Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 255

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

хохирогч: А.Шинэ,

шүүгдэгч: Б.Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн \Одд холбогдох эрүүгийн 1805 0012 30266 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, Од.

 

Шүүгдэгч Б.Од нь 2017 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кекүшю цамхагийн 105 дугаар байрны 26 тоот гэртээ хамтран амьдрагч А.Шинэийг бусадтай хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Од мэдүүлэхдээ:

Би А.Шинэтэй хамтран амьдраад 4 жил болж байна. Урд өмнө нь түүнд гар хүрч, зодож байгаагүй. Тэр шөнө 01 цагийн үед Шинэ рүү 20 гаран удаа залгахад гар утсаа аваагүй. Гэтэл өөрөө маникюрчин байж эрэгтэй хүнээр хумсаа янзлуулсан байсан. Үүний улмаас би түүнийг хардаж, зодсон нь үнэн. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг Дарханд байдаг хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Одоо хохирогч бид хоёр хамт амьдарч байгаа. Бид хоёр дахиад хүүхэдтэй болох гэж байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй, буруугаа ойлголоо гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-А.Шинэ мэдүүлэхдээ:

Би нөхөртэйгээ хоолонд орсны дараа найзтайгаа явна гэж хэлж яваад үс болон хумсаа будуулсан. Од над руу 20-30 удаа залгахад нь би утсаа аваагүй болохоор тэр буруу ойлгож, маргаан болсноос Од миний нүүр рүү гараараа цохиж, гэмтэл уруулсан. Энэ хэрэг үйлдэгдэхэд миний буруу бас байгаа. Тухайн үед Одыг залгахад нь утсаа авсан бол ийм асуудал болохгүй байсан. Би одоо жирэмсэн. Энэ асуудлаас болж 2 хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Одоо бид эвлэрээд хамтдаа амьдарч байгаа, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Алт мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед охин Шинэ Улаанбаатар хотоос гэнэт хүрээд ирсэн. Хамар нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь “юу болсон “гэж асуутал юм хэлэхгүй байсан. Тэр оройноо унтаж амрахаар болоод Шинэ хувцасаа тайлахад нь хартал бие нь энд тэндгүй хөхөрчихсөн байсан. Би нөхөртөө зодуулж гэдгийг нь мэдээд төр шөнөө унтсан. Шөнө Шинэ бие нь өвдөөд байгаа бололтой яргалаад байхаар нь маргааш өглөө нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл бичиж өгтөл Шинэийг дагуулж ир гэсэн. Буцаж хариад Шинэийг аваад шүүх эмнэлэгт үзүүлээд мэдүүлэг өгүүлсэн. Өмнө нь зодож, цохиж байгаагүй. Анх удаа л зодуулсан байдалтай гэртээ ирэхээр нь цагдаад мэдэгдье гэж бодсон юм. Шинэ надад юунаас болж маргалдаад яаж зодож, цохисон талаар огт хэлээгүй. Одоо ч гэсэн юунаас болсон, яасныг би мэдээгүй байгаа. Од Шинэ хоёр хамт амьдраад 2-4 жил болж байна. Би Одыг архи, тамхи хэрэглэж байхыг нь хараагүй. Од тухайн асуудал болсноос хойш 2-3 хоногийн дараа манай гэрт өөрөө ирж надаас уучлалт гуйгаад эхнэрээ авч явсан. Одоо энэ хоёр дахиад шинэ хүүхэдтэй болох гэж байгаа учир гомдол санал гэх зүйл алга гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Өлз мэдүүлэхдээ

...хамар руу нь цохичихсон гэж байсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, нэг хэсэг салж байгаа гээд явж байсан. Удалгүй хоёулаа нийлчихсэн байсан. Шинэ жилээр манай гэрт ирсэн. Би тухайн үед зодуулж цохиулсан байхыг нь хараагүй гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот дүгнэлтэд:

1. А.Шинэийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн мөр, бугалга, дал, баруун суганы ар дээд хэсэгт, баруун бугалга, зүүн өвдөг, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Од ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Од нь 2017 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кекүшю цамхагийн 105 дугаар байрны 26 тоот гэртээ хамтран амьдрагч А.Шинэийг бусадтай хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн мөр, бугалга, дал, баруун суганы ар дээд хэсэгт, баруун бугалга, зүүн өвдөг, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцралтай гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Шинэ, гэрч Б.Алт, Б.Өлзийтогтох нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Одд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  Б.Од гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрсөн болно.

 

Хохирогч А.Шинэ нь гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол, саналгүй гэж мэдүүлсэн тул Б.Одыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, саналгүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Одыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Одыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Од нь торгох ялыг 01 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Од цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН