Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Тэнгэрийн гэгээн тал ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх

Маргааны төрөл: Татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, хариуцагч улсын байцаагч Ч.Батсүх, Б.Сугармөнх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Маргад-Эрдэнэ нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-24240000208 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК нь уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, ашигт малтмал ашиглах, ашигт малтмалын хайгуул хийх, жимс, жимсгэний аж ахуй, аялал жуулчлал, барилгын завсар үйлчилгээ, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй харилцаж иржээ.

 

2.2. Нэхэмжлэгч компанийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2424200742 дугаар томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Батсүх, Б.Сугармөнх нар хийжээ.

 

2.3. Уг хяналт шалгалтаар иргэн Э.Очмаа, Ш.Эрдэнэбилэгт нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн 100 хувь хувьцааг шилжүүлэхдээ MV-020766, MV-020765, MV-020852 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээ буюу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал-ын дагуу тодорхойлон татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд тооцож 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №НА-24240000208 дугаар Нөхөн ногдуулалтын актаар 16,293,960,000 төгрөгийн зөрчилд 1,629,396,000 төгрөгийн нөхөн татвар, 651,758,400 төгрөгийн торгууль, 723,761,409.24 төгрөгийн алданги, нийт 3,004,915,809.24 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

 

2.4. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актаар нийт 3,004,915,809.24 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг хянан хэлэлцээд 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар тогтоолоор №НА-24240000208 нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2.5. Улмаар нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх холбогдуулан улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-24240000208 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Манай компанийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нар хяналт шалгалт хийж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НА-24240000208 дугаартай Нөхөн ногдуулалтын акт тогтоосон.


Түүний үндэслэлээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Э.Очмаа нь компанийн 100 хувийн хувьцааг Ш.Эрдэнэбилэгт шилжүүлсэн. Ингэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 10.1.3, 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.2-д заасны дагуу эрх борлуулсны орлогоос 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1-д заасны дагуу 10 хувиар тооцон албан татварыг ногдуулан, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэжээ.

Улмаар 16,293,960,000 төгрөгийн зөрчилд 1,629,396,000 төгрөгийн нөхөн татвар, 651,758,400 төгрөгийн торгууль, 723,761,409.24 төгрөгийн алданги, нийт 3,004,915,809.24 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна. гэснээс үзвэл аж ахуйн нэгж орлого олсон бол татвар төлөх буюу татвар төлөгч болох, харин орлого олоогүй ч хуульд заасан тохиолдолд суутган төлөгч байхаар заасан. 7 дугаар зүйлийн 7.4-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: гээд 7.4.3 хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 10.1. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна: 10.1.2. төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого; 10.1.3. хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого гэж заасан. 30 дугаар зүйлийн 30.11 Энэ хуулийн 30.10-т заасны дагуу ногдуулах албан татварыг тухайн эрх эзэмшигч ногдуулж, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэжээ.

Дээрх хуулийн зүйл заалтыг зорилго, системчлэлээр тайлбарлавал, хөрөнгө борлуулсны орлогыг татвар төлөгч өөрөө биш харин суутган төлөгч буюу эрх эзэмшигч төлөхөөр байна.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19. суутган төлөгч гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг ойлгохоор заасан. Энэхүү хуулийн урьдчилсан нөхцөлийн дагуу суутгагч нь аж ахуйн нэгжид орлого олгосон буюу шилжүүлсэн байх, ингэснээр тухайн аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч болсон тохиолдолд түүний төлөх ёстой татварыг өмнөөс нь суутган авч, төсөвт төлөх үүрэг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн хувьд эхэлж татвар төлөх үүрэг үүсэж байж өөр хэн нэгэн (хуульд заасан) этгээдэд тухайн татварыг суутган авах/төлөх үүрэг үүснэ. Гэтэл энэхүү хэргийн тухайд, нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Очмаа өөрийн хувьцааг Ш.Эрдэнэбилэгт худалдсанаар (хувь хүний) орлого олсон, харин нэхэмжлэгч аж ахуйн нэгж эрх борлуулсны орлого олоогүй, өөрөөр хэлбэл Тэнгэрийн гэгээн тал ХХК нь тус компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нэг тал биш, харин тухайн гэрээний зүйл болсон байх тул татвар төлөгч болохгүй, энэ тохиолдолд орлого олсон этгээд нь аж ахуйн нэгж биш, харин хувь хүн байгаа тул уг хуулийг хэрэглэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь бусад этгээдэд орлого олгоогүй буюу төлбөрийг шилжүүлээгүй, мөн тухайн орлогыг олсон хувь хүн нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч биш байх тул нэхэмжлэгчийг суутгагч-ийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нөхөн татвар ногдуулсан нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл, татвар тодорхой байх буюу аливаа этгээдийн татвар төлөх үүрэг нь тодорхой байх нь төрийн хууль дээдлэх зарчмын шаардлага юм.

Тухайн татварын нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан. Түүнийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцээд 36 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хууль /2019/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.48, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2, 30.11, 30.13 дах хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-24240000208 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн. Тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Уг тогтоол нь хуулийг буруу тайлбарлан, маргааныг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-24240000208 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-24240000208 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд манай компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч байсан Э.Очмаа нь 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ш.Эрдэнэбилэгтэй хувьцааг бэлэглэлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд үндэслэж 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт орсон. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс манай компанийн 2020 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Э.Очмаагийн Ш.Эрдэнэбилэгт хувьцаа шилжүүлсэн үйлдлийг зөрчилд тооцож, нөхөн ногдуулалтын акт тогтоосон байдаг. Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нар маргаан бүхий актын үндэслэлийг дараах байдлаар тогтоосон. Маргаан бүхий актын 2 дугаар хуудсанд Монгол Улсын иргэн Э.Очмаа нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн хувьцааны 100 хувийг Монгол Улсын иргэн Ш.Эрдэнэбилэгт шилжүүлэхдээ Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу тус компанийн эзэмшдэг гурван тусгай зөвшөөрлөөс татвар суутган авч төсөвт төлөөгүй гэж тодорхойлсон. Улсын байцаагч нарын дээрх үндэслэлийг манай тал зөрчил гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайлбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна гэж тодорхойлсон. Үүнээс дүгнэвэл орлого олсон болон орлого олоогүй бол суутган татвар төлөгч байж хуулийн дагуу албан татвар төлөх үүрэгтэй байгаа. Манай компанийн тухайд дээрх хувьцаатай холбоотой ямар ч хэлцэл хийгээгүй, гэрээний нэг тал биш буюу татвар төлөх үндэслэлгүй гэж маргаж байна. Хариуцагч талын маргаан бүхий актыг манай компанийг татварыг суутган төлөөгүй гэж үзэж байгаа. Энэ тайлбартай холбогдуулж Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19 дахь заалтын дагуу манай тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тус зүйлд суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг хэлнэ гэж зохицуулсан. Манай компанийн тухайд энэ хуулийн дагуу татвар төлөхөд орлого олсон байх гэдэг шаардлагыг тавьж байгаа. Дээрх хуульд заасан шилжүүлэх болон орлого олсон байх хуулийн шаардлагыг дээрх тохиолдол хангахгүй байна. Тэнгэрийн гэгээн тал ХХК нь Худалдах худалдан авах гэрээний нэг тал биш тул гэрээний зүйл болж байгаа орлого олсон байх болон суутгаж авах зарлага гаргах нөхцөл байдал үүсэхгүй. Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нар маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нөхцөл байдалтай нь холбогдуулан тайлбар хэлье. Нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК нь тухайн үед Худалдах худалдан авах гэрээг байгуулах үед байсан хувьцаа эзэмшигч нь төрийн албан хаагч байсан. Үүнтэй холбогдуулан компанийн хувьцааг шилжүүлэх шаардлага үүсэж өөрийн төрөл садны хүнд бэлэглэлийн гэрээгээр хувьцааг шилжүүлсэн. Ямар нэгэн хэлбэрээр тухайн ашигт малтмалын лицензийг борлуулаад орлого олсон эсвэл хувьдаа тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авах ажиллагаа хийгдээгүй. Нотариатын байгууллага орж бэлэглэлийн гэрээг баталгаажуулаад, хувьцааг шилжүүлсэн үйл баримт байгаа. Энэ талаар татварын байцаагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлд мөн дурдсан байгаа. Татвар харьцангуй тодорхой хуульчлагдсан байх ёстой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдэг нь тухайн аж ахуйн нэгж орлого олсон эсвэл суутган төлөгч олсон тохиолдолд тухайн татварыг төлөх үүрэг хүлээдэг. Үүнтэй холбоотой Улсын Дээд шүүхийн тогтоолууд байдаг. Үүнээс дурдвал, 2025 оны 105 дугаар тогтоол, 2025 оны 5 дугаар тогтоол, 2022 оны 61 дүгээр тогтоол. Дээрх тогтоолуудад ямар тохиолдолд компани суутган төлөгч болдог гэдэг талаар зохицуулсан. Энэ үүднээс Тэнгэрийн гэгээний тал ХХК суутган төлөгч биш бөгөөд татвар төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас эрх борлуулсны орлого гэх тайлбарыг гаргасан. Энэ асуудалд Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаал батлагдсан бэ гэдэг агуулга яригдана. Компаниуд хувьцаагаа бэлэглэлийн журмаар шилжүүлээд, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ татвар төлөхгүй зайлсхийж байгаа учраас энэ журмыг баталж эрх борлуулж байгаа тохиолдолд татвар ногдуулна гэдэг агуулга яригдаж энэ журам батлагдсан. Татварын албанаас тухайн компанийг бодитоор бэлэглэлийн гэрээ хийсэн эсэх, татвараас нуугдах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ хийсэн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр нөхөн ногдуулалтын актыг тавих ёстой. Манай тохиолдолд Э.Очмааг ямар гэрээний дагуу компанийг хувьцааг шилжүүлсэн эсэхийг шалгах бүрэн боломж бололцоо татварын байцаагч нарт байсан. Татварын хяналт шалгалтыг 2 сард эхлүүлээд 12 сард акт тавьсан байгаа. Хариуцагч талаас тусгай зөвшөөрлийг огт бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлж болохгүй гэдэг агуулгаар тайлбарлаж, нэгэнт компанийн эрх шилжсэн байгаа тул татвар ноогдуулж авна гэх тайлбар гаргаж байгаа нь өрөөсгөл. Улсын Дээд шүүхийн 2025 оны 105 дугаар тогтоолд орлого олсон гэдэгт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр эрх борлуулсан буюу орлого олсон тохиолдолд татварыг төлөх агуулгыг дурдсан байдаг. Үүнийг дагуу Тэнгэрийн гэгээн тал ХХК орлого олоогүй учраас татвар төлөх боломжгүй. Мөн хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тодруулах зорилгоор татварын ногдуулалтыг шалгахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 30 дугаар зүйлийн 30.2, 30.11, 30.13 дахь зохицуулалтыг үндэслэж маргаан бүхий актыг тавьсан байгаа. Үүнээс Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3 буюу борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж заасны дагуу татварын хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 4 жилийн хугацаа тоологдох гэдэг агуулгаар манай тал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад татварын акт ногдуулсан гэдэг тайлбарыг гаргаж байгаа. Хариуцагч нар маргаан бүхий актыг Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийг суутган төлөгч, мөн орлого олсон гэсэн 2 агуулгаар тайлбарласан байсан. Суутган төлөгчийн хувьд Улсын Дээд шүүхийн 2025 оны 105 дугаар тогтоолын дагуу үгүйсгэгдэж байна. Тэнгэрийн гэгээн тал ХХК орлого олоогүй гэдэг нь Улсын Дээд шүүхийн тогтоол, бэлэглэлийн гэрээ, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна... гэв.

 

4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Тэнгэрийн гэгээн тал (РД:5057035) ХХК нь Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 2 гишүүнтэй Монгол Улсын иргэн Шарав овогтой Эрдэнэбилэг, Эрдэнэбаяр овогтой Азжаргал 100 хувийн хөрөнгө оруулалттай, 236,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, Төрийн банк ХХК-д 102119255197 тоот төгрөгийн, Капитрон банк ХХК-д 3001023254 тоот төгрөгийн харилцах данстай, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлгүй, Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөлтэй. Улаанбаатар, Баянгол, 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайвны өргөн чөлөө, гааль-4, байр 16 тоот хаягт байрладаг. Гүйцэтгэх захирал Өлзий-Оршихын Нямдорж регистрийн дугаар ЧП78022633, утас 88102233.

Шалгалтад хамрагдах хугацаанд тус компани нь Ашигт малтмал ашиглалтын 3 тусгай зөвшөөрөлтэй Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Зараа толгой 2024.06.28, Тэмээн толгой 2047.02.10, Шарга овоо-1 2047.02.10 хүртэлх зөвшөөрөлтэй.

Татварын улсын байцаагч Ч.Батсүх, Б.Сугармөнх нарт 5057035 регистрийн дугаартай Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд иж бүрэн хяналт шалгалт хийх 2424200742 дугаар томилолт 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон.

Татварын хяналт шалгалтаар Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НА-24240000208 дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдэж 16,293,960,000.00 төгрөгийн зөрчил илрүүлж 1,629,396,000.00 төгрөгийн нөхөн татвар, 651,758,400.00 төгрөгийн торгууль, 723,761,409.24 төгрөгийн алданги нийт 3,004,915,809.24 төгрөгийн төлбөр ногдуулсныг нэхэмжлэл эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасанд хариу тайлбар хүргүүлж байна.

Тайлбар: Монгол улсын иргэн (РД: ХЕ70072960) регистрийн дугаартай Эрдэнэбулганы Очмаа нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцааг Монгол Улсын иргэн (РД: У378011310) регистрийн дугаартай Шаравын Эрдэнэбилэгт шилжүүлэхдээ тусгай зөвшөөрлийн үнэлгээ буюу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ийн өдрийн 302 дугаар Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал-ын дагуу тодорхойлсон MV-020766 дугаарын ашиглалтын, MV-020765 дугаарын ашиглалтын, MV-020852 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж татвар суутган авч төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 10 дугаар зүйлийн 10.1. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна, 10.1.2. төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого, 10.1.3.хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого, 18 дугаар зүйлийн 18.7. Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно, 18.7.2. бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр, 20.2. Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна, 20.2.1. энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод 10 хувиар, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. Эцсийн эзэмшигч гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно., 30.2. Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно, 30.6. Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална., 30.10. Энэ хуулийн 30.4-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод дараах хувь хэмжээгээр албан татвар ногдуулна, 30.10.2. энэ хуулийн 30.10.1-д зааснаас бусад тохиолдолд 10 хувиар, 30.11. Энэ хуулийн 30.10-т заасны дагуу ногдуулах албан татварыг тухайн эрх эзэмшигч ногдуулж, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48. эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг. гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр HA-24240000208 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр өгнө үү... гэжээ.

 

4.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний зүгээс нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийг төрөөс олгосон эрх борлуулсан үйлдэл хийсэн гэж үзэж байгаа. Тус компани ашигт малтмалын лицензийн 3 тусгай зөвшөөрөлтэй. Шалгах явцад нэг тусгай зөвшөөрлийг 2020 оны 8 дугаар сард шилжүүлсэн байсан. Иймд нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-ын эрх борлуулсан үйлдэлтэй холбогдуулж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу нөхөн ногдуулалтын акт бичигдсэн... гэв.

 

4.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талаас хувьцаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч байсан Э.Очмаа хийсэн. Иймд тус хүн суутган төлөх ёстой байсан гэж тайлбар өгч байна. Тусгай зөвшөөрөл нь хувь хүнд биш аж ахуйн нэгжид олгогддог. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлогыг хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод хамааруулна гэж заасан. Мөн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хувьцаагаа шилжүүлсэн буюу бэлэглэсэн тул хариуцагч нар Сангийн сайдын 2019 оны 302 дугаар аргачлалын дагуу тооцоолол хийж нөхөн татвар ногдуулсан. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 302 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалд аж ахуйн нэгж нь тухайн ашигт малтмалын лицензийг бусдад бэлэглэсэн, шилжүүлсэн эсвэл зарсан тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг борлуулсан тооцно гэж тодорхойлсон. Иймд нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Э.Очмаа нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн ч тухайн ашигт малтмалын гурван лиценз нь тус компанид хамаарагдаад явж байгаа тул хариуцагчийн зүгээс орлогод хамаарна гэж үзэж нөхөн татвар ногдуулсан... гэв.

 

4.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Татварын ерөнхий хууль болон бусад салбар хуулиудад бэлэглэлийн гэрээгээр эрх шилжүүлсэн байгаа тохиолдолд албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн зохицуулалттай. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т Төрийн байгууллагаас олгосон эрх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой албан татварыг хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод хамааруулна гэж заасан. Нэхэмжлэгч талаас борлуулаагүй тохиолдолд орлого олсон гэж үзэхгүй гэж маргаж байна. Гэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т борлуулсан эсвэл шилжүүлсэн гэх 2 тохиолдлыг зохицуулсан. Бэлэглэлийн гэрээний дагуу эцсийн өмчлөгч өөрчлөгдөнө гэдэг нь хувьцааг шилжүүлсэн гэх утгыг агуулна. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 302 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д газрын эрх шилжүүлсэнтэй холбоотой, тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д тусгай зөвшөөрөлтэй холбоотой албан татвар ногдуулах харилцааг зохицуулсан. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалын 1 болон 2 дугаар хавсралтад заасны дагуу эцсийн эзэмшигч гэдэг нь компаниар төлөөлүүлж компанийн хувь эзэмшигч гэж тодорхойлсон. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д заасан заасан албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тодорхойлсон. Тус аргачлалын дагуу албан татвар төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлийн тухайд хувь оролцоо нь 30-аас доошгүй 20 буюу түүнээс дээш хувьд хүрэхгүй буюу өөрт нь ноогдож байгаа хувьцаагаа шилжүүлж байгаа тохиолдолд албан татвар ноогдохооргүй зохицуулалттай. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д энэ хуулийн 30.1-д заасан эцсийн эзэмшигч нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч бол тухайн эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ борлуулсан, шилжүүлсний орлого болон энэ хуулийн 30.3, 30.4, 30.5, 30.6-д заасны дагуу тооцсон эрх борлуулсан, шилжүүлсний орлогын зөвхөн аль өндөр дүнтэй орлогод холбогдох албан татварыг ногдуулна. Бага дүнтэй орлогыг албан татвараас чөлөөлнө гэж заасан. Хэрвээ нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн нэрлэсэн хувьцаа нь өндөр үнэлгээтэй байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийн үнэлгээ бага байгаа нь татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай. Үүнийг Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 302 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зохицуулсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно гэж заасан. Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д эцсийн эзэмшигчийг тодорхойлж өгсөн бөгөөд эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч талаас тухайн хувьцааг суутган төлөх үүрэгтэй буюу худалдаж авсан тал нь татварыг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байна. Тухайн орлогыг эцсийн эзэмшигч нь өөрийнхөө тусгай зөвшөөрлийг компаниараа дамжуулж буюу компаниа хамтад нь худалдаж байгаа гэсэн агуулгатай. Иймд манай тал нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан орлогод тооцогдоод 10 хувийг албан татварт ногдуулж тайлагнаж, татварыг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар эцсийн дүгнэлтээ гаргаж хяналт шалгалтын актыг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарт холбогдуулан улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №НА-24240000208 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон нэхэмжлэгч, хариуцагч талын бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №НА-24240000208 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актаар ...Монгол Улсын иргэн Э.Очмаа нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн хувьцааны 100 хувийг Монгол Улсын иргэн Ш.Эрдэнэбилэгт шилжүүлэхдээ /тусгай зөвшөөрлийн үнэлгээ буюу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал-ын/ дагуу тодорхойлсон MV-020766 дугаарын ашиглалтын, MV-020765 дугаарын ашиглалтын, MV-020852 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд тооцож ...1,629,396,000 төгрөгийн нөхөн татвар, 651,758,400 төгрөгийн торгууль, 723,761,409.24 төгрөгийн алданги, нийт 3,004,915,809.24 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

 

4. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд маргаан таслах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар тогтоолоор ... улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №НА-24240000208 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...компани орлого олоогүй байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй, эцсийн эзэмшигч Э.Очмаа нь ашиг олох зорилгоор хувьцааг борлуулж шилжүүлээгүй, харин хариу төлбөргүйгээр шилжүүлсэн, мөн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн хугацаанаас хойш татварын хөөн хэлэлцэх хугацааг тооцоход уг хугацаа хэтэрсэн байхад акт ногдуулсан нь үндэслэлгүй гэж, хариуцагч талаас ... тусгай зөвшөөрөл нь хувь хүнд биш аж ахуй нэгжид олгогддог, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тухайн ашигт малтмалын лицензийг бусдад бэлэглэсэн, шилжүүлсэн, зарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг борлуулсанд тооцохоор заасан тул албан татвар ногдуулах үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргасан бөгөөд харин нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээ, тооцооллын талаар маргаагүй.

 

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК нь анх гадаад худалдаа, жимс, жимсгэний аж ахуй, аялал жуулчлал, барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших Шарга овоо-1 нэртэй газарт 967.29 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МV-020765, тус сумын Тэмээн толгой нэртэй газар 213.16 гектар талбайд ашиглалтын МV-020766 тоот, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс мөн сумын Зараа толгой нэртэй газарт 2965.50 гектар талбайд ашиглалтын МV-020852 тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшсэн байх бөгөөд Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан Э.Очмаа нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээгээр 100 хувийн буюу нэг бүр нь 23,600 төгрөгийн үнэтэй 10,000 ширхэг хувьцааг иргэн Ш.Эрдэнэбилэгт шилжүүлэхээр тохиролцож, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нотариатаар баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

7. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно гэж, 82 дугаар зүйлийн 82.1-д Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно гээд 82.1.1-д төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна, 7 дугаар зүйлийн 7.4.3-д хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 10 дугаар зүйлийн 10.1-д Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна гээд 10.1.2-д төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого гэж тус тус заасан.

 

8. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд ашиг малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрх эзэмшигч 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, саналыг эрхийг эзэмшиж, төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг эцсийн эзэмшигч гэх ба аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөгч нь хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэгтэй төдийгүй эрх борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд албан татвар ногдуулах хуулийн зохицуулалттай бөгөөд үүнд төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого хамаарахаар байна.

 

9. Тухайн тохиолдолд, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон эрх Ш.Эрдэнэбилэгт шилжиж, улмаар тус өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Э.Очмааг чөлөөлж, Ш.Эрдэнэбилэгийг томилон, дүрмийг шинэчлэн баталсан байна.

 

10. Ийнхүү шинэчлэн батлагдсан дүрмийн дагуу хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл, эцсийн өмчлөгч, шинэчилсэн дүрэм, хаяг болон үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг Ш.Эрдэнэбилэг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад гаргаснаар нэхэмжлэгч компанийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын компанийн эцсийн эзэмшигч нь эзэмшиж байсан хувьцааг шилжүүлэх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулж төлөөгүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж, маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-24240000208 тоот татварын нөхөн ногдуулалтын акт тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

11. Түүнчлэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална, 30 дугаар зүйлийн 30.1-д Эцсийн эзэмшигч гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно, 30.2-д Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно, 30.4-д Энэ хуулийн 30.3-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас эцсийн эзэмшигчийн борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээс эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлно, 30.6-д Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, 30.7-д Энэ хуулийн 30.1-д заасан эцсийн эзэмшигч нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч бол тухайн эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ борлуулсан, шилжүүлсний орлого болон энэ хуулийн 30.3, 30.4, 30.5, 30.6-д заасны дагуу тооцсон эрх борлуулсан, шилжүүлсний орлогын зөвхөн аль өндөр дүнтэй орлогод холбогдох албан татварыг ногдуулна. Бага дүнтэй орлогыг албан татвараас чөлөөлнө гэж, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ, тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 1.1-д Энэхүү аргачлалын зорилго нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6-д заасан эцсийн эзэмшигч, хуулийн этгээдийн ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход оршино, 7.1-д Энэ аргаар тооцсон тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь эрсдэл болон цаг хугацааны үнэ цэнийг харгалзан тооцсон мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ байна гэж тус тус заажээ.

 

12. Дээрх хууль журамд заасны дагуу хариуцагч улсын байцаагч нараас иргэн Э.Очмаа нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн хувьцааны 100 хувийг иргэн Ш.Эрдэнэбилэгт шилжүүлэхдээ ашигт малтмалын ашиглалтын MV-020766, MV-020765, MV-020852 тоот тусгай зөвшөөрлүүдийн үнэлгээ буюу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал-ын дагуу тодорхойлсон дүнгээр татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 1,629,396,000 төгрөгийн нөхөн татвар, 651,758,400 төгрөгийн торгууль, 723,761,409.24 төгрөгийн алданги, нийт 3,004,915,809.24 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

13. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 15.3-т Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно гээд 15.3.2-т тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ, 26.2-т Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ гэж тус тус заажээ.

 

14. Үүнээс үзвэл, хуульд заасны дагуу тухайн татварын жилд албан татвар ногдох орлогын тайланг татвар ногдуулах орлогын хэмжээнээс хамааран улирлаар эсхүл хагас жилээр тайлагнахаар, харин жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлэхээр байх бөгөөд энэхүү тохиолдолд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор зохицуулсан тул мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор татвар ногдуулж төлөх үүрэг үүссэн, хөөн хэлэлцэх хугацааны тухайд дараа он буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс тоолоход акт хөөн хэлэлцэх хугацаандаа гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Тэнгэрийн гэгээн тал ХХК-ийн маргаан бүхий Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-24240000208 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48, 15 дугаар зүйлийн 15.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3, 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.6-д заасныг тус тус баримтлан Тэнгэрийн гэгээн тал ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Сугармөнх, Ч.Батсүх нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-24240000208 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА