| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04814/И |
| Дугаар | 191/ШШ2025/05122 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05122
| 2025 06 06 | 191/ШШ2025/05122 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ББСБ"-с ******* овогтой ******* /*******/-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,299,900 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Ж.*******-д хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Ч засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захирамжид үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргуулж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2р хэлтэс дээр эрэн сурвалжлагдаад Ч тоотод оршин сууж байгааг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Үүнээс цагдаагийн газрын албан тоотын дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэх хүлээн авахаас мөн татгалзсан. Ж.******* нь 2021 оны 07 сарын 06-нд манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа Ч тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Оршин суугаа хаяг нь тодорхойгүй Ж.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2023/08248 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №2932 дугаартай зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/07897 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024.09.30-ны өдрийн 30и 26/4216 албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ******* ББСБ ХХК нь Ж.*******тай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №2932 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 1,299,900 төгрөгийн зээл олгосон.
2.2. Зээлдэгч Ж.*******аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/07897 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ж.******* нь Ч тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ж.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байна гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/07897 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ХУР төрийн мэдээлэл солилцооны системээс Ж.*******ын оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Ч тоот гэжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.*******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ******* ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч ******* /утас:, /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА