Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Д.Чанцалням, шүүгч Л.Хэрлэнчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК, РД:*******, төлөөлөгч Н.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, өмгөөлөгч Э.Б*******,

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий архитектор, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* нарын хоорондын ““Б” ХХК-д Нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн Ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.  “Б*******” ХХК-иас загвар зураг батлуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Х*******ийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцэж, барилгын эх загвар зургийг батлахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн боловч загвар зургийг батлаагүй.

1.2. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан байх ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 тоот албан бичгээр “... Загвар зураг батлах шатанд нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгааг эсэргүүцэн гомдол гаргасныг Хот байгуулалт, хотын стандартын газраас Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасан зохицуулалтад хамаарах нөхцөл байдал үүссэн гэж үзэн загвар зургийг батлаагүй талаар Хот байгуулалт, хөгжлийн газраас хариу ирүүлсэн байна. ... танаас ирүүлсэн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг хүргүүлсэн байна.

1.3. “Б*******” ХХК-иас анх шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдуулан ““Б*******” ХХК-д нийслэлийн ерөнхий архитектороос олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн МЗХ20******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулж хийгдсэн барилгын эх загвар зургийг батлахаас татгалзсан 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, загвар зураг батлахыг Нийслэлийн ерөнхий архитекторт даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ““Б” ХХК-д Нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн Ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах” гэж тодруулсан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тус компанийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаар захирамжтай, нэгж талбарын 1780 дугаартай, нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 угаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэр 2/ бүсчлэлд, нэгж хороолол, Чингисийн өргөн чөлөөний урд орон сууц, үйлчилгээний зориулалттай 2.0428 га газрыг эзэмшдэг. Уг газрын зориулалтын дагуу ашиглах үүднээс архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль тогтоомж болон хууль тогтоомжийн бусад актад заасан үндэслэл журмын дагуу хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хүсэхэд олгох татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос татгалзсан эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож гаргуулахыг даалга шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн Засаг дарга буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тус компанийн эзэмшлийн дээрх газар нь ойн болон усан сан бүхий газарт хамаарч байх бөгөөд Туул голын эргийн хамгаалалтын бүсэд хамаарч байна гэх зэрэг үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг цуцалсан.

Нэхэмжлэгч буюу газар эзэмшигч компанийн зүгээс энэхүү шийдвэр мөн хууль бус гэсэн үндэслэлээр шүүхэд хянагдаж байсан хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Цаашлаад хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, “Б*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож цуцалсан, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа эс үйлдэл нь хууль бус гэж үзсэн буюу газар эзэмших эрхийг сэргээж, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг холбогдох төрийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэр нь шүүхийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр бөгөөд уг шийдвэрийг хүчингүй болгосон дээд шатны шүүхийн шийдвэргүй болно. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч эс биелүүлсэн тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж өнөөдрийн байдлаар дээрх газрын эзэмших эрх хүчин төгөлдөр буюу хууль ёсны болж гэрчилгээ олгогдсон. Мөн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектороос олгож баталсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектороос олгож баталсантай холбоотойгоор өөрсдийн эзэмшлийн газарт барихыг хүсч буй барилга байгууламжийн загвар зургийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн эрх бүхий “Я” ХХК-иар боловсруулж Х*******ийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцүүлсэн. Тухайн өдрийн хурлын 9 дүгээр загвар зургийг хэлэлцэж 100 хувийн дэмжсэн саналтайгаар хурлын шийдвэр зөвшөөрсөн төлөвтэйгөөр шийдвэрлэгдсэн.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих” нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах буюу бүрэн эрх гэдгийг хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мөн хуулиар олгогдсон боломж гэсэн агуулгаар ойлгоно.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ” гэж, мөн “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын холбогдох зохицуулалтуудад заасны дагуу хурлаар хэлэлцэж загвар зургийг батлуулах шийдвэр гарсан тохиолдолд түүнийг албажуулах буюу батлах процесс ажиллагаа явагдах учиртай.

Тодруулбал, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг тодорхойлж өгсөн, мөн Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” /Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “загвар зураг” гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг/ гэж заасны дагуу нийслэлд баригдах барилга байгууламжийн загвар зургийг Нийслэлийн ерөнхий архитектор баталдаг бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газар загвар зургийг хянадаг болно.

Хурлын шийдвэр нэгэнтээ татгалзаагүй тул загвар зургийг журамд заасан хугацааны дотор батлах зохицуулалттай байх боловч журамд заасан хугацаа хэдийн өнгөрсөн буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар загвар зураг нэг сар орчмын хугацаа өнгөрсөн атал батлагдаагүй байсан тул уг асуудлыг шийдвэрлүүлж загвар зургийг ёсчлон баталгаажуулахаар өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй.

Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн загвар зураг батлахгүй байгаа эс үйлдлийг шийдвэрлүүлэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж 01/23/25 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шийдвэрлэж 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэнийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар ирүүлэхэд хүлээж авсан.

Уг хариу мэдэгдэх хуудсанд загвар зургийг ёсчлон батлахгүй байгаа үндэслэлээ “... “Б*******” ХХК-иас загвар зураг батлуулах тухай хүсэлтийг Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх Х*******ийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 35 дугаар хурлаар хэлэлцэн зөвшөөрсөн байна. Загвар зураг батлах шатанд нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хорооны оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгааг эсэргүүцэн гомдол гаргасныг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасан холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах зэрэгтэй гэсэн зохицуулалтад хамаарах нөхцөл байдал үүссэн гэж үзэн загвар зургийг батлаагүй талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас хариу ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүй гаргасан бус нийтийн эрх, ашиг зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэсний дараа загвар зургийг батлах талаар холбогдох хариуг тухай бүр өгч байсан тул танаас ирүүлсэн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэж тайлбарладаг” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаар захирамжтай, нэгж талбарын 1780 дугаартай, нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэр бүсчлэлд, нэгж хороолол Чингисийн Өргөн чөлөөний урд орон сууц, үйлчилгээний зориулалттай 2.0428 га газрыг эзэмшдэг. Уг газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс архитектурын төлөвлөлтийн даалгаврыг хууль тогтоомж болон хууль тогтоомжийн бусад актад заасан үндэслэл журмын дагуу хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хүсэхэд олгохоос татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос татгалзсан эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож түүнийг гаргуулахыг даалгах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад Нийслэлийн Засаг дарга буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тус компанийн эзэмшлийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг цуцалсан. Нэхэмжлэгчээс энэ шийдвэрийг хууль бус гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Цаашлаад хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. ... Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ20******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектораас олгож баталсантай холбоотойгоор өөрсдийн эзэмшлийн газарт барихыг хүсэж буй барилга байгууламжийн загвар зургийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн эрх бүхий “Я” ХХК-иар боловсруулж Х*******ийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцүүлсэн. Тухайн өдрийн хурлын 9 дүгээрт загвар зургийг хэлэлцэж 100 хувийн дэмжсэн саналтайгаар хурлын шийдвэр зөвшөөрсөн төлөвтэйгөөр шийдвэрлэгдсэн. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах буюу бүрэн эрх гэдгийг хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мөн хуулиар олгогдсон боломж гэсэн агуулгаар ойлгоно. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ” гэж, мөн “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын загвар зураг татах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын холбогдох зохицуулалтуудад заасны дагуу хурлаар хэлэлцэж загвар зургийг батлуулах шийдвэр гарсан тохиолдолд түүнийг албажуулах буюу батлах процесс ажиллагаа явагдах учиртай. Тодруулбал, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг тодорхойлж өгсөн. Мөн Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” /Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “загвар зураг” гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг гэж заасны дагуу нийслэлд баригдах барилга байгууламжийн Загвар зургийг Нийслэлийн Ерөнхий архитектор баталдаг бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газар загвар зургийг хянадаг болно. Хурлын шийдвэр нэгэнтээ татгалзаагүй тул загвар зургийг журамд заасан хугацааны дотор батлах зохицуулалттай байх боловч журамд заасан хугацаа хэдийн өнгөрсөн буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар загвар зураг 1 сар орчмын хугацаа өнгөрсөн атал батлагдаагүй байсан тул уг асуудлыг шийдвэрлүүлж загвар зургийг ёсчлон баталгаажуулахаар өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн загвар зураг батлахгүй байгаа эс үйлдлийг шийдвэрлүүлэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 01/23/25 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан боловч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шийдвэрлэж 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэнийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар ирүүлэхэд хүлээж авсан. Уг хариу мэдэгдэх хуудсанд загвар зургийг ёсчлон батлахгүй байгаа үндэслэлээ, Б******* ХХК-аас загвар зураг батлуулах тухай хүсэлтийг Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх Х*******ийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 35 дугааp хурлаар хэлэлцэн зөвшөөрсөн байна. Загвар зураг батлах шатанд нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хорооны оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгааг эсэргүүцэн гомдол гаргасныг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасан Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах зэрэгтэй гэсэн зохицуулалтад хамаарах нөхцөл байдал үүссэн гэж үзэн загвар зургийг батлаагүй талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас хариу ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүй гаргасан бус нийтийн эрх, ашиг зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэсний дараа загвар зургийг батлах талаар холбогдох хариуг тухай бүр өгч байсан тул танаас ирүүлсэн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж тайлбарладаг. Хариу тайлбар болон түүний үндэслэлтэй холоотой асуудал дараах байдлаар үгүйсгэгдэнэ гэж үзэж байна. Үүнд, Хариуцагч талаас Б.Ж гэх хүний гомдолд дурдсан үндэслэл болон үйл баримтуудыг шалгах, мухарлах замаар гуравдагч этгээд ийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг тогтоох учиртай гэсэн. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1108 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар үндэслэлээ тайлбарладаг. Үүнд иргэн Б.Жаас гаргасан гомдол дурдагддаг. Гэтэл уг гомдолд дурдагдсан үйл баримтыг нэгэнт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаартай шийдвэрээр дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нөгөөтээгүүр хариуцагчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 187 дугаартай дээрх шийдвэртэй хэрэгт хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн буюу гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэх агуулга бүхий иргэн Б.Жаас гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх бүхий л мэдээллээр хангагдсан гэж үзэж байгаа. Мөн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах шалтгаан буюу загвар зураг батлахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, Барилгын тухай хуульд заасан үндэслэлүүдийг үүссэн эсэхтэй холбоотой асуудлыг нэгэнт шүүх дүгнэчихсэн байхад төрийн захиргааны байгууллага шүүхээс давсан эрх хэмжээгээр хуулиар огт олгогдоогүй эрхийн хүрээнд тухайн үйл баримтыг үнэлж дүгнэдэг. Ийнхүү үнэлж дүгнэхдээ түүнтэй холбоотой ямар нэгэн шалгалтын ажиллагаа хийгээгүй, хийх эрх ч байхгүй. Энэ хэргийн тухай товч дурдвал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 815 дугаартай захирамжаар олгогдсон газрыг хүчингүй болгож байсан бөгөөд үүнийг хууль бус гэдгийг тогтоосон. Хүчингүй болгохдоо Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь ойн сан бүхий газар, усан сан бүхий газар, Туул голын эргийн хамгаалалтын бүсэд багтаж байх тул ийнхүү нэхэмжлэгч эзэмшилдээ хэрэгжүүлснээр нийтийн ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэж байсан. Тухайн шийдвэрийн хүрээнд дүгнэгдсэн үйл баримтуудыг тухайлан дурдъя, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан эрхийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлахдаа Улсын Их Хурал 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 28/17 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслээд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулсан төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 2, 3, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун 2 бүсийн үйлдвэрийн нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө 514 га талбайгаар баталсан байдаг. Уг тогтоол нь 2013 онд боловсруулагдсан Хот байгуулалтын газрын харилцааны асуудлыг цэгцлэх үндсэн бодлогын баримт бичигт нийцүүлэн гарсан. Мөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу менежментийн төлөвлөгөөнүүд гарч, түүнийг хэрэгжүүлэхээр агентлагууд үйл ажиллагаа зохион байгуулж, арга хэмжээ авах ёстой байсныг онцолдог. Маргаан бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хэлэлцэхээс өмнө Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 01/985 дугаартай ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулахаар өргөн барих тухай албан бичгээр дээрх бодлогын баримт бичигт заасны дагуу нэг төвт хотоос олон төвт хот болгох бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 47 нэгж хороололтой байхаар төлөвлөж, үүнээс 5 нэгж хорооллын хүрээнд үйлдвэр, нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө боловсруулах саналаа өргөн барьсан ба уг саналыг гаргахаас өмнө Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцчихсэн байсан. Гэвч Нийслэлийн Засаг даргын өргөн барьсан саналд болон маргаан бүхий тогтоолд Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д “Засаг даргын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох, биелэлтэд нь хяналт тавих”, мөн зүйлийн 17.2.2-т заасан ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хөгжүүлэх, ой хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулсан талаарх үйл баримт байдаггүй. Бодлогын баримт бичгийн зураглалын материал, байгаль орчин, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар хотын газар зүйн байршлын онцлогийг харгалзан Улаанбаатар хотын дундуур урсах Туул гол, түүнд цутгах Сэлбэ, Улиастай болон бусад жижиг голуудын хөндийг хамруулсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулна. Хотын нутаг дэвсгэрт байгаа суурьшилд тохиромжгүй нутаг дэвсгэр, гол горхинуудын хамгаалалтын зурвас газруудыг одоо байгаа суурьшлаас чөлөөлж, мод тарьж ойжуулан цэцэрлэг, байгалийн ногоон байгууламж болгоно гэж, Улаанбаатар х*******ийн “Баруун-2 бүсийн Үйлдвэр-1” хорооллын ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн эзэмшиж буй 2.0 га газар болон түүний орчмын газрыг архитектур орон зайн төлөвлөлтөөр холимог ашиглалтын буюу үйлдвэр-үйлчилгээ, үйлдвэр-орон сууц нутаг дэвсгэр гэж тусгасан, Барилгажихад тохиромжтой сул чөлөөтэй нутаг дэвсгэрийг шинээр төлөвлөж орон сууц, олон нийтийн зориулалтаар барилгажуулна гэж тайлбарласан. Дээрх баримтад маргаан бүхий газрыг Ойн тухай хуулийн 3.1.2, 3.1.1-д заасны дагуу ойн сан бүхий газарт хамаарахгүй ба төлөвлөсөн орон сууцны хорооллыг дотор цэцэрлэгт хүрээлэн, цэрэглэгч талбай, ногоон байгууламж, модот гудамж зэрэгтэй байхыг тусгасан. Энэ төлөвлөлтийн нь дагуу маргаан бүхий газрын талбайн хэмжээг нэмж 20,444 м.кв талбай болгон орон сууцны зориулалтаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 52 дугаар тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө болон хойно энд дурдагдаж буй маргаантай асуудлууд хөндөгдөж байгаагүй тул дээрх газар эзэмших эрх олгосон захирамжууд нь газрын асуудал эрхэлсэн бие даасан байгууллагуудын шалгуураар орж хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд олгогдсон гэж үзэхээр байсан. Маргаан бүхий газрыг Ойн тухай хууль тогтоомжид нийцэхгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон боловч тухайн газар Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасан ойн сан бүхий газарт хамаарахгүй болох нь шүүхийн үзлэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 52-р тогтоолын холбогдох хэсгээр тус тус тогтоогдох ба тухайн газрын төслийн баримт бичигт хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудсаар ойн сан бүхий газарт хамаарч байгаа талаар дурдаагүй. Мөн хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд "маргаан бүхий газар нь Туул голын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай" гэж маргах боловч маргаан бүхий актын үндэслэлээс хальж актын үндэслэлдээ огт дурдаагүй асуудлаар актын үндэслэлийг өөрчилснийг хүлээн авах боломжгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул эзэмших эрхийг дуусгавар болгосныг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч компани эзэмших эрхээ хэрэгжүүлээд хууль ёсны дагуу эзэмшил дээр байгаа, тухайн газар дээр барилга байгууламж барихтай холбоотойгоор тухайн газарт барих барилга байгууламжийн зургийг батлах эсэх нь гуравдагч этгээдийн, олон нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаатай ямар нэгэн байдлаар шууд шалтгаант холбоотой болохыг тогтоосон үйл баримт байхгүй. Мөн иргэн Б.Жын хотын захиргаанд буюу хариуцагчид гаргасан тэрхүү гомдолд дурдсан үйл баримтууд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаартай Нийслэлийн захиргааны хэргийн Анхан шатны шүүхээр дүгнэгдсэн. Гэтэл нэгэнт дүгнэсэн үйл баримтыг дахин дүгнэх, түүнийг судлах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх, зөв буруу эсэхийг шийдвэрлэх эрх хотын захиргаанд, хариуцагчид байхгүй. Гэтэл уг үндэслэлээр татгалзаад байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тухайн хэрэг маргаанд хариуцагч нь мөн хариуцагчаар орж байсан. Энэхүү шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримт, хянан хэлэлцсэн асуудлуудын талаар бүрэн мэдээллээр хангагдсан байсан. Хэрэв магадгүй тухайн гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэх иргэн Б.Жын зүгээс гаргасан гомдолд дурдсан үйл баримтыг өмнө нь шийдвэрлэсэн талаар мэдээгүй байсан гэж бодоход тухайн гомдлыг судалж байгаа этгээдэд мэргэжилтний хувьд уг асуудлыг шалгаж, тодруулах боломж хуулиар олгогдсон байсан. Шалгаж тодруулаад Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыгаа тогтоогоод үүнтэй холбоотой асуудлыг шүүхэд шийдвэрлэгдсэн учраас тухайн гомдолд дурдагдсан асуудлыг бид дахин шалгаж тодруулах боломжгүй гэж зохицуулах ёстой байсан. Тиймээс хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан загвар зургийг батлахаас татгалзах ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байна гэдэг агуулгаар загвар зургийг батлах ёстой байтал ийнхүү батлахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус гэж үзэж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “... Чингисийн өргөн чөлөөний урд талд байршуулан орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 2.0428 га газар болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаартай шийдвэрийг үндэслэн 2023 оны Мэргэжлийн зөвлөлийн 23 дугаар хурлаар хэлэлцүүлж МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. “Б*******” ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр загвар зураг батлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд уг загвар зурагт засвар сайжруулалт хийлгэн Нийслэлийн нутаг дэвсгэрт х*******ийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 35 дугаар хурлаар хэлэлцүүлж, загвар зурагт засвар хийлгэн Нийслэлийн ерөнхий архитекторт танилцуулахаар зөвшөөрсөн санал гарсан байдаг. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”-ыг эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэх тул иргэн Б.Жын гаргасан өргөдөл гомдлын дагуу МЗХ20******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг дагуу боловсруулагдсан загвар зургийг батлахаас татгалзсан болно. “Б*******” ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2,, тоот 13:30 минутаас уулзахаар товлосон боловч уулзалтад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй болно. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х*******ийн мэргэжлийн зөвлөлийн 35 дугаар хурлаар хэлэлцүүлсэн загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн ерөнхий архитектурын эс үйлдэхүйг хууль бус болохыг тодорхойлж загвар зураг батлахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа хариуцагч нөхцөл байдлаа мэдэж байсан, өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж тайлбарлаж байна. гэтэл өмнө нь шийдэгдсэн хэрэгт хариуцагч өөр байсан буюу хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектураар татагдаж оролцоогүй бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газар эсвэл хуучин нэршлээр Хот байгуулалт хөгжлийн газрын нэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий архитектор, Аймаг, Нийслэлийн Ерөнхий архитекторын дүрмийн 3.1.3 дахь хэсэгт Хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг баримтлан барилгажилтын үйл ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага болон инженерийн хангамж, архитектор төлөвлөлтийн шаардлагыг мэргэжлийн албадын оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх гэж заасны дагуу 35 дугаар хурлаар хэлэлцүүлээд 100% дэмжигдсэн гээд байгаа зөвлөлийн хурлаар оруулж зөвлөлийн гишүүд дэмжсэн. Ингэж дэмжсэний дараагаар загвар зургийг батлах эсэх асуудал нь Нийслэлийн ерөнхий архитектурын эрх хэмжээний асуудал. Батлагдах шатад иргэн Б.Жаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хот байгуулалт, хотын стандартын газар, Ерөнхий архитектурт хандаж өргөдөл, гомдол гаргадаг. Уг өргөдөл, гомдлыг судлаад Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбоотой үүсэх эрх ашиг сонирхолд нь одоо хөндөгдөж байна гэж үзээд эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгохдоо эрх, ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдсөн эсэх талаар харгалзаж үзнэ гэсний дагуу иргэн Б.Ж болон болон иргэдийг төлөөлж гаргасан өргөдлийг шийдвэрлэсний дараа загвар зургийг батлахаар шийдвэрлэсэн байдаг. Иргэн Б.Ж болон нэхэмжлэгч нартай уулзалт зохион байгуулна гэж өмнөх анхан шатны шийдвэрт дурдаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах ажиллагаа явагдаагүй. Иймд уг асуудлыг шүүхээр шийдүүлье гэдэг байр суурьтай байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Дөрөв. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт.

4.1. Иргэдийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Зураг төсөл нэгэнт батлагдсан юм бол баталж болдоггүй юм уу? Яагаад заавал иргэн, хуулийн этгээдийг ингэж хохироодог юм бол гэсэн бодолтой байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан, 

1.1. Анх 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ““Б*******” ХХК-д нийслэлийн Ерөнхий архитектороос олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар /эскиз/ зургийг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг барилгын загвар зургийг батлахыг Нийслэлийн Ерөнхий архитекторт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан. 

1.2. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн Ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах” гэж тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон, Х*******ийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн атлаа баталж өгөхгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаар шийдвэрээр “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3067 дугаар албан тоотоор татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

3.2. Дээрх шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:”, 110.1.1-т “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.3. Улмаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/815 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 1780 дугаар бүхий 20428 м.кв орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Б” ХХК-д олгож, Нийслэлийн ерөнхий архитектороос 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр МХЗ20******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус олгожээ.

3.4. Үүний дараа тус хуулийн этгээдээс барилга байгууламжийн загвар зургийг батлуулахаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Х*******ийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцэж, барилгын эх загвар зургийг батлахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдов.

3.5. Иргэн Б.Жаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан “...тухайн хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж...байгаа тул орон сууцны хороолол барих биш харин иргэдийн амрах, хүүхдийн сургууль цэцэрлэг барих нь зүйтэй...барилгын эскиз зургийг баталсан шийдвэрийг эргэж харахгүй, барилгыг бариулах болсон тохиолдолд бид дараа, дараагийн арга хэмжээг авахыг үүгээр мэдэгдэж байна” гэх хүсэлт гаргаж, хүсэлтдээ

- Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/365 тоот “... Туул голын хөндийд баригдсан аливаа барилга байгууламж, зам талбай, тэдгээрийн нягтрал байршил зэргээс шалтгаалан дээрх газрын доорх усны тэжээмж, хөдөлгөөн байгалийн горим зэрэгт тодорхой хэмжээнд нөлөөлнө. Цаашилбал, аливаа барилга байгууламж тэдгээрийн нягтрал нэмэгдэж усны голдиролд ойртож, голын экосистемд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж, голын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэнэ” гэх албан бичиг,

- “Х*******,*******” ОНӨААΤΥΓ-ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/444 дугаартай “...Тус байршил нь Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдэлд нийтийн хэрэгцээний ногоон байгууламжаар тусгагдсан. Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжид явган зам цэцэрлэгжүүлсэн талбай нийтээр амрах талбай (спортын хүүхдийн тоглоомын талбай), нам гүм амрах, зугаалгын паркууд зэрэг байна. Тухайн хэсгийн төлөвлөлтийн шийдлийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шатанд нарийвчлан боловсруулна” гэх албан бичиг,

- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 389 дугаартай “... барилга байгууламж барих, газрын байршил тогтоох, газар олгох, зураг төсөл хянах ашиглалтад оруулах зөвшөөрөл олгож буй холбогдох хяналтын байгууллагуудаар чиг үүргийн дагуу үнэлгээ хийлгүүлэх, эрүүл ахуйн дүгнэлт гаргуулан асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэх албан бичиг,

- Усны Газрын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06/214 дугаартай “... Ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мжу, голын энгийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих нь усны нөөц хомсдох, бохирдох, газрын доорх ус, гадаргын усанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг, нөлөөллийн хэмжээг судалгаа шинжилгээгээр тогтооно. Туул голын дагуу газрын доорх усны хяналт шинжилгээний зориулалттай нийт 34 цооногоор усны түвшинд хяналт тавьдаг” гэх албан бичиг,

- Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06/1314 дугаартай “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/544 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б*******” ХХК-д олгосон 20428 мкв газрын газар эзэмших эрхийг цуцалсан. Тус цуцалсан газарт иргэд оршин суугчдаас ногоон байгууламж бүхий тохижилт хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Иймд дээрх газарт иргэдээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж тохижилтын ажлын даалгавар олгож өгөхийг хүсье” гэх албан бичгүүдийг тус тус хавсаргажээ.

3.6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/14 тоот албан бичгээр “... МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан бөгөөд тус байршилд одоогоор загвар зураг батлагдаагүй байгаа болно” гэх хариуг хүргүүлсэн.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгчөөс “... зөвлөлийн хурлаар зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд загвар зургийг батламжилж гарын үсэг зурах үүрэгтэй” гэж тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... ерөнхий архитектор загвар зургийг хянан батлах эрх хэмжээтэй, шууд гарын үсэг зурах үүрэг хүлээгээгүй” гэх атлаа загвар зургийн төлөвлөлт нь х*******ийн талаарх хууль тогтоомжид нийцсэн хэмээн тайлбарлаж маргахгүй байна.

 

5. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:”, 10.1.3-т “зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах” гэж заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.6-д “Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална”, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх х*******ийн асуудал хэлэлцэх зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 4.13-т “Зөвлөлийн дарга нь хурлаас гарсан зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн санал, зөвлөмжийг Ерөнхий архитекторт танилцуулах үүрэгтэй бөгөөд Ерөнхий архитектор хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм болон Зөвлөлийн хурлаас гарсан санал, зөвлөмжийн нэмэлт тайлбар, тодруулга гаргуулахаар буцаах, татгалзах эрхтэй” гэж заажээ.

6. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч ерөнхий архитектор нь нэгэнт олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд барилгын загвар зургийг батлах, эсхүл нэмэлт тайлбар тодруулга гаргуулахаар буцаах, татгалзах эрхтэй байна.

7. Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн үүрэг болох зураг төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэхгүй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

8. Нэгэнт маргаан бүхий газрыг эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргаас, тухайн газрыг барилгажуулах архитектур төлөвлөлтийн даалгаврыг хариуцагчаас  олгосон, эдгээр баримт бичиг нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд дээр дурьдсан хуулийн зохицуулалтуудын дагуу хариуцагч нь тухайн газар дээр баригдах барилгын загвар зургийг батлах эсэх асуудлыг шийдвэрлэж газар эзэмшигччид газраа ашиглах боломжийг олгох үүрэгтэй.

9. Гагцхүү барилгын загвар зургийг батлах ерөнхий архитекторын эрх хэмжээ нь тухайн барилгажилтын үйл ажиллагаа, х*******ийн болон эрүүл ахуйн шаардлага, инженерийн хангамж, архитектур төлөвлөлтийн шаардлагыг хэрхэн хангаж байгаагаас хамааран нэмж тодруулах, татгалзах байдлаар хэрэгжих зохицуулалттай байна.

10. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх х*******ийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцэж, барилгын эх загвар зургийг батлахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, зөвшөөрсөн нь тухайн загвар зургийг шууд батламжлах үндэслэл болохгүй. Үүнд:

10.1. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-д зааснаар Ерөнхий архитектор нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хот байгуулалтын баримт бичиг, бусад үе шатны төслүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах, хот байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан барилгажилтын үйл ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага болон инженерийн хангамж, архитектур төлөвлөлтийн шаардлагыг мэргэжлийн албадын оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх, хот байгуулалтын баримт бичгүүд, барилгын зураг төсөл, тэдгээрт тавигдах шаардлагыг хангах,  хот, тосгонд баригдах барилга байгууламжийг тухайн орон нутгийн онцлог, оршин суугчдын зан заншил, үндэсний архитектурын уламжлал, орон зайн зохиомж, орчны барилгажилттай нь уялдуулан тухайлан боловсруулсан зураг төслөөр бариулах чиглэл баримтлах, орчны тохижилт, заал талбай, гэрлэн чимэглэл, архитектурын жижиг хэлбэрүүдийг иж бүрнээр гүйцэтгүүлэх, түүх, соёлын   дурсгалт   барилга   байгууламжийг   хадгалах,   хамгаалах,   сэргээн засварлах, барилга байгууламжийн гадна засал, өнгөний нэгдсэн шийдлийг гудамж, өргөн чөлөө, хотхон, хорооллын онцлог, байршил, архитектур, орон зайн зохиомж зэрэгтэй уялдуулан зураг төслийн шийдэлд тусгуулах, хяналт тавьж, хэрэгжүүлэх, Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасанчлан х*******ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах үүрэгтэй.

10.2. Мөн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх х*******ийн асуудал хэлэлцэх зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 1.1, 2.1, 2.1.2 дахь заалтуудын дагуу зөвлөл нь барилга байгууламжийн төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн шийдэл, техник технологи, эдийн засгийн тооцоо, тохижилт, ногоон байгууламжийн шийдлийг хэлэлцэж санал зөвлөмж гаргах, ерөнхий архитекторт дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байна.

11. Энэ тохиолдолд барилгын загвар зураг нь хууль тогтоомжоор тогтоосон энэхүү шаардлагыг хангасан тохиолдолд хариуцагчаас уг зургийг батлах, хангаж байгаа эсэх нь тодорхойгүй тохиолдолд буцаах, хангаагүй тохиолдолд зургийг батлахаас татгалзах үүрэгтэй байх тул нэхэмжлэгч талын “... зөвлөл зөвшөөрсөн тул ерөнхий архитектор нь зургийг батламжилж гарын үсэг зурах үүрэгтэй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ерөнхий архитектор нь загвар зургийг хянах эрх хэмжээтэй” гэх тайлбарыг бүрэн үгүйсгэх боломжгүй байна.

 

12. Хариуцагч ерөнхий архитектороос  2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/8389 тоот албан бичгээр “... Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”-ыг эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэх тул иргэн Б.Жын гаргасан өргөдөл гомдлын дагуу МЗХ20******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдсан загвар зургийг батлахаас татгалзсан болно” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... зургийн төлөвлөлттэй холбоотой татгалзал байхгүй, Иргэдийн төлөөлөгч Б.Жаас гаргасан гомдлыг үндэслэж зургийг батлаагүй, энэ нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг хангах шаардлагатай”  гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч хариуцагчаас зургийг хянах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

14. Дээрхээс үзвэл, хариуцагч нь иргэн Б.Жаас гаргасан “Нийслэлийн Засаг даргад ...тухайн хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж...байгаа тул орон сууцны хороолол барих биш харин иргэдийн амрах, хүүхдийн сургууль цэцэрлэг барих нь зүйтэй ...” гэх гомдол болон иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол хэрхэн хангагдаж байгаа болохыг хариуцагчаас дүгнээгүй атлаа хэрэг “зургийг батлахаас татгалзсан” гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлж байгааг шүүх дэлгэрүүлэн тайлбарлах, дүгнэх боломжгүй.

15. Үүний зэрэгцээ

15.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2/2062 тоот албан бичигт “... нэгж талбарын 1780 дугаараар хайлт хийж үзэхэд тус газар нь Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна”, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/75 тоот албан бичигт “... нэгж талбарын 1780 дугаартай газар нь ой тэлэн ургах нөөц газар, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, цахилгаан дамжуулах, түгээх шугамын хамгаалалтын бүс, цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүсүүдтэй тус тус давхцалтай”,

15.2. “Х*******,*******” ОНӨААТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/444 тоот албан бичигт “... тус байршил нь Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдэлд нийтийн хэрэгцээний ногоон байгууламжаар тусгагдсан”, 

15.3. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн МЗХ20******* тоот архитектур төлөвлөлтийн даалгаварт “... барилгажих талбайн хэмжээ, хүчин чадал: 10214.0 мкв талбайд багтаана, Барилгын бүрхцийн харьцааны 0.5 үзүүлэлтийг баримтлан эзэмшил газрын 50%-иас дээшгүй талбайд барилгажуулна. Тагт, конооль, довжоо болон рампыг эдэлбэр газарт багтаан нормоор тооцон төлөвлөнө (BCR), Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн зөвлөмжийн 9 дүгээр хавсралтын дагуу хүн амын нягтралыг тооцно” гэсэн,

15.4. Маргаан бүхий газар нь “...Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголд тухайн газар нутаг руу бол холимог бүсэд хамаарч байх боловч за 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний тодотголын төсөл/хүчин төгөлдөр болоогүй/-д ногоон байгууламжид хамаарч байна” гэжээ.

16. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр  нэхэмжлэлийн “... “Я” ХХК-ийн гаргасан загвар зургийг батлахыг даалгах” нэхэмжлэлийг шууд хангаж шийдвэрлэх боломжгүй, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитектор нь “Я” ХХК-ийн үйлдсэн “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Б” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны цогцолбор”-ын загвар зураг нь дээрх 11 дэх хэсэгт шаардлага хангасан эсэхийг хянах, 17 дахь хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудтай хэрхэн уялдах, эсхүл зөрчилдөх эсэхийг дүгнэсний үндсэн дээр загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

17. Иргэдийн төлөөлөгчийн “...Зураг төсөл нэгэнт батлагдсан юм бол баталж болдоггүй юм уу? Яагаад заавал иргэн, хуулийн этгээдийг ингэж хохироодог юм бол гэсэн бодолтой байна” гэх дүгнэлтийг энэхүү шийдвэрт харгалзан үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б*******” ХХК-ийн загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий архитекторт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ

 

                                                        ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ

 

                                                        ШҮҮГЧ                              Л.ХЭРЛЭНЧИМЭГ