Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

 

 

 

 

2024         05        22                                         2024/ДШМ/37

 

   Б.Э, Д.Ү нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Э даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Г,

Шүүгдэгч Д.Ү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Б,

Нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Ггийн гаргасан эсэргүүцлээр Б.Э, Д.Ү нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Зовгийн Бын Э, 000 оны 0 дугаар сарын …-ны өдөр Хөвсгөл аймгийн Шсуманд төрсөн, …. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймаг, Мөрөн сум, … дүгээр баг …... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн …. оны …. дугаар сарын …-ний өдрийн …. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн /регистрийн дугаар: ....../.  

2. Монгол Улсын иргэн, Л овогт Лгийн Ү, . оны …. дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймгийн У суманд тэрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг, Мөрөн сум …....  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар:................../.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Зургийн овогт Бын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг, Л ургийн овогт Лгийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хамтран гүйцэтгэгчээр тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Үыг 6 сарын хорих ялаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дугаар зүйлд зааснаар Д.Үыг 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 47 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сар 27 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Д.Ү нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 132 хоногийг, шүүгдэгч Д.Үын 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас хохирогч Н.Нд 400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Нямболдод 75,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Гд 20,000 төгрөг, хохирогч Н.Бд үнэлгээний хөлс 25,000 төгрөгийг тус тус гаргуулах, шүүгдэгч Д.Үаас иргэний нэхэмжлэгч Г.Гд 20,000 төгрөг, хохирогч Б.Бд үнэлгээний хөлс 25,000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Э.Г эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгч Д.Үыг урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн” гэж дурдсан байна.

Гэвч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Д.Ү нь 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт 20 хоног цагдан хоригдсон” гэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 47 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалтад дээрх шийдвэрийг дурдаагүй, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дугаар зүйлд зааснаар Д.Үын 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 47 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоосугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар Д.Үыг 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ба тус хэрэгт 20 хоног цагдан хоригдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 47 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн ба шүүгдэгч Д.Ү нь дээрх ялаас 20 хоногийг эдэлсэн байх тул цагдан хоригдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэл тогтоогдож байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар Д.Үын 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 47 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Үын Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоосугай” гэж,

2. Мөн Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5 дахь заалтад “шүүгдэгч Д.Ү нь 000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэснийг “шүүгдэгч Д.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй” гэж тус тус өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 406 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.Эыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “А” хүнсний дэлгүүрээс 000 оны 0 дугаар сарын 24-ний өдөр иргэн Н.Нгийн самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Бтэй бүлэглэн 000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул захын хашаанаас Б.Эийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Үтай бүлэглэн 000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 17-02 тоотод байх хашаанд байсан Соната-6  загварын тээврийн хэрэгслийн хойд талын гурвалжин цонхыг хагалан обудтай  дугуй, дугуйн дорцов зэргийг Бонго Жи-2 зарварын тээврийн хэрэгслийн баруун хаалганы цонхыг хагалан нэг нүдний дуранг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч Д.Үыг Б.Этай бүлэглэн 000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 17-02 тоотод байх хашаанд байсан Соната-6  загварын тээврийн хэрэгслийн хойд талын гурвалжин цонхыг хагалан обудтай  дугуй, дугуйн дорцов зэргийг Бонго Жи-2 зарварын тээврийн хэрэгслийн баруун хаалганы цонхыг хагалан нэг нүдний дуранг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэргийг хамтран, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, Д.Үыг хулгайлах гэмт хэргийг хамтран гүйцэтгэгчээр тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Эыг 1 жил, Д.Үыг 6 сар 27 хоногийн хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг хуульчилсан бөгөөд нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

Шүүгдэгч Б.Эын тухайд урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр 3 удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн хэрэгцээнд зарцуулах, архи уух зэргээр бусдын өмчлөх эрхэд халдсан үйл баримт тогтоогдсон байна.

Б.Эын үйлдсэн дээрх хэргүүд нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байхад хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон прокурорын шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан журмын дагуу анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг гүйцэд тогтоолгүйгээр Б.Эад холбогдох хэргийг хөнгөн ялтай зүйл, хэсгээр зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Э 000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...000 оны 10 дугаар сарын 0-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багийн Цагаан-Уул зах дотор архи ууж байгаад тэнд байдаг таксины зогсоол дээрээс такси бариад би хойд талын суудал дээр суугаад Оах суугаад урд талын суудал дээр суугаад бид хоёр Хөх толгой руу хөдөлсөн. Тэгээд хөх толгойд байдаг Уул ахынд очсон. Машин зогсоохоор нь би голд байсан хар хавтастай жижиг утас байхаар нь авч буугаад Уул ахынд орсон. Тэгсэн Уул ахын хүү болох Саваад ир гээд тэр утсыг авч гараад архинд тавьсан байх надад 1 шил архитай орж ирсэн. Тэр архийг уугаад тасарч унасан тийм л зүйл болсон...” гэж,

000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Гар утас таксинаас авсан нь үнэн. Тухайн гар утасны асуудал шүүхээр шийдэгдэж би баривчлагдсан...” гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Эын таксинаас гар утас хулгайлсан үйлдлийг мөрдөгч, прокурор шалгаж, энэхүү үйлдлийг эцэслэн шийдвэрлэсэн эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Эын 3 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг дээр таксинаас гар утас хулгайлсан үйлдлийг нэгтгэн шалгаагүй нь түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулах нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна.

Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим боловч энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоохдоо шүүгдэгчийн эрх зүйн байдлыг онцгой дордуулах тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгах арга хэмжээг хуульд заасан хэмжээ, хязгаарт авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иймд шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэх дээрх 3 удаагийн хулгайлах гэмт хэрэг дээр таксинаас гар утас хулгайлсан үйлдлийг нэмж шалгах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Э, Д.Ү нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.Э

                                        ШҮҮГЧИД                                     Б.СОСОРБАРАМ

                                                         Н.БАЯРХҮҮ