Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 261

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,  

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр,

хохирогч: О.Нар,

шүүгдэгч: Д.Ба, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Чандагат овогт Дашдоржийн Бад холбогдох эрүүгийн 1805 0081 20188 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч ажилтай, ам Ба.

Шүүгдэгч Д.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17-18 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 80 дугаар байрны 46 тоотод оршин суух О.Нарийн гэрт түүний бэлгийн халдашгүй байдалд халдаж, хоёр гарыг нь барьж, өмдийг нь шувтлах гэж хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Ба мэдүүлэхдээ:

   Би прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би ажил дээрээ архи уусан боловч биеэ удирдан жолоодох чадвартай байсан. Тэгээд Нарийн гэрт очсон.

 2005 онд “Их төрийн голомт” кинонд намайг кино зураачаар ажиллаж байхад Нарийн хүүхэд зураг авалтанд оролцож байсан тул О.Нартэй танилцсан. Бид 2016 онд тааралдаад түүнээс хойш уулздаг болж, сүүлдээ дотно харилцаатай болсон. Бид хоёр уулзахдаа манай урлан болон түүний гэрт нь уулздаг байсан боловч сүүлийн 2-3 сард бидний уулзах явдал цөөрсөн байсан. Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Нар рүү мессеж бичээд “яваад очъё” гэхэд “гэртээ ганцаараа байна, хүрээд ир” гэж хэлсэн. Би 17 цаг өнгөрч байхад гэрт нь очсон. Би “бэлгийн харьцаанд орьё” гэхэд Нар хүүхдийн хичээл тарах цаг болсон, хүүхэд ирнэ гээд дургүйцсэн. Тэгээд би явахаар гэрээс нь гарсан. Гэтэл би гар утсаа тэдний гэрт нь орхисон байсан болохоор утсаа авахаар гэрт буцаж орсон. Би түүнийг хүчээр тэврээд 2 гарыг нь бариад өмдийг нь шувтлах гэхэд хохирогч дургүйцэж өмдөө тайлуулахгүй гэж эсэргүүцсэн. Хохирогчийг зөвшөөрөөгүй байхад бэлгийн харьцаанд орох гэж хүч хэрэглэсэн буруутай үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна. Нарийн гэрт нь 2 дахь удаагаа ороход 17-18 цаг болж байсан бөгөөд Нарийн гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг буйдан дээр Нарийг тэвэрсэн байхад Тү гаднаас орж ирсэн. Түийг орж ирэхэд Нар босоод бид хоёр холдсон. Хэрэг болсноос хойш би хохирогчтой уулзаж чадаагүй. Уулзах гээд утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан. Би гэм буруугааа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос дахин уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Нар мэдүүлэхдээ:

   Ба надтай урьд нь дотно харилцаатай байсан, Түийг ороод ирэхэд бид тэврэлдээд сууж байсан гэж өөрийгөө хамгаалан худлаа ярьж байна. Би Батай 2005 онд анх танилцахад хүү маань 5-6 настай байсан. Зураг авалтын 5 хоногийн хугацаанд тэр манай хүүхдийг дагуулаад явдаг байсан. Зураг авалтаас хойш киноны нээлт дээр тааралдаад мэндлээд өнгөрсөн. 2016 онд гудамжинд тааралдаад “хүү маань зураач болж байгаа, хүүд маань зургийн талаар зөвлөж байгаарай” гэж хэлсэн. Энэ үүднээс хүүтэйгээ уулзуулж, зөвлөгөө авч байсан. Урьд манай гэрт хүүг маань байхад 2-3 удаа ирсэн. Манай хүүхэд Бааас зургийн цаас тавьдаг мод хийлгэхээр гуйж байсан. Ба хэд хоног эмнэлэгт хэвтсэн байсан тул хүү маань надаас “та Ба ахад хоол хийгээд өгөөрэй, эмнэлэгт хэвтэж байгаа юм байна” гэж гуйсан учраас хоол аваачиж өгөөд, хоолны саваа орхисон. Тэгээд хэрэг гардаг өдөр надтай холбоо барихаар нь “хоол авчирч өгсөнд баярлалаа гэж хэлээд хоолны сав өгөх гэж байна” гэж бодоод гэртээ байна гэж хэлэхэд манай гэрт ирээд, над руу дайрсан. Баыг манай гэрт орж ирээд миний биед хүрээд, гар хөлнөөс бариад байхаар нь би гэрээсээ гараад коридортоо, камертай шатны тэнд зогссон. Тэгтэл Ба гэрээс гарахгүй байхаар нь “чи хувцасаа өмсөөд гар, чамайг гарсны дараа би гэртээ орно” гэхэд Ба хувцсаа өмсөөд лифтний дэргэд очихоор нь би гэртээ зөрж ороод, хаалга түгжсэн. Тэгтэл би утсаа орхисон байна гээд хаалга нүдэхээр нь түүний утсыг хаалганы завсараар өгсөн. Тэр үед над руу хүн утсаар ярьж таарсан. Тэгтэл Ба хаалгаар дайрч орж ирсэн. Би утсаар ярьж байгаа хүндээ “энд нэг хүн манай гэрт дайрч орж ирээд гарахгүй байна, чи хүрээд ир” гэхэд “би хол явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл цагдаа дуудаад өг, би учирлаж хэлээд гаргаж чадахгүй” байна гэж хэлсэн. Баыг над руу дайраад зогсож байхад нь би хүнтэй утсаар яриад хүн, эсхүл цагдаа дуудаад өг” гэж ярьж байхад тоохгүй дайрч орж ирсэн. Би гэрээсээ дахиж коридорт гарсан. Гэтэл Ба намайг коридороос гэрт чирч оруулаад, диван дээр гаргасан. Тэр үед нь би Тү рүү залгаад “энд нэг хүн гэрт дайрч орж ирээд болохгүй байна” гэж ярьсан. Ба намайг гэрт оруулж, диван дээр гаргаж нухаад, гарыг маань нэг гараараа бариад нөгөө гараараа өмд шувтлах гээд дайрсан. Би сүүлдээ 2 гараараа өмдөө бариад зуурч байсан. Яг ноцолдож байхад Тү орж ирсэн. Баыг гэрт дайрч орж ирэхэд хаалга онгорхой үлдсэн байсан. Тэгээд Ба миний дээр хэвтээд хувцас тайлах гэж байхад Тү ирсэн юм. Хэрвээ Тү ирээгүй байсан бол би хүчинд нь автах байсан байх. Тэгээд цагдаа дуудаад Баыг гэрээсээ гаргахгүй байж байгаад цагдаад өгсөн. Ба надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй. Тухайн үед  Ба над руу дайраад байхаар нь “чи эмэгтэй хүн хүсээд байгаа юм бол эхнэр дээрээ очооч, хөдөөнөөс ирсэн юм бол гэр рүүгээ яваач, эхнэр хүүхдээ боддоггүй юм уу” гэж зөндөө хэлсэн. Хийсэн хэрэгт нь хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Би маш их гуйж, учирлаж байхад намайг доромжилсон. Миний сэтгэл санаа хямралтай, айдастай байна. Надад эд хөрөнгийн нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирлыг барагдуулж, хийсэн үйлдэлд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Тү мэдүүлэхдээ:

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17 цагт ажлаа тараад харих гээд нарны замаар явж байтал Нарээс дуудлага ирсэн. Тэгээд би гэр рүү нь явсан. 20 гаруй минутын дараа гэрт нь очиход гэрийнх нь хаалга онгорхой байсан бөгөөд би шууд дотогшоо яваад орсон ба зочны өрөө рүү орсон. Гэтэл диваны өмнө Нарийн гарыг үл таних залуу барисан, тэр хоёр ноцолдсон байдалтай байсан. Намайг орж ирэхэд нөгөө залуу босоод ирсэн. Нар ч босож ирсэн. Тэгээд би нөгөө залууг яаж байгаа юм чи гээд заамдаж аваад диван руу түлхэж унагаасан. Тэгээд Нар өөрөө цагдаад дуудлага өгсөн. Би цагдаагийн ажилтнууд иртэл гэрт нь хамт байсан. Намайг гаднаас орж ирэхэд Нар “гар тавиач ээ” гээд орилж байсан. Өөр юм би сонсоогүй. Тэгээд л яваад ороход нөгөө залуу босож ирсэн. Намайг ороход нөгөө залуу нь саарал өнгийн дээлтэй, монгол гуталтай байсан. Нар бэлтгэлийн өмд, цамцтай байсан. Энэ хоёр хоёулаа хувцастайгаа байсан. Хувцас нь тайлагдсан, урагдсан зүйл байгаагүй гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Ба ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Ба нь архи ууж согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17-18 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 80 дугаар байрны 46 тоотод оршин суух хохирогч  О.Нарийн гэрт түүний хоёр гарыг нь барьж, өмдийг нь шувтлах гэж хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгчийн ... Би прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би түүнийг хүчээр тэврээд 2 гарыг нь бариад өмдийг нь шувтлах гэхэд хохирогч дургүйцэж өмдөө тайлуулахгүй гэж эсэргүүцсэн. Хохирогчийг зөвшөөрөөгүй байхад бэлгийн харьцаанд орох гэж хүч хэрэглэсэн буруутай үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Нар, гэрч Б.Тү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлож, тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Баыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Хохирогч О.Нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний төлбөр болон бусад хор уршигийн талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

   Хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, хохирогчийн гомдол зэргийг  харгалзан шүүгдэгчид 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

1. Баыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Баыг 01 /нэг жил/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Д.Бад оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Д.Ба бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

5. Хохирогч О.Нар нь сэтгэл санааны хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ОЮУН