Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

 

 

 

 2024        05        15                                        2024/ДШМ/31

 

   С.Бт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Н.Ө,

Шүүгдэгч: С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Х.О, Ц.Э,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор С.Бт холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М овогт Сгийн Б, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн Х суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Х сумын .... дүгээр баг ...........д оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор .... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ........-т заасан “насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, улмаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжаар .... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялыг нь 3 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ял болгон дүйцүүлсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 27 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын .....-ний өдрийн..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар ял шийтгэгдэж, өмнөх ялын эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 27 хоногийн хугацаагаар тогтоосон ба ... оны 8 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан /регистрийн ..................... дугаартай/.

Шүүгдэгч С.Б нь: Хөвсгөл аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Товгийн ар” гэх газарт ... оны 8 дугаар сарын сарын 07-ны өдөр 13 настай Б.Мийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж шалтгаангүйгээр амь насыг нь хохироож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч М овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7- д зааснаар шүүгдэгч Сгийн Быг бүх насаар нь хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сгийн Бт оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 320 (гурван зуун хорь) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгаас эрэн хайх болон замын зардалд нэхэмжилсэн 17.337.650 (арван долоон сая гурван зуун гучин долоон мянга зургаан зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлээс лам, бөөд өгсөн гэх шашны зан үйлтэй холбоотой 3.000.000 (гурван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Баас эрэн хайх болон замын зардал 14.13.7372 (арван дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 13.920.000 (арван гурван сая есөн зуун хорин мянга) төгрөг, нийт 28.057.372 (хорин найман сая тавин долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М (РИ-02242012)-д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн 1838006260175 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгөтэй, ягаан өнгийн ул, үдээстэй пүүз /хос/, цагаан өнгийн судалтай, цэнхэр өнгийн цамцны тасархай 5 ширхэг, цэнхэр өнгийн плаж, хар хөх өнгөтэй, ягаан өнгөөр "Sрог" гэж бичсэн өмдний тасархай, гавал, эрүүний яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгож, 10 ширхэг ясыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...давж заалдаах шатны шүүхэд дараах дөрвөн агуулга бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ “...шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус шинжийг ухамсарлаж, хүнийг амь насыг хохироож хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохигчийн нас барсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна” гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн амь насыг бүрэлгэх санаа, зорилгоор ямар нэгэн шалтгаант холбооны улмаас амь барагч Мийг алсан гэж дүгнэсэн байна. Гэтэл хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудад С.Быг амь барагчийн амь насыг санаатайгаар бүрэлгэсэн гэх нотлох баримтууд авагдаагүй байдаг.

Шүүгдэгч С.Быг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэх нотлох баримтуудад агуулагдаж буй мэдээлэл нь миний үйлчлүүлэгч, шүүгдэгч С.Б амь хохирогч Б.Мийн амь насыг санаатай хохироосон тухай үйл баримтыг агуулаагүй байна. Учир нь санаатай бусдын амь насыг хохироох зорилгоор үйлдсэн этгээдийн аливаа үйлдэл нь тухайн амь хохирогчийн амь насыг хохироох шууд зорилго агуулсан, идэвхтэй үйлдлээр илрэн гардаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх шинж миний үйлчлүүлэгчийн үйлдэлд агуулагдаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Харин хохирогчийн амь нас хохирсны дараа, эсвэл хохироогүй байсныг мэдэлгүйгээр өөрийн хууль бус үйлдлийг нуух зорилгоор амь хохирогчийг, эсвэл амь хорогчийн цогцсыг зөөж, шилжүүлэн байрлуулсан асуудал нь дээрх үйлдлээс ялгаатай тул өөр зүйл ангиар зүйлчлэгдэх нь гарцаагүй юм.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл буюу нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад буюу мөн зүйлийн 1.1 дах хэсэгт заасан уг гэмт хэрэг “хэрхэн яаж үйлдэгдсэн”, мөн зүйлийн 1.3 дах хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн нотлохгүйгээр шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2.7 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэр буруутайд тооцсон нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Учир нь шүүгдэгч С.Бын ямар идэвхтэй /санаатай/ болон эс үйлдхүй нь амь хохирогчийн амь насаа алдах шалтаан, нөхцөл болсныг бүрэн тогтоогоогүй байхад түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Шүүгдэгч С.Б нь ... оны 04 сарын 27-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ болсон үйл баримтын талаар дурдсан байдаг. Тухайлбал “Би ... оны 08 сарын 07-ний өдөр өглөө үхэртээ явсан. Ингээд Товго уулын араар явж байхад замын хажууд нэг охин надруу гараараа далаад байсан. Явж очиход “Ахаа би унтсан байна. Манай хонь руу дөхүүлээд өгөөч. Хонь маань холдчихжээ” гэж хэлхээр нь ардаа сундлаад хоньруу дөхүүлж байтал замд гуу тараад мотоцикл онхолдсон. Тэр охин миний мөрөн дээгүүр даваад унасан. Би очоод үзэхэд шанаан тус газраас нь цус их гарсан сэрэхгүй байсан. Сэрээх гэж сэгсэрсэн боловч сэрээгүй, тэгэхээр нь би айгаад ... ууланд аваачиж ил тавьсан” тухай мэдүүлдэг. Энэ талаараа ч шүүх хурлын хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө ярьсан.

Улсын Дээд шүүхийн ... оны 04 сарын 14-ний өдрийн 16 тогтоолын тайлбарлах хэсгийн 1.2 дах хэсэгт “яллагдагч шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулан байцаадгаас мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино” гэснээс үзэхэд С.Бын дээрх мэдүүлэгт дурдагдаад байгаа мэдээлэл, үйл баримтын талаар бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байхад ахан шатны шүүх тогтоогдсон мэтээр хийсвэр дүгнэлт гаргажээ. Түүнчлэн шүүгдэгч С.Б өмнө 2 удаа ял шийтгэгдэж байсан нь түүний хувийн байдлын талаарх баримт болохоос энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нотлох биш тул давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэдэгт найдаж байна.

4. Анхан шатны шүүх дүгнэлтдээ “... шүүгдэгч С.Б нь тухай цаг хугацаанд хохирогчийг тодорхой газарт хүргэж өгөх, тээвэрлэх, шалтгаан үүрэг үүсээгүй нөхцөл байдал тогтоогдсон...” гэж дурдсан байх ба шүүгдэгчийн гэрчээр өгсөн ... оны 04 сарын 26-ны өдрийн мэдүүлэгт “охин өөрөө дуудаж ахаа би унтсан байна, хонь холджээ. Намайг хүргээд өгөөч” гэж мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлэгт дурдсаныг авч үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт болох хүргэж өгөх, тээвэрлэх, шалтгаан үүрэг үүсээгүй гэсэн нь өрөөсгөл, тухайн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хийсвэрээр дүгнэсэн гэж үзэхээр байна.

Дээрхээс дүгнэхэд миний үйлчлүүлэгч С.Б нь амь хохирогчийн ам насыг болгоомжгүйгээр хохироосон байх үндэслэл бүхий эргэлзээ байх тул Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан үндэслэл буюу “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг баримтлан түүний гэм бурууд тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ “...шүүгдэгчийг бүх насаар нь хорих ял оногдуулсан үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмын дагуу шүүгдэгчийг эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ би хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийг мотоциклоор авч явсан. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь намайг өмнө хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байсан учир талийгаач охиныг хүчирхийлээд амь насыг нь хохироосон гэж тайлбарлаад байна. Ийм асуудал огт болоогүй. “ гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хэргийг зам тээврийн ослоос болж гарсан гэж үзэхгүй байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.О, Ц.Э нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Прокуророос С.Быг Хөвсгөл аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Товгийн ар” гэх газарт ..... оны  ....дугаар сарын сарын.....-ны өдөр .... настай Б.Мийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж шалтгаангүйгээр амь насыг нь хохироож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч С.Быг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл С.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, гэрч Д.А, Д.х, Х.Ц, Ш.П ...нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын ... оны 8 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтас 43-52 тал),

Эрэл зохион байгуулсан ... оны 8 дугаар сарын 09, 10, 11, 13, ... оны 5 дугаар сарын 02-ны өдрийн илтгэх хуудас (1-р хавтас 53-81 тал), гэрч Д.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 66-69 тал), тээврийн хэрэгсэлд ... оны 8 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтас 32-33 тал),

Шүүгдэгч С.Бын мэдүүлгийг хяналтын прокурор Б.Тыг оролцуулан ... оны 4 дүгээр сарын 28-ны өдөр газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 107-115 тал),  таньж олуулах ажиллагааг гэрч Г.Хөвсгөлийг оролцуулан ... оны 4 дүгээр сарын 28-ны өдөр явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 116- 117 тал), таньж олуулах ажиллагааг гэрч Х.Цийг оролцуулан ... оны 4 дүгээр сарын 28-ны өдөр явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 118-119 тал), таньж олуулах ажиллагааг гэрч Д.Аг оролцуулан ... оны 4 дүгээр сарын 28-ны өдөр явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 120-122 тал), хэргийн газар ... оны 5 дугаар сарын 11-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 163-172 тал),  хэргийн газар ... оны 6 дугаар сарын 29-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтас 28-31 тал), гэрч Д.Нямрэнчингийн мэдүүлгийг газар дээр нь ... оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 38-43 тал), таньж олуулах ажиллагааг гэрч Д.Гг оролцуулан ... оны 6 дугаар сарын 29-ний өдөр явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтас 32-33 тал), таньж олуулах ажиллагааг гэрч Ц.Быг оролцуулан ... оны 6 дугаар сарын 29-ний өдөр явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтас 34- 35 тал), таньж олуулах ажиллагааг гэрч Д.Гийг оролцуулан ... оны 6 дугаар сарын 29-ний өдөр явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хавтас 36-37 тал),

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын мэргэшсэн шинжээч Т.Аий ... оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1462 дугаартай: “...Гавал яс болон эрүүний яс, шүднүүдийн дээрх онцлог шинж, хэмжилт, илрэлээс харахад эмэгтэй хүний яс байхаар байна...” гэх шинжээчийн дүгнэлт (3-р хавтас 183-189 тал),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тий ... оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9039 дугаартай: "...1. Б.Мийн  хэрэглэж байсан гэх ногоон өнгийн шүдний сойз, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, хар өнгийн даавууны хэсэг дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S-358, ТН01, D21S11, D18S51, Реntа Е, D5S818, Д135317, D7S820, D165539, CSF1208 Реntа D, WА, D8S1179, ТРОХ, FGА гэсэн локусын аллелиар тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хавтас 106-107 тал),

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторын эрхлэгч, биологич-хүний генетикч шинжээч Б.Тий ... оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2981 дугаартай: “...5. Гавал яс, шүднээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь ... оны Шинжээчийн 9039 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон сойз, ариун цэврийн хэрэглэл, хар өнгийн даавуунаас илэрсэн ДНХ-ийн тогтоцтой 12 үзүүлэлтээр тохирч байна. 6. Мийн төрсөн эх Д.Боос авсан гэх завжны арчдасын ДНХийн тогтцыг хүний геномын 23 локусаар тогтоов. 7. Гавал яс, шүдэнд илэрсэн ДНХийн тогтоц нь Б.Мийн төрсөн эх Д.Боос авсан гэх завжны арчдасын ДНХ-ийн тогтоцтой 2:1 харьцаагаар тохирч байна, Д.Б нь гавал яс, шүд буюу Б.Мийн биологийн эх байх боломжтой байна, эх байх магадлал >99.99% байна...” гэх шинжээчийн дүгнэлт (4-р хавтас 80-84 тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээ: “...С.Б нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...С.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Б нь өөрийн хийсэн хэргийг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (4-р хавтас 47-48 тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3. Мөрдөн шалгах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд эдгээрийг шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, С.Быг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд С.Быг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийснээс гадна үүндээ тулгуурлан хэргийг зөв зүйлчилсэн байна.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...С.Быг амь барагчийн амь насыг санаатайгаар бүрэлгэсэн гэх нотлох баримтууд авагдаагүй, харин хохирогчийн амь нас хохирсны дараа, эсвэл хохироогүй байсныг мэдэлгүйгээр өөрийн хууль бус үйлдлийг нуух зорилгоор амь хохирогчийг, эсвэл амь хорогчийн цогцсыг зөөж, шилжүүлэн байрлуулсан асуудал нь дээрх үйлдлээс ялгаатай тул өөр зүйл ангиар зүйлчлэгдэх нь гарцаагүй...” гэх гомдлын тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн: “...Би ... оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс ахынхаа гэрийг 10 хоног сахиж байсан. Манай ах Баянзүрх сум руу явсан байхад малаа урд зүг рүү алдсан байсан. Хөвсгөл аймгийн Х сумын Товгор өрх гэх газарт малын сураг гарсан байсан. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хийсэн учраас хэргээ бүрэн хүлээсэн. Надад татгалзаад байх зүйлгүй байхгүй. Амь хохирогчийн гэр бүл болон нутгийн ах, дүү нараас уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тий ... оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9039 дугаартай: "...1. Б.Мийн 9 хэрэглэж байсан гэх ногоон өнгийн шүдний сойз, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, хар өнгийн даавууны хэсэг дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S-358, ТН01, D21S11, D18S51, Реntа Е, D5S818, Д135317, D7S820, D165539, CSF1208 Реntа D, WА, D8S1179, ТРОХ, FGА гэсэн локусын аллелиар тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хавтас 106-107 тал), ... оны 8 дугаар сарын 07-ны өдөр С.Б унаж явсан гэх мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хавтас 32-33 тал) зэргийг харьцуулан үзэхэд амь хохирогч Б.Мийг ... оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэл болох мотоциклиор тээвэрлэх явцдаа гуу жалга таарснаас онхолдож түүний амь нас хохирсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хүнийг алах гэмт хэргийн хувьд зайлшгүй нотолбол зохих байдал нь гэм буруугийн хэлбэр, үйлдэл, эс үйлдэхүй болон хохирлын хоорондох шалтгаант холбоог тогтоох явдал бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7- д зааснаар шүүгдэгч Сгийн Быг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгчдийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлоо шүүгдэгч С.Бт танилцуулаагүй байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-т “өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээ өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна” гэж заасныг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ                            

                             ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

                                                                                    Л.ЭРДЭНЭБАТ