Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

  2018         04           09                                    237

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч: Б.Ба,

шүүгдэгч: Б.Зо,

хохирогч: Б.Ба,

хохирогч: Б.Зо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Будын Ба, Боржигон овогт Батсүхийн Зо нарт холбогдох эрүүгийн 1705 0083 80202 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гутлын эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 19 настай охины хамт, Будын Ба.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “Хос тулгат багана” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, хүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 10 дугаар байр, 14 тоотод оршин суух бүртгэлтэй, Зо.

 

          Шүүгдэгч Б.Ба нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 2017 оны 9 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС-ийн дотуур байранд иргэн Б.Зотай маргаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

            

          Шүүгдэгч Б.Зо нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 2017 оны 9 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС-ийн дотуур байранд иргэн Б.Батэй маргаж улмаар нүүрэн тус газарт нь мөргөж бие махбодид нь тархи доргилт, баруун дээд зовхинд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Ба мэдүүлэхдээ:

Хэрэг үйлдэгдэх үед Зо намайг эхлээд цохихоор нь би буцаагаад цохисон. Тэгтэл хамраас нь цус гарсан байсан. Зоын биед учирсан гэмтлийг би учруулсан бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа. Зо нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор надаас хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнд төлсөн төлбөр байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Зо мэдүүлэхдээ:

Би өөрийн холбогдсон хэргийн оногдуулах хариуцлага, хуулийн заалтыг ойлгож байна. Би Бад санаатай гэмтэл учруулаагүй боловч тухайн үед архи уусан байснаас өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн. Баийн надад тавьсан шаардлага зөв байсан. Баийн биед учруулсан гэмтлүүдийг би учруулсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хойшид биеэ зөв авч явна. Ба нь надаас гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол, төлбөр нэхэмжлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Ба мэдүүлэхдээ:

Хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Зо бид хоёр эв зүйгээр тохиролцож эвлэрсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Зо мэдүүлэхдээ:

Энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ би эмчлүүлсэн. Миний буруугаас үүдэлтэй энэ гэмт хэрэг үйлдэгдсэн учраас Баээс өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй. Нэхэмжлэх  зүйл, гомдол саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б. мэдүүлэхдээ:

2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, МҮИС-ийн дотуур байранд нөхөр Зо болон хүүхдийн хамт бид гурав найзындаа очоод манай нөхөр найзтайгаа 0,5 грамм хэмжээтэй архи хувааж уусан юм. Тэгээд орой 02 цагийн үед бид гурав дотуур байранд орох гэтэл хаалга цоожтой байхаар нь тогшсон. Гэтэл жижүүр Ба ирж хаалга онгойлгож өгсөн. Тэгээд манай нөхөр жижүүрт нь “энэ байранд хүмүүс амьдардаг учраас хаалгыг нь түгжихгүй, чөлөөтэй орж гарч байж болохгүй юм уу” гэж асуухад жижүүр “сургуулийн захиргаанаас хаалгыг түгжиж бай гэсэн шаардлага тавьж байгаа” гэсэн. Тэгээд нөхөр бид гурав цааш явж байтал жижүүр араас “ер нь архи уусан, согтуу хүн оруулахгүй” гэхээр нь манай нөхөр “бид нар гэртээ орох гэж байгаа юм чинь архи уусан ч, ямар ч үед орох нь бидний асуудал” гэсэн чинь жижүүр “чи архи уучихаад ажлын байран дээр агсам тавих гээд байгаа юм уу, чи яахын, яах гээд байгаа юм” гээд хоорондоо маргалдаж харилцан бие биенийгээ заамдаж авсаны улмаас хоёулаа ерөнцийн зүгээр баруун тийш харан унасан. Хоёулаа газраас босож ирсэн. Тухайн үед би тортой зүйлээ газар тавьсан чинь тортой зүйл газар асгарсан. Би буцаан хийх гээд доош тонгойж байх хооронд Ба харуулын албаны дарга руугаа утсаар “энд согтуу хүн ирчихээд агсам тавиад байна. Та хүрээд ирэх үү” гэсэн. Би дээш өндийн харахад дахин бие биенийгээ заамдан авсан байсан бөгөөд Зоын өмсөж явсан цамц урагдсан. Тэгтэл Зо Баийн нүүрэн тус газар руу нэг удаа мөргөсөн. Энэ үед харуулын албаны дарга Батмөнх ирээд юу болоод байгаа талаар лавлан асуухад Зо Батмөнхийн асуултанд хариулаад зогсож байтал Ба Зоын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод зугтаасан. Зоыг цохиход хамраас нь их цус гарсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамар яс хугарч, мурийлттай гэж байсан. Нүүр нь бүхэлдээ хөхөрсөн байсан гэжээ. (хэргийн 17-19, 64 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12149 тоот дүгнэлтэд:

1. Б.Зоын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12144 тоот дүгнэлтэд:

1. Б.Баийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Зо ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

Б.Ба ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч Б.Ба нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 2017 оны 9 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МҮИС-ийн дотуур байранд хохирогч Б.Зоыг “чи архи уусан байна, согтуу хүнийг оюутны дотуур байранд оруулахгүй” гэж маргаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

            

             шүүгдэгч Б.Зо нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 2017 оны 9 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МҮИС-ийн дотуур байранд хохирогч Б.Батэй “манай гэр оюутны дотуур байранд байдаг тул би согтуу байсан ч гэртээ орно” гэж маргаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхинд шарх бүхий хөнгөн хохирлыг харилцан бие биедээ учруулсан нь тэдний шүүгдэгч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.Азжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12149 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12144 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ба, Б.Зо нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Ба, Б.Зо нар нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардал хэн алинаасаа нэхэмжлээгүй, хоорондоо эвлэрсэн, гомдол, саналгүй гэж мэдүүлсэн тул тэднийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хэн алиндаа гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдэх болсон шалтаг, шалтгаан зэргийг харгалзан тэдэнд ялгамжтай ял оногдуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Ба, Б.Зо нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Баийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч, Зоыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Баийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр,  

Б.Зоыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ба нь торгох ялыг 2 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг,

Б.Зо нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ба, Б.Зо нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ба, Б.Зо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН