Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

 

 

 

 

  2024        05        22                                        2024/ДШМ/....

 

   Б.Цад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Г,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнгөнтуяа нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурорын эсэргүүцлээр  Б.Цад холбогдох 2338000000432 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, З ургийн овогт Бгийн Ц, … оны …. дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймгийн Бт суманд төрсөн, …. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа Хөвсгөл аймгийн Бт уманд оршин суух бүртгэлтэй, урд ял шийтгэлгүй / Регистрийн дугаар ............./

Б.Ц нь 000 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар зогсож байсан Т.Тийн картнаас мөнгө авч өгөхдөө картанд байсан 670,000 төгрөгийг ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч З ургийн овогт Бгийн Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Т сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Цыг Хөвсгөл аймгийн Т сумаас гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Цад тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цаас 285,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Тьд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 385, 000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгчээ гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох... талаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгахаар хуульчилжээ.

1. Шүүгдэгч Замбалгарав ургийн овогт Бгийн Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолдШүүгдэгч Замбалгарав ургийн овогт Бгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөлт оруулахаар Дээд шатны прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь 000 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар зогсож байсан Т.Тийн картнаас мөнгө авч өгөхдөө картанд байсан 670,000 төгрөгийг ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүх Б.Цын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж, хохирол төлбөрийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд эдгээрийг шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст хэргийн үйл баримтыг  тогтоож, Б.Цыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Харин шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй учир энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг тодорхой тусгасан атал шүүх уг хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар тусгаагүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс тус тус бүрддэг ба энэ нь хоорондоо харилцан уялдаа холбоотой байх ёстой бөгөөд тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл, тодорхойлох хэсэг нь тогтоох хэсэгт заах шүүхийн шийдвэрийн үндэслэл нь юм.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн хэргийн талаар шүүхээс гаргаж буй шийдлийг тусгадаг ба энэ нь хууль зүйн тодорхой үр дагаврыг үүсгэдэг тул шийдвэрийн хэсгүүд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тогтоох хэсгийг баримтлана.

Гэтэл шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолын “Тогтоох нь:” хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын “... Цыг” гэсний дараа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                                   Л.ЭРДЭНЭБАТ