Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00078

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С т холбогдох эрүүгийн 1815000000069 дугаартай, 163/2018/0074/Э индэкстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнссэн, Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар ял дүйцүүлэн хасч  1 жил 1 сар 24 хоног болгон өөрчилж, 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн шүүгчийн захирамжаар 4 сар 1 хоногийн хорих ялыг хугацаагаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон гэх И овогт Г. С  

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.С  нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр О.Д Samsung G-3 маркийн 364325 төгрөгийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:   

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.                                                                                  

1815000000069 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч О.Д  өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 21-ний өглөөгүүр байшингийн хаалга онгойж хаагаад хүн орж гараад байх шиг байсан болохоор нь удаагүй сэрсэн. Тэгээд намайг сэрэхэд өглөөний 08 цаг болж байх шиг байсан. Тухайн үед цаг хараагүй болохоор мэдэхгүй байна. Өглөө байшингийн хаалга онгойж хаагдаад байхаар нь манай байшинг хөлсөөр засварлаж байгаа С ыг орж гарч байна гэж дотроо бодсон. Тэгээд би босоод удаагүй гар утсаараа хүнтэй ярих гээд хайсан. Өмнөх шөнө нь би засвар хийж байсан байшиндаа гар утсаа цэнэглээд орхисон байсан болохоор гар утсаа байшингаас авахаар орсон. Тэгсэн чинь байшин дотор цэнэглээд орхисон гар утас алга болсон байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Би 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С оос гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан гэх мэдүүлэг /хх-16-18 тал/

Гэрч Ч.Л өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэж бодож байна цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. С  манай байшингийн цонхны шилийг тогшоод намайг дуудаад байсан. Тэгээд манай хүү Намсрай байшингийн хаалга онгойлгож өгсөн. Тэгээд С  манай гэрт орж ирээд дүү нь охин дээрээ очих гэсэн юм надад мөнгө хэрэгтэй болчихлоо гээд байхаар нь би С т надад мөнгө алга байна гэж хэлсэн чинь С  энэ гар утсыг манай эгч авч өгсөн юм аа та 60000 төгрөгөөр авчихаач гээд гуйгаад байхаар нь би өөртөө байсан 60000 төгрөгийг С т гаргаж өгсөн. Тэгээд манайхаас 09 цаг дөхөж байхад охин руугаа Улаанбаатар руу явлаа гээд гараад явсан гэх мэдүүлэг /хх-20-22 тал /

Яллагдагч Г.С ын өгсөн:...”Дараа нь би усанд явахынхаа өмнө Д гэрийн ширээн дээр орхичихсон байсан гар утсыг аваад Д гараад явсан. Тэгэхэд 07 цаг 30 минут болж байсан байх. Тэнднийхээс гараад би залуус хороолол руу Лхагвасүрэн гэдэг хуурай эгчийнх рүүгээ очсон. Тэднийнд 08 цаг болж байхад очсон. Намайг Ч.Лхагвасүрэн эгчийн гэрт очиход гэрт нь эгч, бага хүүхэдтэйгээ хоёулаа унтаж байсан. Тэгээд би гаднаас цонхыг нь тогшиж байгаад эгчийн гэр лүү орсон. Гэрт ороод би Ч.Лхагвасүрэн эгчид ширээн дээр байсан гар утсыг гаргаж ирж үзүүлээд энэ утсыг худалдаж аваач гээд гуйсан. Тэгсэн чинь Ч.Лхагвасүрэн эгч мөнгө байхгүй, авч чадахгүй гэхээр нь би эгчид дүү нь хот явах гээд мөнгөний хэрэг болоод байна гэж гуйсаар байгаад 60000 төгрөгөөр зарсан. Гар утсаа зарчихаад би эгчийн гэрээс гараад такси зогсоогоод шууд Эрдэнэт рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-34-36 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 4 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43 тал/, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  18/78 дугаартай “Тольдох Оюуны өгөөж”  ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.   

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С  нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр О.Дашдүвжидийн Samsung G-3 маркийн 364325 төгрөгийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.     

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар... 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр О.Дашдүвжидийн Samsung G-3 маркийн 364325 төгрөгийн гар утсыг хулгайлсан гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч О.Дашдүвжид мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Ч.Лхагвсүрэнгийн мэдүүлэг, Г.С ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43 тал/,  2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  18/78 дугаартай “Тольдох Оюуны өгөөж”  ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Г.С  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Г.С ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 3 дах хэсгийн 3.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.С ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Д гар утасны 364325 төгрөгийн хохирол учирсан байна.   

 Шүүгдэгч Г.С  нь 1 ширхэг Samsung G-3 гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан төлсөн байна.

Шүүгдэгч Г.С т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.     

Шүүгдэгч Г.С  энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч И овогт Г.С ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.С ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 3 дах хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.С ыг тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хүлээлгэж, шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг  зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.   

4. Шүүгдэгч Г.С ын  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

        

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНДУЛАМ