| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04449/И |
| Дугаар | 191/ШШ2025/05127 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05127
| 2025 06 06 | 191/ШШ2025/05127 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Би эр жи эс ий кэй ий эл ХХК нь "*******" ХХК тай 2023 оны 11-р сарын 10 ны өдөр "Машин механизмын түрээс"- ийн 79/23 тоот гэрээ, 2024 оны 04-р сарын 10 ны өдөр Машин механизмын түрээс"-ийн 27/24 тоот гэрээ, 2024 оны 04-р сарын 01-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зуучлан худалдах авах гэрээ"-ийн 2024/27 тоот гэрээг тус тус байгуулж гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. 2024 оны 05-р сарын 25-ны өдөр тооцоо нийлж 2023, 2024 оны "Машин механизмын түрээс"-ийн гэрээнүүдийн төлбөр 163,215,786 төгрөг, Газрын тосны бүтээгдэхүүн зуучлан худалдах авах гэрээ-ний төлбөр 54,250,000 төгрөг гарсныг харилцан баталсан. Энэ өдрөөс хойш захирал Гуа Тао-гийн *******, ******* дугаар бүхий утсаар удаа дараа ярилцаж, Би эр жи эс ий кэй ий эл ХХК-ийн ажлын байран дээр 2024 онд 3 удаа уулзалт хийж, удахгүй өгнө, он дуусахаас өмнө тооцоогоо дуусгана гэсээр 2025 он гарсан. 2024 оны 12-р сарын 19-ны өдөр 29/24 тоот, 2025 оны 02-р сарын 19- ний өдөр 03/25 тоот албан бичгүүдийг орчуулагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* wechat-aap тус тус хүргүүлсэн. Уг албан бичгүүдийг хүлээн авсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. 2025 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл *******" ХХК-ын захирал Гуа Тао нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөр тооцооны үлдэгдэл болох 265,530,786 төгрөгийг огт төлөөгүй, утас нь дуудаж байгаа боловч огт хариу өгөхгүй, компани болон захирал 2, хоёул адил хаягтай боловч зөвхөн "Б" гэсэн тодорхойгүй хаягтай, *******-гаас компанийн хаягийг нь тодруулахаар хайж харахад мөн л Б" гэсэн хаягтай байна. Иймд хаягийг тодруулахаар Б Засаг даргад хүсэлт өгсөн боловч Гуа Тао-г Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" хуулийн заалтыг үндэслэн мэдээлэл өгөх боломжгүй, ******* ХХК нь тус хаягт бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн, мөн Х Засаг даргад хаяг тодруулахаар хүсэлт өгөхөд БНХАУ-ын иргэн Гуа Тао болон *******" ХХК нь тус хаягт бүртгэлгүй байна" гэсэн хариу тус тус ирүүлсэн. БНХАУ-ын иргэн Гуа Тао болон "******* ХХК нь огт олдохгүй, хаяг нь тодорхойгүй, утсаа авахгүй байх тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч ******* ХХК болон захирал Гуа Тао-ийг хуулийн дагуу шүүхийн журмаар эрэн сурвалжлах хүсэлтийг минь авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2025.03.18-ны өдрийн 33 дугаар, 2025.05.06-ны өдрийн 71 дугаар тодорхойлолтууд, Х Засаг даргын 2025.05.06-ны өдрийн 36 дугаар тодорхойлолт, 2023.11.10-ны өдрийн 79/23 дугаар Машин механизмын түрээсийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гуа Тао-н пасспортны хуулбар, 2024.12.15-ны өдрийн 229/24 дугаар, 2025.02.19-ний өдрийн 03/25 дугаар гэрээний төлбөрийг яаралтай төлөх тухай албан бичиг, тус шүүхийн шүүгчийн 2025.04.07-ны өдрийн 191/ШЗ2025/15281 дугаар, 2025.04.25-ны өдрийн 191/ШЗ2025/18408 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ******* ХХК нь ******* ХХК /РД:*******/-тай 2023 оны 11-р сарын 10 ны өдөр "Машин механизмын түрээс"- ийн 79/23 тоот гэрээ, 2024 оны 04-р сарын 10 ны өдөр Машин механизмын түрээс"-ийн 27/24 тоот гэрээ, 2024 оны 04-р сарын 01-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зуучлан худалдах авах гэрээ"-ийн 2024/27 тоот гэрээг тус тус байгуулжээ.
2.2. ******* ХХК-тай байгуулсан гэрээнд дурдсан Баянгол дүүрэг, 2 дугаар хороонд байрлах хаягт үйл ажиллагаа явуулдаг бүртгэлгүй болох нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2025.05.06-ны өдрийн 71 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон байна. ******* ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй байна гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 191/ШЗ2025/21473 дугаар шүүгчийн захирамжаар ХУР төрийн мэдээлэл солилцооны системээс ******* ХХК-ийн оршин байрлах газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Б хороолол гэжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ******* ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ХХК, түүний төлөөлөгч ******* /утас:/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА