Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0969

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б******* /РД:*******/

Хариуцагч: Туул голын сав газрын захиргааны даргад холбогдох Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бий 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Б.Б******* 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бий 2025 оны *******, *******, дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Б.Б******* намайг урьд эрхэлж байсан Туул голын сав газрын захиргааны Захиргааны удирдлагын албаны Менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл, урамшууллыг олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, өмгөөлөгчийн зардал гаргуулах гэжээ.

1.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бий 2025 оны дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б.Б*******ийг Захиргааны удирдлагын албаны даргын болон Усны менежмент, төлөвлөлтийг зохицуулах албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс тус тус халж шийдвэрлэсэн.

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Туул голын сав газрын захиргааны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж тогтоожээ.

2.3. Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын дагуу Туул голын сав газрын захиргааны Захиргааны удирдлагын албаны дарга (менежер)-д Б.Б*******ийг томилсон.

2.4. Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б*******ийг албан тушаалаас нь халж шийдвэрлэсэн.

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс ...Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь төрийн жинхэнэ албан хаагч Б.Б******* намайг ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг зөрчиж халсан гэж үзэж байна... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.5. Хариуцагчаас ...Албан тушаалын тодорхойлолтод заагдсан Нэгжийн үйл ажиллагаан дахь эрсдэлийг тооцож, бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, Албан хэрэг хөтлөлтийн стандарт, зааврын дагуу хөтлөх, байгууллагын нэгж архив бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсгийн хэрэгжилтийг ханган ажиллаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/352 дугаар тушаалын 6-р ажил буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үүссэн 2 га газрын барилгын хог хаягдлыг цэвэрлэх ажлын төсөвт тодорхой ажлын төсөвт тодорхой ажил хийгдээгүй тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичигт дурдсан асуудлыг Туул голын сав газрын захиргааны Менежерийн албан тушаалтай байсан Б.Б******* 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, албан даалгаврын дагуу хариуцлага тооцох тухай мэдэгдсэн. Ийнхүү илэрч буй зөрчил болон алдааг арилгуулахаар удирдлагын зүгээс шаардлага тавьж, Б.Б******* хүлээн зөвшөөрч, зөвшилцсөний үндсэн дээр өөрийнх нь хүсэлтээр Усны менежмент төлөвлөлтийн албанд шилжин ажиллахаар тохиролцсон. Гэвч түүний ажил үүрэгтэй холбоотой алдаа дутагдал удаа дараа илэрсэн тул ******* дугаар тушаалаар Б.Б*******ийг эрхэлж буй албан тушаалаас нь халсан. Төрийн албаны зөвлөл 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг ирүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.Б*******ийг ажилд томилох тухай ******* дугаар тушаалыг гаргаж Б.Б*******ийг дуудаж ирүүлсэн. Ажилд томилсонтой холбогдуулан шинээр илэрсэн нөхцөл байдал болох гаргасан зөрчлүүдийг танилцуулан сонсох ажиллагаа явуулахад хүлээн зөвшөөрөлгүй орхиж гарсан. Байгууллагын удирдлагын зүгээс хамтран ажиллах боломжгүй гэж үзээд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халах дүгээр тушаалыг гаргаж шуудангаар явуулсан... гэх хариу тайлбарыг ирүүлжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халагдсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг харж байж дараа дараагийн шийдвэрийг гаргая гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Төрийн албаны зөвлөлөөс хууль бус тушаал байх учир албан тушаалд буцаан томилуулах шийдвэр гарсан. Тус тогтоолын дагуу тухайн үед Туул голын сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан Б.Б 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажилд буцаан томилж, 06 дугаар сарын 13-ны өдөр ахин халсан. Төрийн албаны зөвлөлөөс уг тушаал хүчин төгөлдөр бус тушаал байна гэж үзсэн учраас хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг 06 дугаар сарын 10-ны өдөр ажилд томилохдоо хүний нөөцийн нэгдсэн программд бүртгэснээс томилсон тушаал хүчинтэй болох ёстой байтал тийм үйлдэл хийгээгүй. Улмаар 06 дугаар сарын 13-ны өдөр буцаан халсан. Тийм учраас уг тушаалыг дүр эсгэсэн тушаал гэж үзэж байгаа. Иймд уг тушаал хуулийн дагуу гарсан эсэхийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед Төрийн албаны зөвлөлийн маргаан үүссэн байсан учраас төрийн албаны маргаан шийдвэрлэлтийг харъя гэдэг байдлаар анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Төрийн албаны зөвлөл ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой тушаал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байсан эсэхийг хянан шийдвэрлээд уг тушаал үндэслэлгүй гарсан учраас ажилд нь эргүүлэн томил гэх агуулгаар 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг гарсан. Тус тогтоолоор хариуцагч талын тайлбарлаад байгаа агуулгыг Төрийн албаны зөвлөл хянан үзэж үндэслэлгүй байгаа учраас ажилд эргүүлэн томил гэх шийдвэрийг 05 дугаар сарын 27-ны өдөр тухайн нэгжийн даргад хүргүүлсэн. Хариуцагч байгууллагаас шийдвэрийг биелүүлсэн гэх агуулгаар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар буцаагаад ажлаас нь чөлөөлсөн. Уг чөлөөлсөн үндэслэлүүд нь Төрийн албаны зөвлөл аль хэдийн шийдсэн, хянасан үндэслэл байсан... Нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд бүх болзол шаардлагыг хангасан, үр дүнгийн биелэлт нь биелэгдсэн, үнэлэгдсэн. Ажлын алдаа дутагдал гарсан үндэслэл байхгүй...Төрийн албаны зөвлөл ажлаас чөлөөлөх нь буруу байна гэж дүгнэсэн байтал 06 дугаар сарын 10-ны өдөр ажилд авсан тушаал гаргаад, 13-ны өдрөө ажлаас нь халсан. Энэ хугацаанд ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй...Иймд уг тушаал анхнаасаа хууль зөрчиж гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тушаалуудыг харьцуулаад үзвэл 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын үндэслэл болон 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаарын үндэслэлүүд өөр... дугаар тушаалын үндэслэлд захиргааны удирдлагын албаны менежер Б.Б******* нь албан тушаалд томилогдсон өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг ноцтой зөрчсөн талаар дурдсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07/741 дугаар албан бичгээс харахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн...Төрийн захиргааны байгууллагад архив, албан хэрэг хөтлөлт үндсэн нотлох баримт болдог. Гэвч Баримт нягтлан шалгах комисс байхгүйн с архивын материалууд маш замбараагүй, нэгж үүсээгүй, өмнөх баримт бичгүүд архивлагдаагүй, тухайн үед байсан албуудаас архив татагдаагүй, бичиг цааснууд овоорсон байсан. Одоо нөхцөл байдлыг очоод харвал бүх цааснууд овоорсон, алийг нь акталж, архивт шилжүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Үүнээс шалтгаалаад архивын жилийн эцсийн үзлэг тооллого шалгалтад ороход хангалтгүй байсан учраас тухайн байгууллага архивын гэрээт ажилтан авсан байсан. Тушаал нь хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан. Албан тушаалын тодорхойлолт 42-46 дугаар талд авагдсан байна. Төрийн захиргааны байгууллагад хамгийн чухал буюу албан бланкийг жил болгоны 1 дүгээр улиралд багтаан Архивын ерөнхий газраас баталгаажуулж, зөвшөөрөгдсөн албан бланкийг хэрэглэдэг. Энэ нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан зарчим. Гэвч байгууллагын албан бланк баталгаажаагүйгээс үүдэн төрийн захиргааны албан бланкийг канондож хэвлэдэг байсан. Албан бланкийг ахин баталгаажуулж хэрэглэж эхэлсэн. Б.Б*******ийн оронд томилогдсон шинэ менежер албан бичгийн бланкийг дахин батлуулахаар албан бичиг явуулж, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг эхнээс нь шинээр хийж эхэлсэн. Амжихгүй байсан учраас гэрээт ажилтан хөлсөлсөн. Жилийн эцсийн архивын шалгалтад амжилттай оролцсон байсан. Хавтаст хэрэгт Б.Б*******ийн тухайн үед түр орлон гүйцэтгэж байсан бүх тушаалууд авагдсан. Захиргааны удирдлагын албаны менежерийн албан тушаалтан нэгжийн эрсдэлийг бууруулах, тооцоолох хуультай байдаг. Гэвч тухайн үед 3 албаны дарга гүйцэт байгаагүй, ахлах мэргэжилтнүүд гүйцэт байгаагүй. Менежер Б.Б******* тухайн үед мэргэжилтнүүдийн орон тоог нөхөж ажиллуулаагүй нь төрийн үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн. Үүнээс шалтгаалж уг захиргааны байгууллага алдагдалтай ажилласан. Учир нь мэргэжилтний орон тоог нөхөхгүй учраас мэргэжилтний орон тоог хэн нэгэн хавсран гүйцэтгэдэг. Үүнээс улбаалан мэргэжилтний хийх ёстой ажил хаягдаж, төлөвлөгөө, норм зөрдөг. Б.Б******* менежерийн орлон гүйцэтгэж байсан тушаалууд хавтаст хэрэгт авагдсан. Төрийн захиргааны албан хаагч өөр албан тушаалыг орлон гүйцэтгэж байгаа тохиолдолд 1-6 сарын хугацаанд цалингийн зөрөө, 6-аас дээш сарын хугацаанд цалингийн 40 хувийн нэмэгдэл авна гэсэн журмыг зөрчсөн байгаа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дотоод хяналт шалгалтаар илэрсэн. Энэ 40 хувийн нэмэгдэл бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан хувь хэмжээ. Б.Б******* мэргэжилтнээ авахгүй өөрөө хавсран гүйцэтгээд байгаа болохоор мэргэжилтний орон тооны ажил хаягдаад байдаг, 40 хувийн нэмэгдлээ өөрөө аваад байсан. Нэхэмжлэгч Б.Б******* нь эрсдэлийг тооцоолох ёстой байсан боловч энэ мэт байдлаас шалтгаалан эрсдэлийг бууруулаагүй. Энэ систем маш удаан үргэлжилсэн бөгөөд үүнийг засахын тулд одоо ажиллаж байгаа мэргэжилтэн болон удирдлагуудын зүгээс маш их хичээж ажиллаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Б.Б*******ээс Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Туул голын сав газрын захиргааны Захиргааны удирдлагын албаны Менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл урамшууллыг олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх, өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б.Б*******ийг ажлаас халсан ******* дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хүчингүй болгож, тус газрын Захиргааны удирдлагын албаны менежерийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргаж, зохих журмын дагуу ажил хүлээлцүүлэхийг даргын үүрэг гүйцэтгэгч (Б.Б)-д үүрэг болгожээ.

3. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/1178 дугаар албан бичгээр дээрх тогтоолыг хариуцагчид хүргүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж, холбогдох баримтыг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна.

4. Үүний дагуу Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б.Б*******ийг Захиргааны удирдлагын албаны даргын албан тушаалд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс томилж, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/241 албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

5. Гэвч хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Б*******ийг ажлаас халах тухай дугаар тушаал гаргасныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргасан.
6. Дээрх Маргаан бүхий дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Дотоод аудитын хорооны 2025 оны 11 дугаар тогтоол, Туул голын сав газрын захиргааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.5- д заасныг тус тус үндэслэж дараах зөрчил гаргасан гэжээ. Үүнд:

6.1. Б.Б******* нь албан тушаалд томилогдсон өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн гэх тухайд:

6.1.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй, 23.4-д Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан бол уг мэдүүлгийг гаргаж өгөөгүйд тооцно, 29.2.4-д ....энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэжээ.

6.1.2. Хуульд зааснаар ажилд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор, ажиллаж байгаа тохиолдолд 02 дугаар сарын 15-ны дотор мэдүүлэг гаргах гаргах ёстой байх ба энэ үүргээ биелүүлээгүй буюу мэдүүлгээ гаргаагүй тохиолдолд ажлаас чөлөөлөхөөр байна.

6.1.3. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөхөд хуульд заасан мэдүүлэг гаргах хугацаа дуусаагүй байсан ч ажлаас чөлөөлөгдсөнөөр мэдүүлэг гаргах боломжгүй болсон, харин 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буцаан томилогдсоноос хойш хуульд заасан 30 хоногийн хугацаа болоогүй байхад 3 хоногийн дараа ажлаас халсан тохиолдолд мэдүүлгийг гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

6.1.4. Үүнээс гадна хэрэгт авагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07/741 тоот албан бичгээр ...хамгийн сүүлд Захиргааны хэлтсийн дарга албан тушаалаар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн ...бусад онуудад цахим системд мэдүүлгийн эрх үүсээгүй буюу эрх бүхий албан тушаалтан нээж өгөөгүй байна гэснээс дүгнэхэд нэхэмжлэгч нь дээрх хуулийг зөрчөөгүй болох нь тогтоогдоно.

6.2. Албан тушаалын тодорхойлолтод заасан Нэгжийн үйл ажиллагаан дахь эрсдэлийг тооцож, бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, Албан хэрэг хөтлөлтийг стандарт зааврын дагуу хөтлөх, байгууллагын архивын нэгж бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх тухайд:

6.2.1.Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халахаар заасан.

6.2.2. Дээрх зөрчлийг хариуцагчаас тайлбарлахдаа албан хэрэг хөтлөлтийг стандарт, зааврын дагуу хөтлөх, байгууллагын архив бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг.

6.2.3. Гэтэл үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шалгаж тогтоосон баримтгүй, үндэслэл болгож буй захиргааны даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Баримт нягтлан шалгах комисс шинэчлэн байгуулах тухай А/01 дугаар тушаал, Баримт шалган нягтлах комиссын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.Б*******ийг чиг үүргээ хангалтгүй биелүүлснийг тогтоогоогүй. Харин комиссын бүрэлдэхүүн баталсан, мөн тухайн байгууллагын албан хэрэг хөтлөлт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар хуралдаанаар хэлэлцсэнийг тэмдэглэжээ.

6.2.4. Зүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоож, энэ талаар баримт бүрдүүлэх ёстой байна.

6.2.5. Гэтэл хариуцагчаас хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримт байхгүй нь дээр дурдсанаар тогтоогдсон.

6.3. Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2019 онд Ховд тул ХХК-тай төслийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч гэрээний үүргийн биелэлтийг хангуулаагүй, хяналт тавиагүй нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийг зөрчсөн болох нь Үндэсний Аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан шаардлага, Үндэсний аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1049/******* албан шаардлагаар тогтоогдсон гэх тухайд:

6.3.1. 2019 оны гэрээний үүргийн биелэлтийг хангуулаагүй, хяналт тавиагүй нь Үндэсний аудитын газрын даргын 2020 оны албан шаардлагаар тогтоогдож байна гэсэн боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

6.3.2. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасныг зөрчиж, хүчингүй болсон тушаалд заасан үндэслэлээр дахин ажлаас халах шийдвэр гаргаж байгаа нь хууль бус юм.

6.3.3. Мөн Үндэсний аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1049/******* албан шаардлагаар дээр дурдсан Ховд тул ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүргийг гүйцэтгүүлж, хүлээн аваагүй зөрчлийг таслан зогсоож, биелэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг дурджээ.

6.3.4. Энэ албан шаардлага нь өмнөх үндэслэлтэй хамааралтай ч шинээр үр дагавар үүсгэсэн гэж үзсэн тохиолдолд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасны дагуу мөн нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлснийг тогтоосон байх ёстойгоос гадна хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийгээгүй, хууль зөрчсөн байна.

6.3.5. Дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болохыг тогтоогоогүй учир Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан гурваас дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус болжээ.

6.3.6. Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд буцаан томилохыг даалгасан байхад 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажилд томилсон шийдвэр гаргаад 3 хоногийн дараа маргаан бүхий тушаал гаргасныг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

6.3.7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Дотоод аудитын хорооны 2025 оны 11 дугаар тогтоолоор Туул голын сав газрын захиргааны санхүү, үйл ажиллагаанд дотоод аудитын хийсэн тайланг хэлэлцжээ. Уг дотоод аудитын дүгнэлтэд ...Үндсэн ажлаас гадна албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний урамшууллыг буруу тооцож олгосон (1 хавтас 66 тал) талаар орсныг хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутган тайлбар гаргасан боловч энэ нэхэмжлэгчид хамааралгүй, түүнийг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай асуудал байна.

6.3.7. Иймд Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргааны удирдлагын албаны Менежерийн албан тушаалын орон тоо хасагдсан болох нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/685 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар тогтоогдсон.

7.1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах... гэж төрийн албан хаагчийн эдлэх баталгааг тусгайлан заасан.

7.2. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь тогтоогдсон, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хугацаанд түүний ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих, ажлын байраар хангуулах эрхтэй байх тул түүнийг мэргэжлийн дагуу зохих албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

8. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан.

8.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус шийдвэрүүдийн с 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш хугацаанд ажил эрхлээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг түүнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй.

8.2. Өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах шаардлагын тухайд, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн хүрээнд хэрэгжих ба үүнийг хууль бус шийдвэрийн с учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.

8.3. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг тооцож,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Туул голын сав газрын захиргааны даргад даалгаж, харин өмгөөлөгчийн зардал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

9. Хариуцагч нь энэ шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгчийг зохих албан тушаалд томилсон шийдвэр гаргах, ажилгүй байсан хугацааны цалинг хуульд зааснаар тооцож олгох, холбогдох бичилтийг хийж биелүүлэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Туул голын сав газрын захиргааны даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Б*******ийг мэргэшлийн дагуу зохих албан тушаалд томилох, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг тооцож,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Туул голын сав газрын захиргааны даргад даалгаж, үлдэх хэсэг болох өмгөөлөгчийн зардлыг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ