Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 2018          04          12                                     254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Б.SD нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Сартуул овогт Баттулгын SDд холбогдох эрүүгийн 1805 00674 0152 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Сувилахуйн ухааны 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, ээж, хоёр дүүгийн хамт SD.

 

             Шүүгдэгч Б.SD нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХААН банкны салбараас “Монгол Даатгал” ХХК-ийн нягтлан бодогч Н.Б нь Ж.Да гэх хүний данс руу шилжүүлэх байсан 2 713 000 төгрөгийг  Б.SD гэх хүний данс руу даатгалын нөхөн төлбөр болох 120 000 төгрөг шилжүүлэх үедээ андуурч, түүний 5114002414 дугаарын данс руу илүү 2 713 000 төгрөг буюу нийт 2 833 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Б.SD нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж 2 713 000 төгрөг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.SD мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Тэгээд “Монгол даатгал” компаниас над руу 10 хоногийн дараа даатгалын нөхөн төлбөр орно гэж хэлсэн. Би их сургуулийн сургалтын төлбөрөө төлөх гээд газраа 5 000 000 төгрөгөөр зарсан, газар худалдан авсан хүнээс мөнгө орж ирэх байсан юм. Тэгээд би тэр хүн рүүгээ мөнгөө авах гээд залгадаг байсан. Тэр хүн хөдөө байдаг учраас сүлжээ нь байнга орж гардаг юм. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний дансанд 4 000 000 төгрөг орж ирсэн. Надад мессеж банкны үйлчилгээ байхгүй учраас хаанаас мөнгө шилжиж ирснийг мэдээгүй. Дансаа шалгахад 4 000 000 төгрөг орсон байхаар нь надаас газар худалдаж авсан ахыг мөнгөө шилжүүлсэн байна гэж бодоод утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Тэгэхээр нь газрын мөнгөө дутуу шилжүүлсэн учраас утсаа авахгүй байгаа юм байна гэж бодоод мессеж бичиж үлдээсэн. Тэгээд миний машин гэмтэлтэй байгаа учраас Монгол даатгалаас мөнгө орж ирнэ гэж бодоод машинаа засуулаад 1 000 000 төгрөгийг нь үрсэн байсан. “Монгол даатгал”-аас над руу илүү төлбөр шилжүүлсэн байна гэж утсаар залгахаар нь би тэр өдөр нь 2 000 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Тухайн үед даатгалын ажилтан над руу залгаад “таны данс руу мөнгө андуурч орсон байна, та тэр мөнгийг өг” гэхээр нь “тийм юм болсон юм уу” гэж хэлсэн. Тэгтэл “юу яриад байгаа юм бэ, мэдсээр байж мөнгө үрлээ” гээд загнахаар нь “би мэдээгүй, тийм учраас 700 000 төгрөгийг хэзээ өгөхөө мэдэхгүй байна” гэж хэлсэн. Даатгалын ажилтан намайг хэзээ үлдсэн мөнгийг өгөх хугацаагаа хэл гэхээр нь хугацаа хэлэх боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгтэл “тэгвэл явдаг газраар нь явна” гэж надад хэлсэн. Хариуцлагаа хүлээ гэдэг үгийг би хэлэхдээ эргүүлж төлөх хугацааг уртасгахын тулд тэгж хэлсэн юм. Тэгтэл даатгалын газар цагдаагийн байгууллагад хандсан байсан. Миний данс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 50 841 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Алдаатай гүйлгээ гэдийг мэдсээр байж үрсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ надад мессеж банк үйлчилгээ байхгүй болохоор АТМ-д картаа шалгахад 4 000 000 төгрөг байсан. Би хэнээс хэдэн төгрөг орж ирсэн талаар шалгаагүй. 4 000 000 төгрөгийн орлого орсон гэдгийг дэлгүүрт нэгж авах гээд орохдоо картаа шалгахдаа мэдсэн. Тэгээд би орж ирсэн мөнгөнөөс 1 500 000 төгрөг үрсэн. Миний буруу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 500 000 төгрөгийг 2 000 000 төгрөгийг шилжүүлсэнээс хойш 7 хоногийн дараа бэлнээр өгсөн. Үлдсэн 213 000 төгрөгийн хувьд манай нөхөр машин барьж яваад дахиад осол гаргасан. Тэгээд даатгалаас мөнгө гаргуулахаар болоход даатгал замаас нь аваад цааш шилжүүлсэн байсан. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Б мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны 5 дугаар буудал дээр 10-54 УБЧ улсын дугаартай, “Тоёота Приус-20” маркийн автомашин 82-47 УНК улсын дугаартай, “Тоёота Приус-20” маркийн машинууд хоорондоо мөргөлдсөн. 10-54 УБЧ улсын дугаартай манай даатгуулагч Б.SD нь автомашины осол гарсан талаар иргэн Дад 2 713 000 төгрөгийн хохирол учруулсан. Манай байгууллагаас даатгуулагч иргэн SDд 120 000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас иргэн SD рүү 120 000 төгрөг шилжүүлэх гэж байгаад Бийн Хаан банкны 5114002414 гэсэн данс руу 2 833 000 төгрөг шилжүүлж, Бийн дансанд 2 713 000 төгрөг орсон. Харин Дагийн данс руу орох ёстой байсан 2 713 000 төгрөгийг Бийн данс руу шилжүүлсэн байсан. Энэ байдлаа 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдсэн. SD рүү залгаад данс андуураад шилжүүлсэн байна гэхэд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр SD нь Дагийн аав Жанчивсэмжидийн 5030339938 гэсэн данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 713 000 төгрөгийг тэгж байгаад өгнө. Би оюутан хүн, яг хэзээ өгөх талаараа мэдэхгүй байна. Би 80 хувийг нь шилжүүлсэн. 20 хувь буюу 713 000 төгрөгийн хувьд та нар өөрсдөө хариуцлагаа хүлээ гэж хэлсэн. Иймд удаа дараа мөнгө өгөхийг шаардсан боловч мөнгө өгөхгүй, явах газраараа яв гэсэн. Манай байгууллагад SD мөнгө өгөөгүй. Харин Да гэх хүнд 500 000 төгрөг SD өгсөн гэсэн. Үлдэгдэл мөнгийг нь цагаан сарын дараа өгнө гэж хэлсэн гээд Да надад хэлсэн. Манай байгууллагад хохирол учраагүй. Харин Дад хохирол учирсан. Одоо үлдэгдэл 213 000 төгрөгөө өгчихвөл манай байгууллагын зүгээс ямар нэг гомдол байхгүй  гэжээ. (хэргийн 8-9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Ж.Да мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны зам дээр аав Жанчивсэмжидийн эзэмшлийн 82-47 УНК улсын дугаартай автомашинтай явж байхад 10-54 УБЧ улсын дугаартай, “Тоёота Приус-20” маркийн автомашин мөргөсөн. Тэгээд цагдаа ирээд миний зөв гээд явсан. Тэгтэл SD гэх машин барьж байсан эмэгтэй даатгалаа дуудсан. Тэгтэл “Монгол Даатгал” ХХК-иас манай машины хохирлын тооцоо хийхээр болоод Хаан банкны дансны дугаар авсан боловч мөнгө нь орж ирэхгүй байхаар нь “Монгол Даатгал”-аас манай машины хохирлын төлбөр хэзээ орох вэ гэж асуухад нягтлан Б нь төлбөр тооцоог хийж дууссан гэхээр нь дансаа шалгаж үзэхэд манай данс руу 2 713 000 төгрөг ороогүй байсан. Тэгээд нягтлан Бтай цуг дахин шалгахад Б нь андуураад манай машиныг мөргөсөн SD гэх эмэгтэйн данс руу 2 713 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд би болон нягтлан Б нар нь SDтэй утсаар холбогдоод андуураад 2 713 000 төгрөгийг хийсэн байна гэхэд SD би өөрийнхөө мөнгө гэж бодоод үрсэн, тэр дор нь буцааж өгөх боломжгүй гэсэн. SD нь мөнгийг чинь өгнө гэж байсан. Тэгээд маргааш нь SD манай аав Жанчивсэмжидийн Хаан банкны данс руу 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 713 000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр SD гэх эмэгтэй 500 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Үлдэгдэл 213 000 төгрөгийг цагаан сарын дараа өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш үлдэгдэл 213 000 төгрөгийг өгөөгүй байгаа. 213 000 төгрөгөө авчихвал гомдолгүй гэжээ. (хэргийн 12-13 дугаар хуудас)

 

“Монгол Даатгал” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №МД29-000019 тоот төлбөрийн даалгавар, нөхөн төлбөрийн хуудас, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын гэрээний хуулбар (хэргийн 38-55 дүгээр хуудас)

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга. (хэргийн 58-68 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.SD ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч Б.SD нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХААН банкны салбараас “Монгол Даатгал” ХХК-ийн нягтлан бодогч Н.Бгийн  Ж.Да гэх хүний данс руу шилжүүлэх байсан 2 713 000 төгрөгийг  Б.SD гэх хүний данс руу даатгалын нөхөн төлбөр болох 120 000 төгрөг шилжүүлэх үедээ андуурч, түүний 5114002414 дугаарын данс руу илүү 2 713 000 төгрөг буюу нийт 2 833 000 төгрөг шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж 2 713 000 төгрөг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Ж.Да нарын мэдүүлэг, “Монгол Даатгал” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №МД29-000019 тоот төлбөрийн даалгавар, нөхөн төлбөрийн хуудас, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.SDд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Б.SD нь хохирогчид төлөх ёстой 2 713 000 төгрөгийг бүрэн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.SD нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.SD нь торгох ялыг 02 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.SD нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.SDд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ОЮУН