Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

 

 

 

 

  2024        05        22                                        2024/ДШМ/34

 

    Д.Г, Ц.С нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.Ч,

Нарийн бичгийн дарга: Б.Мнарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Чий эсэргүүцлээр Д.Г, Ц.С нарт

холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Ховгийн Д-ын Г, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Э” ХХК-д мах бэлтгэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ..........  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн .... оны ...дугаар сарын ...-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор ...... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор .... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялын эдлэх хугацаа багасаж, ..... оны .... дугаар сарын 04-ний өдөр суллагдсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн...... оны .... дугаар сарын ....-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Мөн шүүхийн ..... оны  .... дүгээр сарын ....-ны өдрийн  .....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /Регистрийн дугаар ................../.

2. Монгол Улсын иргэн, Б овгийн Цгийн С, .... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Б аймгийн Х суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Б аймгийн Х сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн ..... оны ....  дүгээр сарын .....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор ...... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын .... дүгээр шүүхийн ..... оны ..... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор ..... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нийт 10 жил, 3 сар, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, .... оны ..... дугаар сарын ....-ны хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /Регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч Д.Г нь: Ц.Стай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах баярын талбайн орчим хохирогч Н.Бтой маргалдаж баруун доод 2-р шүдний булгаралт, буйланд шарх, завжинд цус хуралт, духанд зулгаралт, зүүн өгзгөнд шарх бүхий гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

 Шүүгдэгч Ц.С нь: Д.Гтай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах баярын талбайн орчим хохирогч Н.Бтой маргалдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хт Дын Г, Б овогт Цгийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хт Дын Гантулгыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч Б овогт Цгийн Сг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Г, Ц.С нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г, Ц.С нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.Г, Ц.С нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С нь хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 209,000 төгрөгөөс шүүгдэгч Д.Гас 161,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Сгаас 48,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ......... тоот дансанд оруулж, хохирогч Н.Б нь 2,000,000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон 22 хоногийг, шүүгдэгч Ц.Сгийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ч эсэргүүцэлдээ:  “...Анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Хт Дын Г, Б овогт Цгийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж заасан нь шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шийтгэх тогтоолд тусгах шаардлагыг хангаагүй байна. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон 22 хоногийг, шүүгдэгч Ц.Сгийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж заасан нь шүүгдэгч нар нь хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдэн оны хэдэн сарын хэдэн хүртэл хэд хоног үргэлжилсэн цагдан хоригдсон талаар тусгаагүй, мөн шүүгдэгч нарын цагдан хоригдсон 22, 20 хоног нь оногдуулсан торгох ялд хэрхэн дүйцэгдэж хасагдан тооцогдох нь тодорхойгүй буюу “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8 дахь заалтуудын дугаарлалтад гар аргаар засвар оруулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 8.1 дүгээр зүйлийн 8.1.5 дахь хэсэгт “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хориглох зүйл: Баримт бичгийн батлагдсан эх хувийг өөрчлөх, засварлах, устгахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Хт Дын Г, Б овогт Цгийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтад  “... Д.Г цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон оногдуулсан ялаас 330 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 330,000 төгрөгийн торгох ялыг хасаж. Д.Г биечлэн эдлэх торгох ялыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Сгийн цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон, оногдуулсан ялаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийн торгох ялыг хасаж. Ц.Сгийн биечлэн эдлэх торгох ялыг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай" гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Шүүгдэгч Д.Г нь Ц.Стай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах баярын талбайн орчим хохирогч Н.Бтой маргалдаж, шүүгдэгч Ц.С нь гараараа нүүрэн тус газар нь цохиж баруун доод 2-р шүдний булгаралт, буйланд шарх, завжинд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл, шүүгдэгч Д.Г хохирогчийн зүүн өгзгөнд шарх бүхий гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.Г, Ц.С нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж, хохирол төлбөрийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

2. Мөрдөн шалгах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд эдгээрийг шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний эцэст хэргийн үйл баримтыг  тогтоож, Д.Г, Ц.С нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлага хангаагүй учир энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг тодорхой тусгасан атал шүүх уг хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн талаар тусгаагүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс тус тус бүрддэг ба энэ нь хоорондоо харилцан уялдаа холбоотой байх ёстой бөгөөд тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл, тодорхойлох хэсэг нь тогтоох хэсэгт заах шүүхийн шийдвэрийн үндэслэл нь юм.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн хэргийн талаар шүүхээс гаргаж буй шийдлийг тусгадаг ба энэ нь хууль зүйн тодорхой үр дагаврыг үүсгэдэг.

Мөн шийтгэх тогтоолд “шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон 22 хоногийг, шүүгдэгч Ц.Сгийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж заасан нь шүүгдэгч нарын цагдан хоригдсон 22, 20 хоног нь оногдуулсан торгох ялд хэрхэн дүйцэгдэж хасагдан тооцогдох нь тодорхойгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... тооцож эдлэх ялаас хасна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон оногдуулсан ялаас 330 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 330,000 төгрөгийн торгох ялыг хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Сгийн цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон оногдуулсан ялаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийн торгох ялыг хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийтгэх тогтоолын “Тогтоох нь:” хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “6, 6” гэж давхардуулан дугаарлаж бичсэн алдаа зөрчил гаргасан байх тул цаашид ийм төрлийн алдаа, зөрчил гаргахгүй ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Ц.Чий эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “тусгай ангид” гэснийг “тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” гэж, 5 дахь заалтын “2,000,000 төгрөгийн хохирлын” гэснийг “хохирлын болон эмчилгээний зардалтай холбоотой нотлох” гэж, 6 дахь заалтыг “6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Д.Г цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон, оногдуулсан ялаас 330 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 330,000 төгрөгийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Сгийн цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон, оногдуулсан ялаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийн торгох ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж, шийтгэх тогтоолын “6,6,7” дахь заалтын дугаарыг “6,7,8” болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                                   Л.ЭРДЭНЭБАТ