Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

   Б.Бд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Г,

Нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол, прокурор Э.Ггийн гаргасан эсэргүүцлээр Б.Бд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Бийн Б, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн Хсуманд төрсөн, эрэгтэй ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр багт ...... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн /регистрийн дугаар ................/.

Шүүгдэгч Б.Б нь 000оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хсумын 02 дугаар багт байх Х.Гын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Хыг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж биед нь дээд уруулд язралт, зүүн хонгонд цус хуралт, зүүн шагайнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Быг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 8 /найм/ цагийг хасаж түүний эдлэх ялыг 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Баас 20,000 /хорин мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн .................... дугаартай дансанд, хохирогч Б.Хын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч Б.Х /000/-т олгож, шүүгдэгч Б.Баас хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “....1.Би иргэн Б.Хыг зодож цохиж биед нь гэмтэл учруулаагүй байхад хэрэг бүртгэгч, мөрдөгч нь Хын биед учирсан гэмтлийн цаг хугацааг нарийн шалгаж тогтоогоогүй байна.

Учир нь энэ хэрэг учрал гарсан гэх өдрөөс 7 хоногийн өмнө буюу 000оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хсумын Тоом 2-р багийн Балбирагийн голд мотоциклээс унаж толгой, нүүр, хөл хонгондоо хүнд гэмтэл авсан байсныг нь иргэн Б.Х анх үзэж тусламж үзүүлэн хавдартай хөлийг нь боож, замын машинд суулган гэр рүү нь хүргүүлснийг гэрчилж байгаа. Бас одоо гэрчээр мэдүүлэг өгүүлэх Б нь 000оны 08 дугаар сарын 22-ны өглөө найр эхлэхээс өмнө Хынд очиход Х нь мотоциклээс унасан, толгой нүүрэндээ шархтай, хөл доголсон байсныг гэрчилж байхад мөрдөгч нь энэ асуудлаар тодруулж мэдүүлэг аваагүй орхисон байна.

2. Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 000оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 439 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х нь мотоциклээс унаж биедээ авсан гэмтлүүдээ надаас авсан мэтээр дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй байна.

 3. Энэ хэргийг нэг талыг барьж шийдсэн учир гэрчээр Хын зэргэлдээх айл болох С, Б түүний эхнэр Хонгор нар нь мотоциклээс унаад бэртсэн байсныг харсан гэх тул мөн Х, Б нарыг дахин гэрчээр асуулгаж шалгуулах, мөн би өөрийн биед гэмтэл авсан байсан учир багийн эмч Ч.Даас анхны тусламж авсан учир энэ хүнийг мөн гэрчээр татах,

4. Шүүхээс оногдуулсан ял нь тохироогүй, оногдуулсан ялыг хаана, ямар газарт эдлүүлэхийг тодорхой заагаагүй байна. Иймд хэргийг дахин шалгуулж хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтайгаар гомдол гаргав.” гэжээ.

Прокурор Э.Г эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн асуудлаар маргаантай, шүүхээс шүүгдэгч Б.Бын гэм буруугийн талаарх дүгнэлт үгүйсгэгдэж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэсэн атал “Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20,000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Баас 20,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн асуудлаар маргаантай, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Б.Хын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон нөхөн төлбөрийг тооцон олгох талаарх дүгнэлтдээ “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгааг” гэж дурдсан байна. Шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Иймд дээрх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй үзэв.

Үүнд: 1. Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ НЬ: хэсэгт “Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20,000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Баас 20,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна” гэснийг “Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20,000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Баас 20,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна” гэж,

 Мөн Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ НЬ: хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгааг” гэснийг “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг” тус тус өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Прокуророос Б.Быг 000оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хсумын 02 дугаар багт байх Х.Гын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Хыг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Баас 20,000 /хорин мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ..... дугаартай дансанд, хохирогч Б.Хын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч Б.Х /000/-т олгож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон, хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан байна.

3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Б.Бын гаргасан “...Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023.08.28-ны өдрийн 439 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х нь мотоциклээс унаж биедээ авсан гэмтлүүдээ надаас авсан мэтээр дүгнэлт гаргуулсан, хэргийг нэг талыг барьж шийдсэн учир иргэн Х, Б нарыг дахин гэрчээр асуулгаж шалгуулах...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэрч асуулгах хүсэлт гаргаагүй, хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн байх ба мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх учир энэ талаар гаргасан гаргасан шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй.

5. Харин шүүхийн  “шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг”-т хамаарч буй болон шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Цаашид ийм төрлийн алдаа, зөрчил гаргахгүй ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн давж заалдах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Прокурор Э.Ггийн эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь:” хэсгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгааг” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг” гэж өөрчилж, “...шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 20,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул...” гэснийг хасаж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                                   Л.ЭРДЭНЭБАТ