Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

 

 

 

 

 2024        05        22                                        2024/ДШМ/35

 

   Ц.Гд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Ч,

Шүүгдэгч: Ц.Г,

Нарийн бичгийн дарга: Б.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Гд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Б” овогт Цийн Г, ...оны .... дугаар сарын ....-ний өдөр Дундговь аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр,  хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн ...............дугаартай/.

Ц.Г нь 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг Л гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 657,754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Цийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цийн Гд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ггээс 1,973,262 (нэг сая есөн зуун далан гурван мянга хоёр зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт Bongo Frontier маркийн 000ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Ггийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглахаар завдсан Bongo Frontier маркийн 000ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг шүүгдэгч Ц.Ггээс гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн А сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдолдоо: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Ц.Г надад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ “...Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг Л гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг, 3.9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 657.754 төгрөгийн хохирол учруулсан...” гэж ялласан байдаг.

Анхан шатны шүүх ч гэсэн “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн...” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, хэргийг шийдвэрлэсэн юм. Гэтэл ямар шалтгааны улмаас яллах дүгнэлтэд огт дурдаагүй үйл баримтыг үндэс болгон миний эрх зүйн байдлыг дордуулж байгааг ойлгохгүй байна.

Тодруулбал, тус зүйл ангид “...бэлтгэсэн...” гэх гэм буруугийн шууд санаатай үйлдлээс гадна “...тээвэрлэсэн...” гэх шинжийг тусгасан байна. Мөн хуулийн 2.8 дугаар зүйлд “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэнэ” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд анхнаасаа “...Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг Л гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг, 3.9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод...тээвэрлэхийг завдсан...” гэж тодорхойлсон байсан бол шүүхийг буруутгаж үл болмоор.

Ийм байтал анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг даван, зөрчсөнд маш их гомдолтой байна.

...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зохицуулалтад нийцүүлэн “...Bongo Frontier маркийн 000ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулах...” гэх хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ц.Гг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг Л гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 657,754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ггийн гэм бурууг хянан хэлэлцэж дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролЦчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ойн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглахыг … хориглоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Ггийн хувьд хуульд заасан дээрх шаардлагыг биелүүлж, зохих зөвшөөрөл авалгүйгээр ойд 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс  мод бэлтгэсэн нь хэрэгт цугласан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ггээс 1,973,262 (нэг сая есөн зуун далан гурван мянга хоёр зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулж, шүүгдэгч Ц.Ггийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглахаар завдсан Bongo Frontier маркийн 000ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг шүүгдэгч Ц.Ггээс гаргуулж улсын орлогод, битүүмжлэгдсэн 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс модыг хурааж улсын орлогод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгчийн гаргасан “...“...Bongo Frontier маркийн 000ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулах...” гэх хэсгийг хүчингүй болгуулах агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон, хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Ц.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр 3,9 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэсэн, мод бэлтгэхэд Bongo Frontier маркийн 000ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглахаар завдсан, уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн Бямбасүрэнгийн Түүхтбаяр /хх-н 92-93-р тал/ болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,      2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролЦч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ                            

                             ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

                                                                                    Л.ЭРДЭНЭБАТ