| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04175/И |
| Дугаар | 191/ШШ2025/05125 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05125
| 2025 06 06 | 191/ШШ2025/05125 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч тоот хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* /РД:*******/, хамтран зээлдэгч болох нөхөр ******* /ДЮ60100634/ нар нь "*******" ХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дугаар 102100729302 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 100,000,000.00 төгрөгийн Орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 2.2 хувь, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр 50 сарын хугацаатайгаар, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 102100734016 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 50,000,000 төгрөгийн Орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 2.2 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 50 сарын хугацаатайгаар тус тус харилцан тохиролцож авсан бөгөөд энэхүү зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 102100734016 дугаартай "Барьцааны гэрээ-г байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-2205051839 дугаартай, Н тоот хаягт байршилтай, 97,31 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Улсын бүртгэлийн Ү-2202021948 дугаартай, Н тоот хаягт байршилтай, 35,5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Улсын бүртгэлийн Ү-2205052242 дугаартай, Н тоот хаягт байршилтай, 14,4 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу биелүүлээгүй тул ******* ХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхээс 102/1332024/05212 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүй, банкны зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102100729302 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102100734016 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэгтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон тул *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №102100729302 дугаар зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102100734016 дугаар зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээл эргэн төлөлтийн хуулбар, барьцаалбар, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулгууд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/05212 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* ХК нь ******* нар нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №102100729302 дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж, 100,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102100734016 дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээл тус тус олгосон.
2.2 Зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2024/05212 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь Б 6 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******ын оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
Дээрх хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг ******* руу хүргүүлэхэд ******* нь 2025.05.09-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж, иргэний үнэмлэхийн лавлагааг гарган өгч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын 2025.05.09-ний өдрийн оршин суудаг гэх тодорхойлолтыг тайлбарын хамт гаргасан байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь тодорхой буюу ******* нь Б хаягт оршин сууж байгаа болох нь тогтоогдож байх тул ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хүсэлт гаргагч ******* ХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА