хувийн агуулгатай төмрийн баяжмалын үнэлгээгээр үнэлэх талаар гомдол гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Иймд татварын улсын байцаагчдын үйл ажиллагаа нь Ашиг малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаал, Засгийн Газрын 2013 оны 131 дугаар тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81, 2019 оны 342, 465 дугаар тогтоолууд, Гаалийн төв лабораторийн дүгнэлт, олон улсын үнийн эх сурвалжуудаас авсан үнийн мэдээлэлд үндэслэгдсэн хууль ёсны тооцоо, шийдвэрт тулгуурласан... гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал нь зэсийн баяжмалд гаргаж буй татварын нэхэмжлэлд 100 хувь зөв байр суурьтай гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий актын холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Э ТӨҮГ-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА21240000007 тоот актын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийн төлбөр ногдуулсныг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөнтэй холбогдуулан уг шаардлагаас татгалзаж, харин 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2,739,125,112.14 төгрөгийн тооцооллыг хийхдээ 1,523,596,867.54 төгрөгөөр үндэслэлгүй илүү тооцоолсныг хасуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчилсөн ба шүүхээс энэ хүрээнд дүгнэлт өгнө.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр байх ба мөн зүйлийн 47.3.3-д энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь, 47.6-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална, 47.14-д Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж тус тус зааснаар зэс, молибдений баяжмалын дагалдах бүтээгдэхүүн төмөрт АМНАТ ногдуулах, зарлагдсан биржийн үнэ, Монгол банкны ханш зэрэгт үндэслэн тооцохтой холбоотой хэргийн оролцогчдоос маргаангүй, харин нэхэмжлэгчээс 25-30%-ийн агуулгатай төмрийн үнээр АМНАТ төлөх ёстой хэмээн, хариуцагчаас 100%-ийн агуулгатай төмрийн үнээр АМНАТ төлөх буюу татвар ногдуулах тооцоололд маргасан. Тодруулбал,

3. Э ТӨҮГ-ын 2016-2018 оны АМНАТ-тэй холбоотой захиргааны хэргийг[1] шийдвэрлүүлэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нараас энэ маргаантай адил тооцоолол хийх аргачлалын талаар маргаж, 25-30%[2]-ийн агуулгатай төмрийн хэмжээг гаргахдаа хариуцагч төмрийн цэвэр жингээс бус зэсийн баяжмалын хуурай жингээр тооцоолол хийсэн бол энэ хэрэгт төмрийн цэвэр жингээр буюу 25-30%-аар тооцож хийсэн ч үнийг тодорхойлохдоо төмрийн баяжмалын үнийг тооцоолох аргаар буюу агуулгыг 100% гэж үзэж тооцоолол хийснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч агуулгын хувиар тооцоолол хийх ёстой хэмээн тайлбарласан.

4. Гэхдээ Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах төлөх журмын 2.2 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэгч, хариуцагч аль аль талаас эрх зүйн эх сурвалжаа тодорхойлсон.

5. Мөн уг тогтоолоос өмнө мөрдөгдөж байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол болон Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал-ын хүрээнд тайлбарласан ба 2019 онд тухайн тогтоол, аргачлал хүчингүй болсон ч холбогдох заалтууд нь агуулгын хувьд өөрчлөгдөөгүй гэж хариуцагч нараас тайлбарласан нь үндэслэлтэй байх ба энэ маргааны тухайд эдгээр эрх зүйн актуудыг хэрэглэн тайлбарлах үндэслэлтэй болно.

6. Засгийн газрын 465 дугаар тогтоолоор батлагдсан дээрх журмын 2.2-д Ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд зарласан жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно[3] 2.8-д Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно[4] гэж заасан.

7. Үүнээс гадна Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын 2.3-д Хүдэр болон баяжмалын агуулгын хувь нь цахим хуудсанд тавигдсан тухайн бүтээгдэхүүний агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудсанд тавигдсан агуулга болон үнийн мэдээллээс агуулгын нэгж хувьд ногдох үнийг гаргаж, борлуулалтын үнэлгээг дараах томьёогоор тооцно, 2.5-д Тухайн экспортын бүтээгдэхүүний агуулгын хувийг тогтоохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. ..., 2.7-д Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, ... аргачлалын 2.5-д заасны дагуу тогтоосон бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно гэж тус тус зохицуулжээ.

8. Тухайн тохиолдолд экспортод гаргасан ашигт малтмалын олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд Төмрийн хүдэр /57%-ийн агуулга/ болон Төмрийн баяжмал /60%-ийн агуулга/-ын үнэ зарлагддаг байх ба үүнээс төмөр нь зэсийн баяжмалд агуулагдаж буй учраас нэхэмжлэгч болон хариуцагч нар 60%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнээр тооцоолол хийсэн байна.

9. Уг тооцооллыг хийхдээ дээрх тогтоол болон тушаалд зааснаар агуулгын хувь нь ялгаатай зарлагддаг учир 60%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнээс 1%-ийн агуулгатай төмрийн үнийг тооцоолон гаргах аргачлал нь адил боловч нэхэмжлэгч нь гаалийн лабораторийн дүгнэлтээр тогтоогдсон 25-30%-ийн агуулгатай төмрийн үнээр, харин хариуцагч нь 100%-ийн агуулгатай төмрийн үнээр тооцож гаргажээ.

10. Харин нэхэмжлэгч болон хариуцагч нь төмрийн хэмжээг гаргахдаа дээрх тушаалын 2.7-д заасны дагуу гаалийн лабораторийн дүгнэлтээр 25-30%-ийн агуулгатай гэсний дагуу баяжмалд агуулагдаж буй цэвэр төмрийн хэмжээг адилхан тогтоосон байна.

11. Үүнээс дүгнэхэд хэргийн оролцогчдын хооронд үүсэж буй гол зөрүү нь Гаалийн лабораторийн дүгнэлтэд дурдсан агуулга гэдгийг хэрхэн ойлгож байгаагаас болжээ. Энгийнээр илэрхийлбэл, нэхэмжлэгч тал тооцоолол хийхдээ Гаалийн лабораторийн дүгнэлтэд 25-30%-ийн агуулгатай төмөр гэснээс цэвэр төмрийн хэмжээ болон төмрийн үнэлгээг аль алийг нь тооцож гаргасан бол хариуцагч нь дээрх агуулгын хувиас цэвэр төмрийг бодож, харин үнийг төмрийн 100%-ийн агуулгаар тооцоолсон.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж заасан.

13. Энэ хүрээнд Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, ангилал тооцох, үндсэн зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэхээр, мөн аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахад ашиглахаар байхаас гадна,

2.1-д "Ашигт малтмалын хүдэр" гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ (боловсруулаагүй нүүрс энэ ангилалд орно),

2.3-д Ашигт малтмалын баяжмал гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ.

2.4-д Ашигт малтмалын баяжмалд дараах бүтээгдэхүүнийг оруулна.

4-д Төмрийн баяжмал /Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн хүдэр агуулга нь >57% байхаар/,

2.5-д Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн гэж баяжмалыг боловсруулж, цэвэршүүлсэн металлыг хэлнэ,

2.6-д ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнийг дараах байдлаар тодорхойлно.

5-д Төмөр Хүдэр баяжмалаас гаргаж авсан бүтээгдэхүүн (аргалж, хорголж, шууд ангижруулсан төмөр, брикет, ширэм, ган) агуулга >80% гэж тус тус тодорхойлжээ.

14. Э ТӨҮГ нь зэс, зэс болон молибдений баяжмал бүтээгдэхүүн экспортод гаргадаг байх ба баяжмалд агуулагдах төмөр нь соронзлогдох шинж чанаргүй, зэсийн хүдэрт төмөр нь 2-3% байдаг, зэсийг баяжуулсны дараа төмрийн агууламж нь нэмэгдэж 20-30% болдог, ялгаж авах боломжгүй хаягддаг, баяжмалд агуулагдаж буй төмрийн химийн элемент бүхий эрдэс болох нь Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11/614 дүгээр албан бичгийн хавсралт, Уул уурхай, хүнд ийн яамны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/481 албан бичиг, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирлын тушаалаар томилогдсон шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

15. Гэтэл баяжмалд агуулагдах 25-30%-ийн агуулгатай төмөр нь баяжмал болон эцсийн бүтээгдэхүүний агуулгын шаардлагыг хангахгүй байхад цэвэр төмөр буюу 80-аас дээш хувийн агуулгатай төмөртэй адилтгаж, 100%-иар тооцоолол хийсэн нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолтой нийцэхгүй болно.

16. Мөн Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11/614 дүгээр албан бичгийн хавсралтад 25-30 хувийн агуулгатай бүтээгдэхүүн нь баяжмалын шаардлага хангахгүй, мөн Зэсийн баяжмалд байгаа элемент тус бүрийг лабораторийн аргаар шинжилж үзвэл зэс, молибден, цайр, төмөр, алт, мөнгө зэрэг химийн элементүүдийн эзлэх хувийн жин тодорхой болдог... гэж, мөн Гаалийн төв лабораторийн шинжээч С.Ба*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.5, 2.7-д тус тус зааснаар Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд агуулгыг хувиар илэрхийлж байгаа нь тухайн бүтээгдэхүүний агуулгын мөн чанар болон эзлэх хувийн жинг буюу хэмжээг аль алийг нь илэрхийлнэ гэж үзэхээр байна.

17. Үүний дагуу тухайн дагалдах бүтээгдэхүүний цэвэр жинг гаргаж, агуулгын хувьд нийцүүлэн тооцоо гаргах ёстой байхад хариуцагч нарын Гаалийн лабораторийн дүгнэлтийн агуулгын хувь гэснийг ашиглан цэвэр жинг гаргасан боловч дүгнэлтээс зөрүүтэй байдлаар агуулгыг 100 хувь гэж тооцоолон төлбөрийн хэмжээг гаргасан нь Засгийн газрын 465 дугаар тогтоолын 2.2-ын ... нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно, 2.8-ын ...лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно гэж заасанд мөн нийцэхгүй болно.

18. Иймээс нэхэмжлэгчийн зэсийн баяжмалд агуулагдах төмөр нь цэвэр төмөр биш, дахин боловсруулахгүй хаягдал болдог төмрийн химийн элемент бүхий дагалдах бүтээгдэхүүнд агуулгын хувиар тооцож төлбөр ногдуулах ёстой гэх тайлбар үндэслэлтэй байх ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн үндэслэлийг дэмжиж дүгнэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй.

19. Харин нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 25-30% хувийн агуулгатай үнээр тооцоолон төлбөрийн хэмжээг бууруулахаар гаргасан боловч талууд тооцооллыг нягтлан шалгаагүй, тооцоо нийлээгүй тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн тооцооллоор шууд хасах боломжгүй, хариуцагч нараас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дээрх хууль, тогтоолд нийцүүлэн төмрийн агуулгын хувиар 2019 оны АМНАТ-ыг дахин тооцоолж, нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг үндэслэн актын маргаан бүхий хэсгийн биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

20. Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд 2019 оны АМНАТ-ийг дахин тооцоолж гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий актын 2,739,125,112.14 /Хоёр тэрбум долоон зуун гучин есөн сая зуун хохин таван мянга зуун арван хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6, 47.14-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 тоот актын  2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 /Хоёр тэрбум долоон зуун гучин есөн сая зуун хорин таван мянга зуун арван хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг 3 /гурван/ сарын хугацаатай дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2,739,125,112.14 /Хоёр тэрбум долоон зуун гучин есөн сая зуун хорин таван мянга зуун арван хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөр ногдуулсан хэсэг хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ