Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00087

 

 

 

 

 

 

 

 

 

 “М” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02282 дугаар шийдвэртэй,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 299,766,727 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад: “М” ХХК 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Б” ХХК-ийн Сбанкинд төлөх 1,325,374,727 төгрөгийн зээлийн өр төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулсан. Энэ зээлийг төлсөнтэй холбоотойгоор талууд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээний 3b-д “Б” ХХК нь 1,351,918,014 төгрөгийн өглөгтэй үүний 1,325,374,720 төгрөгийг “С” ХХК-ийн ажлын гүйцэтгэлд авах шаардах эрхийг шилжүүлэх замаар өглөгийн тооцоог дуусгавар болгоно гэж заасан.

Иймд шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг талууд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ба энэхүү гэрээний дагуу “М” ХХК-аас “С” ХХК-д гэрээний үүргийн дагуу мэдэгдсэн. Талууд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулаад нийт 1,025,608,000 төгрөгт тооцож 58-94 м.кв талбай бүхий 12 ширхэг орон сууцыг хүлээн авч, үлдэгдэл мөнгөн төлбөр болох 299,766,727 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлж авсаны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/2040, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/2045, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/2106 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж байсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад: “С” ХХК нь “Б” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний үлдэг дэл төлбөрт 299,766,727 төгрөгийн өглөгтэй. Төлбөр авагч болох “Б” ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлсэн талаарх мэдэгдлийг бидэнд ирүүлээгүй, холбогдох ажилтнууд нь төлбөрийг өөрсдөө хүлээж авах талаар манай нягтлан бодогч нарт удаа дараа мэдэгдэж байгаа. Харин “М” ХХК-аас эрх шилжүүлэх мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бидэнд илгээсэн бөгөөд үндсэн төлбөр авагчаас шаардах эрхээ шилжүүлсэн тухай мэдэгдэл ирүүлээгүй, үлдсэн төлбөрөө шаардсаар байгаа. Бид нэхэмжлэгчтэй аливаа төблөрийн үүрэг хүлээх харилцаанд ороогүй.

 “Б” ХХК-аас нэхэмжилж буй мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрвөл энэ өр төлбөрийг манайх төлөхөд бэлэн байна. Манай зүгээс шүүхээс хэнд төлөхийг нь тодорхой болгож өгсөн тохиолдолд мөнгөө шууд төлөхөд бэлэн байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад: “Б” ХХК болон “Монголиан транспортэйшн гейт” ХХК-ийн хоорондын асуудал хувьцаа эзэмшигчийн маргаанаас болж эхэлсэн. “М” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Г.Батдорж, “Петросант” ХХК-тай “Б” ХХК нар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээний 3b-д заасны дагуу “Б” ХХК ньь “С” ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл “М” ХХК-ийн хамаарал бүхий хүмүүс гэрээний үүргээ зөрчиж, талуудын хооронд үүссэн эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныг дуусгавар болгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-иас гэрээний үүрэгт 299,766,727  төгрөг гаргуулж “Монголиан транспортейшн гейт”  ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,656,783.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,656,783.63 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

“Монголиан транспортэйшн гейт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ган-Уянгын А-21/14 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн итгэмжлэлд огноо, сар, өдрийг заагаагүй, хэзээ олгосон нь тодорхой бус байхад шүүх хуульд заасан шаардлагыг хангуулаагүй. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасныг зөрчсөн.

Тус компанид “Монголиан транспортэйшн гейт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ган-Уянга, н.Энхэ-тамиер нар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А-21/ХЭ-01 тоот албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт “...үлдэгдэл төлбөр болох 299,766,727 төгөргийг танай компанитай тооцоо нийлсний үндсэн дээр компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор баталсан тоот дансаар авах хүсэлтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна...” гэжээ. Тус компанид “Монголиан транспортэйшн гейт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Ган-Уянга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганзориг нар нь 2 өөр хэвлэмэл хуудас, тамга, тэмдгийг ашиглан 2 өөр банк, 2 өөр дансны дугаарыг төлбөр авахаар ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, тус компанийн удирдлагуудтай Б.Ган-Уянга, П.Ганзориг нар нь маргаантай байдаг.

Тус компани нь “Монголиан транспортэйшн гейт” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй, эрх зүйн харилцаанд орж байгаагүй тул уг компанийг хэн төлөөлөх эрхтэй эсэхийг мэдэх боломжгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Хуулийн дагуу “М” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд болох тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Ган-Уянга 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Тус компанийн 100 хувийн хувьцааг 2 хувьцаа эзэмшигч болон Б.Ган-Уянга, н.Энхэ-тамиер нар эзэмшдэг бөгөөд эрх бүхий субьектүүд юм. Өмнө нь П.Ганзоригт итгэмжлэлийг тухайн үеийн гүйцэтгэх захирал Б.Ган-Уянга олгосон бөгөөд тэрхүү итгэмжлэлийг гэрчилсэн нотариатад 2021 оны 10 дугаар сараас “М” ХХК-ийг итгэмжлэлээр төлөөлөхгүй, эрх бүхий гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч нар төлөөлөх талаар мэдэгдэж хандсан. 

Гэтэл “С” ХХК-ийн зүгээс өр төлбөртэйгээ хүлээн зөвшөөрч байгаа атлаа дахин “Б” ХХК-иас шилжүүлэх зөвшөөрөл шаардлагатай гэж хэлж, 4 жилийн хугацаанд үүргээ биелүүлсэнгүй. Тухайн үеийн мөнгөний ханш өнөөдрийн ханшаас бага байсныг анхаарах хэрэгтэй.

Мөн хариуцагч талын зүгээс давж заалдах гомдол гаргахдаа шийдвэрийн ямар зүйл, заалт үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаараа дурдаагүй нь гомдлыг буцаах нөхцөлийг бүрдүүлж байна. “С” ХХК нь нэхэмжилсэн үнийн дүн болох 299,766,727 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч үндэслэлгүйгээр хугацаа хожиж, төлөх ёстой өр төлбөрөө хойшлуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч “Монголиан транспортэйшн гейт” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 299,766,727 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 “Монголиан транспортэйшн гейт” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, “Б” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “С” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,325,374,727 төгрөгийн хөлс шаардах эрхээ “Монголиан транспортэйшн гейт” ХХК-д шилжүүлжээ.

 

Уг шаардах эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр байна. Учир нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар эрх эзэмшигч болох “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс шаардах эрхээ  “Монголиан транспортейшн гейт” ХХК-д шилжүүлэхэд хууль, уг гэрээ болон үүргийн мөн чанарт харшлах зүйлгүй байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч болох “С” ХХК-иас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан тул шаардах эрх шилжүүлэх гэрээг мөн бичгээр байгуулж, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Иймд шаардах эрх шилжүүлэх гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шаардах эрх шилжүүлсэн талаар үүрэг гүйцэтгэгч “С”ХХК-д мэдэгдсэн байдал нь “С” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэх үүрэг болох 1,325,374,727 төгрөгөөс 1,016,256,000 төгрөгт тооцож орон сууц өмчлөх эрхийг нэхэмжлэгч “Монголиан транспортейшн гейт” ХХК-д шилжүүлснээр тогтоогдож байна. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК-иас иргэн Б.Боорчид олгосон итгэмжлэлээс үзвэл “С” ХХК нь уг итгэмжлэлд дурдсан 12 орон сууцыг “Монголиан транспортейшн гейт” ХХК-тай худалдан борлуулах хэлцэл хийх, орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах, компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Уг итгэмжлэлээр 12 орон сууцыг  “Монголиан транспортейшн гейт” ХХК-д худалдах эрхийг Б.Боорчид олгосон нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамааралгүй гэсэн тайлбарыг хариуцагч тал гаргаагүй болно.   

 

“Монголиан транспортэйшн гейт” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр, “С” ХХК нь “Б” ХХК-тай 2016 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 299,766,727 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хариуцагч “С” ХХК 2016 оны ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаан буюу компанийн дотоод асуудал нь компанийн гадаад харилцаа болох бусадтай байгуулсан гэрээний үүргийг компани шаардахад саад болохгүй юм. Үүрэг гүйцэтгэгч “С” ХХК үүргээ хэнд гүйцэтгэхээ мэдэхгүй бол Иргэний хуулийн 237 дугаар зүйлд зааснаар хадгалалтад шилжүүлэх замаар үүргийг дуусгавар болгох боломжтой байсан боловч ийнхүү дуусгавар болгоогүй байна. Иймд нэхэмжлэгч талын хувьцаа эзэмшигчид хоорондоо маргаантай байгаа гэх үндэслэл заасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

 “М” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаяглаж  А21/14 тоот албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдийг зааж итгэмжлэл хүргүүлсэн байх бөгөөд уг итгэмжлэлд огноо заагаагүй байна. Уг итгэмжлэлийг шүүх хүлээн авахдаа огнооны талаар тодруулаагүй, хэргийн материалтай танилцсан нэхэмжлэгч тал олгосон итгэмжлэлээ хүчингүй гэсэн байр суурийг илэрхийлээгүй тул итгэмжлэл хүчинтэй гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч тал өөрийгөө төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэлийг хүчингүй гэж үзээгүй байхад эсрэг тал болох хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй юм. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессийн итгэмжлэлийн талаар гомдол гаргах эрхгүй этгээд болно.

     

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                 Э.ЗОЛЗАЯА